Баянгол дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19-р сургууль руу явах шороон замыг засварлаж, тохижилтын ажлыг хийнэ
- 2022-09-23
- Улаанбаатар
- 0
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн алслагдсан хороо болох 20-р хороонд тус хорооноос сонгогдсон ДИТХ-ын төлөөлөгч Г.Мөнхсайханы хамт ажиллалаа. Тус хороонд өнгөрсөн онд 640 хүүхдийн хүчин чадалтай Нийслэлийн ерөнхий боловсролын 19-р сургууль ашиглалтад орсон. Гэвч төв замаас тус сургууль руу явдаг шороон зам овон товон ихтэй, бороо, цас орсон үед шавар шавхай үүсэж хүүхэд багачууд, эцэг эхчүүд сургууль руугаа явахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг юм.
Иймд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт (ДТХО)-аар дээрх замыг шинэчлэн засварлахаар боллоо. Дээрх ажлыг “Гоц Тех Инженеринг” ХХК гүйцэтгэх бөгөөд ингэхдээ төв замаас 19-р сургууль хүртэлх 130 метр шороон замыг 5,5-аас 6 метрийн өргөнтэй авто зам, хоёр талаараа 1,5 метр явган хүний замтай байхаар төлөвлөснөөс гадна гэрэлтүүлэг суурилуулах юм.
Гүйцэтгэгч компанийнхны өгсөн мэдээллээр холбогдох бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн бөгөөд зам засвар, тохижилтын ажил энэ долоо хоногтоо эхэлнэ. Замын ажлыг дуусах гэрээт хугацаа арваннэгдүгээр сарын 30-ны өдөр ч хугацаанаас нь өмнө дуусгахаар шахаж ажиллана гэдгийг хэллээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 19-р сургуульд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 20, 32 гээд хотын баруун захын алслагдсан хорооны хүүхдүүд суралцдаг юм.
Сэтгэгдэл (0)