Г.Жавхлантөгс: ОХУ олон улсын тавцанд ганцаардаж буй энэ үед бид ОХУ-тай импортын татварыг бууруулах асуудлыг хөндөж тавих хэрэгтэй
- 2022-09-27
- Нийтлэл
- 3
Олон улс судлаач Г.Жавхлантөгстэй ярилцлаа.
-Монголоос гардаг гол 300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд Орос 40-60 хувийн татвар авдаг. Яагаад манай улсад өндөр татвар тавьдаг юм бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Монгол Улс болон ОХУ-ын худалдааны тэнцвэр байнга алдагдалтай явж ирсэн. Монгол Улс 1990 оноос хойш 2020 он хүртэлх 30 жилд ОХУ-тай нийт 25.9 тэрбум ам.долларын худалдаа хийснээс 23 тэрбум буюу 89 хувь нь импорт байна. Тус улсаас импортоор авч байгаа шатахуунд жилд тэрбум гаруй ам.доллар зарцуулж байна. Харин экспорт дунджаар нийт гадаад худалдааны 11 хувийг эзэлж байна. Энэ 30 жилд ОХУ-тай хийсэн гадаад худалдааны алдагдал 20 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.
Энэ нь ЗХУ-ын үеэс Монгол Улс социалист лагерын түүхий эдийн дамжлага бааз болон ашиглагдаж ирсэн үеэс улбаатай Оросын бодлоготой холбоотой болов уу гэж бодож байна. ОХУ дангаараа Монгол Улсад татвар ногдуулдаггүй, өөрөөр хэлбэл, Монгол Улс ОХУ-д бараа бүтээгдэхүүн экспортлоход Евразийн гаалийн бүсэд нэвтэрч байна гэсэн үг. Евразийн эдийн засгийн холбоо нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудад үйлчилдэг тарифын хөнгөлөлт буюу GSP хөнгөлөлтийн тарифыг манай улсад олгодог.
ОХУ-д буюу Евразийн эдийн засгийн холбооны гаалийн тариф нь Монгол Улсаас экспортлох бүтээгдэхүүн бүрд ялгавартай байна. Үүн дээр НӨАТ нь 20 хувь байдаг ба үүнийг тухайн худалдан авагч төлдөг. ОХУ-ын хойд нутаг, Сибирийн хүйтэн бүс рүү манайх ноос ноолуур, арьс ширээ гаргах боломж эрэлттэй гэдэг. Гэтэл ноос ноолуураа ОХУ руу гаргана гэвэл 65 хувийн татвартай. Энэ нь бизнес эрхлэгчдийг дөнгөнд оруулчихаад байдаг...
-Ер нь бол тийм. Аливаа улс орны хооронд улстөрийн хэлэлцээ яриа, эдийн засгийн хамтын ажиллагаа харилцан ашигтай, худалдааны балансын зөрүүг аль болох бага байлгах, харилцан ашигтай байх тухай ярилцдаг. Манай ХАА-н гаралтай, ялангуяа малын мах, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнтэй холбоотой олон боломж байна. Гэтэл бид энэ дээр бусад орнуудтай тарифаар өрсөлдөж чадахгүй байна. 40 хувийн татвар төлөхөөр бүтээгдэхүүний үнэ өөрөө өрсөлдөхүйц чадваргүй, бүтээгдэхүүн болж чадахгүй байна. Мөн тарифын бус хүндрэлүүд их байна. Тухайлбал, манай худалдааны танхимын гишүүн компани Монголд гар аргаар үйлдвэрлэсэн сайн чанарын бяслагийг ОХУ болон Хятад руу нийлүүлэх гээд тэдний зүгээс тавьж буй эрүүл ахуйн шаардлагаас гадна бичиг баримт, зөвшөөрөл, хүнд суртлын асуудлаас болоод одоог хүртэл гаргаж чадаагүй л байна.
-Бид хэрхэн Оросын энэ татварыг зөөлрүүлэх бодлого хэрэгжүүлэх вэ?
-Украинд явуулж буй дайны улмаас ОХУ олон улсын тавцанд ганцаардаж буй энэ үе бол Монгол Улсын хувьд ОХУ-тай хийж буй худалдаа, эдийн засгийн бодлогыг хөнгөвчлөх, импортын татварыг бууруулах асуудлыг хөндөж тавих түүхэн чухал үе гэж харж байна. Түүнчлэн Евроазийн эдийн засгийн холбоонд орсон таван улстай Эдийн засгийн чөлөөт худалдааны хэлцэл хийвэл бид ялангуяа тарифын болон тарифын бус нөхцөлүүдийг ижил түвшинд хүргэх, илүү бууруулах олон боломжууд бий гэж үзэж байна.
-ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа бол?
-ОХУ Украинд дайн хийснийхээ төлөө АНУ, Европын холбоо болон олон улсын эдийн засгийн хамгийн хүнд хоригт орсны улмаас өнгөрсөн 30 жилийн хугацаанд олж авсан эдийн засгийн өсөлт, нэр хүндээ бүрмөсөн нураалаа. Цаашдаа 10, 20 жилийн туршид ОХУ эдийн засгаа сэргээхэд маш хүндрэлтэй байдалд орлоо. Дэлхийн бүхий л үндэстэн дамнасан компаниуд ОХУ-аас гарч явлаа. ОХУ-ын Эдийн засгийн сайд ОХУ-ын ДНБ-ий өсөлт 2022 онд 2,9 хувиар агшина гэж тооцож байгаагаа есдүгээр сарын эхээр мэдэгдсэн. Дайны байдлыг ажиглахад үүнээс ч илүү агших магадлалтай. Түүнчлэн дайн дууссаны дараа олон улсын хууль эрх зүйн хүрээнд Украинд дайны төлбөрт олон сая ам.доллар төлөхөөс эхлээд эдийн засаг, санхүүгийн хувьд ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдалд байна. Тиймээс ОХУ-ын удирдлагууд аль болох олон улс тэднийг дэмжиж буй гэсэн имиж бүрдүүлэх зорилготой байна. Энэ хүрээнд ОХУ-ын хувьд яг одоо манай улсын дэмжлэг их чухал байгаа учраас худалдааны нөхцөл, импортод оноож буй өндөр тарифын шаардлагаа бууруулах хэрэгтэй.
-ОХУ-тай худалдааны ийм алдагдалтай байгаа энэ нөхцөлд цаашдаа манай улс эдийн засгийн ямар бодлого явуулбал зүгээр вэ?
Нэгэнт ийм худалдааны алдагдалтай байгаа нөхцөлд Монгол Улс эдийн засгаа сэргээж, тэлэхийн тулд гуравдагч хөршийн орнуудаас, тухайлбал АНУ, Европын холбоо, Япон гэх мэт орнуудаас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг яаралтай татах шаардлагатай байна. Ингэснээр маш олон төрлийн давуу байдал үүснэ. Валютын нөөц нэмэгдэнэ, шинэ техник, технологи нэвтэрнэ, ажлын байр болон татварын орлого нэмэгдэж, төсвийн ачаалал буурна. Үүний тулд худалдаа, хөрөнгө оруулалтын эко тогтолцоог яаралтай бүрдүүлж, хөрөнгө оруулагчдыг үргээж буй хүчин зүйлүүд болох хуулийн засаглал, гэрээний хэрэгжилт, шүүхээр аливаа маргааныг хурдан шуурхай, шударгаар шийддэг болох шаардлагатай байна.
Түүнчлэн аль салбарт хөрөнгө оруулбал хэрхэн урамшуулах бодлогоо тодорхойлж, аль болох хурдан зарлаж, төрийн өмчид суурилсан биш, харин хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн бодлого явуулах хэрэгтэй. Манай Америкийн худалдааны танхимаас энэ талаар “Монгол улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого” нэртэй бодлогын баримт бичиг гаргасан. Үүнд, бид Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хугацаанд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүд болон худалдаа, хөрөнгө оруулалтад саад болж буй хүчин зүйлүүдийг судлан, анализ хийсэн бөгөөд эдгээрт үндэслэн “Эерэг өөрчлөлтийн гурван тулгуур” гэсэн бодлогын зөвлөмжүүд гаргасан.
Нэгдүгээрт, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид манлайлсан чөлөөт зах зээлийн эдийн засгийг тууштай дэмжин хөгжүүлэх, хоёрдугаарт, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг шинэчлэх, гуравдугаарт, АНУ болон гуравдагч хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн худалдааны интеграцийг нэн тэргүүнд тавих зэрэг зөвлөмжүүд багтсан. Энэхүү зөвлөмжүүдийг УИХ, Засгийн газар аль болох яаралтай хэрэгжүүлэх тусам бизнес, хөрөнгө оруулалтын орчин тэр чинээгээр сайжирна.
Б.Номин-Эрдэнэ
Сэтгэгдэл (3)
Зочин (64.119.24.173)
Энэ ямар муу санаатай хулгайч вэ. Бусдын хүнд байгааг ашиглаж олз хайх юм гэнэ. Тэгээд бүр зургаа хэвлүүлж байгаад нийтэд ийм хорон санааг ил хэлж солиорч байдаг .Муу санаат гэж ийм л новшнуудыг хэлдэг,Шудрага хүн бүр ой гутмаар амьтан байна
Зочин (202.126.90.112)
Энэ нөхөр нэлээд мулгуу золиг уу. Уг нь болохгүй юм байхгүй ч шийдлийг зөв олох хэрэгтэй бөгөөд МХАҮТ-аас оновчтой санаачлага гаргах хэрэгтэй болохоос долларын зээл, хөрөнгө оруулалт татах нь хамгийн зөв гэж тэнэгтэж болохгүй. Бид өөрсдөө хийж чаддаг зүйлээ хамгийн бага татвартай яаж гаргах вэ гэдэг дээр толгойгоо гашилгах асуудал. Бид хийж чаддаг зүйлээ гуравдагч орны зах зээл рүү тэдгээрийн босго даваад гаргана гэдэг харганын толгойн унгас түүж эсгий хийнэ гэдэгтэй агаар нэг болохыг бүгд л ойлгож байгаа шүү дээ
Бурмаа (192.82.80.39)
Бүдэрсэн дээр нь нудрах гэсэн үг байдаг хүн муутай новш чинь байдгаараа бж байгаад харин цэгцэрсэн хойно нь хийх нь нэр хүндэд арай өгөөж өгөх бх