Тансаг хэрэглээний татварын хууль хэрэгтэй юу...
- 2022-10-03
- Нийтлэл
- 0
Дэлхийн геополитикт гарч буй өөрчлөлтүүд, Орос-Украйны цэрэг дайны ажиллагаа манай улсын эдийн засагт нилээд нөлөөлж байна. Хамгийн наад захын жишээ гэхэд Орост тавьсан хоригоос болоод Монгол улсын агаарын орон зайгаар дамжин өнгөрөх нислэгийн тоо эрс буурч эдийн засагт нөлөөлж байна.
Энэхүү хориг болон ерөөс дэлхийн геополитик, улс төр, эдийн засаг, хамтын ажиллагаанд үүсч буй хагарал цаашдаа ч удаан хугацаанд үргэлжлэх, манай улсад нилээд хүндрэл үүсгэх нь ойлгомжтой болоод байна. Байдлаас ажиглахад БНХАУ гэхэд Тайваний асуудлаар АНУ-тай сөргөлдөхөд их ойрхон болж нилээд их бэлтгэл хийж буй мэдээллийг дэлхийн томоохон мэдээллийн хэрэгслүүд, санхүү эдийн засгийн судалгааны том институтүүдийн репортуудаас үзэж болно.
Ийм нөхцөлд Монгол улс эдийн засагт хэмнэлтийн, эрсдэлийн, хямралын менежментийн бодлого, бодит үйл ажиллагаанууд чухал болж байх шиг. Хэдийгээр албан газрууд хэмнэлтийн горимын тухай ярьж, бичиг хэргийн зардал, тэвчиж болох зардлуудаа хэмнэж эхэлсэн боловч тансаг хэрэглээний зардалд гадагш их хэмжээний валютын төлбөр хийсэн нь олон хүмүүсийн хөдөлмөр зүтгэл арга хэмжээг утгагүй болгож байна. Сангийн яамнаас Монголын баян иргэд аж ахуйн нэгжүүд тансаг хэрэглээний зэрэглэлийн машин тэрэг гадаадаас импортлон оруулж ирж буй талаар мэдээлэл хүргэж байсан.
Тансаг хэрэглээний татварын хуультай нилээд улс орнууд байдаг бөгөөд худалдааны тэнцвэртэй байдлыг хангах, хэрэгггүй зүйлд баялаг, хөрөнгөө зарцуулахгүй байх, хэмнэх, улс орны хөгжилд нэнэ шаардлагатай төсөл арга хэмжээнүүддээ мөнгө, валютаа зарцуулахад нь дэмжлэг болдог тухай мэдээллүүд бас бий.
Тансаг хэрэглээ гэж юуг ойлгох, түүнд багтах хэрэглээний жагсаалтыг гарган эрэмблэх, онуулах татвар, хориг цээрийн асуудлыг ялгавартай тогтоон хэрэгжүүлэх нь улсаа хөгжүүлэх гол асуудалд хүч нөөцийг төвлөрүүлэх, тансаг хэрэглээнээс үүдсэн улс орон, иргэдийг ялзруулах хэрэглээг багасгах, хүмүүсийн дунд баян тарганаараа үүсэх эрүүл бус харилцааг төрийн оролцоотойгоор зохицуулахад дэмтэй гэж үзнэ.
Тухайлбал, архи тамхи, бар ресторан, үнэтэй машин, бренд бараа, үйлчилгээ, тансаг зэрэглэлийн байр, хэрэглээ багассанаар хувь хүн, компаниудын хувьд ч хэмнэлт гарах, баярхах аархах хийрхэлээс салахад бас нэг дэм болно. Автомашины түгжрэлийг бууруулахад ч нэмэр болно. Тансаг хэрэглээний татварын хууль бий болгох талаар цуглуулсан уншсан мэдээллээ хууль санаачлах эрх бүхий этгээдүүдэд санал болгоход бэлэн байна.
Учир нь энэ хуулийг гарган мөрдүүлэх нь улс орны эрх ашиг, хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд бий болгосон баялгаа тансаг хэрэглээнд биш үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад зарах нь алсдаа тусгаар тогтнолд ашигтай. Одоогийн байдлаар тансаг хэрэглээ нь Монгол улсын ард иргэдийг талцуулах, тансаглах өвчинд ухвар мөчид шинэ баячууд идэгдэх, тэднийг дагагсад өмч хөрөнгөө дэмий зүйлд ашиглах, тансаг хэрэглээнд автсан залуу үе хожим өдөр бие даан амьдарч чадахгүйд хүрэх зэрэг олон аюулыг дагуулж байна.
Сүүлийн 30 жилд монголчуудын социализмын жилүүдэд буй болгосон баялгийг хэдхэн зальтай луйварчид идэж баяжин тансаглах болсон нь нийгэм хагарах, цуст мөргөлдөөнд ч хүрч мэдэх, аажмаар харийн улсад эзлэгдэх аюулд хүргээд байна. Иймд тансаг хэрэглээний татварын хуулийг яаравчлан гаргаж улс орноо сөнөх аюулаас аварцгаая
Нийтлэл бичсэн Ц. Мөнхжаргал
2022-10-01
Сэтгэгдэл (0)