БГД-ийн Засаг дарга Өсвөрийн төгөлдөр хуурын мэргэжлийн тэмцээнд амжилттай оролцсон багш, хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Австри улсын Зальцбург хотод болсон Олон улсын Өсвөрийн төгөлдөр хуурын мэргэжлийн тэмцээнд нас насны ангилалд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн багш болон хүүхдүүдийг хүлээн авч уулзан баяр хүргэлээ.  

Тодруулбал, Австри улсын Зальцбург хотноо болсон Олон улсын Өсвөрийн төгөлдөр хуурын мэргэжлийн тэмцээнд 40 орноос ирсэн өсвөрийн төгөлдөр хуурчид оролцсон бөгөөд манай улсаас “Мөнх-Аялгуу” төгөлдөр хуурын сургалтын төвийн багш Э.Мөнхтуяа 6 шавийнхаа хамт эх орноо төлөөлөн амжилттай оролцож, Гала тоглолтод оролцсон юм. Мөн тэмцээнд оролцсон хүүхдүүдийн хувьд Баянгол дүүргийн иргэд тул дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хүлээн авч уулзаж, дэмжлэг үзүүлсэн юм.

 

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Манай дүүргийн хувьд хүн ам ихтэй, хотын төвийн дүүрэг бөгөөд хүүхэд залуус олон. Иймээс дүүргийн зүгээс хүүхэд залуусынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тал дээр илүү анхаарч урлаг, спортоор хичээллэх боломж нөхцөлөөр хангахын тулд тодорхой ажлуудыг хийсээр байгаа юм. Тухайлбал, сүүлийн үед хүүхэд залуусыг усан спортоор хичээллүүлэхэд анхаарал хандуулж байгаа бөгөөд “Баянгол Усан спорт сургалтын төв” болон өнгөрсөн онд ашиглалтад орсон манай дүүргийн Биеийн тамир спортын хороо энэ чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байна. Түүнчлэн дүүргийн зүгээс хүүхэд залуус руугаа чиглэсэн аливаа арга хэмжээг дэмжиж ажиллахад үргэлж бэлэн байдаг бөгөөд энэ чиглэлээр ямар нэг уралдаан тэмцээн зохион байгуулах бол бүрэн дэмжиж оролцох боломжтой юм.

Олон улсын тэмцээнд оролцож амжилт гаргасан багшдаа, нийт хүүхдүүддээ мөн хүүхдүүд болон тэднийг үргэлж дэмжиж байдаг гэр бүлийнхэнд нь чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, улам их амжилт хүсье” гэсэн юм.

Мөн Э.Мөнхтуяа багш “Тэмцээнд оролцсон хүүхдүүд маань төгөлдөр хуураар таваас дээш жил хичээллэсэн. Сая болсон тэмцээнд нас насныхаа ангиллаар оролцож амжилт үзүүллээ. Миний хувьд хүүхдүүддээ тэмцээн уралдаанд бэлдээд оролцуулбал хамгийн түрүүнд зорилготой болохоос гадна, илүү ихийг сурч мэдэх хүсэл сонирхол нь нэмэгддэг гэж боддог. Хүн өөрөө л зорилготой байх юм бол сайн сайхнаар улс орныхлоо нэрийг гаргаж чадна. Сайн нэрийг маш их хичээл зүтгэлээр олж авдаг” гэдгийг онцолсон юм.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)