Хонгилын үзүүр харанхуй, хойтон жил...
- 2022-10-06
- Нийтлэл
- 0
1990-ээд оноос хойш ХОНГИЛ гэдэг үг манай улс төр, эдийн засгийн үгсийн санд хүч түрэн орж ирсэн. Дээхэн үед байсан нэг ерөнхий сайд маань гадны зээл тусламж орж ирэх сураг сонсоод баярлаад “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гээд хэлчихсэн юм уу даа. Бодит байдлыг л хэлсэн, гэхдээ эдийн засгийн хонгилыг хэлсэн хэрэг. Манайд улс төрийн хонгил ч бас бий, бүр манаачтай, түлхүүртэй байдаг талаар цөөнгүй улс төрчид тодорхой ярьдаг бөгөөд энэ нь тусдаа сэдэв. Эдийн засаг, хөгжлийн хувьд улс маань төгсгөл нь үл харагдах давчуу бүүдгэр хонгилоор хаа хүрэхээ ч мэдэхгүй бүдчин алхсаар яваа нь үнэн. Хонгилын үзүүрт гэрэл нэг харагдаж, анивчиж, бүдгэрсээр одоо бүр алга болсон бололтой, тас харанхуй байна.
Хонгилд өнгөрөөсөн 30 гаруй жилд манай улс нийт зургаан удаа дампуурал зарлахдаа тулж зургаан удаа ОУВС-гийн “АВРАЛ”-ын программд хамрагдаж нэмэлт зээл авч аврагдсан. Хэн ч, ямар ч Засгийн газар эдийн засгийг дампуурлын ирмэгт аваачаад байгаа асуудлыг шийдээгүй, шийдэхийг ч хүсээгүй, зүгээр л өрөө улам нэмж төлбөрийг хойшлуулсаар ирсэн. Өдгөө улсын өрийн хэмжээ дэлбэ татах чинээндээ тулжээ. Хамгийн сүүлд 2017 оны тавдугаар сард Засгийн газар маань төлбөрийн чадваргүйн улмаас ОУВС-аас 434 сая ам.долларын зээл авч мөн тэдний зуучилсан 5.5 тэрбум ам.долларын урт хугацааны зээлийн хөтөлбөрт хамрагдахаар болж амь тээсэн. Таван жил болоод л дампууралтай нүүр тулдаг эдийн засгийн энэ системийг манай үе, үеийн гарамгай удирдагчид, гавьяат эдийн засагчид, одоо бидний бүдчин алхаж буй харанхгуй хонгилыг бүтээсэн төрийн тэргүүд, сайд, дарга нар маань нутагшуулсан.
2023 оны хоёрдугаар хагаст, магадгүй наана нь Монгол Улс долоо дахь удаагаа дампууралтай нүүр тулна. Учир нь Монгол Улс ойролцоогоор 10 их наяд, магадгүй түүнээс ч их төгрөгийн өр төлөх хэрэгтэй болох ба манай улсын төсвийн бараг 60 шахам хувьтай тэнцэх энэ их төлбөрийг хийх боломж, хүчин чадал манай засгийн газарт үгүй. Энэ бол зүгээр л сүйрэл дагуулах ноцтой асуудал бөгөөд аврал хайрладаг гэх ОУВС ч туслахгүй, тусалж чадахгүй нөхцөл бий юм. Манай эрх баригчид асуудлыг эртнээс харж нөгөө чаддаг ганц зүйл болох өрийн төлбөрийг хойшлуулах эсвэл нэмж зээл авах талаар зээл олгосон эзэдтэй тохиролцох оролдлого хийсээр ирсэн ч төдийлөн бүтэлтэй болохгүй байна. Монгол Улс өнөөдөр 34 тэрбум ам.долларын гадаад өртэй. Үүнээс 12 тэрбум нь төр, засгийн шууд хариуцах өр байгаа нь манай улсын эдийн засгийн хүчин чадал бодит боломжоос дэндүү хэтэрсэн дүн. Яг л ийм нөхцөл байдалд Тажикстан газар нутгаасаа хумслуулж, Шри Ланк эдийн засгийн гол хөшүүрэг болсон далайн боомтоо 99 жилийн түрээсэнд Хятадад алдсан.
Гадаад өр бол улсын эдийн засагт нүүрлээд буй ноцтой хүндрэлүүдийн зөвхөн нэг хэсэг. Бодитоор тооцвол эдийн засгийн гол үзүүлэлтүүд болох, төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханш, инфляц, ядуурал, ажилгүйдэл гээд бүгд улс маань эдийн засгийн гүнзгий хямралд орсоныг зааж байна. Төлбөрийн тэнцэл нь сүүлийн үед байнга шахуу томоохон дүнгийн алдагдалтай гарах болсон ба одоогийн байдлаар - 2.2 тэрбум ам.доллар, үүн дундаа урсгал данс нь - 500 сая ам.долларын алдагдалтай байгаа нь байгалийн баялгийн экспортад тулгуурласан авсаархан 13 тэрбум долларын эдийн засагтай энэ улсын хувьд ноцтой асуудал буйг илтгэж буй. Оны эхэнд 2850 төгрөг байсан доллар өнөөдөр 3560 төгрөгт хүрч төгрөгийн ханш 25 хувиар уналаа. Төгрөгийн ханшны уналт цаашид үргэлжлэх бөгөөд уналтыг зогсоох зогсоох ур ухаан, чадвар, магадгүй эрх мэдэл ч манай Монголбанк, Засгийн газарт үгүй бололтой. “Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах” гэсэн үндсэн ганц үүрэгтэй Монгол банк гэх бүхэл бүтэн инститүц сүүлийн 30 гаран жилд ам.доллартай харьцах ханшийг 119 мянган хувь унагачихаад байгаа нь факт. Ямар ч учиртай газар юм бүү мэд гэмээр.
Миний мэдэхийн сүүлийн 10 гаруй жил ядуурал тогтмол 28-29 хувь байлаа. Эдийн засаг хямарч хасах руугаа орсон (2020 онд -5 хувь) үед ч хэвээр, эдийн засаг өссөн үед ч хэвээр, огт өөрчлөгддөггүй. Үнэмшил муутай статистик. Өдгөө эдийн засгийн уналтыг “Хэт их халамж”-аас болсон гэх гүтгэлгийн шинжтэй, бурууг ард түмэндээ тохох компанит ажил амжилттай өрнөж байна. Манай улсын хувьд ДНБ-ийхээ 4-5 хувийг халамжид (Ковидын үеийн тусламж, онцгой нөхцөлд өгч буй хүүхдийн мөнгө халамжид тооцогдохгүй) зарцуулж байгаа нь дэлхийн дундаж болох 10-12 хувиас 2-3 дахин бага байгаа бөгөөд албан мэдээгээр 29 хувь ядууралтай (бодит байдал дээр 40-50 хувь), 14 хувь ажилгүйдэлтэй (бодит байдал дээр 20-30 хувь) улсад бол хэвийн, харин ч бага талдаа дүн юм. Тэр ч байтугай ковидын онцгой үед нэмж олгох болсон “хүүхдийн мөнгө”-ийг (2021 онд 1.2 их наяд төгрөг болсон) халамж ангилалд оруулж бодсон ч дэлхийн дундажад бараадахгүй байгаа юм. Ковидын онцгой нөхцөлийн жилүүдэд дэлхийн улсууд ДНБ-ийхээ 20-30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг халамж, тэтгэлэг хэлбэрээр эдийн засагтаа оруулсан байдаг.
Тэгэхээр халамж хэтэрсэн гэж үзэж байгаа бол тэр нь халамжийг хууль бусаар олгож байна гэсэн үг. Тиймээс нийгмийн халамжийг мэдэж захиран зарцуулж байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамныхан халамжийн асуудлаар попорсон, сенсацалсан, дутмаг, буруу ойлголт өгөх зорилготой гэмээр мэдээлэл тараах биш бодитой, үндэслэлтэй, шинжлэх ухаанч, харьцуулсан дүгнэлт бүхий хариу тайлбар гаргах хэрэгтэй. “Халамжаар амьдрагчид”-ыг буруушаах нь нийгэмд тун тааламжтай сонсогдох, хэн ч буруушааж чадахгүй гоё сэдэв. Тийм учраас энэ удаад халамж гэх сэдэв нь зарим нөхдөд попрох, эх оронч, ажил хэрэгч, бүтээлч, хөдөлмөрч хүн болж харагдах боломжийг олгосон бололтой. Иргэдээ гүтгэн буруутгахаас өмнө Монголчууд яагаад санал болгосон ажлыг чинь хийхгүй байгааг, тэгсэн атлаа гадаадад гараад яагаад гайхалтай сайн ажиллаад байгаагийн учрыг олох хэрэгтэй. Ажил хийгээд цалин авдаг уу. Авсан цалин нь гаргасан зардалыг нь нөхдөг үү. Хөдөлмөрийн хууль бүрэн утгаараа хэрэгждэг үү гэх мэт асуултуудад хариулахаас эхэлвэл үндэстэй тайлбар олдоно.
Албан мэдээнд 17-18 хувь гэж зарлаж буй ч үнэндээ 30 хувь давсан инфляц жирийн иргэдийг буюу дээдсийнхний нэрлэж заншсанаар ул, хөлнийхөнд,, өлөнгүүдэд илүү хүндээр тусч тэднийг үнэндээ туйлдуулж байна. Ер нь эдийн засгийн хямрал аарцаг, ац, бүсэлхий, цээжнийхэн гэж байдаг бол тэдэнд арай гайгүй, суганыханд бол бараг хамаагүй, эрүү, ам, хүзүү, зулайныханд бол үнэндээ огт хүртээлгүй байгаа. Харамсалтай нь хүн амын бараг 70-80 хувь ул, хөл хавьд эрэмблэгддэг гэхээр асуудал шүү. Сониноос “bottom” гэдэг англи үг уг нь голдуу сав суулганы уг суурь хэсэг, ямар нэгэн зүйлийн доод давхаргыг заадаг “ёроол”, “уг”гэсэн утгатай үг юм. Гэтэл яаж яваад ямар ч хамаагүй УЛ, гишгүүр болж орчуулагддаг байна аа.
Өдгөө эдийн засгийн бүх үзүүлэлтүүд гүнзгий хямралыг зааж байдал цаашид улам хүндрэх төлөвтэй байна. Хонгил харанхуй байна, 2023 онд бид 10 их наяд, магадгүй түүнээс ч их өр төлнө. Эрх баригчид хагас хугасыг нь ч болтугай аргалья гэж оролдоод л байгаа бололтой. Хэдэн ч удаа гуйж гувшиж төлбөрийн хугацаагаа хойшлуулсан юм, ичмээр юм. Одоо харин зээл олгосон эзэд “NO” гээд байгаа аж, тэгэх ч үндэслэлтэй бололтой. Өр, зээлийн барьцаанд орсон Засгийн газар маань яах юм бол доо. Хэдий “ул”-ныхан гэж гоочлогддог ч ард түмэн ухаантай. Тэд өр, зээлийг авсан үрсэн нөхдүүдээр өөрсдөөр нь төлүүлэхийг шаардаж байна. Tэд газар нутгаа, байгалийн баялгаа тухайлбал Эрдэнэс Таван Толгой, Оюу Толгой, Эрдэнэт гээд бусад ордыг өрөнд өгөхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тэд засгийн газрыг ил тод, шударга байхыг шаардаж байгаа, тэд Монголыг дараачийн Шри Ланк, Тажикстанд, Зимбабве болгохыг хүсэхгүй байна.
Эдийн засагч Х.БАТСУУРЬ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)