Бид өөрсдөдөө итгэж бодлого гаргадаг үндэстэн болох хэрэгтэй
- 2022-10-10
- Нийтлэл
- 1
Монголыг энэ олон тамирчид, дуучид, бөхчүүд, жүжигчид, хуурчид хөгжүүлэхгүй. Инженерүүд, физик, хими, одон орон гээд байгалийн шинжлэх ухааны эрдэмтэд хөгжүүлнэ. Бид оюуныг дээдэлсэн, шинжлэх ухааныг дээдэлсэн цагт хөгжил дэвшлийнхээ замд шуударна гэж “Өдрийн сонин” үргэлж бичдэг. Тэгтэл саяхан Сингапурын төрийн албыг олон жил удирдсан, Засгийн газрын бүх хариуцлагатай албыг нь хашиж ирсэн Лим Шион Гуан гэдэг хүний хэлсэн үг олон нийтийн сүлжээгээр тарлаа. Тэрээр “Унаж яваа үндэстний баатар нь төрийн хүн, ухаантнууд удирдагчид биш тамирчин, дуучин, жүжигчин болдог” гэж хэлсэн байна. Яг л бид бүхний барьдаг чиг шугам, бодлогыг гарцаагүйгээр хэлжээ. Сингапур бол банк санхүүгийн гол төв, орон сууцны төлөвлөлт, хот байгуулалт зэргээрээ олон улсын жишиг хот гэж яригддаг, Азид төдийгүй дэлхийд хөгжлөөрөө манлайлсан ийм орон.
Ийм орныг удирдаж ирсэн төрийн хариуцлагатай эрхэм олон улсын бололтой хурал зөвлөгөөний үеэр ингэж хэлжээ. Үнэхээр уруудан доройтож, мөхөж яваа үндэстний ардын баатар нь үндсэндээ бодлого гаргадаг хүн нь эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны зүтгэлтэн буурал профессор академичид, оюуны оргилууд биш спорт, урлаг соёлынхон болдог гэдгийг хүн төрөлхтний түүх харуулсаар ирсэн. Дуучид, тамирчид, бөхчүүд, жүжигчид гэдэг бол бодлого гаргадаг, шуудхан хэлэхэд хөгжил авчирдаг хүмүүс биш. Тэд хувь хувийнхаа уран бүтээл, өөрсдийнхөө сонгосон зам мөрөөр хөдөлмөрлөн гаргасан амжилт ялалтаа зөвхөн өөрсдөө хүртэж амиа хоохойлдог ийм л хүмүүс.
Тэгэхээр Монгол Улс бодлого гаргадаггүй, баялаг бүтээдэггүй, улс орны хөгжилд ямар ч тус нэмэргүй гэж хэлж болохоор тийм хүмүүсээ шүтээд, бахархан дээдлээд, хамгийн гол нь тэдэнд төрийн жолоог атгуулсаар ирсэн нь харамсалтай. Өнөөдөр улс орны хэмжээнд хичнээн аймаг сумыг бөхчүүд, тамирчид удирдаж байгааг бид бүгд мэднэ. Архангай, Булган, Говь-Алтай, Өмнөговь гээд ихэнх аймгийн Засаг дарга нар бөхчүүд. Ямар сайндаа аймгуудын дарга нарын уулзалт Төрийн ордонд болоход “Энэ чинь одоо бөхчүүдийн цугларалт юм уу” гэсэн яриа гарч байсан. Ингэж Монголын төр толгойгоороо хөл хийж, хөлөөрөө толгой хийж ирлээ. Бид жүдогийн дэлхийн аваргатай боллоо гээд хөөрцгөөж байна. Би энд хувь хүний амжилтыг үгүйсгэх гэсэнгүй. Дэлхийд аваргална гэдэг мэдээж бахархал байлгүй яахав.
Гэхдээ өнөөдөр дэлхий юуг хүлээн авч, хүлээн зөвшөөрч байгааг бид ухаалгаар бодох ёстой. Яг үнэндээ Монголоос спортоор хичнээн ч дэлхийн аварга тодорно, хүн төрөлхтөн тэгтлээ тоохоо больсон. Спортын тухайн төрлийг сонирхдог тодорхой хүрээнийхэн л мэднэ байх. Дэлхий өнөөдөр оюун ухааныг шүтэж дээдэлж байгаа. Манай нэг эрдэмтэн одон орон, геофизик, хими, математикийн шинжлэх ухаанд ямар нэгэн эргэлт авчирлаа гэхэд дэлхий анхаарна. Сансрын шинжлэх ухаан, хиймэл оюун ухаанд, эс бөгөөс Нобелийн шагналтан тодорч байж дэлхийн цөм Монголыг сая анзаарна. Түүнээс нэг тамирчин, нэг бөх дэлхийн тэмцээнээс шагнал авчихаад Монголынхоо нэрийг дэлхийд мандууллаа гэдэг бол өрөөсгөл ойлголт болсон. Бид яалт ч үгүй дэлхийн хөгжлийг дагаж, супер гүрнүүдийн туулж ирсэн зам мөрөөр замнахаас өөр гарцгүй.
Хүн төрөлхтөн өнөөдөр ангараг гариг дээр амьдрал цогцлоож, сарыг эзэмших тухай ярьж байна. Гэтэл бид газар сайгүй шавар хөшөө босгосоор бөхөө шүтсээр, дуулж хуурдаж, наргиж наадаж, физик хими, шинжлэх ухаан хэрэггүй гэж мунхагласаар, мухар сүсгийн балчиг намагтаа живж шигдсээр байх уу. МУИС-ийн химийн ангийг өнөө жил хоёрхон оюутан төгссөн. Тэр тухай О.Болормаа доктор манай сонинд халаглан ярьсан. Химийн шинжлэх ухаан хүний амьдралд гол суурь дэвсгэр нь гэдгийг монголчууд мэдэхгүй байна гэж үү. Физикийн ангид элсэх оюутан олдохоо байлаа гэж мөн эрдэмтэн багш нар хэлдэг. Шинжлэх ухааны гол цөм болсон физик, химийн салбар ийнхүү хүнгүй болсон бол бөхийн сургууль, соёл урлаг хөгжмийн, мөн хууль эрх зүй, сэтгүүл зүй гээд нийгмийн чигийн сургуулиуд элсэгчдээ багтааж ядан дүүрч байна.
Энэ бүхэн бол манай улс мөхөхийн цондон.Уруудан доройтож яваа үндэстний шинж. Бөх болохоор, тамирчин болохоор, дуучин, хуурчин, жүжигчин, хошин шогчин болохоор хошуурцгааж байгаа мянга мянган хүүхдүүдэд буруу гэж байхгүй. Бөх болвол асар их хүндтэй болдог юм байна. Нэг жилийн наадамд түрүүлэх юм уу, өндөр цолонд хүрэхэд тэгээд л шууд тэрбумтан болчихно. Тамирчин болоод дэлхийгээс ганц медаль авахад төрөөс насныхаа хоолыг идчихнэ. Жүжигчин юм уу, дуучин, хошин урлагийн хүн болчихвол хүн бүхэн хүндэтгэсэн, маш их нэр хүндтэй, мөнгө ихтэй, баян амьдарч болох юм байна гэх ийм ойлголтыг хүүхэд бүрийн сэтгэхүйд Монголын нийгэм бүр системтэйгээр гэж хэлж болохоор суулгаж байна.
Дээрээс нь бид хүнээ ялгаж таньж сурах хэрэгтэй байна.Хэрүүлчээ ухаантай гэж үздэг тухай хуучны үг бий. Үнэхээр л хэрүүлчээ ухаантай мэт үзсэн, тэднийг даган дуурайсан ийм увайгүй, унхиагүй, хийж бүтээх биш хий дэмий шүлсээ үсчүүлсэн, ажил хийдэг хүнгүй үндэстэн болчихоод байна. Монголын нийгэмд шударга дүр эсгэж, олон түмнийг өөр рүүгээ хошууруулсан, бидний магтаад байдаг бүхэн цаанаа ард түмний төлөө биш өөрийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө байдаг. Зүгээр л үнэнч шударгын дүрд тоглосон жүжигчид байдаг. Энэ бүх тавилттай жүжгийг бид өдөр бүхэн үзэж хууртаж байна. Тэгэхээр Монголын ард түмэн минь, монгол үндэстэн минь одоо хэрсүүжих, аливаад углуургатай, бодолтой бодлоготой хандах цаг нь иржээ. Ар Монгол буюу төв монгол нь өмнөд, хойд, буриад Монголынхоо диваажин нь байх ёстой гэж хэдэн жилийн өмнө манай сонин бичиж байсан. Бид өнөөдөр монгол үндэстний гал голомт гэдгээ илүү их мэдэрч байна. Хойноос цагаачид яаж зугтан ирж буйг харж байна.
Одоо монгол үндэстний байр сууринаас голчтой, нуруутай хандмаар байна. Аль юм болгон “орос ах нар” гэж хойшоогоо налж наалинхайтан долгинож гүйх юм бэ. Орос бидэнд түүхэндээ ах шиг хандаж байгаагүйг одоо хүртэл мэдээгүй яваа нь эмгэнэл биш үү. Энэ бүх үйл явц монголчууд биднийг биеэ даасан тусгаар улсын зангаргаар явахыг хэлээд байна. Ухаалаг, хэрсүү, өөрийн гэх бодолтой байхыг цаг үе шаардаж байна. Тэгэхээр бид бүхэн өөрсдөдөө итгэх хэрэгтэй болжээ. Үндсэндээ бид өөрсдөдөө итгэж бодлого гаргадаг үндэстэн болох хэрэгтэй. Үүний тулд яах вэ гэхээр оюун ухааныг, шинжлэх ухааныг дээдэлсэн бодлогыг ард түмэнд хөрс сууриар нь суулгаж өгөх хэрэгтэй байна. Монгол Улсын Шинжлэх ухааны академи үүнд гол суурь нь болж оролцох ёстой. Бага сургуулиас нь аваад хүүхдүүдэд инженерийн мэргэжил мундаг, физик хими, байгалийн шинжлэх ухааны хичээл онцгой гэдгийг бүр сэтгэхүйд нь суулгаж өгөх хэрэгтэй.
Д.Урианхай, Баабар, Цэнддоо, Г.Аюурзана, философийн Батчулуун гээд энэ цагийн сэтгэгчдээр лекц уншуулах, Ж.Гүррагчаа баатар тэргүүтэй цэрэг армийн зүтгэлтнүүд, генералуудаар мөн лекц уншуулах, Физикийн Х.Намсрай, К.Цоохүү, Ж.Даваасамбуу, химийн Б.Пүрэвсүрэн, одон орон геофизикийн С.Дэмбэрэл, физик математикийн О.Чулуунбаатар, Т.Жанлав гээд нэртэй академич нарын лекцийг оюутан сурагчид төдийгүй нийгэмд бодлогоор зогсоо зайгүй явуулдаг баймаар байна. Ард түмнээ гэгээрүүлж, өөрсдөд нь итгэх итгэлийг төрүүлж, зоригжуулах нь юу юунаас чухал болжээ.
Ингэж байж бид дэлхийн дайдыг эзэрхийлж байсан агуу улс гүрнийхээ түүх рүү бага ч гэсэн дөхнө байх. Сүүлийн 300 жил монголчууд гадны түрэмгийлэлд байсны хор уршиг ийм хүлцэнгүй, хулчгар, өөрсдөдөө итгэдэггүй аймхай дорой ард түмэн болчихсон. Одоо бид зоригжих, хэрсүүжих, оюун ухааны хувьд сэргэн мандах цаг маань ирсэн. Тэгж гэмээнэ өөрсдөдөө итгэсэн өөрийн гэх бодлоготой оюунлаг үндэстэн болно.
Н.Гантулга
Сэтгэгдэл (1)
Зочин (183.177.100.11)
Баавар, Цэнддоо нараар соц нийгэмд амьдарч асан аав ээжийнхээ тэнэг, мангарыг дуудуулах бас тэгээд Монголоо муу муухайгаар нь дуудуулж Монгол хүний өөртөө итгэх итгэлийг алга болгож болохгүй. Харин философийн ялангуяа Чулуунжав гэх мэтийн гайхалтай толгойтой эрдэмтдээр Монголын түүх, бидэнд үлдээсэн сургамж, мухар сүсэг бишрэлтэй гашуун сургамж сэдвээ лекц уншуулах хэрэгтэй