Францын цөмийн эрчим хүчний туршлага, технологи Монголд хэрэг болно!

АНУ-д ажиллаж амьдардаг багын найз маань эх орны эрчим хүчний хөгжилд санаа сэдэл өгөх ийм бүтээлээ бичиж ирүүлжээ. Мягмаржавын Баярыг таних мэдэх хүмүүст зориулж буй биш, шийдвэр гаргадаг эрх баригчиддаа хандуулан би хэргээр өөрийн сайтдаа тавьж байна. Эрчим хүчний хөгжлийн тухай олон өнцөг байдаг бол тэр дотор энэ нийтлэл байраа эзлэх ёстой хэмээн үзэв.

At the beginning of the year-2022 French government remains supportive of nuclear power and implementing a new policy which will challenging and require a strong business operation structure in Electricity de France (EDF). France's nuclear power facing with a new current difficulty and a new policy.

Франц улсыг бид төсөөлөхдөө загварын өнгөт ертөнц, брэндийн үнэртэн, гайхамшигтай Лувр музей, алдарт дуучин Эдит Пиафийн хүчтэй хоолой зэргээр танин мэддэг байх. Гэвч нийт улсынхаа цахилгаан эрчим хүчний 70% цөмийн реактораар үйлдвэрлэдэг нь энэ улсын нөгөө нэг сонирхолтой тал нь. Өмнөх Засгийн газар нь 2014 онд цөмийн реакторуудаа 50% багасгаж бодлогоо өөрчилсөн ч Ерөнхийлөгч Эммануэл Макрон Европын өмнө тулгарсан эрчим хүчний эрсдэлийг бодитой олж харж бодлогоо дахин өөрчилжээ.

Тэрээр 2022 оны хоёрдугаар сард мэдэгдэхдээ, улсдаа нэмж 6 шинэ цөмийн реактор барих, мөн дээр нь хэтийн төлөвтөө 8-ыг барих чиглэл өгчээ. Тэгээд ч Франц улсын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх өөрийн өртөг нь хямд тул гадагш экспортлож, нэг үүгээр нэг жилд дунджаар 3 тэрбум еврогийн ашиг олох тооцоо гаргасан байна.  Нийт улсынхаа цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 17%-ийг цөмийн хоёрдогч түүхий эдээс үүсвэр болгон ашиглаж, түүнийг экспортод гаргах ба гол худалдан авагч нь Британи, Итали юм байна.

Дэлхийд тэргүүнд орох босоо удирдлагатай монопол эрчим хүчний Electricity de France (EDF) компани Францын нэг нэрийн хуудас нь.  Түүний чадварыг сорих цаг эдүгээ ирээд байна. Өнөөгийн цаг үе энэ компаниас маш хүчтэй бизнесийн үдирдлагын үйл ажиллагаа шаардаж байна. EDF компани нь эрчим хүчний шилжилтийн шинэ бодлогыг энэ цаг үед хэрэгжүүлж чадахаас өөрөөр байх аргагүй. Эх орныхоо цөмийн эрчим хүчний салбарт шинэ санхүүгийн зохицуулалт хийх, үнэ тариф өсөхөөс хамгаалах, компанид бүтцийн шинэ зохион байгуулалт хийх зэрэг арга хэмжээ авч, тэгснээрээ үндэсний тэргүүлэгч компани хэвээр үлдэх явдал чухал ажээ.

EDF компани нь 2022 онд одоогийн ажиллаж байгаа 56 цөмийн реактороосоо (61GW) 280-300 TWh цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөтэй, гэхдээ энэ нь 2005 оны оргил үеээс 33% бага (тэр үед 430 TWh эрчим хүч гаргаж байв)  юм.  Цөмийн реактороор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээ ийнхүү багасгасан нь дор дурдсан сөрөг 5 шалтгаанаас болжээ.

Нэг дэх нь Франц улсын эрчим хүчний талаархи батлагдсан Гранд Каренаже хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрөөр 2014-2025 оны хооронд ажиллаж байгаа болон ажиллагаанд оруулсан бүх цөмийн реакторуудын техникийн аюулгүй ажиллагааг хянаж үзнэ. Цөмийн реакторын аюулгүй ажиллагааны дүрмэнд дундаж хугацааг 37 жил гэж үздэг аж.

Хоёр дахь нь нарийвчилсан цаг хугацаанд явагддаг реакторуудын засвар үйлчилгээ нь ковид хэмээх цар тахлаас шалтгаалж хийгдээгүй график алдагдсан.

Гурав дахь нь зарим хоолой элэгдэж зэвэрснээс болж 12 реакторыг зогсоож техникийн үзлэг явуулсан.

Дөрөв дэхь нь сүүлийн нэг жилийн цаг агаарын тааламжгүй халуун болон хуурай байдал цөмийн реакторуудыг хөргөхөд саад учруулж температурыг буулгах буюу хүчин чадлыг нь багасгах горимонд оруулсан.

Тав дахь нь Flamanville-3 (1,630 MW) цөмийн реакторын барилгын ажил 2007 оноос эхэлсэн ч явцын дунд удааширч  2012 ашиглалтанд өгөх байсан бол одоо 2023 он болж хойшлоод байгаагаас ажээ.

Дээрхи хугацаанд Франц нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээ багасгасан. Учир нь хуурай нүүрс ба шингэн түлш дээр суурилсан цахилгаан станцуудаа агаар орчинг бохирдуулахгүй гэсэн зорилгоор бүрмөсөн хаагаад байна.  Улсын цахилгаан эрчим хүч үйлдэрлэл нь хумигдаж, нөгөө талдаа энэ онд эрчим хүчний хэрэглээ улам өсч, түүнийгээ нөхөхийн тулд түүхэндээ анх удаа Германаас 14 GW цахилгаан эрчим хүч импортлосон мэдээ байна.

Гэвч дээрхи бэрхшээлийг даван туулах Засгийн газрын хөтөлбөр бэлэн байна. Цөмийн эрчим хүчээр түүнийгээ хэрэгжүүлнэ. Цөмийн эрчим хүчийг дэмжих зорилгоор одоо ажилаж байгаа реакторуудын дундаж наслалтыг 50 жилээс дээш болгон  уртасгаж, дээр нь нэмээд 6-14 цөмийн том ба бага хэмнэлийн системийн реакторуудыг 2050 он гэхэд ашиглалтантанд оруулна гэж төлөвлөжээ.

Том оврын цөмийн реакторууд 2028 оноос барилга байгууламжаа эхлүүлнэ, 2035 онд ашиглалтанд өгнө. Эхний бага оврын хэмнэлттэй горимд ажилладаг цөмийн реакторыг 2030 оноос ашиглалтанд оруулна. Францын Засгийн газрын шинэ төлөвлөгөө маш тодорхой бөгөөд 2012-2021 онд явуулж байсан ойлгогдохгүй бодлогоо засч, маш тодорхой зохион байгуулалт, зорилго чиглэлтэй болгож байгаагаараа үнэтэй бөгөөд ач холбогдолтой хэмээн гадаадын эрчим хүч судлаачид тэмдэглэж байна.  

Францын эрчим хүчний үндэсний хөтөлбөрт 2050 он хүртэл алсын бодлогоо тодорхойлохдоо  нүүрс төрөгчөөс ангид байхыг зааж,  2060 он гэхэд бүх цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн хэрэглээний  50%-ийг цөмийн энергиэс, үлдсэн 50%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэнэ гэж заажээ. Энэ төлөвлөгөг хэрэгжүүлэх үндсэн хөшүүрэг нь цөмийн реакторуудын ашиглалтыг уртасгаж, дээр нь бага жижиг оврын хэмнэлттэй горимонд ажлладаг реакторуудыг ашиглалтанд оруулах явдал юм.

Мөн одоо дэлхий дахинаа нүүрлэн буй эрчим хүчний хямрал, үнэ тарифын өсөлтийн эсрэг тухайн салбарын аюулгүй байдлыг хангахыг Францад онц чухлаар авч үзэж байна. Энэ түүх нь 1970-аад оны үед анх газрын тосны хямралаас үүдэлтэй бий болжээ. Тухайн үед газрын тосны том тоглогч Булангийн орнууд Араб-Израилийн мөргөлдөөнтэй холбогдуулж олборлолтоо түр зогсоож, мөн Иранд лалын хувьсгал ялснаас болж газрын тосны үйлдвэрлэл хомсдож эрчим хүчний хямрал дагалдаж байжээ.

Тэр үеэс Франц нь цөмийн эрчим хүч ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөө мөрдөж, хатуу түлш-нүүрснээс татгалзсан түүхтэй. Дээрхи төлөвлөгөө амжилттай хэрэжиж биеллээ олсноор 50 жилийн дараа гэхэд нийт цахилгаан эрчим хүчний 70% цөмийн энерги ашиглан үйлдвэрлэж байна.

Тус улс 1978-1999 онд нийт 56 цөмийн реакторуудаа төвийн эрчим хүчний шугам сүлжээнд холбосон. Энэ бүхнээс дэлхий дахин дүгнэлтээ хэдийнээ хийгээд байна. Юу гэвэл цөмийн эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэх Францын арга оновчтой зөв гэж үзжээ.

Франц улс нь ураны нөөцгүй улс. Гэтэл цөмийн эрчим хүчээр дэлхийд 1-рт гараад ирсэн байдаг. Ураны тээвэрлэлт, хадгалалт, хэрэглээ аюулгүй, түүнийг аюулгүй байлгаж болдог гэдэгт Франц баталгаа гаргаж өгснөөрөө олон улсын ач холбогдолтой гэж үзэж байна. Тус улс хаанаас түүхий эд уранаа экспортлодог вэ? Нигериа, Казахстан, Узбекистан, Австралиас экспортолж байна. Энэ нэрс дээр Монгол гээд багтчихвал манай экспортын орлого суга өснө гэж би боддог. Францтай цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гуравдагч хөршийн эдийн засаг-хөрөнгө оруулалтын томхон ололт байх болно гэсэн итгэлээ ч би гээдэггүй. Манай 3.5-хан сая хүн амыг эрчим хүчээр тасралтгүй хангахад бага оврын ганц хоёр цөмийн реактор байж болно, энэ бол биелэшгүй мөрөөдөл биш, биелүүлж болно.

Францын туршлагаас цааш сөхье. Цөмийн энерги ашиглах нь төрөл бүрийн асуудал, шийдвэрлэх зорилт ар араасаа дагуулдаг нь мэдээж юм. Түүнийг шийддэг механизм нэгэнтээ төлөвшин тогтсон. Тиймдээ ч Франц улс нь дотоодын нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ ихэнхи хувийг цөмийн эрчим хүчнээс хангасаар байна.

Electricity De France (EDF) компанийн төрийн өмч 84% байсныг буцаагаад 100% төрийн өмчит компани болгож хувьчлах шийдвэр гаргасан. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ төр мэдэлдээ авч, захиран зарцуулахаар болж байна гэсэн үг.

Улс орны эрчим хүчний өнөөгийн аюулгүй байдал, шилжилтийн үед эрчим хүчний салбартаа бүрэн хяналт тавих, хувьцаа эзэмшигчдийн зүгээс тогтворгүй үйлдлүүдийг хянах, хэрэглэгчдэд хэл үггүй түгээх, цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг тогтвортой байлгах гэхчлэн олон зорилтоос энэ шийдвэр угшилтай. Гол нь хэрэглэгчдэд учрах болзошгүй эрсдэлүүдээс найдвартай хамгаалах явдал юм.

Дээр нь нүүрстөрөгчөөс ангид цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үндэсний хөтөлбөртэйгээ өөр хоорондоо уялдна.  EDF компани 2022 оны эхний хагаст эдийн засгийн хүндрэлд орж түүхэндээ 5.3 тэрбум еврогийн алдагдалтай ажилласан. Энэ нь Орос-Украины дайн болон цахилгаан эрчим хүчний үнэ тарифын хэлбэлзлэлээс шалтгаалсан. Гэхдээ санхүү, эдийн засгийн ноцтой алдагдал үүсчихээгүй байна. Тухайн компанийн өр сүүлийн 15 жил гурав дахин өссөн, 2007 онд 16.3 тэрбум евро байсан бол 2022 оны эхний хагас жилийн байдлаар 42.8 тэрбум евро болсон гэж байна. Гэхдээ энэ өр үйлдвэрлэл, экспортод огтоос нөлөөлөхгүй. Нөхчихөж болох өр.

Энэ бүхэнтэй уялдан Францын эрчим хүчний шинэ төлөвлөгөө батлагдсан. Одоо хэрэгжиж буй Гранд Каренаже программ нь 50 тэрбум еврогийн төсөвтэй. Мөн “Flamanville-3” шинэ реакторын барилга байгууламжинд 23 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийгдэж байна.

Flamanville цөмийн цахилгаан станцын зураг байна. Улсынхаа баруун хойд эрэгт Атлантын далай хөвөөлөн суваг дээр баригджээ. Бүтээн байгуулалт явагдаж байна. Энэ станцын нэг дэх нь 1979 онд, хоёр дахь нь 1987 онд ашиглалтад орсон, одоо гурав дахь нь ирэх жил ашиглалтад орно.  Гурав дахь бүтээн байгуулалтын багтаамж нь 1,570 MW. Өндөр даралтын усан реактор, хөрөнгө оруулалт нь 12.38 тэрбум евро, дулаан гаргалт нь 4,300MWth, жилдээ 13TWh цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ.

Лав Баруун Европыг эрчим хүчээр өлхөн хангачих аварга бүтээн байгуулалтын тухай товч өгүүлэхэд ийм байна. Ирээдүйдээ цахилгаан эрчим хүчний тэргүүлэгч үйлдвэрлэгч байх бүх нөхцлөө Франц бүрдүүлж байна. Эдийн засгийн ямар ч хэлбэлзлээс хамааралгүй, дээр нь экспортлогч орон байх хэтийн зорилгоо дээдлэн ажиллаж байна.    

Аливаа нэг их гүрэн бүх салбарт их гүрэн байх албагүй. Тийм бололцоо ч байхгүй. Гэхдээ аль нэг салбарыг голлон, дагнаж үйлдвэрлэх экспортлоход тэргүүлэхэд л болдог гэсэн жишээ сургамжийг Франц ийнхүү харуулна. Нэрийн хуудас нь “Цөмийн эрчим хүчний Франц”. 

Нийтлэлч Баярхүү

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)