В.Путин Орост нэгтгэсэн Украины бүс нутгуудад дайны байдал зарлав
- 2022-10-20
- Дэлхий
- 0
МОСКВА. /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсад нэгтгэсэн Украины дөрвөн бүс нутагт дайны байдал зарлах тухай зарлигт лхагва гарагт гарын үсэг зурлаа. Шийдвэрийнхээ талаар Оросын удирдагч Аюулгүй байдлын зөвлөлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Түүний зарлигийг Кремлийн цахим хуудсанд нийтэлжээ.
ОХУ-ын бүрэлдэхүүнд орохоос өмнө эдгээр /өөртөө нэгтгэсэн/ бүс нутагт дайны байдлын дэглэм хэрэгжиж байсныг В.Путин сануулаад, "Одоо бид энэ дэглэмийг Оросын хууль тогтоомжийн хүрээнд албан ёсны болгох хэрэгтэй. Тиймээс би ОХУ-ын эдгээр дөрвөн субъектэд дайны байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурслаа" гэсэн байна.
Тэрбээр "зарлигийг батлуулахаар Холбооны Зөвлөлд нэн даруй илгээнэ" хэмээн мэдэгдсэн байна. "Төрийн Думд мөн шийдвэрийн талаар мэдэгдсэн" гэж В.Путин нэмж хэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Крымийн гүүрийг дэлбэлснийг сануулаад, Оросын тусгай алба "тус улсын бусад бүс нутагт, тэр дундаа олон хүнтэй тээвэр, эрчим хүчний байгууламжуудад үйлдэх гэж байсан террорист халдлагыг таслан зогсоосон" гэж мэдэгдсэн байна. "Цөмийн эрчим хүчний байгууламжийн хувьд ч мөн адил гэдгийг онцлон хэлмээр байна" хэмээн тэрбээр тэмдэглэжээ.
Киевийн дэглэм хэлэлцээ хийх аливаа саналаас татгалзаж байна гэж В.Путин нэмж хэлэв. “Неонацистууд амин чухал байгууламжуудад хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, орон нутгийн эрх баригчдын төлөөлөгчдийн амь насанд халдах оролдлого зохион байгуулах зэрэг террорист аргуудыг ил тод хэрэглэж байна” гэж Оросын Ерөнхийлөгч хэлжээ. Түүнчлэн В.Путин Украинаас холгүй орших Оросын найман бүс нутагт хариу арга хэмжээ авах дунд түвшин зарласан байна. Хариу арга хэмжээ авах дунд түвшин тогтоосон тохиолдолд нийтийн хэв журмыг хамгаалах хамгаалалтыг чангатгах, эрчим хүчний байгууламжид аюулгүй байдлын түвшнийг нэмэгдүүлэх боломжтой болдог аж. Түүнчлэн эдгээр бүс нутгийн оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай бүсээс нүүлгэн шилжүүлж болно хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)