Чингис хаан "цусан далай" байсан гэж үү?
- 2022-10-20
- Нийтлэл
- 0
Евгений ТРИФОНОВ (Оросын түүхч)
Монгол төрийг үндэслэгч, Чингис хаан нэрээр алдаршсан Тэмүжин нь дэлхийн түүхэн дэх хамгийн зэрлэг, харгис байлдан дагуулагч гэж тооцогддог. Орос, Хятад, Түрэг, Польш, Унгар, Иран, Вьетнам, Солонгосын түүхэн уламжлалд Чингис хаан бол бузар муугийн жинхэнэ биелэл юм.
Чингис хаанд хандах энэ хандлагыг нэр хүндтэй сурталчлагч Н.И.Басовская нэлээд бүрэн дүүрэн илэрхийлсэн байх. Түүхэн дэх Сайн ба Муугийн тухай өгүүлэх "Чингис хаан - цусан далай, бузрын үүр" аудио номдоо тэрээр: "Би Чингис хааныг гүн гүнзгий, магадгүй туйлын мууг агуулсан хүмүүсийн тоонд оруулах болно. Тэрээр түүхэнд маш илэрхий цуст мөр үлдээжээ. Хамгийн хэрцгий харгислэл, тамлалт, мянга мянган үхэгсэд... Анхны цохилтын бай болгож олон мянган олзлогдогсдыг армийнхаа өмнө тууж явдаг байсан. Эдгээр мянга мянган хүмүүс тэдний давшилтын хүүрэн хивс болж, цэргүүд нь дээгүүр нь гишгичин урагшилна.
Басовскаягийн үзэж буйгаар монголчуудын аугаа байлдан дагуулалт гэдэг нь Чингис хааны хувь хүнийх нь бузар харгис зөн билэг, садизмынх нь үр хөврөл аж. Тэрээр нүүдэлчдийн хүчирхэг армийг эрхшээлдээ оруулж, тэднийг өөрийн бузар хүсэлдээ бүрэн эзэмдэн, тэр байтугай тэднийг өөрийн садизмаараа халдварлуулж чадсан гэж үзсэн байна. Ингэсний үр дүнд л Чингисийн цэрэг бүхэл бүтэн улс гүрнүүдийг сүйрүүлж, сая сая хүмүүсийг хамгийн харгис хэрцгий аргаар устгаж байжээ.
Зарим орны түүхчдийн тун цөөн хэсэг, үүний дотор Оросоос Л.Н.Гумилев зэрэг эрдэмтэд л монголчуудын байлдан дагуулалт, Чингис хааны хувь шинж чанарыг эерэг байр сууринаас тайлбарлаж байсан. Төр улсыг нь бүтээгч бол Монголд тахин шүтэх дүр мөн, харин энийг нь аль ч улсын ганц ч төрийн зүтгэлтэн хүлээн зөвшөөрдөггүй.
Монголын мөнгөн дэвсгэрт дээр Чингис хааны хөрөг бий. Улсын дээд шагнал нь "Чингисийн одон". Нийслэлийн төв талбай нь Чингис хааны нэрэмжит (энэ шийдвэрийг хотын удирдлагууд эсэргүүцсэн ч бүрэн хүчингүй болгоогүй). Тус улсын агаарын гол хаалга нь "Чингис хаан" нисэх онгоцны буудал. Улсын агаарын тээврийн компани нь Чингис Эйрвэйз. Хамгийн сайн архи нь Чингис хаан нэртэй. Мөн дээд зэргийн сайн шар айраг нь бас ижил нэртэй.
Улаанбаатар хотын зүүн урд Цонжин-Болдог гэдэг газарт арван метрийн суурийг нь оруулахгүйгээр Чингис хааны 40 метр өндөр морьт хөшөө босгожээ. Энэ нь 250 тонн жинтэй зэвэрдэггүй гангаар хучигдсан байдаг. Сэнтийдээ заларсан Чингис хааны жижиг боловч адилхан сэтгэл хөдөлгөм хөшөө нийслэлийн төв дэх Төрийн ордны урд байрладаг.
Хэн нэгнийг Муу санааны биелэл болсон хүн (тодорхой хэлбэл мангас) гэж нэрлэхэд нэлээд хэдэн тодорхой дүгнэлт хангасан байх ёстой. Тийм хүн бузрыг бодож, бузар мууг үйлдэж, ардаа бузар мууг үлдээсэн байх ёстой.
Урт удаан үргэлжилсэн овог хоорондын дайны үр дүнд Тэмүжин өөрийгөө тойруулан монгол аймгуудыг нэгтгэж чадсан. Хятадын эх сурвалжийн мэдээлснээр түүний цэргүүд тулалдаанд оролцож байхдаа дайсны талынхнаас аль болох олон хүн амьд үлдээхийг хичээдэг, учир нь тэднийг өөрийн албадаа элсүүлэхийг урьтал болгодог байсан учраас л арми нь олон тооны өрсөлдөгчдөөсөө илүү хүчтэй байсан гэжээ.
Хожим нь "Орчлон хорвоог сүйтгэгч" нэртэй үлдсэн түүний онцгой харгис хэрцгийн баталгаа гэж тайлбарлах болсон овог хоорондын дайны цорын ганц тохиолдол бол Тэмүжиний цэргүүдэд ялагдаж, олзлогдсон Татар аймгийнхныг хядсан явдал юм. Тэрээр овгийн бүх насанд хүрсэн эрчүүдийг "тэрэгний хүрднээс өндөр хүн бүрийг" алахыг тушаасан гэх. Гэсэн хэдий ч тушаал биелэгдээгүй. Удахгүй болох гэж байгаа хядлагын тухай цуурхал хааны өргөөнөөс гадагшилж, олзлогдсон татарууд бослого гаргав. Дараа нь болсон тэнцвэргүй тулалдаанд тэд бүгд үхсэн л дээ. Энэ факт мэдээж Тэмүжиний хувийн харгис хэрцгийг “баталдаг” ч тэрээр бусад дарга нарынхаа саналыг үл харгалзан биечлэн хядлага үйлдэх гэж оролдсонгүй. Бусад удирдагч үүнийг эсэргүүцэж байсан бололтой, хэрэв тэгээгүй бол аллага тэр даруй болох байсан, ийм цуу яриа олзлогдсон татаруудын чихэнд хүрч амжихгүй байх байсан шүү дээ.
Мэдээж хэрэг, ялагдсан түмний бүх эрчүүдийг нэг амиар устгана гэдэг харгислал мөн. Гэхдээ Алтан улсын гар хөл болсон татарууд олон жилийн турш монгол овог аймгийнхныг цээрлүүлэх хүчин болж байсан тул, монголчуудыг олзолж, дээрэмдэж, устгаж байсан тэднийг үзэн ядах шалтгаантай холбон үүнийг тайлбарлаж болно. Татаруудын хорлолд өртөгчдийн нэг нь Тэмүжиний эцэг Есүхэй баатар байсан.
Гэхдээ хамгийн үнэн факт гэвэл татаруудыг өрөвдөх сэтгэлгүйгээр хядах шийдвэр биелээгүй, тийм ч учраас цаадуул нь тулалдаанд нас барсан явдал юм. Эсвэл шийдвэр огт байгаагүй ч юм билүү? Эцсийн бөлөгт энэ тухай өгүүлдэг цорын ганц түүхэн эх сурвалж бол Чингис хаанд илт дургүй нэгний бичсэн Нууц товчоо юм. Яахав, тэр ийм шийдвэр гаргасан байг, гээд баримтыг баримтаар нотлоход: энэ тушаал хэрэгжээгүй.
Ялалтын дараа Тэмүжин бүх дайчдыг (өөрөөр хэлбэл Монгол даяар өсөж томорсон бүрэн эрхт гишүүдийг) чуулганд цуглуулж, тэдэнд өөрийн улс төрийн хөтөлбөрийг санал болгосон нь өвөрмөц онцлог юм. Шинэ төрийн зорилго нь тал нутагтаа амар амгалан байх, гарал үүсэл, байдал, байр сууринаас үл хамааран бүх монголчуудыг адил тэгш хамгаалах явдал гэж тунхаглажээ. Уламжлалт алив ёс заншил, мөн аль ч эзэн ноёны хүсэл зоригоос юун түрүүн дээгүүрт тавих оройн баримтлал бол Засаг цааз (үндсэн хууль) гэж тунхагласан. Их хаанд нэр дэвшсэн Тэмүжин өөрөө ч Засаг цааз хуульд захирагдах ёстой. Тэмүжиний тунхагласан хууль дээдлэх ёс нь тухайн үеийн бүх эрх зүйн тогтолцооноос хамаагүй түрүүлж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Ийм санааг нүүдэлчин, магадгүй бичиг үсэггүй овгийн удирдагч хэрхэн дэвшүүлсэн бэ гэдгийг он жилүүдийн урт хугацаанд хэн ч тодруулж чадаагүй. Энэ бол судалгааны тусдаа том сэдэв байсаар.
Ямартай ч монголчууд Засаг цаазыг хүлээн зөвшөөрч, Тэмүжинг Чингис хаан хэмээн өргөмжилсөн нь хүчирхийллийн хэрэг огтоос биш. Бусад нэр дэвшигчид өөрсдийгөө их хаанд санал болгосон, мэтгэлцээн нээлттэй болсон, Чингис хаан сонгогдсоны дараа түүний өрсөлдөгчдийн хэн нь ч хохирсонгүй.
Тэмүжин монголчуудын ноён болон хувирсан нь "гүн", "үнэмлэхүй" бузар Муугийн илрэл биш байв гэсэн үг.
"Бид таны газар, хот, тосгонд ч хүрээгүй"
Чингис хааныг хорон санаат хэмээн буруутгаж байгаа нь Евразийн ихэнх хэсгийг эзлэн, өөрийн үеийнхнийг төдийгүй дэлхийн дараагийн үеийнхнийг цочирдуулсан монголчуудын байлдан дагуулалтай холбоотой.
Чингис хааныг түрэмгийлэгч гэсэн үзэл санаагаар хүмүүжсэн хүмүүсийн хувьд хачирхалтай сонсогдох ч түүний засаглалын үед монголчууд бусад улс руу нэг ч (!) өдөөн хатгасан дайралт хийгээгүй.
Чингис хааны анхны гадаад аян дайн бол Си Сягийн Тангудын эзэнт гүрэн рүү хийсэн дайралт юм. Энэ улс нь монгол овог аймгуудын хоорондын тэмцэлд хөндлөнгөөс оролцож, Тэмүжинтэй дайсагнасан Найман аймгийг дэмжиж байв. Монголын цэрэг Тангудыг бут ниргэж, энхийн гэрээ байгуулахыг тулгаснаар тангудууд Монголтой тулалдахгүй, Чингис хааны хүсэлтээр түүнд туслахаар цэрэг илгээнэ гэж амласан байна. Ийнхүү тангудууд нэг их зовсонгүй, хязгаарлагдмал тусгаар тогтнолоо хадгалж үлджээ.
Монголчуудын анхны жинхэнэ (мөн цуст) байлдан дагуулалт бол Хойд Хятад дахь Зүрчидийн Алтан улс юм. Монголчууд өөрсдийг нь олон жил дээрэлхсэн Зүрчидийн Алтан улсын жинэхэн цаад эзэн нь Хятад улсын эзэн хаан гэдэгт монголчууд огт эргэлзэж байгаагүй. Алтан улсын тал нутаг руу чиглэсэн бодлого нь харгис хэрцгий байлаа. Эзэнт гүрэн тал нутагт үргэлж хашраан шийтгэх бодлого барьж, барьцаалагсдыг шаардах, заримдаа тэднийг айлгах зорилгоор цаазлах, тал нутагтай хийсэн худалдааг боож хаах гэх мэт.
"XIII зууны хятадын түүхч энэ талаар дараах зүйлийг мэдээлэн үлдээжээ: "Алтан улсын (зүрчэн) толгойлогч: "Татарууд (XII зууны нүүдэлчин овог аймгуудын нийтлэг нэр) манай хаант улсад аюул учруулах нь гарцаагүй" гэж айж түгшсэн дуугаар өгүүлэв. Тиймээс тэрээр тэрхүү алслагдсан элсэн говийн орны эсрэг нэн даруй аян дайнд мордохыг тушаажээ. Гурван жил тутамд цэргээ хойд зүг рүү дээрэмдэх, устгах зорилгоор илгээдэг, үүнийгээ "боолуудыг цөөрүүлж, хүмүүсийг нь устгах" гэж нэрлэдэг аж. Үүнээс хорин жилийн өмнө Шаньдун, Хэбэйд татар охид, хөвгүүдийг гэрт нь худалдаж авдаггүй байсныг өнөөг хүртэл Хятадад санаж байгаа. Тэд бүгдээрээ олзлогдогсод. Одоогийн байдлаар (XIII зуун) татарууд боолчууд, урьд нь бол (XII зуун) тэд ихэнх тохиолдолд ердөө олзлогдогсод байсан ... Шамо (цөл) рүүгээ зугтаж амжсан татаруудын өшөө авалт тархи, цусанд нь гүн нэвтэрсэн ... "
Нэгэн цагт Тэмүжиний өвөг эцэг Амбахай хааныг Алтан улсын нийслэлд дуудаж, дуулгаваргүй хэмээн буруутган цовдлуулжээ. Тэмүжин өөрөө ч олон жил зүрчидийн барьцаанд байсан. Тэмүжин залуудаа багийнхаа хамт Татарын эсрэг аян дайнд оролцож, жаутхури хэмээх цэргийн доод зэрэглэлийн цол (багаа дайчлах цэргийн комиссар маягийн) хүртжээ.
Монголын арми
Монгол улсыг нэгтгэсний дараа Чингис хаан тусгаар тогтнолоо зарлав. Алтан улс үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй Монгол удирдагчийн төв байранд элч илгээсэн нь дээрэлхэл бөгөөд цаад утгаараа Алтан улсын эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, үүрэг даалгаврыг нь гүйцэтгэхийг шаардав гэсэн үг. Тэд монголчуудын Их хааныг жаутхури хэмээх дорой цолоор нь үл тоомсорлон нэрлэжээ. Элчийг хөөсөн (монголчууд элчийн хэнд ч гар хүрдэггүйг анхаарна уу! Засаг хуульд элчийн эсрэг алив хүчирхийлэл үйлдэхийг эрс хориглосон нь хожим дипломат халдашгүй байдлын тухай олон улсын хууль тогтоомжийн үндэс болсон).
Алтан улсын цэрэг Монголын тал нутаг руу удахгүй довтолно гэдэгт Чингис хаан эргэлзсэнгүй. Тэгээд тэр түрүүлж цохихоор шийджээ. Тухайн үед Монголын цэрэг 110-120 мянган хүнтэй байсан ч тасралтгүй тулалдаж чадахгүй байв. Эхнэр хүүхэд нь жилийн турш гэр орныхоо ажлыг даван туулж барахгүй тул цэргүүд төрөлх бэлчээр нутагтаа хийх ажил мундахгүй, гэртээ харих зайлшгүй шаардлагатай. Зүрчин офицерын корпус болон хүнд суртлын аппаратын нэлээд хэсгийг бүрдүүлдэг олон тооны киданууд (зүрчин нарт эзлэгдсэн монгол хэлтэй ард түмэн) монголчуудад тусалж байв. Чингис хааны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Алтан улсын хилийн ойролцоо цэрэг хуримтлуулж асан тангутууд тодорхой тусламж үзүүлсэн. Хэдэн арван жил үргэлжилсэн дайнд монголчуудын ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн нь зүрчин нарын байлдан дагуулагчдыг үзэн яддаг хятад үндэстний идэвхгүй байдал бас байлаа.
Үүний зэрэгцээ Хятадад суурьшсан газрын эзэд, хүнд сурталтнууд, цэргийнхнийг биш, харин Манжуур дахь уугуул нутагтаа амьдарч байсан энгийн малчин, тариаланчдыг жинхэнэ ёсоор нь Чингис хаан өөртөө татсан юм. Тэд армид нь тусдаа хороо байгуулжээ.
1216 онд монголчуудын баруун зүгт хийсэн аян дайн эхэлсэн бөгөөд энэ үед Чингис хаанд ялагдсан монгол овгуудын үлдэгдэл найман, мэргидүүд Кипчакуудын (Половцы) уудам нутаг болох Алтайгаас Дунай хүртэл үргэлжилдэг Дөшт-и-Кипчак руу явжээ. Үргэлж л бутарсан задарсан байдаг сул дорой Монголын тал нутагт хүчирхэг, нэгдмэл улс шинээр бий болсонд цочирдсон кипчакууд Чингис хаантай учирч болзошгүй хүндрэлээс болгоомжлон юутай ч Монголын сөрөг хүчнийг "бөөцийлөх" үүднээс найман, мэргид нарыг орогнуулжээ. Найман, мэргидийн дайчид үе үе Алтайг дайран довтолж, Монголын газар нутгийг үймүүлж байв.
1216 онд Чингис хааны хүү Зүчийн удирдсан монголын бие бүрэлдэхүүн Алтайг гатлав. Кипчакийн босогч харъяатууд Монгол нутаг руу дайрч байна, иймээс оргодлуудыг хүлээлгэн өгөхийг монгол элч нар шаарджээ. Кипчакууд татгалзжээ. Монголын цэрэг найман, мэргидүүдийг дараалан ялж, улмаар ирсэн дайчидтай тулахыг оролдсон Кипчакийн армийг бут цохив. Ийнхүү монголчууд, кипчакуудын хооронд урт удаан дайн эхэлж, эцэстээ Чингис хааны цэргийг Орос, Европ руу хөтөлсөн.
Гэвч Кипчакийн тал нутгаас гэртээ харих гэсэн монголчуудад саад учрав. Буцаж яваа монголчуудыг Хорезмшах Мохаммэдын арми гэнэт гүйцээд ирлээ. Зүчи Хорезмын удирдагч руу элч илгээж “Та нар өөрийн газар нутгаасаа ингэтлээ хол, энд юу хийж явна вэ, өөрийг чинь гомдоогоогүй монголчуудаас юу хүснэ вэ?” Үүнд ихэмсэг хариулт ирэв: Мохаммэд бол "Лалын сэлэм" бөгөөд, бүх "үл итгэгчид"-тэй хүссэн газартаа тулалддаг! Тулалдаан болж монголчууд хорезмчуудыг бут цохиод, төрлөх Алтай тийшээгээ яаран хөдөлжээ.
Ийм сэрэмжлүүлгийн дараа Чингис хаан "Лалын сэлэм"-ээс юу хүсээд буйг нь олж мэдэхээр шийджээ. Тэрээр Хорезмын нийслэл Ургэнч руу томоохон элч илгээж, Мохаммэдэд энх тайван, найрамдлын гэрээ байгуулахыг санал болгов (Хорезм болон саяхан эзлэгдсэн Хятад хоёрын хооронд явагддаг худалдаа монголчуудад маш чухал байсан, учир нь дамжин өнгөрөх татвараас их хэмжээний орлого олдог аж). Хорезмичуудын хэлснээр элч нарын дунд цайз хэрэм, хот хоорондын зай, элсэн цөл дэх усны эх үүсвэрийн зураглал зэргийг судалсан монгол офицерууд багтжээ. Үнэхээр тийм байсан ч Мохаммед өөрөө хүссэн газраа тэдэнтэй тулалдах болно гэж сануулсан бол монголчуудаас өөр юу хүлээх вэ?
Мохаммэд Зүчитэй бүтэлгүй тулалдсаны дараа монголчуудаас айсан хэрнээ ялагдсандаа шаралхаж, бас "үл итгэгчид"-ийг угаасаа үзэн яддаг болохоороо маш тэнэг юм хийжээ. Уг нь гэрээнд гарын үсэг зураагүй ч тэмцэл хийхгүй, худалдаанд саад учруулахгүй гэдгээ мэдэгдсэн. Гэтэл элч нарыг дипломатууд биш, тагнуулын ажилтнууд гэж оношилсон зөвлөхүүдийн үгийг сонсоод элч нарыг устгахыг зөвшөөрчээ. Отрарын хил дээр элч нарын замыг боов. Засаг хууль ёсоор элч нарыг хөнөөсөн нь ноцтой гэмт хэрэгт тооцогдоно, үүний хариуцлагыг захирагч болон түүнд захирагддаг нийт хүн ам хүлээх ёстой. Зарчмын хувьд энэ нь Дундад зууны үед хүний харьяаллыг үндэс угсаагаар нь (мөн дандаа шашин шүтлэгээр нь ч биш) биш, харин хэнд захирагддагаар нь тодорхойлж байсан нь хэвийн үзэгдэл юм.
Чингис хаан Мохаммэд руу хоёр дахь элчээ илгээв. Түүний шаардлага гэвэл элчийн өмчийг буцааж өгөх, алуурчдыг шийтгэх гэсэн тун энгийн зүйл байв. Мохаммэд эрс татгалзсанаар өөрийгөө болонулс орноо цаазын тавцанд аваачих нь тэрээ!
Монголын арми Хорезмыг (Төв Ази, Иран, Афганистан, Азербайжан) ялж, аймшигт сүйрэлд хүргэв. Зүгээр байсан Зүчийн цэрэг руу ичих нүүргүй дайрсан, элч нарыг алсан, улмаар энэ том хүчирхэг гүрэн өөрсдөд нь заналхийлсэн зэргийн өшөөг нэгмөсөн авчээ.
Хорезм дахь сүйрлийн хохирогчдын тоо Хятадынхаас хамаагүй их байв. Монголчуудын хувьд Хятад бол ердийн л нэг алдартай улс. Кидан төрөл төрөгсөд, холбоотнууд тэнд амьдардаг байв; Зүрчидүүдэд захирагддаг угсаатны хятадууд (хань) өөрсдөө монголчуудын үзэн ядалтыг төрүүлээгүй, тэд өөрсдөө зурчин нарын түрэмгийлэлд зовж шаналж байв. Түүнчлэн монголчууд боловсролтой хятад, кидан овоглогчдын тусламжтайгаар Хятадаас татвар авч, тэнд гар урлал, газар тариалан, худалдаа эрхлэлтийг дэмжих нь хамаг юмыг сандаачин сүйтгэхээс хамаагүй ашигтай гэдгийг маш хурдан ойлгов. Зарим талаар хялбарчлан ойлгох юм бол монголчууд Хятадыг гомдсон улс түмэн, хорон санаатай боловч гэмгүй гэж үзэн өөрсдийнхөнтэйгээ адил харилцаж байв. Яг л одоогийнхоор козакууд - Москвадд, баскууд - Испанид эсвэл гасконууд – Францад ханддаг хандлага шиг.
Хорезмын хувьд бүх зүйл өөр байсан. Шах, имам нарын хөөргөсөн шашны үзэн ядалт, Шахын хүү Жалал-ад-Дин, командлагч Тимур-Мэлик нарын армийн ширүүн эсэргүүцэл, тулалдаангүйгээр бууж өгсөн хотуудын цэргүүд рүү дайрах, ар талын бослого зэрэг нь монголчуудын дургүйцлийг бүр бадраав. Монголчуудын байлдан дагуулалд хамгийн их өртсөн улс нь Хорезм болжээ. Харгис хэрцгий монголчуудын байлдан дагуулагчдын тухай нэлээд үндэслэлтэй аймшигт домог эндээс эхэлжээ.
Харин Хорезмын тухайд монголчууд түрэмгийлэгч биш, харин өөрсдийгөө хамгаалсан тал байсан. Хэдийгээр энэ хамгаалалтыг өнөөдөр хэн нэгний хэлснээр "дайны дүрмийг зөрчиж, хэт их хүч хэрэглэн" хийсэн боловч тэр зуунд тухайн үеийн соёл иргэншлийн аль ч улсад ийм үзэл санаа байгаагүй гэдгийг мартаж болохгүй.
Монголчуудын дараагийн бай нь Орос байв. 1223 онд Кипчак (половц)-ын цэргүүд Сүбэдэй, Зэвийн монгол цэрэгт ялагдаж Киев рүү зугтан оросуудаас тусламж гуйжээ. Оросын ноёд Половцын хаадтай холбоотон, ихэвчлэн холбоотой байсан тул хүсэлтийг нь Киевт нухацтай авч хэлэлцэн, дараа нь юу хийхээ шийдэх гэж ноёдын хурлыг хуралдуулжээ.
Половцын удирдагч нь Оросын хамгийн хүчирхэг хунтайж Мстислав Галисын хадам эцэг Хан Котян Сутоевич байв. Киевийн ойролцоо Оросын өнцөг булан бүрээс асар том арми цугларсан бөгөөд энэ нь урьд өмнө хэзээ ч ингэж цугларч байгаагүй юм.
Монголчууд Киевт элч илгээн: “Та нарыг половцын үгийг сонсоод бидний эсрэг явж байна гэж сонслоо. Бид танай газар, хот, тосгонд огтоос муу юм хийгээгүй. Огт гар хүрсэнгүй; Бид чамтай муудалцах гэж ирээгүй, гагцхүү Бурханы хүслээр половц боолууд болон хүргэдтэй нь тооцоо бодох гэж ирсэн. Бидэнтэй найрамдсан нь чамд дээр, чам дээр гүйгээд ирсэн тэднийг үтэр түргэн хөөж явуул. Тэд чамд маш их хор хөнөөл учруулсан гэж сонссон, тэрнийх нь төлөө бид тэдний нухаад өгье!”
Мэдээж хэрэг, орос ноёд монголчуудын саналыг хүлээн авна гэдэг бараг бололцоогүй, иймээс монголчуудын хариу үйлдлийг зөвтгөж болохоор. Элчийг нь цавчин хороосон. Хэлэлцээрт оролцож байсан половцчууд үүнийг хийсэн гэсэн хувилбар байдаг боловч энэ нь асуудлын мөн чанарыг өөрчлөхгүй: Элч нар алагдсан бөгөөд Оросын тэргүүлэх ноёдын нүдэн дээр энэ гэмт үйлдэгдсэн болохоор дайн зайлшгүй! Элчийг алж болохгүй гэдгийг мэдэхтэйгээ ноёд байлаа, юу гэвэл тэр орос ноёд юутай ч зэрлэг овгийн удирдагчид биш шүү дээ. Тэр дундаа Европ тивийн зүүн хэсэг болон Азийн зэргэлдээх хэсгүүдийн хамгийн хүчирхэг цэргийн хүчин болох половцчууд монголчуудад нарим цохиулаад зугтан ирж буй илэрхий явдал болж байхад ялалт байгуулсан цаад хүчнийг нь ингэж муухайгаар доромжилно гэдэг хэтэрсэн хэрэг. Монголчуудын эсрэг хөдөлсөн Орос-Половцын арми тооны хувьд давуу байсан бөгөөд ноёд ялалтад эргэлзсэнгүй. Эсэргүүцсэн монголчууд зүүн тийш аажуухан ухарчээ; Үүний зэрэгцээ Половцы бүх олзлогдогсдыг алж, шархадсан хүмүүсийг дуусгасан нь тухайн үед нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн харгис хэрцгий байдлын хэм хэмжээнээс хамаагүй давсан юм. Удалгүй энэ нь хатуу харгислал нийт Орос даяар эргэн иржээ.
Калка мөрний хөвөөнд монголчууд ухрахаа зогсоож, тулалдаанд бэлтгэв. Энэ нь оросууд болон половцуудыг урьд өмнө хэзээ ч байгаагүй ялагдалд хүргэсэн; хэрэв Половцын отрядууд тулалдааны талбараас нэн даруй зугтаж, харьцангуй бага хохирол амссан бол Оросын арми бүрэлдэхүүнийхээ 80% -ийг алджээ. Монголчууд олзлогдоогүй, шархадсан хүмүүсийг устгасан (энэ нь Днепр мөрний эргээс Калка хүртэл монголчуудыг хөөж байх үед Половцыхны ижил зан үйлийн дараа болсон нь зүйн хэрэг).
Калкад шийдвэрлэх ялалт байгуулсныхаа дараа монголчууд Половцы болон тэдний холбоотон Орост эцсийн цохилт өгөхөд бэлдэж эхлэв. Чингис хааны засаг цааз нь дайсныг бүрэн ялах хүртэл дайн явуулах тухай заалт агуулж байжээ. Үүнээс гадна Орос-Половцийн цэргийн хариу цохилт ирэхээс монголчууд эмээж байв (Калкагийн тулалдааны талаар Чингис хаан сонсоод: "Хэрлэнгээс Днепр хүртэлх зам нь Днепрээс Хэрлэн хүрэх замтай тэнцүү" гэжээ. Энэ нь дайснууд араас нэхээд хүрээд ирэх осол бий гэсэн сануулга).
Калкад ялагдсанаас хойш 14 жилийн дараа буюу 1237 онд Монголын хүчирхэг арми половцчууд, Ижил мөрний Болгар, дайчин башкируудын гол хүчийг бут ниргэж, Оросын ноёд руу довтлов. Гурван сарын дотор Рязань, Владимир-Суздаль ноёдууд аймшигт ялагдал хүлээж, үүний дараа монголчууд эсэргүүцсээр байсан Половцы сүүлчийн отрядыг дуусгахын тулд тал руу ухарчээ. 1240 онд монголчууд Чернигов, Киев, Галиц-Волын ноёдыг ээлж дараалан бут цохиж (тэд бие биедээ туслаагүй) дараа нь Польш, Унгарыг хар салхи шиг дайран өнгөрч, Половцийн тал руу буцаж ирэв.
Тиймээс Орост хийсэн “Монгол-Татаруудын довтолгоо” ч бас өдөөн хатгасан түрэмгийлэл биш байв. Оросыг Монголтой хийх дайнд татан оролцуулахын тулд монголын элч нарыг цавчин алсан половцыхны өдөөн хатгалга, Половцыхныг сохроор дагасан Оросын ноёдын бодлогогүй алхмаас бүх юм үүдэлтэй.
Унгар улс Оростой адил шалтгаанаар монголчуудаас аймшигт хохирол амссаныг тэмдэглэх нь зүйтэй, тэд бас л монголын элчийг алсан.
Монголчууд аугаа байлдан дагуулагчаа нас барсны дараа Орос, Европын эсрэг аян дайн хийсэн. Тэрээр 1227 онд шинээр бууж өгсөн Тангутын эзэнт гүрний нийслэл Жонсин хотын ойролцоо нас баржээ. Үхэхээсээ өмнө Орчлон хорвоог сүйтгэгч тэр хүн амьдралдаа цор ганц удаа Засаг цаазыг зөрчжээ. Уг хуулинд дайсанд ч байсан нэгэнт ам өгсөн бол түүнээ зөрчиж болохгүй гэж бий. Хэдийнээ бууж өгсөн төдийгүй эзэнт гүрнээ монголчуудад өгөхийг зөвшөөрч, хариуд нь амь хэлтрүүлэх амлалт авсан Тангудын эзэн хааныг үхэж буй Чингис хаан алах тушаал өгсөн гэдэг. Монгол цэргийн удирдагчдын дунд хууль сахиулах явдал маш хүчтэй байсан тул үхэж буй хааныхаа тушаалыг эсэргүүцэхийг оролдсон гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Гэвч Чингис хаан шалтгаан олсон: Би зөвхөн эзэн хаанд л ам өгсөн. Тэр одоо нэгэнт эзэнт гүрнээ орхиж, эзэн хаан байхаа больсон. Сүүлчийн эзэн хаан Си Шиа ингэж алагдсан.
Монголчуудын харгислалын тухай
Алтан улсын байнгын арми нэг сая давсан цэрэгтэй нь монгол цэргийнхээс 8-9 дахин олон байв; Тэр сайн зэвсэглэсэн бөгөөд буу, пуужин, гранатаар зэвсэглэсэн дэлхийн цорын ганц арми. Чингис хаан Монголын армийг харьцангуй цөөн хүчээр дайсны асар том армийн эсрэг амжилттай байлдах стратеги боловсруулсан. Монголчуудын цэргийн аян дайн нь хурдан довтолгооноос бүрдсэн бөгөөд энэ үеэр монголчууд дайсны хээрийн цэргийг юун түрүүн бут цохиод, цэргүүд нь хотын хэрэм дотор түгжихээс өөр аргагүйд хүргэнэ. Дараа нь монголчууд Кидан, Зүрчин болон Хятадаас урвасан үндэстнүүдийн зааж өгсөн Хятад технологийг ашиглан хот руу дайрна. Ёс суртахууны хүчин зүйлээр албадан айлгана. Эсэргүүцсэн тохиолдолд дайснуудаа зайлшгүй үхлээр айлгадаг байв. Бууж өгсөн хотууд монголчуудад хоол хүнс, мөнгө, шаардлагатай бүх зүйлийг өгөх үүрэгтэй байсан бөгөөд бууж өгөх шаардлагын хариуд гал нээвэл бүх оршин суугчдыг бөөнөөр нь устгах ёстой байв. Монголчууд энэхүү харгис зан үйлийг байнга ашигладаг байсан ч Хятад, Дундад Ази, Орос, Зүүн Европын олон хотууд хүчтэй эсэргүүцэл үзүүлэн ихээхэн хохирол амссан ч тэднийг бөөнөөр нь устгаж байгаагүй.
Монголчууд харгис хэрцгий байдгийг нотолсон өөр нэг шинэлэг зүйл бол бүслэгдсэн хотын ойр орчимд амьдарч байсан эзлэгдсэн орнуудын оршин суугчдыг хүчээр дайчлан өмнөө оруулж дайтдаг явдал байв. Тэднийг албадан бүслэгдсэн хотын хэрэм рүү авируулна. Мэдээж ихэнх нь үхэх ч цөөхөн монгол дайчдын хохирлыг хэсэгчлэн нөхөөд зогсохгүй бүслэгдсэн хүмүүсийн сэтгэл санааг мохооно.
Энэ бол садизм биш, харин хэрцгий ч гэсэн энгийн тооцоо юм. Монголчуудын цэргийн стратеги бүхэлдээ дайсны үлэмж давуу хүчний эсрэг хамгийн бага хүчээр ялах хүсэлд суурилж байв. Ийм стратеги нь маш харгис хэрцгий боловч түүний мөн чанар нь садист дуршлыг хангахад оршдоггүй, харин цэвэр прагматик арга юм.
Чингис хааны зорилго дэлхийн ноёрхол мөн үү?
Чингис хааны зорилго бол дэлхийг ноёрхох байсан гэдгээ нотлох баримт болгон байлдан дагуулалтын үеийн монгол дуу болох "Сүүлчийн далай хүртэл" дууг байнга эш татдаг. Үүний утга учир нь монголчууд дэлхийн хязгаар болох сүүлчийн далай хүртэл тулалдах болно. Монголчууд орчлон ертөнцийг захирах ёстой гэж Чингис хаан удаа дараа хэлж байсан гэж лалын зарим эх сурвалж бичдэг. Энэ нь хэр үнэн болохыг хэлэхэд хэцүү: эдгээр зохиолчид монголчууд болон тэдний захирагчдад туйлын сөрөг ханддаг бөгөөд бүх нийтийг хамарсан цуст төлөвлөгөөг Чингис хаантай холбон тайлбарлах нь зүйн хэрэг.
Чингис хааны амьд ахуй цагт монголчуудын хийж байсан бүх дайнууд нь өдөөн хатгасан түрэмгийлэл байгаагүй тул монголчуудыг захирагч нь дэлхийг бүхэлд нь эзлэхийг хүссэн гэж маргах нь утгагүй юм. Цэргийн дуу үүний баталгаа болж чадахгүй. Түүгээр ч барахгүй монголчуудын заалтыг чанд мөрдөж байсан засаг цаазад нь монголчууд бүх дэлхийг эзлэх ёстой талаар юу ч хэлээгүй.
Монгол руу ямар нэгэн байдлаар халдаагүй, түүний дотор элчийг нь алж байгаагүй улс орнуудын эсрэг түрэмгийлэл Чингис хааны ач хүү Хубилайн үеэс эхэлсэн. Хубилай нь нүүдэлчин ард түмний парламент гэмээр дээд эрх барьдаг Хурилдайг үгүй болгожээ. Тэрээр үнэн хэрэгтээ Хятадын эзэн хаан болсон юм. Хубилай хэдийгээр Засаг цаазыг устгаагүй ч Юанийн эзэн хааны эрх мэдэл Засаг цаазаас илүү байв. Юань гүрэн нь Чингис хааны Монголоос зарчмын хувьд өөр байсан бөгөөд Хубилайн арми Солонгос, Япон, Бирм, Вьетнам, Ява арал руу довтлоход Чингис хаан ч, түүний байгуулсан улс ч үүнтэй ямар ч холбоогүй юм. Мөн Алтан Ордын Татарын дайнчид, дараа нь түүний хэлтэрхийнүүд болох Крым, Ногай болон бусад Татар ханлигуудын дайны кампанит ажил байна. Эдгээр нь зөвхөн Чингис хааны эзэнт гүрний өв залгамжлагчид гэж тооцогддог лал эмиратууд байсан билээ.
Ном, нийтлэл, яриа, дуунд Чингис хааныг Гитлертэй зүйрлэдэг. Туйлын бузар мууг агуулсан: тэр бузар мууг төлөвлөж, аль л бузар мууг хийж, бузар мууг ардаа үлдээсэн гэх мэт.
Ийм харьцуулалт туйлын буруу худал ойлголт юм. Бодит түүхээр олж мэдсэнээр бол Чингис хаан адгийн муу санаатан биш, тухайн нөхцөл байдлын дагуу үйлдсэн хэрцгий харгис бий ч тэр маш ухаалаг. Засаг хууль нь түүнийг ямар ч утга учиргүй дайн тулаанд оруулаагүй (энэ хууль нь элдэв өдөөн хатгасан түрэмгийллийг шууд хориглосон байдаг).
Чингис хааны үйл ажиллагааны үр дүн нь сүйрсэн Төв Ази төдийгүй Хятад, Орос, Унгарын шатсан хотууд байсан. Гээд Чингис хаан нь дипломат халдашгүй дархан байдлын зарчим, дур зоргоороо түрэмгийлэхийг хориглосон хууль, эрх мэдэлтний хүсэл зоригоос дээгүүр хууль дээдлэх ёс, ухамсарт эрх чөлөөний зарчмыг хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээжээ. Чингис хааны төр нь худалдаа хөгжүүлж, тухайн үеийн хамгийн төгс шуудангийн үйлчилгээ бий болгож, банкны систем ажиллуулж, үнэт цаас, цаасан дэвсгэрт зэрэг хэрэгслийг нийтээр ашиглуулж эхэлсэн.
Иймд хэдийгээр харгис хэрцгий хаан байсныг үгүйсгэх аргагүй ч, Монгол төрийг үүсгэн байгуулагчийнх нь хувьд монголчууд Чингис хаанаараа бахархах бүрэн эрхтэй. Гайхамшигт зохиолч Исай Калашников Чингис хааны тухай романаа "Харгис эрин" гэж нэрлэсэн нь тэр үед Евразийн өргөн уудам нутагт монголчуудын оролцоотойгоор өрнөж байсан бүх зүйлийг нэгтгэн тайлбарлажээ.
Үүний зэрэгцээ тэр үед Загалмайтнууд лалуудыг, Селжукууд армян, герегчүүдийг, Испаничууд мавруудыг харгис хэрцгийгээр хядсан гэдгийг мартаж болохгүй. Догшин алуурчид ерөнхийдөө ямар ч логик тайлбаргүйгээр хүн бүрийг дараалан устгадаг байсан (Дашрамд хэлэхэд монголчууд "гүн" бузар муугийн энэ бодит биеллийг дуусгасан).
Монголчууд үеийнхнээсээ илүү харгис байсангүй. Гэхдээ тэд дайснуудад жинхэнэ айдас төрүүлэхээс хамаагүй илүү зохион байгуулалттай, үр дүнтэй байсан. Бүхий л хүчин чармайлт, цэргийн хэргийн талаарх бүх оюун мэдлэг, цэргийн заль мэх, эр зориг, цэргийн авьяас чадварыг чинь системтэйгээр бууруулан, эсэргүүцэх аргагүй хүчний эсрэг тулалдаж байна гэж та өөрийгөө төсөөлөөд үз дээ. Чухам энэ л дайснуудаа ид шидийн мэт аймшигт айдаст автуулсан зүйл юм. Монголчуудын ялагдашгүй байдал, мөн чанар нь огт ойлгомжгүй байсан учир тэднийг бүр чөтгөр ороолонгийн хүчтэй ч холбон тайлбарлаж байв. Гэтэл энэхүү мөн чанар нь армийн маш сайн зохион байгуулалт, хатуу сахилга бат, тухайн үеийн хамгийн орчин үеийн зэвсэг, техник хэрэгслийг ашигласан явдал байсан юм.
Иймээс Чингис хааныг бузар муугийн биелэл гэж үзэж болох уу гэсэн олон жилийн маргаан эрт орой хэзээ нэгэн цагт эцэслэх ёстой. Тэрээр бузар муугийн биелэл ч биш, тэр тусмаа "гүнзгий" эсвэл "үнэмлэхүй" муу бузрын төлөөлөл ч байгаагүй.
Сэтгэгдэл (0)