Монгол хэл ойлгодог анхны виртуал модель Эгүнэ-г бүтээжээ
- 2022-10-27
- Улаанбаатар
- 0
Улаанбаатар хотын цахим шилжилтийн төлөвлөгөөг танилцуулах үеэр монгол хэл ойлгодог анхны виртуал модель Эгүнэ /Egune/-г бүтээснээ танилцууллаа. Цахим хөтөч болох тус виртуал модель нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулснаас гадна Хотын даргатай ярилцлаа. Эгүнэ одоогийн байдлаар цаг агаарын мэдээ, агаарын чанар, түгжрэлийн мэдээллээс гадна гэрийн автоматжуулалт, төрийн үйлчилгээний талаар мэдээлэл өгч чадах аж. Мөн онигоо ярьж, гэрэл асааж, гэрлийн өнгө сольсон юм. Түүнчлэн Хотын даргад Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл автобусаар 16 минут явж хүрэх, “Мишээл экспо”-д агаарын чанар хэвийн байгааг танилцуулав.
Монгол Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 11.000 иргэн байгаагийн 6000 нь насанд хүрсэн иргэн байдаг. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчилгээ үзүүлэх орчныг бүрэн хангах гэсэн зорилтыг тусгасан. Тэгвэл харааны бэрхшээлтэй иргэнд төрийн үйлчилгээ цахимаар авах боломжийг технологийн шийдлээр мөн бий болгожээ.
Г.ЛХАМСҮРЭН: УЛААНБААТАР 2024 ОН ГЭХЭД 100 ХУВЬ ЦАХИМ ХОТ БОЛНО
Мэдээллийн технологийн үндэсний 70 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон “Ай Си Ти групп” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн энэ үеэр “Технологийн салбарын хувьд түүхэн өдөр тохиож байна. Бид анх удаа монгол хэл ойлгодог виртуал роботыг танилцууллаа. Энэ нь ирээдүйн Монгол Улсын болон Улаанбаатар хотын хөгжилд асар их хувь нэмэр оруулна гэдэгт технологийн салбарын төлөөллүүд бүрэн итгэж байна. Сая танилцуулсан технологийн шийдлүүд бүгд монгол залуусын бүтээл. Бид өөрсдөө бүтээж, монголчууд хамтарч чаддаг юм байна гэдгийн тод жишээ юм. Технологийн дэвшил, дэлхийн хурдацтай өөрчлөлтөд монголчууд бэлэн байх ёстой. Монгол хэл, Монгол Улс оршин тогтнохын тулд Чимэгэ, Эгүнэ зэрэг монгол хэлийг ойлгодог робот зайлшгүй байх шаардлагатай. Үндэсний аж ахуйн нэгжүүд нэгдэж, технологийн боломжийг зам тээвэр, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүх салбарт ашигласнаар Улаанбаатар 2024 он гэхэд 100 хувь цахим хот болно гэдэгт итгэлтэй байна. Засаг захиргаа, хот төлөвлөлтөөр дэлхийд түрүүлж гишгэсэн цахим хот болох боломж бүрэн байна гэдгийг өнөөдөр харлаа. Энэ бүхнийг бодлогоор дэмжиж байгаа Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүд, хотын удирдлагуудад маш их баярлалаа” хэмээв.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Сэтгэгдэл (0)