“Halloween”-ий баярын үеэр Солонгост 150 гаруй залуус амиа алдлаа
- 2022-10-31
- Дэлхий
- 1
Өнөөдөр буюу аравдугаар сарын 31-ний өдөр Америкын нэгдсэн улс “Сүнсний баяр” буюу “Halloween”-ий баярыг өргөн хүрээнд тэмдэглэдэг өдөр. Гэвч энэ удаагийн баяраа тэд баяр баясгалантайгаар сэтгэл дүүрэн тэмдэглэж чадахгүй бололтой. Учир “Halloween”-ий баярыг Солонгосын нийслэл Сөүл хотын Итэвон дүүрэгт тэмдэглэх үеэр 20 хүртэлх насны өсвөр үеийн 151 хүүхэд амиа алдаж, 82 нь хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан талаар “Yonhap” агентлаг мэдээллээ. Нас барсан хүүхдүүдийн 97 нь эмэгтэй, 54 эрэгтэй байна.
Тодруулбал, Итэвон дүүргийн ойролцоо “Hamilton” зочид буудалтай алдартай гудамжинд “Halloween”-ий баяраа тэмдэглэхээр 10 мянга гаруй өсвөр үеийн хүүхдүүд бямба гарагийн орой цугларчээ. COVID-19 хязгаарлалтын улмаас гурван жилийн турш тус баярыг тэмдэглээгүй учир маш нарийн гудамжинд хэт олон хүн нэг дор цугларснаас агаар дутагдаж, нэг нэгнээ дарснаас ийм хэрэг гарчээ.
Гэрчүүдийн мэдээлж байгаагаар дөрвөн метр орчим урт нарийн гудамжаар уруудаж явсан олон хүнийг өөдөөс нь ирж явсан хүмүүс түлхэж унагаснаар нэг дор олон хүний бөөгнөрөл үүсчээ. Энэ тухай тус баярт оролцсон нэгэн гэрч “Уулын уруу байрладаг гудамж руу хүмүүс нэг нэгнээ түлхэж, тун удалгүй зарим нь унаж, хашгирч эхэлсэн. Газар унасан хүмүүсийг бусад нь анзаараагүй учир дарж, ингээд л амьсгалж чадахгүй үхэх нь дээ гэж бодсон” гэж “Yonhap” агентлагт ярьжээ.
Олон хүн амьсгалж чадахгүй боллоо гэсэн анхны дуудлагыг бямба гарагийн 22:15 минутад өгчээ. Дуудлагын дагуу очсон түргэн тусламжийн ажилтнууд хохирогчдод хиймэл амьсгаа хийсэн ч хэдийнэ оройтсон байжээ.
Амиа алдсан 159 хүүхдийн 19 нь гадаадын иргэн гэж Итэвон дүүргийн Гал түймрийн албаны дарга Чой Сон-беом мэдэгджээ. Түүний мэдээлснээр Хятад, Иран, Узбекистан, Норвеги улсын иргэд энэ үеэр нас баржээ. Энэ нь “Севол” хөлөг онгоц 2014 онд живж ахлах ангийн сурагчид голдуу 304 хүн нас барсан эмгэнэлт үйл явдлаас хойших Солонгосын түүхэн дэх хамгийн харамсалтай хэрэг боллоо.
Энэ эмгэнэлт явдлын талаар тус улсын ерөнхийлөгч Юн Сук Ёл “Яг ийм харуусалтай хэрэг дахин гарах ёсгүй” хэмээн мэдэгдэж, үндэсний хэмжээнд бямба гарагт гашуудал зарлав. Тэрбээр шуурхай хурлыг удирдан хуралдуулж, нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэж, Итэвон дүүрэгт эмнэлгийн орны тоог нэмж, эрүүл мэндийг ажилчдыг яаралтай илгээх үүрэг өгсөн байна.
Үүнээс гадна энэ үеэр 355 хүн сураггүй алга болсон гэж Сөүл хотын захиргаа мэдэгджээ. Тиймээс цагдаа нар эхний удаад хохирогчдыг хэн болохыг нь тогтоон дараа нь гэр бүлийн гишүүдтэй нь холбоо тогтоохоор бүх хүчээ дайчлан ажиллаж байна.
Б.ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (1)
Иргэн (139.5.218.62)
Жүжиг тавьж байхад нь итгээд байхдаа яадаг юм бэ!