Засаг дарга Д.Сумъяабазар үе үеийн НИТХ-ын төлөөлөгч, удирдлагуудад талархал илэрхийллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ.

Тэрбээр үгийнхээ эхэнд НИТХ-ын дарга болон төлөөлөгчид, оюун бодол, эрдэм мэдлэг, чадвараа нийслэлийнхээ хөгжлийн төлөө зориулж ирсэн үе үеийн нийт төлөөлөгч, хотын удирдлагуудад Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан болон Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн мэндийг дэвшүүлээд хамтран зүтгэж байгаа НИТХ дахь АН, ХҮН, МАН-ын бүлгийн төлөөлөгч гишүүддээ талархал илэрхийлэв. Тэрбээр эхлээд өнгөрсөн 30 жилд нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг хэрхэн тэлснийг илтгэх тоо баримтуудыг танилцууллаа.

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд нийслэлийн өрхийн тоо 3.3 дахин, бүртгэлтэй ААН байгууллага 11.3 дахин өсжээ. Улаанбаатар хотын ДНБ 1996 онд 91.9 тэрбум төгрөг байсан бол 2021 оны эцэст 27.4 их наяд төгрөг болж өссөн. Нийслэлд авто замын нийт урт 5.5 дахин өссөн байна.

Засаг дарга Д.Сумъяабазар “...Монгол Улсад нутгийн удирдлагын байгууллагыг бие даан хөгжүүлэх, төлөвшүүлэх, хууль эрх зүй хийгээд бусад тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд нэгэн зорилго нэгэн сэтгэлээр хамтран ажиллаж байна. Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагуудын хөгжлийг төлөвшүүлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох, нутгийн удирдлагын байгууллагыг бэхжүүлэх, тулгамдаж буй шийдэх ёстой, хүлээлт үүсгэсэн олон чухал сэдвийг хөндөж, энэ талаар олон ажлыг санаачлан зохион байгуулан ажиллаж байна...” гэдгийг онцоллоо.  Тухайлбал, нийслэл Улаанбаатар хоттой холбоотой харилцааны суурь зохицуулалтыг агуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулснаар нийслэл Улаанбаатар хот нь бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хотуудаас ялгаатай тусгай хот юм гэж үзэх хуулийн үндэслэлийг бүрдүүлж, цаашдын хууль тогтоомжийн өөрчлөлтийг хийхдээ нийслэл хотын онцлогийг харгалзан, тусад нь зохицуулах боломжийг бүрдүүлснийг тодотгов.  Тэрбээр үгийнхээ төгсгөлд “Бодлого л хүрэх газарт хүргэнэ. Гагцхүү зөв бодох нь л чухал” гэсэн мэргэн үгийг санаж, нутгийн өөрөө удирдах байгууллага,  засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, түмэн олноороо нэгэн зүгт харж  Их хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хичээнгүйлэн ажиллахыг уриаллаа. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)