Тэтгэдэггүй тэтгэвэр
- 2022-11-04
- Нийтлэл
- 0
Монголын тэтгэврийн буруу тогтолцоог өөрчлөхгүйгээр ядуурлыг бууруулах, дундаж давхаргыг нэмэгдүүлэх, иргэдийнхээ тогтвортой амьжиргааг дэмжих зорилтууд биелэхгүй. Үүнийг илүү тодорхой тайлбарлая. Уг нь тэтгэврийн тогтолцоо өндөр настныг орлогын доройтол, ядуурлаас хамгаалах үүрэгтэй байдаг. Гэтэл манай улсад эсрэгээрээ хэрэгждэг гэхэд хилсдэхгүй. Хөдөлмөр эрхэлж буй залуус тэтгэвэрт гарсныхаа маргааш шууд ядуу буюу бага орлоготой иргэдийн ангилалд шилжиж байна. Учир нь тэдний орлого тэтгэвэрт гарсны маргаашнаас эхлэн 3-4 дахин буурдаг. Дундаж тэтгэврийн хэмжээ өнөөдөр манайд 350 мянган төгрөг байгаа. Тэтгэвэр авагч нийт иргэдийн 80 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авдаг.
Гэтэл ийм хэмжээний орлоготой иргэдийг өнөөгийн нөхцөлд шулуухан ядуучуудыг эгнээнд оруулан тооцоход буруудахгүй. Тэдэнд өөр нэмэлт орлого байхгүй. Тэтгэвэрт гарсан иргэд нэмэлт орлоготой байх бололцоог нь манай нийгэм бүрдүүлээгүй. Хөрөнгийн зах зээлийн хөгжил, ахмад настнууд цагийн ажил эрхлэх боломж зэргийн тухай энд огт яриагүй шүү.
Насаараа ажил хөдөлмөр эрхэлсэн хүн гавьяаныхаа амралтад гарсан үедээ амьжиргаандаа санаа зовохгүй хэмжээний тэтгэвэр авч, төлсөн татвар, нийгмийн даатгалаасаа хамаарч нэмэлт орлого хүртэж болдог тухай энд ярьж буй. Жишээ нь, дэлхийд аз жаргалын индексээрээ тэргүүлэгч Финланд улсын дундаж тэтгэвэр нь ганц бие хүнд 1373 евро, гэрлэсэн хүнд 1230 евро байдаг. Энэ нь тус улсын иргэд ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа 4728 еврогийн цалин авдагтай холбоотой. Тус улсын иргэн 67 настайдаа тэтгэвэрт гарахад төрийн тэтгэврийн сангаас дээрх хэмжээний тэтгэвэр авахаас гадна хувийн буюу нийтийн тэтгэврийн сангаас ч мөнгө авах бололцоотой байдаг. Эдгээрээс гадна сайн дураараа хийж хуримтлуулсан хөрөнгө оруулалтын хэрэгслүүдээс ч сонгож болдог. Ингэснээр ажил хөдөлмөр эрхэлж буй хүн ажил хөдөлмөр эрхлэхгүй байсан ч авдаг байсантайгаа адил орлого олсон хэвээр байх нөхцөл бүрддэг байна.
Гэтэл Монголд Улсад төлсөн татвар, даатгалтайгаа харьцуулахад хэд дахин бага тэтгэвэр тогтоолгохоос гадна өнөөх нь барааны үнийн өсөлт, инфляцтай уялдаад ирэхээр төлбөрийн чадамж нь дахин хэд дахин суларч, нэг ёсондоо тэтгэвэрт гарах нь ядууралтай нүүр тулах гэсэн утгатай дүйцэх болсон билээ. Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батлагдах үед өндөр настнуудын 70 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй байсан нь өнөөгийн бэрхшээлийг илтгэх тод жишээ байв.
Үнэндээ төр засгийн зүгээр тэтгэврийн бодлогын шинэчлэл гэж өчнөөн жил ярьсаар ирсэн боловч дорвитой өөрчлөлт хийсэн удаагүй. Тэтгэврийн шинэчлэл гэдгийг бодлого тодорхойлогчид ойлгохдоо, “Тэтгэвэрт гарах насыг өөрчлөх”, эсвэл “350 мянган төгрөг байсан тэтгэврийг 420 мянган төгрөг болгож нэмэх” төдийхөнд ойлгож ирсэн нь харамсалтай.
Манай улс 1995 оноос тэтгэврийн шинэ тогтолцоонд шилжих алхмынхаа суурийг тавьсан гэж үздэг. Нийгмийн даатгалын тухай хуулийг баталж, түүнийг тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, ажилгүйдлийн даатгал гэсэн таван хэсэгт хуваажээ. Эдгээрээс тэтгэврийн даатгалын сан нь цалингийн 17 хувь буюу хамгийн өндөр шимтгэлийг авах болсон. Та бидний авч буй сарын цалингаас 8.5 хувийг суутган, үүн дээр ажил олгогч мөн 8.5 хувийг нэмж төлснөөр өндөр настны тэтгэврийг бүрдүүлж байгаа гэсэн үг. Тэгсэн атал нэг гайхмаар тоо баримтыг үүний эсрэг сөргүүлдэг. Тэр нь ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдээс 17 хувийн шимтгэлийг суутгадаг хэрнээ тус сан өнөөдрийг хүртэл хамгийн их алдагдалтай яваа. Тус сангийн алдагдал жилээс жилд нэмэгдэж, дунджаар 500-600 тэрбум төгрөгт хүрсэн. Тун удахгүй 2 их наяд хүрнэ гэсэн тооцоо ч гарчихаад буй. Энэ их алдагдлыг одоогоор улсын төсвөөс санхүүжүүлэх зарчмаар явж ирэв. Тэгвэл цаашид ийм байдлаар хэдий удаан мацах вэ? Ийм буруу тогтолцоогоор бид аль хүртэл яваад, тамир барагдахаа хүлээх вэ!
Эдийн засагчдад үүнээс гарах бэлэн жор байдаг. Гагцхүү түүнийг Монгол Улсын шийдвэр гаргагчид өнөөг хүртэл хараахан ойлгоогүй л яваад байгаа дүр зураг тодорно. Дээр хэлсэнчлэн, өдийг хүртэл тэтгэврийн тогтолцоонд дорвитой шинэчлэл нэгийг ч хийсэнгүй. Ажил эрхэлж байгаа иргэдийн төлсөн шимтгэлээр өндөр настны тэтгэврийн асуудлыг шийдвэрлэдэг энэ тогтолцооноос одоо нэн даруй татгалзах хэрэгтэй юм. Ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхээ төлсөн шимтгэлийг бусдад нь тарааж өгдөг уг тогтолцоог эдийн засгийн онолд хуваарилалтын тогтолцоо гэж нэрлэдэг аж. Харин өөр нэг тогтолцоо байдгийг хуримтлалын тогтолцоо хэмээнэ.
Монголд хуримтлалын тогтолцоог огт мэдэхгүй, хэрэгжүүлдэггүй гэвэл бас өрөөсгөл. 1999 онд Тэтгэврийн даатгалын нэрийн дансны тухай хуулийг баталж, иргэд төлсөн даатгалаараа хуримтлал үүсгэж, түүнээсээ тэтгэвэр тогтоолгон авдаг байх зарчмыг тодорхойлсон. Гэвч үүнийгээ хагас хуримтлалын тогтолцоо гэж нэрлэх болсон. 1979 оноос хойш төрсөн хүмүүс хагас хуримтлалын тогтолцоогоор тэтгэвэр авахаар болсон гэсэн үг. Харин 1960-1979 оны хооронд төрсөн хүмүүс цалинд суурилсан тэтгэвэр тогтоолгох, эсвэл нэрийн дансны зарчмын дагуу хагас хуримтлалын хэлбэрээр тэтгэвэр авах хоёр сонголттой тулгарсан. Гэвч тэд хагас хуримтлалын зарчмыг дагавал одоо баримталж байгаа хуваарилалтын тогтолцооноос бага тэтгэвэр авах нөхцөл үүссэн. Ийм л ацан шалаа нийгэмд бий тул шийдвэр гаргагчид алдагдалтай ч гэсэн өнөөгийн хуваарилалтын тогтолцоотой тэтгэврийн бодлогоо өнхрүүлсээр байгаа гэсэн үг л дээ.
1999 онд баталсан хуримтлалын тогтолцооны суурийг яагаад “Хагас” хэмээн нэрийдсэн бэ? Учир нь “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай” хуулийг батлахдаа олон зүйлийг зориуд орхигдуулснаас тэр. Швед, Австрали, Япон зэрэг улсад тэтгэвэр олгохдоо уг тогтолцоог баримталдаг бөгөөд тухайн даатгуулагчийн бүх насаараа цуглуулсан хуримтлалыг гэр бүлд нь өвлүүлэх, хөрөнгө оруулалтын эргэлтэд оруулах зэрэг боломжуудыг олгодог байна. Харин Монголд эдгээр боломж ор тас байхгүйн зэрэгцээ өнөө хүртэл мөнөөх “Хагас хуримтлалын тогтолцоо” нь ор нэр төдийхөн л хэрэгжиж байгаа. Хоёрхон жишээ.
Нэгэн иргэн насаараа ажиллаад эцэст нь тэтгэвэрт гарчээ. Гэтэл тэрбээр өмнө нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, татвар шимтгэл, даатгал төлж байгаагүй, өдгөө гэртээ огт ажил хийхгүйгээр халамж аваад сууж байгаа хүний тэтгэмжээс ч бага тэтгэвэр авч байгаа ажээ.
Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгсдийн мөнгөн дүнг тооцох дээд хязгаар 2 сая төгрөг гэнэ. Өөрөөр хэлбэл, та 5 сая төгрөгийн цалин авч, үүнийхээ 24 хувийг нийгмийн даатгалын санд төлдөг байлаа гэж үзэхэд, таны даатгалыг тооцохдоо 2 сая төгрөгийн цалинтай мэтээр тооцно гэсэн үг.
Эдгээр жишээнээс Монголын тэтгэврийн тогтолцооны доголдол, алагчлал, шударга бус байдал ил тод харагдаж байна. “Ийм байж болох уу?” гэх асуултаар үүний хариултыг нээлттэй үлдээе.
Цаашдаа гурван хүний тэтгэврийн даатгалын шимтгэлээр нэг иргэний тэтгэврийг бүрдүүлэх байдлаар амьдарсаар л байх уу гэдэг асуултын тэмдэг. Гурван хүний өгч буй 17 хувийн шимтгэл нийлж байж нэг хүний тэтгэврийг бүрдүүлж байгаа энэ тогтолцоо цаашид 1:1 болно гэсэн аюулын харанга ч бий. Тэр тохиолдолд таны цалингаас 51 хувийг нь татварлаж, түүнийгээ нэг хүний тэтгэвэр болгож өгөхөд хүрнэ. Ийм л ирээдүй рүү бид элгээрээ мөлхөн дөтөлсөөр л байна гэсэн үг дээ.
Тэтгэврийн хэмжээг нэмэх, тэтгэврийн насыг нэмэх, эсвэл хасах нь шийдэл биш гэдэг нь эндээс харагдана. Хэн хэдий хугацаанд хэр их хуримтлал үүсгэсэн буюу төлсөн татвар, шимтгэлдээ дүйцэхүйц тэтгэвэр авдаг байх тогтолцоог хэрэгжүүлбэл ядаж л иргэдээ бид тэтгэвэрт гаргахынхаа хамт бага орлоготой, эмзэг бүлгийн гэх ангилал руу шууд шидчихдэггүй болно. Гадаад оронд бол таны тэтгэврийн хуримтлалын санд оруулсан орлогод хөрөнгө оруулалтын өгөөжөөс хамаарсан хүү, өгөөжийн тогтмол тооцохоос гадна захиран зарцуулах эрхийг хүртэл бүрэн олгодог. Монголд энэ нь ч бүр дүүрч. Адаглаад ажиллаж хөдөлмөрлөсөн хийгээд төлсөн, хураалгасан татвар шимтгэлийнхээ анзаанд хүрэх тэтгэвэр тогтоолгоод, амар жимэр аж төрөн, насны буянгаа эдэлж суумаар санжээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Сэтгэгдэл (0)