Монгол төр улсын бүрэн түүх мэндлэх цаг ойртсоор байна

Түүхэн тойм

Монгол угсаатны овог, аймаг, ванлиг, ханлигуудын нэгдэл, хүчирхэгжилт хийгээд бутрал, доройтол 4000 орчим жилийн түүхтэй юм. Энэ урт хугацаанд нэгдэж хүчирхэгжих,  бутарч доройтох үйл явц олон дахин давтагджээ. Энэ процессыг тоймлон өгүүлье. 

Монгол угсааны овог аймгууд нэгдэж анхны төр улсыг байгуулсан нь одоогоос 3500 орчим жилийн өмнөх үйл явдал болно. Энэ бол Хүннү улс. Өвөг монгол хэлээр ярьж ойлголцдог, ойр зэргэлдээ нутагладаг, адилавтар соёл, зан заншилтай овгууд, аймгууд тэр цаг үеийн жишиг дагуу нэгдэж биеэ даасан тусгаар улс болжээ. Тэр цагийн дэлхийн жишиг, нөлөө гэвэл одоогоос 6000 жилийн өмнө байгуулагдсан хот улсууд, хаант улсууд Африкт, Азид, Европт байж хүрээ, хамаарлаа өргөтгөсөөр, төр засгийн жишээ, туршлагаараа бусдад үлгэрлэсээр байсан ахуй, нөхцөл юм. Египет, Ассир, Вавилон, Грек, Перс, хажуухан нь Хятадын Ся, Шан, Чжоу улсын нөлөө, жишээ зүг зүгтээ тархан дэлгэрсээр байжээ. 

 

Өвөг монголчуудын байгуулсан Хүннү улс аажмаар хүчирхэгжиж, цэрэг зэвсгийн хувьд орчиндоо жанжилж, Хятадын тэр цагийн улсуудтай хааяа тулалдаж ялж, ялагдсаар олон зууныг туулжээ. Тэг тэгсээр ойр зэргэлдээ орших өөр хэлний нүүдэлчдийг нэг жолоонд оруулж том эзэнт гүрэн болж хувирчээ. Ийм үйл явц Түмэн шанью болон түүний хүү Модун шанью нарын үед тохиожээ. 

 

Нийтийн тооллын өмнөх II зууны эхээр Төв Азид хоёр том эзэнт гүрэн буй болж хоорондох хилээ Хятадын Их цагаан хэрмээр зааглан тогтоосон байна. Энэ бол Монголчуудын Хүннү гүрэн, Хятадын Чжоу (Хан) гүрэн юм.

Гурван зууныг дамжин оршин тогтносон Хүннү гүрэн олон хэлний нүүдэлчдийг хүчлэн нэгтгэсэн эзэнт гүрэн болохынхоо хувьд дотооддоо ихээхэн зөрчил, зөрөлдөөнтэй байсны дээр Хятадын Их Хан гүрний хагалан бутаргах бодлогод гаднаасаа автсаар олон хуваагдаж мөхжээ. Тэр цагийн Хүннү гүрний бүрэлдэхүүнд өнөөгийн монголчууд, казах, түрэг, уйгар, хиргиз, манж нарын өвөг дээдэс зэрэг олон угсаатан багтаж байв. Иймээс Хүннү гүрний задрал нь Евроази дахь олон хэлний нүүдэлчдийн олон жижиг улсыг араасаа дагуулан буй болгосон байна. 

 

Хүннү гүрний өмнөд хэсэг нь Хятадын нөлөөнд автан бүрэлдэхүүнд нь орсон бол хоёр дахь хэсэг нь Зүүн өмнөд Ази руу шилжин нүүдэллэсээр Энэтхэг хүрч эзэнт гүрнийг байгуулжээ. 

 

Хүннүчүүдийн гурав дахь хэсэг элдвээр бүлэглэгдэн, тасран нүүдэллэсээр эцэсдээ зүүн Европ хүрч Атилла хааны үед ихэд хүчирхэгжин Ромын эзэнт гүрнийг мөхөлд хүргэхэд оролцжээ. 

Монголын өндөрлөгт үлдэж хоцорсон хүннүчүүд монгол Сүмбэ аймгийн захиргаанд орж Сүмбэ гүрэнг байгуулжээ. Сүмбэ нар нь тэр цаг үеийн нэгэн хүчирхэг гүрэн болон төлөвшиж Их Хүннү гүрний нэр төр, байр суурийг эзлэн асар уудам нутагт жанжилж байв. 

Сүмбэ нарын бүрэлдэхүүнд байсан монгол Нирун аймгийн ноёд, жанжид хожуу нь энэ гүрний төрийн эрхийг булааж Их Нирун улсыг тунхаглажээ. Их Нирун улс нь тухайн цаг үедээ Их Хүннү, Сүмбэ гүрний дайны эзэнт гүрэн байв. Түүний бүрэлдэхүүнд Түрэг, Уйгар, Киргизийн ванлигууд багтаж байжээ. Нирун гүрний бүрэлдэхүүнд олон хэлний олон угсааны нүүдэлчид багтаж байсан болохоор дотооддоо ч их зөрчилтэй, гадны сөрөг нөлөө ч ихтэй, байн байн үймээн самуун ч их гардаг байв. VI зууны дундуур Түрэг угсааны ноёдууд ба хааны угсааныхны хооронд зөрчил үүсэж түрэгүүд зэвсэгт бослого гаргаж төрийн эрхийг булаажээ. Түрэг угсааны хаадын эрхийг Уйгар угсааны ноёд, хожуу нь Киргизийн язгууртнууд булааж тэдний хаанчлал Монголын газар нутаг дээр хэдэн зуун жил ээлжлэн тогтсон түүхтэй. Мөнхүү урт хугацааны туршид монгол угсааны аймгууд олон янз статустайгаар тархан байрлаж, төвөөс зугтаах, сарнин нүүдэллэх, алба барих, дагаж орох, шууд албат нь болж захирагдах зэргээр аж төрж, төрийн эрх, газар нутгаа тэмцэн авах нөхцөл, бололцоог хүлээн суух болсон байна. 

 

Бүтэх, задрахын жам дагаж Түрэгийн хаант улс, Уйгарын хаант улс, Киргизийн хаант улс үеэ өнгөрөөн, эрчмээ баран мөхжээ. Монголын өндөрлөгт буй болсон улстөрийн саармаг нөхцөл, боломжийг ухаалгаар ашиглан монгол угсааны улстөрийн жижиг нэгжүүд уугуул газар нутаг, төв төрөө дахин эзэгнэн суух болсон байна. Гэхдээ нэгдэн нийлэх, хүчээ зангидан томрох, уламжлалт дархан, дайчин байдлаа эргэж олохын төлөөх тэмцэл хэдэн арван жил үргэлжилсэн дайн, тулааны үр дүнд биелжээ. Чингэж Их Монгол улс Их Хүннү гүрний орыг эзлэн гарч ирсэн байна. Энэ хоорондох 1415 жилийн түүхээ эдүгээ бид сэргээн бичих ёстой. Эх түүхийн маань энэ 1415 жил дээр Их Монгол улс байгуулагдсанаас хойшхи 815 жил нэмэгдэж 2230 жилийн түүх туурвигдах учиртай. Хүннүгийн эзэнт гүрэн байгуулагдах хүртэлх Хүннү улсын түүх энэ 2230 жил дээр нэмэгдэж байж л монголчуудын төр улсын 3500 орчим жилийн бүрэн түүх мэндлэх болно. 

 

Монгол угсаатнууд нэгдэж Хүннү улсыг байгуулаад цааш цаашдаа томорч, хүчирхэгжсээр олон хэлний нүүдэлчдийн олон улс, аймгийг өөртөө нэгтгэж эзэнт гүрэн болсон хүртэлх түүхийг бичих бэлтгэлийг бусад улс орны монгол судлаачдыг өргөнөөр оролцуулан хийх хэрэгтэй байна.

 

Монголчуудын энэ үеийн түүхийн талаарх мэдээллийг жижиг гэхгүйгээр, домог гэхгүйгээр нотлох боломжгүй гэхгүйгээр цуглуулах, дахин боловсруулах шаардлагатай. Монгол судлал, Хүннү судлалын талаар олон жил ажиллаж томоохон бүтээл туурвисан эрдэмтэд Азийн орнуудад ч бий, Европын орнуудад ч бий, Америк тивд ч бий. Жишээ нь Францын монголч эрдэмтэд, Унгарын монголч эрдэмтэд, Хятад ба Японы монголч эрдэмтэд...

Хүннүгийн түүхийг том эзэнт гүрэн болж чадсан тэр он, жилээс нь зөвхөн эхэлж үздэг, бичдэг өрөөсгөл хандлага бүр монголчууд бидэнд хүртэл байгаа нь гайхал төрүүлдэг юм. 

Аль нэгэн төр улс анх үүсэж бэхжээд, цаашид томорч хүчирхэгжээд, нэр нөлөө, хүрээ, хилээ тэлсээр, эргэн тойрныхноо эрхшээсээр, өөртөө нэгтгэж томорсоор эцэс сүүлдээ л эзэнт гүрэн болдог түүхэн замналыг дэлхий дахин мэддэг дээ. Дүрсэлж, жишээлж хэлэх аваас унага төрөөд даага, шүдлэн, хязаалан, соёолон болж байж л нас бие гүйцсэн том адуу болдог. Ингэхлээр Хүннү улс анх үүсээд, олон зуун дамнан төлөвшиж, томорсоор, бусад аймаг, улсыг өөртөө хураан нэгтгэж хүчирхэгжсээр өнгөрөөсөн урт түүх өнөөдөр монголчууд бидний түүхэнд сох дутагдаж байгаа болно. 

XIX, XX зууны Орос-Зөвлөлтийн, мөн Хятадын түүхчид, дээр нь нэмээд манай түүхчид “Монголын түүх бол Чингис хаанаас эхтэй. Монголчууд бол шинэ залуу угсаатан. X, XI зуунд монголчууд хүй нэгдлийн байгуулалд байсан” гэхчилэн үзэж, бичиж, их дээд сургуульд мөн тэрчлэн зааж байжээ.

Тэдний үзэл, онолоор бол монгол угсаатан ердөө л 800 гаруй жилийн түүхтэй байлаа. Үнэндээ бол монголчууд нь дэлхий дээрх хамгийн урт түүхтэй угсаатнуудын нэг юм. Энэ урт түүх түүхэн үнэнээрээ бичигдэх, уншигдах цаг ойртсоор байна. Энэ цагтай аль болох л хурдан золгох юмсан!

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (197.211.58.21)

    2022-11-07

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)