В.Зеленский: Киев хот болон Киев мужид илүү хүнд нөхцөл байдал үүсээд байна
- 2022-11-07
- Дэлхий
- 1
КИЕВ. /TASS/. Украинд 4.5 сая гаруй хүн гэрэл цахилгаангүй байгаа бөгөөд эрчим хүчний хангамжтай холбоотой илүү хүнд нөхцөл байдал үүссэн бүс нутгуудын тоонд нийслэл Киев хот болон Киев муж орж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский ням гарагт мэдэгджээ.
"Өнөө оройн байдлаар Киев болон зургаан бүс нутгийн эрчим хүчний хангамжийг тогтворжуулах цахилгаан таслалт үргэлжилж байна. 4.5 сая гаруй хэрэглэгч цахилгаангүй байна. Одоогоор Киев болон Киев мужид үнэхээр хүнд байна" гэж Зеленский “Telegram” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгтээ дурдсан байна.
Түүний хэлснээр, эрх баригчид эрчим хүчний салбарт цаашид үүсэж болзошгүй бүх хувилбарт бэлтгэж байна. "Эрчим хүчний салбарт үүсэж болзошгүй хувилбаруудын талаар би долоо хоногийн турш албаны хүмүүс, эрчим хүчний компаниуд, бүс нутгийн захиргааны байгууллагуудын төлөөлөлтэй хэд хэдэн тусгай уулзалт хийсэн. Бид хувилбар бүрийг нарийвчлан авч үзэж, зохих арга хэмжээнд бэлтгэж байна" гэж В.Зеленский нэмж хэлжээ.
Ням гаргийн өглөө Киев хот болон Киев, Чернигов, Черкасс, Житомир, Сумы, Харьков, Полтав гэсэн Украины долоон бүс нутагт цахилгаан эрчим хүчийг цаг тутамд таслах хуваарийг танилцуулжээ. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Кирило Тимошенко орой нь мэдэгдэхдээ, Киевийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах нөхцөл байдал хүнд хэвээр байна гэсэн байна.
“Эрчим хүчний системийг тогтвортой, тэнцвэртэй ажиллуулахын тулд хэрэглээг 30 хувиар бууруулах шаардлагатай” гэж үндэсний эрчим хүчний "Укренерго" компани мэдэгджээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл (1)
Иргэн (139.5.218.62)
Монголын барууны намынхан улам инээдтэй болоод байх юм.