Малчид ба Сепаристууд

НэгХотод хайртай малчид

Малчин хүн бэлчээрээ хамгаалах зөнтэй. Зөнгөөрөө хамгаалдаг бэлчээрт нь яг тодорхой хил хязгаар үгүй. Учир нь ган зуд, газрын гарцаас хамаараад бэлчээр нь өөрчлөгдөж байдаг. Ийм учраас манай малчдын зарим нь өвөлжөөгөө л эзэмшихээр бүртгүүлдэг болохоос тодорхой бэлчээрийг эзэмших сонирхолгүй. Тэр хавьд нь өвс сайхан ургасан жил бусдыгаа хавьтуулахгүй жаргаж болох ч нөгөө ээлжинд нь хөөж туусан хөршийнхөө бэлчээр лүү царай алдан очих болно. 

    Тээр жил Өвөр Монгол танил маань ярьж байсан. Нэг малчин алс газар оторт явахаар шийдээд нүүжээ. Бусдын хашаалж, эзэмшсэн олон бэлчээрийг дайрч нүүдэллэх болсон байна.Ингээд өнжиж, хоносон газартаа 1 хонь өгөөд явсан чинь, ирэх буцахын нийлбэр нь сүргийн талд хүрсэн гэдэг. 

    Монголчууд “Хаяа багтвал бууж, хамар багтвал иднэ” гэлцдэг нь бэлчээр нийтийн эзэмшил маягтай байж, зөвшилцөн хувааж хэрэглэж ирсэнтэй холбоотой. Харин суурин иргэдэд, үйлдвэр хот байгууламж босоход дургүй, тэд нүүдэггүй учраас бэлчээр чөлөөлөгдөхгүй. Нүүдэлчид төрөлхи зөнгөөрөө бүтээн байгуулалтад таагүй ханддагийн нууц энэ.

    Монгол хүний жаргал бол дураараа нүүх. Нүүх, суухад нь хөндөлдөх ямар нэг бүтээн байгуулалт байх ёсгүй. Д.Нацагдоржийн шүлэгт “Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй... Дөрвөн цагийн эргэлтэнд дураараа нүүх нутагтай” гэж гардаг нь ийм учиртай.

Эндээс уламжлаад, Монгол хүн дураараа нүүх л дуртайгаас биш, дураараа хотших, тааваараа үйлдвэржих, чөлөөтэй бүтээн байгуулах сонирхолгүй. Иймээс иргэншин хотших үйл явц нүүдлийн мал аж ахуй хоёр мөнхийн зөрчилтэй. Энэ зөрчил ХХ зууны эхээр, монголчууд хотшин амьдрах болсон үеэс л эхтэй. Шийдэл нь коммунист хүчирхийллийн арга байсан.

    Богд хаант Монгол улс байгуулсан үндэсний язгууртнуудаас эхлээд БНМАУ-ын нам ба засгийн удирдагчид уурхай ашиглах, “Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орноос Аж үйлдвэр хөдөө аж ахуйн орон” болох зорилго тавьсан.Тусгаар тогтнолоо анхлан сэргээсэн зүтгэлтнүүд “Монголор”-оос Налайх хүртэлхи уул, уурхайг ажиллуулж, БНМАУ-ын үед Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, өнөө үеийнхэн“хэрүүлийн жишээ” болсон Таван толгойгоос “технологийн жишиг” болдог Оюутолгой хүртэл хүртэл хөгжүүлж, авч яваа юм.

   Аж үйлдвэр гэхээр уул уурхай, олборлох баяжуулах л чиглэл байсан нь одоо ч хэвээрээ. Аж үйлдвэржихийн тулд хотшил суурьшил хэрэгтэй. Хот суурьшлаа дагаад газар тариалан хөгжих ёстой. Энэ бүхэн нь мянганы уламжлалт бэлчээрийн мал аж ахуйтай зөрчилдсөн, тэдний эзэмшил нутгийг булаах процесс юм.

   Ийнхүү БНМАУ-д социализм байгуулах, цаад утгаараа хотшин суурьшиж хөгжих бодлого нь бэлчээрийн мал аж ахуйнхаа ашиг сонирхолтой мөргөлдлөө. ХХ зууны эхэн үед хүн амын дийлэнх олонх нь малчин байсан ба тэд хотод ирж боловсрол эзэмших, цаашлаад сэхээтэн, ажилчин болох сонирхолгүйн дээр бэлчээр нутагтаа уурхай үйлдвэр болгож, тариа тариулахыг хүсэхгүй байв.

  Коммунистууд ёсорхдоггүй, тэр ч байтугаа ёс суртахууныг баримталдаггүй улс. Иймээс, “бэлчээр дээр чинь уурхай байгуулах тул танайд ийм нөхөн олговор өгвөл болох уу” гэхчлэнгийн асуудал болсонгүй. Хувийн өмчгүй, социалист нийгэм байгуулах хүрээнд хүчирхийллийн аргаар асуудлыг шийдвэрлэв.

 Энэ нь бүх малыг хураан авч нийгэмчлэснээр шийдэгдэв. Өмнө нь явуулсан аллага, хүчирхийллийн үр дүнд хүн ард нь “Өдөр бүр зодуулах бол хэвийн зүйл. Гол нь алуулчихгүй үлдэх нь чухал” гэсэн хүмүүжлийн зарчимтай болчихсон тул “малыг маань хураагаад биднийг үлдээсэн нь их юм” хэмээн ханцуй дотроо залбирсаар үлдэж. (Бурхан байхгүй, зөвхөн Ленин багш байгаа гэсэн зарчимтай нийгэмд ханцуй дотроо л залбирахгүй бол бас алуулна)

    Малчид хувийн өмчийн малгүй болсон тул бэлчээр булаалдах хэрэгцээгүй болов. Нэгдлийн мал бэлчээргүйдээд сүйдэх эсэх нь “социализмын хамжлага” болсон малчдад хамаагүй. Харин ч нэгдлээс чөлөөлөгдөж хот суурин бараадах боломж олгож мэднэ, малчдыг хөдөөнөөс явуулахгүй хатуу журамтай байсан учраас тэр. 

    Ингээд зогссонгүй, малчид нутаг оронд нь үйлдвэр уурхай байгуулагдахад талархалтай ханддаг болов. Улаанбаатар юм уу, аймгийн төв рүү нүүх бүтэшгүй зөвшөөрөл эрэхийн оронд нутагтаа байгуулагдсан үйлдвэр, уурхайн ажилчин болж нэгдлийн малыг орхих боломж гарна. Өөрөөр хэлбэл “хамжлага”-аас чөлөөлөгдөх юм. Тайжийн хамжлага эзнээ солих, чөлөөлөгдөх боломжгүй байсан шиг өөрийн малаа хураалган байгуулсан “нэгдэл”-ээ орхих арга малчин ардуудад үндсэндээ байсангүй. Энэ утгаар нь тэднийг “социалист хөдөө аж ахуйн хамжлага” гэж үзэхэд болох юм.

    Түүнчлэн атар эзэмших, үйлдвэрээ дагасан шинэ хот байгуулахад хэрэгтэй ажилчдыг малчдын дундаас элсүүлэн авч эхэлсэн нь тэднийг хөдөө аж ахуйн нэгдлийн хамжлагаас чөлөөлөгдөх том боломж байлаа. Төв аймгийн гэх нэртэй боловч, хэрэг дээрээ Улаанбаатар хотыг тойрсон газар тариалангийн аж ахуй, түүнчлэн уурхай, үйлдвэрээ дагаж боссон Эрдэнэт, Дархан хотыг байгуулахад хэрэгтэй ажиллах хүчийг цуглуулах хүрээнд алслагдсан хөдөө нутгийн олон зуун малчин айл хот суурин бараадаж, нийслэлдээ дөхөж амьдрах болсон байдаг. 

   ХХ зууны малчдын эрх ашигтай нь бэлчээр булаан суурьших хот суурин, үйлдвэр уурхай зөрчилдсөнгүй нь тэд өмчөөсөө салсантай холбоотой. Малаа хураалгасан учраас хот сууринд амьдрах хүсэлтэй болсон ба өдөр өдрөөр өөрчлөгдөн байгаа хөгжил дэвшил, цахилгаанжуулалт, орон сууц, соёл ахуйн үйлчилгээ тэдний сэтгэлийг гижигдэн дуудна. 

   Гэвч, шилжилт хөдөлгөөнийг хатуу хянасан, малчдыг хот руу нүүлгэн алдахгүй байхад чиглэсэн дүрэм журмууд хүсэл мөрөөдлийг нь боомилох бөлгөө. Эсрэгээрээ, хот суурин, үйлдвэржилт тэдэн рүү өөрөө нүүж ирвэл өөр. Яг ийм боломжийг газар тариалан, уурхай хоёр олгосон юм. БНМАУ-ын малчид нүүдэлчдийн эрх ашигт хамгийн их харшилдаг зүйлс болох шинэ хот, шинэ уурхай байгуулах, шинээр атрыг хагалбарлан тариалан хөгжүүлэх алхмуудыг алга ташин хүлээж авдаг байсны учир энэ.

Хоёр. Төрөлхи зөн ба түүгээр нь далимдуулагсад

   Ерээд оны ардчилсан хувьсгалын дараагаар хамгийн түрүүнд хувийн өмчтэй болсон хүмүүс нь малчид байлаа. Чухам эндээс л нүүдэлчдийн язгуур эрх ашиг сэргэв. Мянганы тэртээх шигээ нутаг бэлчээрт нь хот суурин байгуулахыг үл таашаах үл санаа дахин амилав.

    Үүнтэй зэрэгцээд янз бүрийн салбарын сайн сайхны төлөө тэмцэх нэрийн дор улс төрийн “карээр” хийхээс эхлээд айлган сүрдүүлж дарамтлагчид идэвхжлээ. Хуучин цагт хүнийг үзэл суртлын алдаагаар далайлган ажил албанаас нь зайлуулж болдог байсан бол энэ сайхан цагт тэр аргаар хармайг нь гөвж болдог болов. “Чи малчдыг бэлчээргүй болоосой гэж бодож байгаа юм биш бээз, айн” гэсэн асуултын өмнө хэнбугай ч сөхрөнө. 

    Тэдний зарим нь малчдыг хөөрөгдөн санал авч сонгогдоод, төсөв захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд орлогын үүдээ нээнэ. Бичиг үсэг муутай нөгөө нь малчдын бэлчээрийг хамгаалалцах нэрийн доор ажиллан, уурхай нээсэн, тэр бүү хэл, ерийн хайгуул хийх лизенц авсан компанийг дарамтлана. Цаашлаад, хөдөөнийхний нэрийн өмнөөс хэлэлцээрийн ширээнд сууна. Баахан мөнгө нэхэж аваад хот руугаа арилна. Уурхайн компанийхан санаа амраад ажлаа явуулах гэтэл хотоос хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орохоор ирнэ. Түрүүчийн хэвлэлийн хурлын үеэр голд сууж байсан “Улаанбаатарын хүн” солигдсон байна. Түүнчлэн, “Тэднийх ингэж тэмцээд төдийг авч гэнэ”, “Эднийх тэгж эсэргүүцсний хүчинд хүүхдийн төлбөрөө даалгаж гэнэ” гэсэн яриа ус голоор нэг тарж, үл дуусах тэмцэгчдийн цуваа хөвөрнө. 

   Энэ үзэгдлийг хөрш орнууд, геополитиктоо ашиглаж эхлэв. (Нээх ч олон хөрштэй биш дээ. Гэхдээ л “Хөрш орнууд” гэж олон тоон дээр бичихгүй бол шууд нэр заасан болчих гээд түвэгтэй юм) Чухам малчдын нэрээр, “самозванец-эх оронч” нарын гараар Монголын гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдыг хэдхэн жилийн дотор хөөн гаргав. Үр дүнд нь Монгол улсын “Нээлттэй хаалганы бодлого”, “гурав дахь хөршийн бодлого” нуран унаж эхлэв. 

     Дараагийн ээлжинд Монгол орны эдийн засгийн тусгаар тогтнолыг нураах ажилд малчдыг ашиглаж эхэллээ. Цаад утгаараа энэ нь Монгол улс эрчим хүчний хувьд хөршүүдээсээ (мөн л өмнөх шалтгаанаар олон тоо ашиглав) хамааралтай байдлыг юуны өмнө хадгалах, улмаар нэмэгдэн буй хэрэгцээгээр нь бугуйлдан бүрэн бүтэн хараат болгох “хөтөлбөр” байсан байна, одоо эргээд харахад. 

- Усан цахилгаан станц бариулахгүй, “энэ айл бэлчээргүй болно” (нэг буурин дээрээ өвөлжөөд хаваржаад зусаад намарждаг бололтой) гэх юм уу, хотын тавдугаар, эсвэл Багануурын шинэ цахилгаан станц баривал “Ий, хужаа ирнэ”, Атомын цахилгаан станцын түлшний материал хайгуулдвал “тугалд нь толгой нэмэгдэж ургана”... тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ. 

  Мянга мянган ийм гаргалгааны цаана “Монгол улсыг нэг улсаас мөнхөд эдийн засаг, эрчим хүчээрээ хамааралтай хэвээр байлгах. Тэр хэрээрээ улс төрийн тусгаар тогтнол нь тоглоом төдий үлдээх” ганцхан санаархал байгаа. 

    Удаах ээлжинд малчдын бэлчээрээ харамлах төрөлхи зөн дээр дөрөөлөөд Монгол улсын төрийг сульдуулах, засаг захиргааны нэгжүүдийг төв засгийн газрын шийдвэрт үл захирагдах ханлигууд болгон салгах алхмууд хийгдлээ. Чингис хааны өмнөх үеийн тархай бутархай овог аймгуудын тэр л тогтоцыг сэргээхнээ дээ. 

    Орон нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх бодлогыг мушгисаар салан тусгаарлах үзэл санаа руу халтируулав. Сум орны дэвсгэр нутагт геологийн хайгуул хийх, бүтээн байгуулалт өрнүүлэх эсэхийг улс орных нь засгийн газар бус харин сумын удирдлага шийдэх бололтой. Энэ бол сепаризмын элемент шүү. Тоглоом биш. Энэ хэрээр Монгол улсын төрийн тасралтгүй үйл ажиллагаа алдагдан, хүч нь суларч, улмаар задран унах аюул нүүрлэж байгаа. 

    Цаашаа жаахан ахивал, цэрэг цуглуулаад хажуу сум аймгаа эзлэх, сачий нь хүрвэл Улаанбаатарыг эзлээд улсын эрхийг авах нээ, янз нь. Нүүдэлчин овог аймгуудын л эрмэлзэл байгаа биз. 

-Манай сумын нутаг дэвсгэрт Засгийн газрын шийдвэрээр байгуулж байгаа УЦС-ын байгууламжийг зогсоож өгнө үү гэсэн хүсэлтийг хөрш БНХАУ-ын төрд хандан гаргана гэдэг бол хэр баргийн автономиос ч давсан эрх мэдэл биз дээ, бодвоос. Жишээлэхэд, Орос юм уу Хятадын аль нэг автономийн тэргүүн гадаад руу ийм юм захиа бичвэл юу болохыг төсөөлөх ч аймаар. Монгол орны бүрэн бүтэн байдлын эсрэг чиглэсэн иймэрхүү алхмуудын ард мөн л малчдын нэр зоогдоостой. Тэдний нутаг бэлчээрт аюул учирч байгаа учраас орон нутгийн удирдлага ийм алхам хийхээс өөр аргагүй ба малчдын төлөө учраас хаана ч буруудахгүй нигууртай аж. 

    Ийнхүү бид малчдынхаа эрх ашгийг хамгаалах нэрийн дор, мөн орон нутгийн өөрөө удирдах ардчилсан ёсыг хөгжүүлэх тугийн дор Монгол улсынхаа гурав дахь хөршийн бодлогыг нураалцаж, эх орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолын эсрэг босолцож, хөрш орноосоо эрчим хүчний хараат байдлыг хадгалан лавшруулалцаж ирсэн байх юм.

    Монгол хүн алдахаараа юунаас болов гэдгийг ухаарахын оронд “хэнээс болов” хэмээн буруутан хайдаг. Хилийн чанадаас захиа даалгавар авагчид, зүгээр л хиймор золбоо бадарсан сайн эрийн замаар мөнгө олж байгаадаа бардагсад, хөдөөнийхнийг догиож байж саналыг нь аваад улсын төсөв дээр ажиллагсад... бүгдээрээ л хэдэн муусайн малчид руугаа “эд буруутай” хэмээн заана. Монгол зүйр үг дотор “Эрлэг ороод ирэхэд эхийгээ заах” гэж бий дээ. Тэрэн шиг, учрыг гүйцэд ухаараагүй зүгээр л дарвиснаас эхлээд, ердөө төрөлхи зөнгөөрөө нутаг бэлчээрээ хамгаалж байна гэж бодсон гэнэн хонгор малчдыг уурссан олонд зааж өгнө.

   Тог цахилгаан тасалдаад хот хөлдөхдөө тулбал “Малчид л нүүрсний уурхай бариулаагүй”, “Малчдаас болоод УЦС босоогүй”, “Энэ хэдэн танхай юмнаас болоод барууны хөрөнгө оруулагчидгарч явсан”, “Ерөөсөө малчдын малыг хураая” хэмээсэн түрхрээн үүснэ. Одоохондоо манай төр засаг цементийн үйлдвэр, Эрдэнэтийн хувьцааг амжилттай хураагаад сүрхий урамтай байгаа. Хэдэн мал хураахад юухан байхав дээ. “Махны үнэ хямдрах юм байгаа юм” гээд л тайлбарлачихна. 

   Эцсийн дүндээ тэдэнд: оросууд “сепаритизм”, хятадууд “үндэстнийг хагацуулах үзэлтэн”, манайхан харин даруухнаар “салан тусгаарлах үзэл” гэдэг зүйл ангиар ял тулгаж ч мэднэ. Хэн нэг нь буруудаж байж нийгэм тайвшрах ёстой. Ингээд харахаар, хамгийн том туг далбаа болж ашиглагдсан хэрнээ, өөрийгөө өмөөрөх чадваргүй нь морио унаж далдагнасан хэдэн малчид байна даа, хөөрхий. 

 

09.11.2022

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (197.211.58.24)

    2022-11-10

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)