Нийт хүн амын 51 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна
- 2022-11-11
- Улаанбаатар
- 0
Улаанбаатар хотын хүн ам, нягтаршилтын судалгааг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд өчигдөр танилцуулжээ.
Улаанбаатар хот нь газар нутгийн 0.03 хувийг эзэлж, нийт хүн амын 51 хувь нь нийслэлд амьдарч байна. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хүн ам, барилгажилт болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан 2018 онд хийсэн хүн ам, барилгажилтын нягтралын судалгааг шинэчлэн тогтоох шаардлага урган гарч байгаа юм.
Иймээс Улаанбаатар хотын суурьшлын бүсийн 35,206 га талбайг авто замын сүлжээгээр 1,183 хэсэгт хувааж, одоо байгаа болон шинээр барихаар төлөвлөсөн барилгын мэдээлэлд тулгуурлан хүн ам, барилгажилтын нягтралтын хэмжээг шинэчлэн тогтоожээ.
Одоо байгаа хүн амын нягтралыг тооцож үзэхэд, хүн амын тооцоот нягтралын дээд хязгаар 460 хүн/га-гаас хэтэрсэн 88 хэсгийн 733 га талбай байна. Иймээс дээрх газар орон сууцны барилга бариулахгүй, харин шаардлагатай цэцэрлэг, сургуулийн барилга барих, эс бөгөөс өөр газраар солих гэх мэт шийдвэр гаргах шаардлагатай байгааг Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж хэлж байлаа. Хүн амын нягтралын хязгаарыг давсан байршлуудыг энэ ондоо багтаан НИТХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл (0)