"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн Говьсүмбэр аймагт
- 2022-11-11
- Орон нутаг
- 0
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар өрнөж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажиллалаа.
Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын дарга Л.Эрдэнэбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг аймгийн хоршоод, үндэсний үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүдэд ажиллаж байна.
Ажлын хэсэг мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо бүхий хоршооны чиглэлээр аймгийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагааг явуулж буй Баянтал сумын Оорцог элгэн хоршооны үйл ажиллагаатай танилцлаа.
Оорцог элгэн хоршоо нь 2017 оноос хойш мал аж ахуй, мах боловсруулах цех, мод үржүүлгийн газар, аялал жуулчлал, хоол үйлчилгээ, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Махны цехийн хувьд өдөрт 50 бог, 5 бод төхөөрөх хүчин чадалтай. Цаашдаа төлөг брэндийг бий болгох зорилготойгоор ажиллаж байна. Мод үржүүлгийн газартаа 17 төрлийн 300 гаруй мод тариалжээ. Тус хоршооны зүгээс төрийн тэргүүний санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж цаашид өвлийн хүлэмж байгуулах, худаг гаргах, га талбайгаа нэмж илүү мод тариалах гэсэн зорилтуудыг тавин ажиллахаар төлөвлөж байгаагаа уулзалтын үеэр хэллээ.
Сэтгэгдэл (0)