Ковидын вирус улайрсан улстөрч болж хувирлаа
- 2022-11-16
- Нийтлэл
- 0
“Ковид-19” вирусийн гаралтай цар тахал дэлхий нийтэд дэгдээд гурван жилийн нүүрийг үзлээ. Олон зуун мянган энгийн номхон иргэд энэ өвчнөөр хорвоог орхиж, өнчрөл хагацал ч дэлхийг нөмөрлөө. Одоо эргээд харахад үүнээс гадна өөр нэг зүйл ажиглагдаж байна аа. Ковид ерөөсөө өвчин биш улс төр болж хувирсан байх юм. Ерөөс цар тахлын туршлага гэх үү өмнөхийг сөхвөл ийм л байдаг юм байна. Аль ч улсад улс төрийн нам, эрх баригчид нь цар тахлыг далимдуулан засгийн эрхэнд шунадаг, эрх мэдэл, суудлаа улам батжуулж байдаг аж. Цаашлаад өвчин тахал, дайн түрэмгийлэл зэрэг бужигнаан дундаас дарангуйлагчид төрж байдаг гэдэг.
Ойрын хоёр жишээг харъя л даа. Хойд хөрш ковидын үед дэлхийн голомт болсон гэхэд хилсдэхгүй. Өдөр бүр хэдэн мянгаараа халдварын шинэ тохиолдлууд нэмэгдэж, хөрш зэргэлдээ монголчууд бид битүүхэн айдастай байсан нь саяхан. Тэр хүнд үед ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин улс төрөө хийсээр, бүр дэлхийн хаан болохоор энх тайван цагт түрэмгий дайныг өдөөж чадлаа. Түүний хөрш зэргэлдээ Украинтай хийж буй дайн ерөөсөө л эрх мэдлээ бататгах гэсэн атгаг санаа гэдгийг дэлхийн улс төр шинжээч, судлаачид ярьж, бичээд дууссан.
Цар тахлын эхлэлийг тавьж өнөөдөр хүртэл халдвараа хумьж чадахгүй байгаа өмнөд хөрш БНХАУ-д ч улс төрийн томоохон “акц” саяхан өрнөв. Сүүлийн 10 жил дэлхийн нөлөө бүхий том гүрнийг удирдаж байгаа Си Жиньпин Хятадын улс төрийн уламжлалыг халж, өнгөрсөн сард болсон Хятадын Коммунист намын XX их хурлаар дахин таван жилийн хугацаанд тус улсыг удирдах эрхийг гартаа атгалаа. Тэрээр энэ эрхийг олоод зогсохгүй Коммунист намдаа цэвэрлэгээ хийж, өөрийн хүмүүсээ тавьсан үйл явдлыг дэлхий нийтээрээ харлаа, сонслоо.
Монголд ч тэр. Ид ковидын үед УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийг улайран хийж, эрх баригч МАН өрсөлдөгчгүйгээр өөрсдөө энэ улсад эзэн сууж амжсан. Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх 68 хувийн саналаар буюу үнэмлэхүй ялж, хүссэн суудалдаа тухаллаа. У.Хүрэлсүхтэй өрсөлдөгч байгаагүй, өөрөө өөртэйгөө өрсөлдсөн гэсэн хошигнол ч үнэний ортой.
Ковидын энэ гурван жилд монголчууд юу эсийг үзэв дээ. Цар тахал гэдэг ард түмнийг л туйлдуулдаг. Монголчууд ч тэр зовлонг амслаа. Өвчин зовлон дайн дажинтай хүнд үед төр засаг тогтвортой байхыг ард түмэн чухалчилдаг. Алдаа дутагдал ар араасаа гарсан ч төр засгийг өөрчилбөл шинэ хүмүүс гарч ирэн ажил төрөлдөө дасах гээд түүнээс ч дордож мэднэ гэж эмээсэндээ засаглалыг хөнддөггүй. Улс төрийн туршлага нь өөрөө ийм юм. Монголчууд ч тэглээ. Харин үүнийг эрх баригчид их овжиноор ашиглаж, Ковидын хууль гээчээр өөрсдийнхөө хууль бус үйлдлийг халхавчлах бамбай болгож өнөөдрийг хүртэл үргэлжлүүлсээр байна.
Энэ хуулиар сонгон шалгаруулалтгүй томилгоо хийх эрхийг төр засаг өөрсдөдөө олгосон. Хууль хэрэгжиж эхлээд удаагүй байхад Төрийн албаны зөвлөлөөс Цар тахлын тухай хуулийн хүрээнд 1000 гаруй иргэн, төрийн удирдах албан тушаалд томилогдсон бөгөөд үүнээс 519 буюу тал хэсэг нь хууль бусаар томилогдсон гэдгийг мэдэгдсэн юм. Өнөөдөр энэ тоо бүр замбараагаа алдсан. Нөгөө талаар хууль бусаар халагдсан иргэд ч мөн энэ хэмжээгээр бий гэсэн үг.
Улс орны эдийн засгийг улам дордуулсан, хэт үрэлгэн зардалтай, үр өгөөжгүй, ямар ч хяналтгүйгээр төсөв зарцуулах эрхийг бас л Ковидын хуулиар зөвшөөрчихсөн. За тэгээд ковид нэрээр хатуу хөл хорио тогтоож, бизнесүүдээ хаалгыг нь бариулж, арилжааны банкуудын хадгаламжийн хүүг тэглэж, зээлийн хүүг өндөрсгөх зэргээр ард түмэн, бор зүрхээрээ явж байгаа аж ахуйн нэгжүүдийнхээ хоолойг багалзуурдаж байгаад дээрэм хийх аргыг эрх баригчид хууль нэрийн дор хэрэгжүүлж ирлээ. Ковидын хуулийн үр дүнд өнөөдөр дэлгүүрийн лангуун дээрх барааны үнэ сараар биш хоногоор нэмэгдэж, тэнгэрт гарсан. Ард түмний амьдрал бүр тартагтаа тулж байна. Улс орны эдийн засаг гээд яривал бүр том асуудал болсон. Ковид нэрээр цагдаа хүчний байгууллагыг нохойд барьдаг мод болгож ард түмний амыг барьж, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хаан боогдуулж Үндсэн хуулиас давсан эрх мэдлийг хэрэгжүүлж ирлээ. Өнөөдөр ч энэ асуудал хууль шүүхийн шатанд үргэлжилж л байна.
Одоо нэг юм өвчин зовлон намжиж гайгүй болох нь уу гэсэн итгэл өнгөрсөн хавраас иргэдэд төрж эхэлсэн. Гэтэл одоо дахин ковид ярьж эхэллээ, цаана чинь. Ковидын тохиолдол эрс нэмэгдлээ, улам ихэслээ гэсэн мэдээлэл хаа сайгүй харагдах боллоо. Энэ бол улстөрч ковид улс төрөө хийж эхэлсний дохио. Бүр ингээд улайрч эхэлдэг. Ковид ард түмний нуруун дээр үхэл хагацал болж ирдэг бол улстөрчдийн хувьд эрх мэдлээ лавшруулах хэрэгсэл нь болдог том жишээ энэ. Тэр утгаараа ковидыг дахин ярьж эхэлж байна. Учир нь ажил амьдрал нь тартагтаа тулсан иргэд төр засгийн зөв бодлого, барааны үнийн зохицуулалтыг шаардаж жагсаал цуглаан хийж эхэлж байна. Хаа сайгүй эсэргүүцлийн үг, гомдлын мөр тээсэн олон нийт бий болсон. Гэтэл энэ нь эрх баригчдад халтай үйлдэл болчихож байгаа юм. Тиймээс л нөгөө ковид гэх бамбайгаа гаргаж ирээд сэвж эхэллээ.
Гэхдээ нэг зүйл бий. Ирсэн гийчин буцдаг, орсон бороо арилдаг гэгчээр яаж ч улс төржүүлж, улайсгасан ковид дуусч таарна. Тун удахгүй арилна. Харин тэр цагт ард түмэн хариуцлага ярьж эхэлнэ. Цар тахал нэрийн дор эрх мэдэл, эд мөнгөнд шунасан улстөрчдөөс, эрх баригчдаас тэд харуицлага нэхнэ. Тэр хариуцлага нь эрх баригч Засгийн газар, Ерөнхийлөгчөө бүрэн солих хариуцлага байдаг. Дээр онцолсноор цар тахал, дайн самууны дараа өрнөдөг улс төр, ард түмний туршлага ийм байдаг. Нэг ёсондоо ковидын дараах сонгуулиар өнөөдрийн Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч солигдоно.
Учир нь хүн гэдэг амьтан амьдралд нь хар толбо болж үлдсэн бараан дурсамжаасаа зугтааж явдаг. Ялангуяа бусдаас хамааралтайгаар ойр дотны хүмүүсийнх нь эрүүл мэнд, амь нас яригдсан тохиолдолд насан туршдаа гомдол тээж явдаг. Ковидын хатуу хөл хорионы үеийг нэхэн саная л даа. Зохион байгуулалтгүй, мэдлэг туршлагагүй сайд дарга нарын гайгаар хатуу хөл хорионоос болж эмнэлгийн тусламж авч чадалгүй 22-ын товчоон дээр машин дотор амьсгал хураасан эмэгтэй, хавдартай тэмцээд найдваргүй болсон ээждээ үнсүүлж чадалгүй хагацсан гуравхан настай охин, аавыгаа амьсгал хураахад хөлийг нь хучиж чадалгүй тусгаарлах байранд уйлж суусан бүсгүй бий. Хуруу хумсаа хугалан байж босгосон бизнес нь хөл хорионы үймээн дунд нурж, хаалгаа барьсан аж ахуйн нэгжүүд хар мянгаараа байгаа.
Харин тэр үед сайдын эхнэр халдварын улаан бүсэд нэг орж, нэг гарч, УИХ-ын гишүүд, гэр бүлийнхэн нь гадаадаас оочер дайран Монголд ирж байсан гээд яривал бас л урт дараалал үүснэ. Ийм нөхцөлийг бүрдүүлсэн дарга, сайд нарыг зовлон туулсан ард түмэн дахиад сонгоно гэж байхгүй. Үтэр түргэн буулгаж, нүднээсээ далд оруулахыг л хүсч суугаа болов уу. Ирэх сонгууль гэхэд улстөрч ковид бүрэн арилсан байх байх аа гэсэн найдвар ард түмэнд байна.
Б.Энхзаяа
Сэтгэгдэл (0)