Польшийн эрх баригчид цэргийн ангиудынхаа байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэхээр шийджээ

ВАРШАВ. /Anadolu/. Польшийн эрх баригчид тус улсын зүүн нутагт пуужин унасантай холбогдуулан зарим цэргийн ангийн байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх шийдвэр гаргалаа.

Энэ тухай Польшийн Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Петр Мюллер дээрх асуудлаар хуралдсан Аюулгүй байдал, батлан хамгаалах хорооны шуурхай хуралдааны дараа мэдэгдэв. 

 

 

“Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Польшийн нутаг дэвсгэрт байгаа зарим цэргийн ангиудын байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх шийдвэр гарсан” гэж Мюллер хэлжээ.

 

Түүний хэлснээр, дэлбэрэлтийн улмаас тус улсын хоёр иргэн амиа алдсан байна. Холбогдох албад болсон хэргийн нөхцөл байдлыг шалгаж байгааг Мюллер мөн мэдээлжээ. 

Үүнээс гадна, Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй зүүн нутагт нь болсон дэлбэрэлт болон эвслийн зөвлөлдөх гэрээний 4-р зүйлийг ашиглах боломжийн талаар ярилцжээ. Энэ талаар тус улсын Үндэсний аюулгүй байдлын товчооны тэргүүн Яцек Севера мэдээлсэн байна.Үүний өмнө Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий Люблин воеводын нутаг дэвсгэрт хоёр пуужин унасны дараа Засгийн газрын Аюулгүй байдал, батлан хамгаалахын хороог яаралтай хуралдуулжээ. 

 

 

Оросын Элчин сайд Польшийн Гадаад хэргийн яаманд дуудагдав

 

Польшийн Гадаад хэргийн яам (ГХЯ) зүүн нутагт нь унасан пуужин Орост үйлдвэрлэсэн пуужин байсан гэж мэдэгджээ. 

"15:40 цагт Орост үйлдвэрлэсэн пуужин Люблин воеводын Хрубешов дүүргийн Пржеводув тосгоны нутаг дэвсгэрт унаж, улмаар Польш улсын хоёр иргэн амиа алдсан" гэж ГХЯ-ны мэдэгдэлд дурдсан байна

 

 

Уг үйл явдалтай холбогдуулан Варшавт суугаа ОХУ-ын Элчин сайд Сергей Андреевыг Польшийн ГХЯ-нд дуудаж, “дэлгэрэнгүй тайлбар өгөхийг хүсжээ".

 

 

 

АНУ пуужинтай холбоотой хэргийг мөрдөн шалгахад Польшид дэмжлэг үзүүлэх санал тавьжээ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Польшийн төрийн тэргүүн Анжей Дудатай утсаар ярихдаа, тус улсад болсон дэлбэрэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэх санал тавьжээ. Энэ тухай Цагаан ордонд мэдээлсэн байна.

Мэдээлэлд дурдсанаар, Байдан, Дуда нар Польшид болсон үйл явдалтай холбогдуулан цаашдын алхмуудаа нягт уялдуулахаар тохиролцжээ.

 

 

 

Польшид болсон үйл явдлын улмаас Европын Зөвлөлийн тэргүүн ЕХ-ны удирдагчдыг хуралдуулна

 

Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель Польшид болсон үйл явдалтай холбогдуулан “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Европын Холбооны (ЕХ) удирдагчдыг хуралдуулна гэж мэдэгджээ. Энэ тухай улстөрч өөрийн твиттер хуудсанд мэдэгдсэн байна. 

"Би Бали арал дээр “G20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй ЕХ-ны удирдагчидтай лхагва гарагт зохицуулах уулзалт хийхийг санал болгоно" гэж Мишель бичжээ.

 

 

 

Польшид агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэхийг Латви улс НАТО –д уриалав

 

Латви, Эстони улсуудын эрх баригчид Оросын пуужин Польшийн нутаг дэвсгэрт унасан тухай мэдээлэлд санаа зовж байгаагаа илэрхийлж, "НАТО-гийн нутаг дэвсгэрийн нэг сантиметрийг ч хамгаалахад" бэлэн байгаагаа мэдэгдэв.

Латвийн Батлан хамгаалахын сайд Валдис Домбровскисын мэдэгдсэнээр, Умард Атлантын эвсэл Польш болон Украины нутаг дэвсгэрийн зарим хэсгийг агаарын довтолгооноос хамгаалах системээр хангаж болох юм. ОХУ-ын Батлан хамгаалах яам Украин-Польшийн хилийн ойролцоох байд цохилт өгсөн гэх мэдээллийг няцаажээ

Украин, Польшийн хилийн ойролцоох бай руу мягмар гарагт дайраагүй гэж ОХУ-ын цэргийнхэн мэдэгдэв.

"Украин-Польшийн хилийн ойролцоо ямар ч цохилт өгөөгүй" гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мягмар гаргийн орой Польшийн нутаг дэвсгэрт унасан пуужингийн талаарх мэдээлэлд тайлбар хийхдээ мэдэгджээ.

Польшийн нутаг дэвсгэрт Оросын пуужин унасан гэх мэдэгдэл нь байдлыг хурцатгах зорилготой өдөөн хатгалга гэж цэргийнхэн нэмж мэдэгдсэн байна хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)