Украинд зориулж "NASAMS" системийг үйлдвэрлэх гэрээ байгуулжээ
- 2022-12-01
- Дэлхий
- 0
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын эрх баригчид Украинд зориулж “NASAMS” зенитийн пуужингийн зургаан систем үйлдвэрлэх 1.2 тэрбум ам.долларын гэрээг “Raytheon” компанитай байгууллаа гэж Пентагоны хэвлэлийн алба мэдээлжээ.
“Украинд аюулгүй байдлын чиглэлээр тусламж үзүүлэх санаачилгын тав дахь багцын хүрээнд АНУ-ын арми “NASAMS” цогцолборын зургаан суманг Украинд нийлүүлэх, тус улсын Зэвсэгт хүчин, аюулгүй байдлын хүчинд материал-техникийн дэмжлэг үзүүлэх, сургалт явуулах 1.2 тэрбум ам.долларын гэрээг “Raytheon Missiles and Defense” компанитай байгууллаа” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Агаарын довтолгооноос хамгаалах уг цогцолборыг үйлдвэрлэх, нийлүүлэхэд хоёр жил орчим хугацаа шаардагдах боловч АНУ-ын арми болон үйлдвэрлэгчид энэ хугацааг багасгахаар ажиллаж байгааг тэмдэглэжээ. Украинд нэмж зургаан “NASAMS” зенитийн пуужингийн системийг нийлүүлэхэд "хоёр жил" шаардлагатай гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга, АНУ-ын Агаарын цэргийн хүчний бригадын генерал Патрик Райдер урьд нь мэдэгдэж байсан юм. Өмнө нь АНУ агаарын довтолгооноос хамгаалах хэд хэдэн ийм системийг Украинд нийлүүлсэн билээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл (0)