Хулгайч ба түүний дайснууд
- 2022-12-08
- Нийтлэл
- 1
Манай нийгэмд хулгай нүүрлэжээ. Хэнээс ч асуусан ингэж л хариулна. Том багагүй, хөгшин залуугүй хулгай хийж байгаа ба улсын хэмжээгээр ганц нэгхэн хүн л ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч байгаа, тэр нь өөрөө гэж бид боддог.
Гэвч байдал арай өөр. Өөрийгөө хулгайч биш гэж үзэж байгаа нэг, нэг ширхэг хүн маш олон байгаа. Зуу, зуун хүн хулгайг эсэргүүцэн жагсаж, түүнийг гэрээсээ дэмжигч мянга мянган иргэн байгааг бодоход шударгаар амьдарч байгаа хүн ганцхан “чи” биш бололтой.
Гэхдээ хулгайч ба түүнийг эсэргүүцэгчдийн алин ч баталгаатай биш. Жагсагчдийн нэгийг сугалаад “Энэ бас хулгайч” гэхэд чи дорхноо үнэмшиж багалзуурдахад бэлэн болно. “Аль нь жинхэнэ жогорхой вэ” гэгчээр, хэн нь жинхэнэ хулгайч , хэн нь “шодоргос” вэ? Яагаад хулгайчийг хулгайч бишээс нь ялгахад ийм хэцүү болчихов? Хариуг хамтдаа хайх гээд үзье!
Хулгайч, авилгач нар юунаас айдаг гээч? Тэд хууль цаазаас айдаггүй. Бас шударга ёс, үйлийн үрээс айдаггүй. Юу хийж байгаагаа, ямар үр дүн хүлээж буйг, бас баригдвал юу болохыг цөмөөрөө мэдэж байдаг. Тэд огт өөр юмнаас айдаг.
Зэрэгцэн амьдарч байгаа шударга хүмүүс л тэднийг айлгадаг. Шударга иргэд шударгаар тэмцэхээс айх нь мэдээж боловч гол аюул энэ биш. Хамгийн аймшигтай нь шударгаар амьдарч байгаа хэсэг нь хулгайч луйварчдыг илрүүлэх, харьцуулах дэвсгэр өнгө, тодруулагч бодис болдог. Мөн үү, жагсаал хийлгүй, уриа лоозон хашгиралгүй зүгээр л шударгаар амьдрах нь өөрөө нийгмээ эрүүлжүүлж байдаг байх нь. (Шударга хүн жагсдаггүй гэж байна гэж битгий ойлгочихоорой доо, хэн минь!)
Иргэд шударга хүмүүсийн гэгээн фон дээр луйварчдынх хар мөрийг амархаан олж хардаг. Шинэ цасан дээр амьтны мөр тод байдаг шиг шударга хүмүүстэйбусармаг үйлтнүүд зэрэгцэн амьдрахад бараан зам нь тодроод үнэхээр хэцүү.
Иймээс хулгайч, луйварчид эргэн тойрныхоо шударга хүмүүсийг харлуулах, шахан зайлуулахад хамаг анхаарлаа тавьдаг. Жишээлэхэд, авилгачдаас бүрдсэн тээндэрийн комисст нэг шударга хүн орчихвол хамаг төлөвлөгөө нурна. Тэр гайг зүгээр нэг хөөгөөд явуулчихвал хамаг юм задалж мэднэ. Ямар алалтай биш.(Энэ янзаараа явбал, цаашдаа алдаг л болно л доо) Ингээд, нэг бол өөрсөд шигээ хулгайч болгох, эсвэл тас хараар будаж хулгайч, луйварчны пайз зүүх үлдэнэ. Гүтгэгдсэн этгээд гэмгүй болохоо шүүхээр нотолж болох ч олон түмний ой санамжинд цагаатгалын тогтоол биш, харин хар пайз нь дурсагдаж үлдэнэ.Хулгайч авилгачин, луйварчин гэдэгт нь бидний бат итгэдэг олон хүний ихэнх нь жинхэнэ хулгайч нарт гүтгэгдсэн, тэдний зүүж өгсөн пайзтай шударга хүмүүс байгаад би итгэдэг.
Авилгачдын дайсан нь мөрөөрөө яваа шударга хүн байдаг бол зорилго нь юу вэ? Хулгай илрэхгүй байх ч бас гол зорилго биш. Шударга хүнгүй юм шиг болох, бүгдээрээ хулгайч юм шиг харагддаг нийгэмд амьдрах нь тэдний хүсэл. Тэгвэл тэд хар газар дээр хар мөр гардаггүй шиг ажиглагдахгүй явна. Ингээд тэд олз олборийнхоо ихэнхийг шударга нэгнийг харлуулахад, нийтээрээ падан хар хөөнүүд болон өнгө ижилсүүлэхэд зориулдаг. Угаасаа, улс даяараа хулгай нүүрлэсэнд итгэдэг олон түмэн үүнд маш амархан үнэмшинэ.
Тод жишээ нь С.Баярцогт байна.Офшоор гэдэг мангаа зохиогоод түүнтэйгээ холбон баахан тоо ярьж түүн рүү дайрсан. Технологийн дэвшлээс болоод үнэн юм харагдах хуурмаг баримтыг үйлдвэрлэхэд амархан болсныг хэлэх үү?
Тэр тоо, баримт гэж наасан зүйлийг нь бидний хэн нягталсан билээ? Хэн ч биш. Зурагтаар сурталчлахдаа “Энийг уугаад өвчнөө мартсан” гэдэг ухуулгатай юмыг шууд аваад уучихдаг, ядаж, “яагаад өвчнөө мартах болов, ой санамж алдуулдаг ч юм биш байгаа” гэж боддоггүй бид ч юугаа нягтлах билээ дээ, угаасаа ?
Гэснээс “Офшоор”гэж зөвхөн хулгайлсан мөнгө нуудаг нэг агуй байдаг, шударгаар олсон мөнгөө бариад очвол зодоод хөөдөг, “Үхснээ хийж хөдөлмөрлөж олсон мөнгөтэй явдаг хүүр вэ” гээд өшиглөдөг газар л гэж төсөөлөөд өнгөрсөн байх даа. Зүгээр л татвар багатай бүс шүү дээ. Хэрвээ Хан-уул дүүрэгт НӨАТ 10 хувь байхад, Баянзүрх дүүрэг 01 хувь байвал яах вэ? Хүмүүс Баянзүрх рүү очиж дэлгүүр, түцээ нээдэг юм байгаа биз дээ. Тийм л орчин. Барууныхан ихэс дээдсээ юу гэж шүүмжилсэн гэхээр, энд ард түмэндээ үйлчилнэ гэж ярьчихаад, улстаа татвар төлөхийн оронд тэнд мөнгөө эргэлдүүллээ “Еэ еэ бөөвөө” л гэсэн юм. Хууль зөрчлөө гээгүй, шийтгэнэ гээгүй. Зүгээр л ичээх гэсэн хэрэг.
Тэхэн дээрээ тулбал, миний мөрөөдөл бол монголчууд мянга мянгаараа офшор бүст бизнестэй болох, болж өгвөл өөрөө тэдний дунд багтах. Эсвэл Монгол улс өөрөө офшоор бүс болоод мөнгөндөө хахаж хөгжих юм шүү, тоглоомгүй.
Манайхан гэтэл С.Баярцогтыг барьж аваад л шоронд хийчихсэн. Түүнийг шал өөр шалтгаанаар, хөрш орны ашиг сонирхлын оролцоотойгоор, улс төрийн шатгаанаар ялласан юм шүү дээ, уг нь. Нэг их удахгүй энэ нууц ил болж таарна. Харин манай нийгэм түүнийг луйвар хийж офшоорт мөнгөө хийгээд шоронд орсон гэж итгэсээр үлдсэн. Айхавтар хулгайч баригдлаа гэж бодсон. Яг л П.Гэндэнг, А.Амарыг буудахад “Ёстой том дайсан илэрч шийтгэгдлээ” гэж үнэмшсэнтэй агаар нэг явдал.
Нөгөө талаасаа тэр баян байсан. Маш олон хүнд “яаж баяжих вэ” гээд бодохоор хулгай хийхээс өөр олигтой шийдэл санаанд нь ордоггүй нь түүнийг буруу замаар баяжсанд итгүүлсэн. Монгол хүн муухай учраас ингэж боддог ч юм биш. Цаанаасаа шалтгаантай. Юуны өмнө төр авилгад идэгдээд шударгаар бизнес хийх боломж хаагдсан нь олон хүнийг ингэж бодуулахад хүргэсэн юм шүү.
Судлаачид хэлдэг юм, хүн бусдын үйл хэргийг шинжихдээ юун түрүүн “Хэрвээ би түүний оронд байсан бол яах вэ” гэж боддог гэж. Ямар сайндаа “Эдийн засагчдийг адууны аж ахуй судлуулах гэхээр өрөөндөө орж суучихаад “Хэрвээ би морь байсан бол яах вэ” гэж бодоод суудаг” тухай шог үг гарах билээ. Яг түүн шиг С.Баярцогтыг хөрөнгө мөнгөтэй гэж дуулсан зарим хүн “Хэрвээ би түүний оронд байсан бол яаж ийм их мөнгө олох байсан бэ” гэж бодохоор л нэг иймэрхүү хариу гараад байсан шиг байгаа юм. Ганц Баярцогт ч биш, хулгай хийхгүйгээр мөнгө олдог, шударгаар хөрөнгө хуримтлуулдаг олон бизнесмэн яг ийм шалтгаанаар адлагдаж байгаа шүү.
Монголчууд тэнэг маанагтаа ч тэгж байгаа юм биш. Нүүдэлчдийн дунд хөрөнгөтөн байсан түүх үгүй. Байдаг хэдэн баяныхаа баялгийн эх сурвалжийг бүгд мэднэ. Нэг бол үе дамжсан баян, эсвэл мал нь нүдэн дээр өссөн байх жишээний. Арилжаа наймаагаар баяжсан нэгнийхээ үйлдэл бүрийг андахгүй, ямар хурдан морь хэдээр аваад хэдэд өгснийг, гаанс хөөргөө яаж арилжсныг бүгд мэднэ. Хэн нэгэн мэдэгдэхгүйгээр гэнэт баяжаад ирвэл хулгай л хийсэн байж таарна. Тийм учраас гэнэт гоё дээл өмссөн, учиргүй үнэтэй гаанс зуусан нэгийгээ хардаж эхэлдэг. Хардлага ч ихэнхдээ ул үндэстэй байх.
Харин иргэншсэн ертөнцөд хөрөнгөжих, мөнгө хийх нь урлаг маягтай болсон. Бизнес өөрийн нууцтай, төр түүнийг хамгаалах хадгалах үүрэгтэй. Тийм, иргэний бизнесийн нууцыг төр хамгаалах үүрэгтэй. Татварын алба орлогоо нуусан эсэхтэй л тэмцэх болохоос яаж олсныг нь сонирхох үүрэггүй. Мэдээж, “Хулгай мөнгө хийсэн юмаа, гэхдээ яахав татвараа өгье. Хүн амьтанд битгий хэлээрэй” гэж арай ч болохгүй л байх л даа.
Гэтэл иргэншил хотшил, чөлөөт зах зээлийн гучаадхан жилийн өнгөц туршлагатай бид үүнийг ойлгож өгдөггүйд их зовлон байна. Ингээд, гаансаа хэдээр зарснаа хэлэхгүй, морио яаж арилжсан нь мэдэгдэхгүй байгаа юм чинь хулгайч л байж таарна гэж үзээд, хэцүү ч юмаа даа. За энэ ч яахав.
Том нууцыг хэд хэдэн жижиг нууцаар хамгаалдаг гэлээ гэгчээр “Том хулгайг олон тооны жижиг хулгайгаар хамгаалдаг” тухай бид ярилцлаа. Тэд хийсэн хэрэг нь булавч бултайгаад ирэхийн үед яадаг вэ гэхээр илүү том хулгайн дуулиан дэгдээдэг. Наян саяын хулгайг найман тэрбумын хулгайн хэргээр, найман тэрбумынхыг найман их наядыг хуссан гэх дуулианаар дарна. Бүр өөрснөө туг хиур бариад “Наймын тэрбумын хулгайчийг барь”, “Наян их наядын луйвраа зогсоо” гэж бархирна. Нийгэм даяар тэрээр “Хулгайтай тэмцэгч баатар” болж харагдах ба хожим хэрэг илрэхийн цагт “Хулгайтай тэмцээд хулгайд гүтгэгдсэн хэлмэгдэгч” болж үлдэнэ.
Хулгайч л “хулгайчийг бариарай” гэж хамгийн түрүүнд хашгирдаг гэж оргүй үг биш бололтой. Хулгайг хулгайгаар хамгаалж, баригдах гэвэл хулгайгаар дардаг гэж.
Өнгөн дээрээ бид цөмөөрөө хулгай, луйварт дургүй. Ингэж, улс орноороо, бүх ард түмнээрээ, бүүр төртэйгээ нийлж аваад хулгайтай тэмцээд байхад яагаад барахгүй байна гэдэг асуулт гарна. Хариулт нь: Хулгайтай тэмцэх замаар хулгайг бас хамгаалж болдог.
Одоо тэгээд яах вэ? Хэн нь жинхэнэ хулгайч, алин нь пайз наалгасан хулгайч болохыг хэрхэн ялгах вэ? Хэн нь үнэнээсээ хулгайтай тэмцэж, алин нь хулгайгаа нуух гэж хулгайтай тэмцэж буйг яасхийн тунгаах вэ? Хэн нь жинхнээсээ хулгай луйврыг үзэн ядаж, алин нь өөрт нь хулгай хийх боломж өгөөгүйд, эсвэл ногдох хулгайн талбайгаа голсондоо уурсаж явна вэ? Төрийн эрхийг хулгайчийн гараас булаах тэмцэл маань зүгээр л олзоо булаалдсан хоёр хүнд гарын тэмцэлд туслах төдий ажил болоод байвал цаашдаа яах ?
“Байснаар байж ч болохгүй, байснаараа байхгүй байж ч бас болохгүй. Асуудал энд л байна” даа, хэн минь!
2022.12.07
Сэтгэгдэл (1)
DR. PRADHAN (102.89.22.96)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW