Жагсагч залуус МАН-аас өөр аж

“Үр хүүхэд-ирээдүй хойчийнхоо жаргалын төлөө тархиа ширгэтэл, чөмгөө дундартал амь биеэ хайрлахгүй зүтэгнэ” гэх андгай тангаргаар төр засгийн оргилд асдаг. Сонирхолтой нь жаргуулах амлалт биелж байлуу? Амныхаа хэмжээгээр амласнаа ажил болгоогүйдээ гэмшдэг билүү? Өндөр сэнтийд заларснаар хариуцлага хүлээдэггүй-халдашгүй дархан эрхтэй бардам бүлэглэлийн тогтолцоо залуусын жагсаалаар ганхав уу яав.

Цахилгаан станцууд, төмөр замаа гацаагч, “Хөгжлийн банк” тоногч, өнгөрөгч парламентын ждүч, өнөөгийн парламентын нүүрсч 76-г “хулгайчдаа гараад ир” гэж өөрсдийгөө ирээдүй-хойч үе гэж уухилсан бацаанууд 20-30 хэмийн хүйтэнд осготлоо жагсаад 7 хоног тарсангүй. Тэсгим жаварт олон хоног даарсан журамлагч цагдаа залуус ч бас өөрсдийгөө ирээдүй хойчис гэсэн аятай бээрсэн жагсагчдыг өмөөрсөн царайтай тэсгим жаварт хөлөө хөдөөхгүйн тулд хүйтэн чулуун талбай дээр мөн 7 хоног тэвхцэв. “УИХ-ын гишүүд цөм хулгайчид” гэж жагсагч жаалууд болих янзгүй орилолдоно. Энэ бүгд эрх баригчдад гарцаагүй морилох хүйтэн совин, иргэдэд айсуй бүлээн билэг дэмбэрэл нүүрлэлээ гэж өтөл бид билэгшээв.

Ялагдаж үзээгүй коммунист, баригдаж яваагүй хулгайч МАН-маажвал МАХН, нүүрсний 40 ихнаядын хулгайгаа ЖДҮ-гийн хулгай шигээ башир аргаар замхруулна гэж жагсагч залуус егзөр тэмцлээр төөнөх нь олзуурхам. Эрх баригчдын луйвар хулгайд цөлмүүлж, үнийн өсөлтөөр хоосорсон хүн ам залгамж халааныхаа зориглолыг уухайлах нь өширхүү. Хэнэггүй монголчууд 40 ихнаядыг тоолж үзээд, цочирдсондоо төлүүлнэ гэж сарлагтвал ч үр дүн шүү. Тэглээ ч 100 жилийн чекист нам хулгайгаа сэгсрээд ялнаас сугарах нь дамжиггүй. Нэрсээ зарладаг хулгайчид гэж байх уу.

МАН золигт гаргах жараахайгаа ч олов. Мэдээж АН-аас. Орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшдэг АН-аас УИХ-д сонгогдсон нэг гишүүн торойж буй нь том олз. МАН түүгээр туг тахиж 40 ихнаядын хулгайгаа түүнд чихэхээр эхний дугаарт шуудрав. 40 ихнаяд ганц хулгайчид хэт хүнд ачаа харагдахаас гадна 40 ихнаядыг ганц хулгайч иджээ гэх нь эргэлзээтэй, үнэмшил төрүүлэхгүй. Тиймээс золигт гаргах өөр ганц хоёр хулгайч АН-аас олох хойшлуулашгүй шаардлага гарав. 

Тавантолгой ордын нийт талбайн 95,5 хувьд төрийн өмчит "Эдэнэс тавантолгой” ХК, 4,1 хувьд “Энержи ресурс” хувийн өмчит ХХК, дөнгөж 0,4 хувьд орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК үйл ажиллагаа явуулдаг. Талбай нь дөнгөж 0,4 хувь жижиг компанид 40 ихнаядын ял үүрүүлэхдээ хулгай нь баригдаж бажигдсан гишүүд сайд нар сийхгүй. Дараа нь хулгайч компани гээд нийгэмчлэх хоёр дахь тусгай ажиллагаа шулуудна.

МАН-аас УИХ-ын гишүүн асан Л.Энхболд 268 мянган тонн нүүрсний хулгай сөхөж байсан намтраараа од болов. Хаа л бол хаа түүний ярилцлага өдөр болгон цацагдаж буй. “Хулгайчийг бариарай” гэж түүнийг найдвартай шүгэлддэг гэж МАН-ын енб дарга Амарбаясгалан онцолж магтаад буй нь Л.Энхболдын онилсон Ажнай, Амарбаясгалан даргын хорхойг гозгонуулаад байх шиг. Өмнөговьчуудын эзэмшдэг орон нутгийн “Тавантолгой” ХК-ийг төрд авах далд санаа Л.Энхболдын шүгэлтэй уялдав гэх хардлага төрүүлэв. Өмнөговьчууд минь “Тавантолгой” ХК-ийхаа 51 хувийн өмчөө Л.Энхболдын ардахь бүлэглэлд алдуузай. Та нарын өмч надад сохор зоосны хүртээлгүй ч-өмч хувьд байх нь эрх чөлөө-аз жаргал шүү.Соц. нийгэмд насыг элээж, хаширсан хүний хувьд зөвлөж байна.

“Хулгайчийг бариарай гэж хулгайч хашгирдаг” гэж амтай болгон ярих болсонд би сүүлдээ эргэлзэж, хулгай хийдэггүй хүн ч хулгайчийг бариарай гэж хашгирна биз дээ гэж дургүй хүрсэн юм. Гэтэл хулгайчийг бариарай гэж хулгайч бусдаас чанга хашгирдаг нь ортой аж. Л.Энхболд УИХ-ын гишүүн байхдаа ЖДҮХС-гаас 1,3 тэрбумын зээл охиныхоо нэр дээр компани байгуулж 2016 онд авсан бол, 2018 онд “Хасговь транс” ХК-д 950 саяыг авсан бөгөөд өөрийн эзэмшлийн банк бус санхүүгийн байгуулгаараа өндөр хүүтэй зээл тарааж, мөнгө угаасан нь тогтоогдсон эрхэм гэнэ. Олон жил хамтарсан үнэнч туслагчаа шоронд суулгаж, өндөр настай эцэг эхийнх нь байрыг барьцаанд тавьж зээл авсан гэх мэт хэвлэлээр цацагдсан луйвар хулгайг нь товчилъё. Л.Энхболдын шүгэл өдгөө мэдээллийн дуулианд гоцолж, “хулгайчийг бариарай гэж хулгайч чанга орилдог” гэх үгтэй үгүйсгэх аргагүй тохирлоо. Хэрэв шүгэлдэгч өөрөө нүгэлгүй бол “шүгэлдэх” уг нь хилэнцгүй, тэр ч бүү хэл, буянлаг үйлс юмсан. 

Жижиг бизнес эрхлэгчдийн боломжийг хулгайлсан гишүүд ял сонсох бүү хэл бүгд 2020 оны сонгуулиар дахиад гишүүн болсон. Гишүүнд нэрийг нь дэвшүүлээгүй ганц хоёр ждүчдийн нэг нь Л.Энхболд агаад МАН түүнийг хумс хуруугаа хурцлах “тэтгэлэгт сургалтаар” төрийн өмчөөр бульдагч чинээлэг компаниудын толгойлогч “Эрдэнэс Монгол”-ын дэдээр өргөмжлөв. Төрийн өмчит далай баян компаниас хумслах дадлага ч гэмээр. Юутай ч тэр энхрий хайрт намдаа төлөөсөө төлж, өмнөх хулгайгаа баллахаар дайчин довтолж байна. УИХ-д нэр нь дэвшээгүй ждүчид том том албанд заларсныг эдүгээ нүүрсний хулгайн дуулианы эгзэгтэй үед санаад авахад илүүдэхгүй шүү.

Ждүчдээс ингэхэд хэн зэм хүртлээ. Миний мэдэхээр Б.Батзориг. Ямар Батзориг гэж үү? “Баянзүрх дүүрэг цагаан арслан шүтээнтэй. Баянзүрх хайрхан банхар нохой савдагтай. Банхар хөшөө босгосноос хойш тус дүүрэгт хүүхдийн эндэгдэл эрс буурч, гэмт хэрэг огцом багассан” гэх цитатаараа алдартай Б.Батзориг. Тэгвэл нүүрсний 40 ихнаядын хулгайгаас хэн хэнийг нэрлэх вэ гэх шахаа өдгөө МАН-ын хоолойд тээглэсэн яс болжээ. Нэрлэе гэвэл МАН бүх хулгайчаа мэднэ. Гагцхүү тэдний нэрийг зарлах МАН-д үхэл. Гэхдээ ашиглахгүй тойрдог гарц тэдэнд бий. Хуулийн байгууллагаар шалгуулаад хэн нь гэм буруутай, хэн нь гэм буруугүй гэдгээ тогтоолгох сэжигтнүүдийн нэрсийг зарлаж яагаад болдоггүй билээ Оюун-Эрдэнэ ээ, Нямбаатар аа. Хосоо гүйцэд арчуулаад буртаггүй нь нотлогдсон эрхмүүдийн рейтенг улам өсөх бус уу? Шалгалтаар буруугүй нь батлагдсан шударга ариун гишүүдээ 2024 онд дахин сонгоё. Тиймээс сэжигтнээр татагдсан гишүүд-сайдуудынхаа нэрсийг зарлаад, далиманд нь хулгай нь тогтоогдсон новшнууд илэрвэл тэднээсээ сал. МАН-д ийм л ашигтай шаардлага залуус тавиад байгаа. 

Хулгай нь шүүхээр шийдээгүй байхад нэрс зарлах боломжгүй гэх болхи хаацайлалтаа ялгаж салга. Сэжигтнээр шалгагдаж буй эрхмүүдийн нэрсийг зарлаад олон хоног жагсаж даарч бээрсэн залуусаа тараа. Сэжигтнүүд хэн байсныг шалгалтын эцэст мэдье гэсэн шаардлагыг зориуд бүү мушгиж гуйвуул. Энэ чинь шалгуулахгүй гэсэн-хулгайчдаа хамгаалж хууль завших ов мэх. Жагсагчид нэр нь зарлагдсан сэжигтнийг хилсээр заавал хулгайч болгох гээгүй. Залуус МАН-аас шал өөр. МАН-ын байр суурь: АН-ых учраас Ажнай, Адъяасүрэн хоёрыг зарлах, бусад сэжигтэн МАН-ых тул зарлахгүй гэсэн байр сууриа чанд нууцлах. АН-ын хоёрт үүрүүлэхэд 40 ихнаяд хэт их тул 40 ихнаядыг ёоёо гэтэл багасгах. Тэгснээр МАН цэвэр мултрах.

“Манай намд нүүрс хулгайлсан хүн байхгүй” гэж МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн улалзав. Нэгдлийн дарга маркын хөдөөний баагийд нийслэлд загнуулах хүн-ардчиллын зуунд ховорджээ. Хүлцэнгүй даруу малчдаа дорд үзэн доромжилж сурчихсан коммунист дарга нарыг жагсагч даварсан бацаанууд бачимдуулж буй нь мэдээж. Хүн амаа дарангуйлах бус хүн амдаа үйлчлэх засаглалд суралц МАН-ынхаан. Танай намаас ажнай Бат-Эрдэнэ, Адъяасүрэн нарын анзааны хулгайч хэд тодрох бол? 62-уулаа тодорвол яанаа та нар. ХХI зууны дэлхий дахины ардчиллаас халдвар авсан монгол залуус та нарт хууртах ч үгүй, та нарыг давруулах ч үгүй.

Шинэлэг тэмцэл хэдэн өдөр нугараагүйд өвгөн зохиолч баясаж суугаа нь зарим хүнд тохигүй харагдаж байгаа. “Энэ муу үхэж буй зөнөг бас хажууд нь юу ч вэ” гэж ад нь хөдөлж буйг өтөлсөн болохоос үхсэн биш би мэдэрч байна. “Хүч”-ээр бус “зөв”-өөр ялах цаг айсуйг өвөө нь баяртай угтахаар хүлээнэм. 30-40-өөр яригдаж буй нүүрсний хулгайчид ЖДҮ-гийн араас замхрахыг тэвчих ёсгүйг уншигч нартаа уриалах-зөвхөн ганц зорилгоор өвгөн би үүнийг бичив. Ажнай Адъяасүрэн нарыг хаацайлах гэсэнгүй. Тэдний хэрэг хуулиараа шударга шийдэгдээсэй гэж залбиръя.

Танай аймгийн засаг дарга асан МАН-аас УИХ-д сонгогдсон Наранбаатар гишүүний ярианаас эш татъя: орон нутгийн Тавантолгой компаний 51 хувь манай Өмнөговь аймгийнх, 49 хувь нь хувьцаа эзэмшигчдийнх. Зуун хувь төрийнхийг бодвол хяналттай. Олон мянган хувьцаа эзэмшигч хуралдаа сууна. ТУЗ-даа төрөөс 5, хувьцаа эзэмшигчдээс 4 хүн асуудлаа шийддэг. Манай нутгийн жижиг Тавантолгойн хувьд үйл ажиллагаа нь ил тод явагддаг. Орон нутгаа санхүүжүүлдэг. Мөргөцгийн асуудал гэж яригддаг. Би бол уул уурхайн мэргэжлийн хүн биш. Тухайн уул уурхайн удирдлагуудын ярьж хэлэхийг сонсож байсан. Эрдэнэс Тавантолгойтой манай Тавантолгой яг хил залгаа. Олборлолт хийхэд хөрс хуулалт, янз бүрийн ажил гардаг. Уурхай тэлэлт хийдэг. Хүнд машин механизмууд гарах болохоор зам гаргана. Тэр хооронд нөгөө уурхайнхаа газар луу нэвтэрч ордог. Жилийн эцэст нүүрсний асуудлаа мөнгөөр өгөх үү, ижил хэмжээний чанартай коксжих нүүрс өгөх үү гээд төлөөд явдаг. Энэ нь Эрдэнэс тавантолгой, жижиг таван толгой ч гэлтгүй хил залгаа оршдог бусад уурхай-Нарийн сухайт МАК, Өсөх зоос гээд хөрс хуулалтаас авахуулаад нүүрсний асуудал гарч байдаг. Гэтэл нүүрсний хулгай гэж яриад байх юм. Ийм их хэмжээний нүүрс хилээр хараа хяналтгүй гарна гэдэг юу л бол. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улс хил гааль, тагнуул, хилийн цэрэг гээд бүгдээрээ тэнд байхад бүгдээрээ харахгүй хулгайн нүүрс гараад байна гэж байхгүй. Орон нутгийн Тавантолгой Өмнөговийг тэжээж байгаа,.. Улсад их хэмжээний татвар, орлого төвлөрүүлж байгаа,.. өмнөговийн ард түмний уурхайг энэ дуулианаар төрд авах санаархал яваад байгаа... өмнөговьчууд бид хатуу тэмцэнэ.

Жич: “Тавантолгой” ХК сүүлийн 20 жил топ татвар төлөгчөөр жил бүр шалгарсан аж ахуйн нэгж. Улсын болоод аймгийнхаа төсвийг бүрдүүлдэг уул уурхайн шилдэг компани. Өмнөговь аймаг хэдхэн хоногийн өмнө 2023 оны төсвөө баталсан бөгөөд 675 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 275 тэрбум төгрөгийг улсын төсөвт татаас хэлбэрээр өгөхөөр ИТХ-аараа шийдвэрлэв. Энэ төсвийн ихэнхийг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК өгч буйгаараа уурхайчид болоод хувьцаа эзэмшигчид бахархдаг. Тус компаний бизнесийн үйл ажиллагаа тогтвортой өрнөж, улсын ба аймгийн төсвийг бүрдүүлэхэд сүүлийн үед өрнөөд буй мөнгөний шуналд бузартсан тэмцэл компаний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхлэв. 

Эцэст нь хэлэхэд: үүнийг бичигч өвгөн би бээр хулгайч жараахайг өмөөрөөгүйгээ дахин өчих ялдамд тэднээр туг тахьсан аюулт акулууд ял завшаад төрийн толгойд даналзахтай огт эвлэрэхгүй. Энэ бол зохиолчдын уламжлалт нийтлэг хөтөлбөр. Миний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь би биш, тэсгим жаварт жагсагч үр хүүхэд минь. “Монгол ялна” гэх цитат Х.Баттулга нар ялна гэсэн андгай гээд зөрүүд зөнөг би “жагсагч залуус ялна” гэе. Залууст амжилт хайрла Гомбогүр минь.

2022-12-10

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)