АНУ “Patriot” цогцолбороо Украинд нийлүүлэхээр бэлтгэж байна

ВАШИНГТОН. /BBC/. Вашингтон агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Patriot” цогцолбороо Украины Зэвсэгт хүчинд нийлүүлэх тухай "гэрээний бэлтгэл ажлыг эцэслэж байна" гэж телевизийн "CNN" компани болон "Reuters" агентлаг АНУ-ын засаг захиргаан дахь эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. 

 

Эх сурвалжуудын мэдээлснээр, холбогдох шийдвэрийг энэ долоо хоногт гаргаж магадгүй байна. 

 

Пентагоны төлөвлөгөөг АНУ-ын Ерөнхийлөгчид гарын үсэг зуруулахаар хүргүүлэхийн өмнө Батлан хамгаалахын сайд Ллойд Остин батлах ёстой. Ийм зөвшөөрөл хүлээгдэж байгааг гурван албан тушаалтан "CNN" -д баталжээ.

 

Украины Зэвсэгт хүчин хэдэн ийм төхөөрөмж хүлээж авах боломжтойг "CNN"-ий эх сурвалж хэлээгүй байна. “Patriot”-ын нэг суман радар, команд штабын машин, туслах техник болон тус бүр нь дөрвөн пуужин бүхий найм хүртэлх төхөөрөмжөөс бүрддэг гэдгийг сэтгүүлчид сануулж байна.

 

11 дүгээр сарын сүүлчээр ОХУ эрчим хүчний байгууламжуудад нь дахин цохилт өгсний дараа Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Украины Зэвсэгт хүчнийг агаарын довтолгооноос хамгаалах шинэ системээр аль болох хурдан хангахыг холбоотнуудаасаа хүсжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)