Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая

Гадаад орнуудтай 2022 онд хэрэгжүүлсэн дээд өндөр хэмжээний айлчлалуудыг хүснэгтээр толилуулснаа үргэлжлүүлье. Энэ удаа Монгол-Японы харилцааг хөндөе.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаас сэдэвлэсэн мэдээлэл, ажиглалт дүгнэлтээ буулгая. Монгол-Японы харилцааны түүх гэж бичвэл барагдахгүй урт түүх буй. Дипломат харилцаа тогтоосныхоо 50 жилийг тэмдэглээд, дараагийн 50 жилийнхээ замын зургийн зарчим, үндэслэл, гарцыг томъёлчихлоо. Нэгэн зуунаар түүх бүтээж байна. Ардчиллын 32 жилд энэ түүх ямагт дардан замаар, эерэг гэгээтэй мэдээгээр дүүрэн явж иржээ. 

2022 оны гадаад харилцааны өрнөлтүүдийн “хаалт”-ыг (ажил хэрэгчээр тайлагнах гэх үү) Төрийн тэргүүн Хятад, Японд Төрийн айлчлал хийж хэрэгжүүлснээс хоёр айлчлалыг харьцуулан ажиглаж ийм дүгнэлт хийлээ. 

1) БНХАУ бол гарцаагүй уул усаар холбогдсон хамгийн ойрын хөрш маань. Найрсаг хоёр хөршийн харилцаа ямар байх ёстой, тийм хэмжээнд хөгжүүлж чадсан, хил залгаа, гэхдээ тэнцвэргүй их бага хоёр улс бусад улс орнуудад үлгэр жишээ болохоор жишиг харилцаа хөгжүүлэхийн төлөө хамтдаа байна.

2) Тэгвэл Япон нь алсад орших гуравдагч хөрш, хиллэдэггүй. Түүхэнд бүрхэг бараан үеүд (“1939 он”, “1945 он” гэх мэт) байсан, гэвч өнөөгийн өндөрлөгөөс харвал Азид орших том жижиг (их, бага) хоёр улс найрамдах нөхөрлөхийн үлгэр жишээг үзүүлж чадаж байна, стратегийн түншлэлээ шинэ шатанд гаргалаа. Жагсааваас иж бүрэн стратегийн түншлэлтэй Хятад, Оросын араас Япон жин нөлөө, түвшингээрээ бичигдэх боллоо.

“Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэлийг заалт, шад бүрээр нь уншаад үзээрэй. Стратегийн түншлэлийн дараагийн дээд шат нь “иж бүрэн” гэх тодотголтой байх учиртай бол, бид хамтдаа “алтан дундаж”-ийг олоод “тусгай” гэсэн тодотгол хийчихлээ. Хоёр хөршдөө хар суулгахгүй, гэхдээ Монгол Улсын гадаад бодлогод гурвуулаа нэг зиндаанд гэж ойлгогдохоор “алтан дундаж” юм даа. Үүгээрээ бид 2022 онд гадаад бодлогын тэнцвэрүүдийг маш оновчтой хангаад иржээ. Айлчлалуудыг аваад үзэхэд тэгж бууж байна. Хоёр их хөршийн дунд “алтан дундаж” бүхий тэнцвэрийг барьж чадлаа. Хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хооронд бас “алтан дундаж” бүхий тэнцвэрийг барьж чадаж байна.  

сонин mn

Гарчгийг би яагаад “ах дүүгийн найрамдал” гээд авчихсан юм бэ гэдэгт хариулт хэлье. Энэ бол Токиод Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлж томъёолсон шинэ нэршил, тодорхойлолт, шууд утгаараа бол харилцааны түвшинд өгч буй Монгол Төрийн үнэлгээ байлаа. “Ах дүүгийн найрамдал” гэдэг алдрыг өмнө нь хэнтэй холбож ярьдаг байлаа. Далан жилийн түүхийн жим татуулсан Монгол-Зөвлөлтийн найрамдалтай дүйцэхүйц харилцааг бид Японтой тогтоож чадлаа гэсэн утгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын бүх арга хэмжээ чиглэгдэж байлаа гэж би гэрчлэх гээд байна. Японы Ерөнхий сайдтай хийсэн хэлэлцээ, хамтарсан хэвлэлийн хурал, Хамтарсан мэдэгдэл, Японы Эрхэм дээд Эзэн хаантай уулзсан, тэгэх тэгэхдээ нэг өдөрт 6 удаа уулзаж, 6 удаа “Сайн байна уу?”, 6 удаа “Баяртай” гэдэгтээ тулна гэдэг, Морин хуурын чуулгын сэтгэл догдлом тоглолтыг Японы Эрхэм дээд Эзэн хаан, Эрхэм дээд Хатан таалан соёрхоно гэдэг тэр бүр тохиолддоггүй “үзэгдэл” юм гэнэ лээ. Японы ГХЯ-ны хариуцлагатай танил дотно нөхдөөсөө сонссоноо би хэлж байна.  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Ф.Кишида нарын албан ёсны хэлэлцээ “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” хөгжүүлэх уур амьсгал дунд явагдав. Хоёр хөршийн маань хувьд эмзэглэн хүлээн авдаг нэг асуудал бий. Тэр нь  “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н үзэл санаа юм. Гэвч манай улс түүнийг дэмждэг, бүр 2018 онд ноён У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар Японд айлчлах үедээ ч дэмжлэгээ илэрхийлсэн. Тэр үзэл санааны хүрээнд “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” байгуулахын төлөө байгаа нь нэг ёсондоо  хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хооронд “алтан дундаж” бүхий тэнцвэр барьж чадаж байгаагийн илэрхийлэл болно. “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н үзэл санааны авторууд дотор цаана нь АНУ, Энэтхэг, Австрали гээд манай улсын гуравдагч хөршүүд бий.  

 

Хамтарсан мэдэгдэлийн заалт, шад бүрийг задлахад ийм чухал үгс нүднээ бууна. “Япон нь дэлхийн улс орныг түүчээлэн дэмжлэг туслалцаа үзүүлсэн”, “хоёр улсын харилцаа үсрэнгүй хөгжив”, “эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий “Стратегийн түнш” болсныг дахин нотлов”, 1996 онд “Иж бүрэн түншлэл”, 2010 онд “Стратегийн түншлэл” байгуулсан гэхчлэн. 

 

Цаашаа хамтын ажиллагааны тэргүүлэх ба дагалдах чиглэлүүд ингэж буужээ: 1. Улс төр, аюулгүй байдлын салбар. Харилцан ойлголцол гүнзгийрч, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж ирсэн; 2. Япон нь Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарыг тууштай дэмжиж ирсэн тэргүүний хандивлагч улс мөн. Монгол нь Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг анх удаагаа байгуулсан, Японоос Монголд харилцаа, холбоо, тээвэр, логистикийн салбарт томхон хөрөнгө оруулалт хийж, эдийн засгийн хамтын ажиллагааг нягт хөгжүүлж ирсэн; 3. Боловсрол, соёл, хүмүүнлэг, иргэд хоорондын харилцаа, “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд найрсаг солилцоо, харилцан ойлголцол гүнзгийрч, бүхий л салбар дахь хүний нөөцийг дэмжих хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэв; 4. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хоёр талын нягт хамтын ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн үйл явцад илрэлээ олж, бодит түвшинд хөгжиж байна гээд хэргээр 5 дахь заалт болгож 2011 онд Японы зүүн бүс нутаг байгалийн гамшигт нэрвэгдэх үед Монгол, монголчууд нэн даруй тусламжийн гараа сунгасан зэргээр харилцан хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж ирсэн гэжээ.

 

Хамтарсан  мэдэгдэлийн дараагийн хэсэгт ийм нэг санаа буй. Монголын ойр дотно “гуравдагч хөрш” болох Япон нь Монголын хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулж ирсэний сацуу сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд “Энх тайванч улс”-ын хувиар хувь нэмэр оруулсныг Монгол Улс өндрөөр үнэлэв гэсэн нэг ёсны дүгнэлт юм. “Энх тайванч Япон” гэсэн шинэ нэршил харагдана. 

 

Манай улс хоёр их хөршөөр хүрээлэгдсэн (нэг ёсондоо хашигдсан), тэр хоёр нь нийгмийн байгуулал ба улс төрийн тогтолцооны хувьд Ардчилсан Монголтой тэр бүр авцалдах албагүй, гэтэл газар зүйн онцлогоо үл харгалзан монголчууд эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг үнэт зүйлсээ хамгаалж, олон улсын хамтын нийгэмлэгт хувь нэмрээ оруулан, нэр хүндтэй байр суурь эзэлсээр ирснийг Япон өндрөөр үнэлэв гэжээ. Нийтлэг үнэт зүйлстэй түнш улс орнуудын хувьд “эрх чөлөө, ардчиллын мөн чанар”-ыг хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, хамтдаа хөгжих хүсэл эрмэлзэлтэйгээ нотлов гээд цаашаа тэмдэглэжээ.

 

Хамтарсан мэдэгдэлд ингэж даруухан тэмдэглэсэн болохоос аман хэлэлцээ, бусад уулзалтууд дээр “монголчуудын ардчилалд үнэнч байгаа”, “өдий хүртэл гуйвж дайвалгүй түүндээ үнэнч байсаар ирсэн”-д гайхшран бахдсан, баярласан үгс бишгүйдээ нэг сонсогдож байв. Зарим нэг уулзалт дээр “ийм их дарамтан дор ардчиллаа хамгаалсаар ирсэнд их баярлалаа” гэсэн үгс ч дуулдаж байв. Ардчиллаасаа бүү ухраасай гэсэн уриалга ч яваад байх шиг.

 

Олон улсын харилцаа тун амаргүй байна, бүр ноцтой байна гээд тиймийн жишээг Украин дахь дайн хэмээн ноён Ф.Кишида хэлж байв. Манай Ерөнхийлөгч мэдээж тэр үгсийг давтахгүй, төвийг сахисан байр сууринаас хоёр талын харилцаагаа голлож ярьсан. Гэвч Хамтарсан мэдэгдэлд “талууд бүс нутаг, олон улсын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж байгаа үед хуулийн засаглалд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг хадгалж, бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг бий болгох, энх тайван, тогтвортой байдлыг хангах”-ын төлөө байгаагаа нотолсон. “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг байгуулахаар санал нэгдсэн нь ч тийм зорилготой. “Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа” гэсэн хэсгийг уншихад хариулт нь аяндаа харагдана.

 

“НҮБ-ын дүрэм, хуулийн засаглал”, “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл”,  “НҮБ-ын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа”, “Энэ хүрээнд энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын Зэвсэгт хүчнийг чадавхжуулахад чиглэсэн Япон Улсын дэмжлэг”, “Бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад энэхүү үйл ажиллагааг үргэлжлүүлэх”, “Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй эдийн засгийн шинэ сорилтыг даван туулахын тулд эдийн засгийн аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаа”, “Хүний эрхийг хамгаалах олон талт хамтын ажиллагаа”, “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг тууштай мөрдөж, бэхжүүлэх”, “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статус”-ыг дэмжих, “Монгол Улс “Хирошимагийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний дагуу цөмийн зэвсгийг хураах чиглэлээр Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-гийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжиж, цөмийн зэвсгээс ангид байх дэлхий ертөнцийн төлөөх олон улсын эрдэмтдийн зөвлөл байгуулахыг сайшаах”, “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах хүрээнд БНАСАУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг бүрэн хэрэгжүүлж ажиллах”, “хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх”-ийг уриална гэхчлэн бичээтэй буй.

 

“НҮБ-ын дүрэм, улс орнуудын бүрэн эрх болон эрх тэгш байх зарчим, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, заналхийлэл болон хүч хэрэглэхийг хориглох тухай олон улсын эрх зүйн өндөр ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Энэ үүднээс Украины ард түмний зовлон бэрхшээлд санаа зовниж байгаагаа илэрхийлэв” гэдэг заалт энд анхаарал татна. “Украины ард түмний зовлон бэрхшээл” гэсэн нь битүүхнээр хамтын байр сууриа илэрхийлчихсэн мэт. “НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенцод заасны дагуу усан болон агаарын хөлөг онгоцоор чөлөөтэй зорчих зэрэг эрх болон эрх чөлөөт байдлыг тууштайгаар хэрэгжүүлэхийн чухлыг онцлов” гэсэн нь “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н үзэл санааны тусгал ч юм шиг.

сонин mn

“Хүнд чиглэсэн хөрөнгө оруулалт” гэх утга санаа айлчлалын үед харамгүй яригдлаа. Энэ бол шинэлэг үзэгдэл юм. Бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь нь “хүн”  хэмээн санал нэгдэж, Монголын хүний нөөцийг хөгжүүлэх, цаашид ард түмэн хоорондын солилцоо, харилцан ойлголцолыг гүнзгийрүүлнэ. Ялангуяа хоёр улсын ирээдүй хойч үеийг түүчээлэх залуучуудын солилцоог гүнзгийрүүлнэ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад ойжуулах төсөл болон 20 мянган монгол хүүхэд, залуустай мод тарих үйл ажиллагаа зохион байгуулах гээд заажээ.

 

Сэдэвт шууд бус хамаатай гээд би өмнөх нийтлэлдээ эшлэсэн дээ. “Монголд ажилч хичээнгүй хүнд хийх ажил олон байна” гэсэн гарчгаар Монголд дүрвэн ирсэн орос залуус ажиллаж буй тухай. Манай эх орныг зориод ирсэн гадаадын ямар ч иргэн иймэрхүү ойлголттой байдаг, тийм ойлголттой буцдаг. Хийх ажил асар их байна, захаас аван байна, түүнийгээ хийхгүй байна гэсэн яриа хөөрөө, нөхөрсөг шүүмж бишгүйдээ сонсож явлаа, япон иргэд ч ил далд нөхөрсгөөр хэлж ярихыг сонссон. Тэр өнцгөөс бичиж уриалъя. Зовж бүтээсэн Монгол-Японы энэ харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, тэгэх тусмаа япончууд яг олоод харчихсан-монголчуудыг чадваржуулах, хөдөлмөрлүүлэх, монгол хүн рүү нь чиглэсэн хөрөнгө оруулалт хийнэ гэж байгаа дээр нь бид эндээсээ ажилч хичээнгүйгээр тосч аваад хэрэгжүүлээсэй гэсэндээ бичиж байна.  

 

Хамтран ажиллах салбар чиглэлүүд ч тодорхой байна: 1) Улс төр, аюулгүй байдлын салбар (батлан хамгаалахын инженерийн техникийн хамтын ажиллагаа); 2) Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шаардлагатай хамтын ажиллагаа; 3) Хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг–Чингис хаан аэрпортын менежмент, агаарын тээврийн чиглэл нэмэгдүүлэх; 4) Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал, эрдэс баялаг, ялангуяа газрын ховор элементийн хайгуул, олборлолт, эрчим хүчний тулгамдсан асуудал шийдвэрлэх, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох; 5) Хүнд чиглэсэн хөрөнгө оруулалт гэжээ. 

 

Хоёр хөрштэй тогтоосон харилцааг би нэрлэхгүйгээр ерөөсөө гадаадаас хэт хамааралгүй болгоход нь Японоор туслуулах, нүүрс-химийн аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллаж, хүрэн нүүрснээс ус төрөгчийн эрчим хүч гаргаж авах, ерөөсөө нүүрсийг хувиргаж бүтээгдэхүүн болгох бүх чиглэлд Монгол-Япон-магадгүй Австралийн гурвалсан хамтын ажиллагаа өрнүүлэх гээд цаашид бидний зүгээс анхаарах асуудал олон байна.  

 

Ийнхүү хоёр улсын шинэ түүхийг бүтээлцэхийн төлөө хүсэл эрмэлзлээ илэрхийлж нотолсон айлчлалын тухай өгүүлэхэд товчхондоо ийм байна.

 

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)