БНАСАУ “стратегийн шинэ зэвсэг”-т ашиглах хөдөлгүүр туршсанаа мэдэгджээ

ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ “стратегийн шинэ төрлийн зэвсгийн системд” ашиглах “хатуу түлшээр ажилладаг, хүч ихтэй хөдөлгүүр” амжилттай туршлаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ. 

 

Тус агентлагийн мэдээлж буйгаар, 140 тоннын түлхэлтийн хүчтэй, хатуу түлшт хөдөлгүүрийн статик галын туршилтыг 12 дугаар сарын 15-ны өглөө “Сохэ” сансрын буудалд амжилттай явуулжээ. "Энэхүү чухал туршилтын үр дүн нь стратегийн шинэ төрлийн зэвсгийн системийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, техникийн найдвартай баталгааг" өгсөн гэж KCNA онцолсон байна. 

 

Туршилтыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун удирдсан байна. Тэрбээр "стратегийн дахиад нэг шинэ төрлийн зэвсгийг тун удахгүй бүтээнэ” гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр, БНАСАУ энэ онд хамгийн олон удаа пуужингийн туршилт явуулжээ. Тухайлбал, тус улс 11 дүгээр сарын 18-нд тив алгасагч "Хвасон-17" пуужинг туршсан. БНСУ-ын цэргийн шинжээчдийн мэдээлснээр, уг пуужин нь 15 мянга гаруй км нисэж, АНУ-ын эх газарт тусах чадалтай байна хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)