Л.Оюун-Эрдэнэ: Өнөөгийн нөхцөл байдал бидэнд нам төр хоёроо нэгэн зэрэг өөрчлөн байгуулах дуудлага тулгаж байна
- 2023-01-04
- Нийтлэл
- 1
ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛИЙН СЭДВҮҮД (ТЕЗИС)
Монгол Улсын өмнө тулгараад байгаа хямралт байдалд үнэн зөв, бодит дүгнэлт хийж, хямралаас гарах зарчим, арга замуудыг тодорхойлох цаг болсны учир дараах улс төрийн сэдвүүдийг (тезис) ард түмэндээ толилуулж байна.
Тулгамдсан асуудал, дүгнэлт
- Манай төр, эдийн засаг, нийгмийн болон улс төрийн систем хямралт байдлаас системийн эвдрэл руу шилжин орсон нь илт байна. Энэхүү нэн аюулт төлөв байдлаас урд өмнө хэрэглэж байсан төрийн удирдлагын уламжлалт арга, арга барилаар гарах боломж шавхагджээ.
- Манай улсад сүүлийн 30 гаруй жил оршин тогтсон улс төрийн систем гүн гүнзгий хямрал, эвдрэлд орж, эдүгээ түүнийг гарцаагүй шинэчлэн өөрчлөх шаардлагатай болов.
- Хямрал манай нийгмийн бүх хүрээг хамарч буй боловч хамгийн хүнд нь улс төрийн хүрээ буюу төрийн тогтолцооны хямрал юм. Төрийн тогтолцооны хямралыг шийдэж чадвал бусад хүрээний хямралыг шийдэж чадна.
- Өнөөдөр тулгамдсан хямралт асуудлыг урьдын адил хойшлуулж, өнгө будгийн засвар хийх нэрийдлээр ужигруулах, архагшуулах боломжгүй. Ингэх тусам хямралт асуудлууд хэсэг хугацааны дараа улам хүнд, улам хор хөнөөлт хэлбэрээр илрэн гарч системийн нуралт болох нь дамжиггүй.
- Энэ бол ардчилал, тусгаар тогтнол хийгээд үндэсний оршихуйд учирсан бодит аюул занал юм. Иймээс бид өнөөдөр тулгамдаад буй хямралт асуудлыг одоо л амжиж шийдвэрлэхгүй бол бид цаашаа урагш ахих боломжгүй нь нэн тодорхой байна.
- Ардчиллын бодит үзүүлэлтүүд байнга буурч, үндэсний аюулгүй байдлын үзүүлэлтүүд аюулын ирмэгт ирсний шалтгааныг манай улс төрийн системийн голлох хүчин МАН, АН хоёрын, одоо бол МАН-ын үйл ажиллагаанаас ангид үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл өнөөгийн хямрал, дампуурлын гол хариуцлагыг МАН-ны дээд удирдлагаас өөр хэн ч хүлээх ёсгүй.
- Өнөөгийн сүйрэлт төлөв байдлын гол учиг нь МАН-ын (хэдэн жилийн өмнө бол АН-ын) “толгой” буюу удирдлагын дээд хэсэг анх зарлан тунхагласан зорилт, зарчмаасаа ухарч, амин хувийн ашиг завшаан эрэлхийлэгч, нам болон төрийн эрх мэдлийг олон жил ээлж халаагүй эзэгнэгч хэт явцуу, хаалттай бүлэг болон хувирсан явдал мөн.
- Энэ хаалттай, явцуу бүлгийг манай ард түмэн олигархи, МАНАН, ЖДҮ, банкны луйвар, нүүрсний хулгай гэж олон янзаар нэрлэж буй боловч түүний агуулга нь МАН, мөн АН-ын удирдах дээд хэсгийг хэлж байгаа нь ойлгомжтой.
- Эдүгээ үндэсний болон нийгмийн эрх ашгийн үүднээс энэхүү явцуу бүлгийн хязгааргүй, хуваарьгүй, ээлж халаагүй ноёрхлыг халах явдал бид бүхний өнөөгийн зорилт болж байна. Энэ дүгнэлт МАН, АН-д хамаатай боловч шийдлийн хүндийн төв МАН-д ногдож байна.
- Эрх мэдлийн хэт төвлөрөл бий болгосон, үндэсний болон нийгмийн баялгийн хуваарилалтад монополь давуу эрх тогтоож дангаараа хянах болсон, боловсон хүчний бодлогыг явцуу хүрээллийн хэмжээнд хүртэл гажуудуулсан, хууль, хүчний байгууллагуудыг улс төрийн зэвсэг болгосон зэрэг үндсэн шалтгааны улмаас МАНАН бүлэглэлд эвдрэл гарсан нь тодорхой байна.
- МАНАН бүлэглэлийг гаднын хэн нэгэн биш, харин өөрсдийнх нь гүн гүнзгий дотоод зөрчил, хэрүүл тэмцэл, зөрчилдөөн задлаж байна. Харин ч манай ард түмэн, нийгэм дэндүү их тэвчээртэй байж, хангалтай удаан хүлээсэн бөгөөд цаашид тэвчихгүй гэдгийг онцлон дурдаж байна.
- Эдүгээ Монгол Улсад сүйрэлт байдлаас гарч, Эх орондоо бодит бөгөөд жинхэнэ ардчиллыг сэргээн тогтоох үйлс эхлүүлэх нийгмийн захиалга бий болжээ.
Энэ бүхэн нь тогтолцооны шинэчлэл хийхийг зүй ёсоор шаардаж байна. Би МАН-ын дарга бөгөөд Засгийн Газрын Тэргүүний хувьд тогтолцооны шинэчлэл гэдэгт дараах зорилтыг ойлгож байна:
- Хамгийн эхлээд улс төр, эдийн засаг, төрд бугшсан явцуу бүлгийн монополь эрх мэдлийг задалж, эрх мэдлийн ардчилсан, ил тод, тэнцвэрт шударга байдлыг хангах.
- Байгалийн болон нийгмийн баялгийн ашиглалт, хуваарилалт, түүний механизмыг нууц, далд, гэмт хэрэгжсэн хэлбэр болон явцуу бүлгийн мэдлээс салган гаргаж, ил тод, шударга, бүх нийтийн хяналтын систем бүрдүүлэх.
- Улс төр болон бизнесийн салбарын зааг, хүрээ, ялгааг нэн тодорхой, ил тод, шударга болгож, тоглолтын шинэ дүрмийг бүх нийтийн болон хамтын оролцооны зарчмаар шинэчлэн тогтоох.
- Улс төрийн нам гишүүдээ өмгөөлөн хамгаалах дүрмээр заасан үүргээ илт тодорхой гэмт хэргийг хаацайлах, дарагдуулах явдал болгон хувиргаж, хууль завхруулж байгааг таслан зогсоох.
- Гадаадын эрх ашгийг монгол үндэстний эрх ашгаас дээгүүр тавих хийгээд үндэсний ашиг сонирхолд харш буюу хортой олон улсын гэрээ, хэлэлцээр хийх явдлыг таслан зогсоож, энэ салбарт хатуу хяналт тогтоож, буруутныг цээрлүүлэх.
- Нам болон төрийн албанд дүрмийн бус, хууль бус шалгуураар томилдог явдлыг таслан зогсоож, Төрийн албаны хуулинд хатуу чанд шалгуур тогтоох. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа төрийн байгууллагын албан тушаалтан гаргасан буруу шийдвэрийнхээ хариуцлагыг хуулийн дагуу хүлээх зарчмыг хэрэгжүүлэх.
- Намуудын дотоод ардчиллыг сэргээн тогтоох, шинжлэх ухаанд түшиглэх.
- Намын боловсон хүчнийг залуужуулах, ахмад дунд залуу үеийн зохист харьцааг хатуу баримтлах. Намын боловсон хүчнийг үзэл санаа, эрдэм мэдлэг, боловсрол, ажил хэргийн шалгуураар шилж сонгох зарчим хэрэгжүүлэх.
- Намын ажлыг гишүүд, дэмжигчид, намын боловсон хүчний идэвхи санаачлага, өргөн оролцоонд тулгуурлан явуулах.
- Намын удирдлагын хэт төвлөрөл, захиргаадалтад тулгуурласан арга, арга барилыг үндсээр нь өөрчилж, намын олон түмний санал бодлыг судлах, түүнийг шийдвэр гаргахад заавал харгалзах.
- Сонгуулийн хуулийг нэн даруй шинэчилж, сонгогч иргэдийн саналыг мөнгөөр худалдан авдаг, элдэв аргаар залилан луйварддаг бусармаг явдлыг хаах.
- Манай төрийн тогтолцооны суурь гажуудал нь “цэвэр” Ерөнхийлөгчийн биш, “цэвэр” Парламентын биш, харин завсрын “саармаг” тогтолцоо бүрэлдэж, засаглалын тэнцвэр байнга алдагдаж байгаад оршино. Харин бидэнд парламентын сонгодог тогтолцоо хэрэгтэй байна.
Өнөөгийн нөхцөл байдал бидэнд нам төр хоёроо нэгэн зэрэг өөрчлөн байгуулах дуудлага тулгаж байна. Тогтолцооны шинэчлэлийг хийх нь зайлшгүй үйлс боловч амар хялбар зүйл биш. Гэсэн хэдий ч тогтолцооны шинэчлэлийг эхлүүлэх нь хамгийн чухал нь юм.
Иймээс дэвшүүлэн буй тогтолцооны шинэчлэлд санаа оноогоо уралдуулж, түүнийг хэрэгжүүлэх эхлэлийг дэмжиж оролцохыг Та бүхнээс уриалж байна.
МАН-ын дарга, Засгийн Газрын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ.
2023 оны 01 дүгээр сарын 04
Сэтгэгдэл (1)
Сод (183.177.103.174)
EРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙ ОНЦ ИХ ХУРЛЫГ ЗАРЛАН ХУРАЛДУУЛЖ АРД ТҮМНИЙХЭЭ ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖСАН СОНГОХ . АРД ТҮМЭН ТӨРӨӨ ШУУД УДИРДАХ СОНГОЛТЫГ НЬ НЬ ӨГНӨ ҮҮ!!! ТА НАРААС БИД ҮҮНИЙГ Л ХҮСЭЖ БН. ҮҮНИЙГ НЭХСЭН ЖАГСАГЧДЫГ ЦАГДАА ЦЭРГЭЭР СҮРДҮҮЛЭХЭЭ БОЛИНО УУ????