Монгол Улс болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжлээ
- 2023-01-12
- Улс төр
- 0
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2023.01.11/ хуралдаанаар “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцээрийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Улс орнууд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр гадаад улсын нутаг дэвсгэрт хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагааг гүйцэтгүүлэх боломжтой болж, хэрэг маргааныг үр дүнтэй шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Монгол Улс одоогийн байдлаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр нийт 23 улстай хоёр талт 36 олон улсын гэрээ байгуулсан бөгөөд үүний 16 нь иргэний хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ юм.
Монгол Улс БНХАУ-тай 1989 онд “Иргэн эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод үйлчилдэггүй аж. Иймээс Монгол Улсын иргэд БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод суралцах ажиллах, бизнес болон аяллын зорилгоор зорчих, оршин суух явдал нэмэгдсэнтэй холбогдуулан Монгол Улс БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хооронд иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээр байгуулахаар Макаогийн талтай тохирч, төслөө 2019 онд эцэслэсэн байна. Макогийн тал хэлэлцээрийн төслийг эцэслэн хянаж гарын үсэг зурахад бэлэн болсноо 2022 онд мэдэгдсэн хэмээн Х.Нямбаатар сайд танилцуулав.
Хэлэлцээрийн төсөл нь 19 зүйлтэй. Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх үндсэн зарчим, харилцах журам, эрх зүйн туслалцаа үзүүлэх хүрээ хязгаар, шүүхийн болон шүүхийн бус баримт бичгийг хүргүүлэх, нотлох баримт цуглуулах, шүүхийн даалгавар биелүүлэх, баримт бичгийн бүрдүүлбэр, тавигдах шаардлага, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт заасны дагуу Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр нь Улсын Их Хурлаар соёрхон батлах олон улсын гэрээ юм байна. Иймд Олон улсын гэрээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан соёрхон батлах олон улсын гэрээг байгуулах гэрээнд гарын үсэг зурах шийдвэрийг Засгийн газар, Улсын Их Хурал, холбогдох Байнгын хороодод урьдчилан зөвшилцөнө гэж заасны дагуу хэлэлцээрийн төслийг танилцуулж байгаа аж.
Хэлэлцээрийн төслийг Хууль зүйн байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, уг хэлэлцээрийг нийт хэдэн улстай байгуулсан, БНХАУ-тай байгуулсан эсэхийг тодруулаад, хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улсын шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон этгээдийг тус улсаас баривчлан шилжүүлж болох уу хэмээн лавласан. Мөн манай улсын шүүхийн шийдвэр БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод хүчин төгөлдөр гэж тооцогдох эсэхийг тодруулсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Танилцуулгад дурдсанчлан Монгол Улс 23 улстай эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ байгуулсан. 23 улстай эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцах 20 гэрээ, иргэний хэргийн талаарх харилцан туслалцах 16 гэрээ байгуулсан. Монгол Улс БНХАУ-тай 1989 онд Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ байгуулсан. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод БНХАУ-тай байгуулсан Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ үйлчилдэггүй зохицуулалттай. Тийм учраас бид нэмж Макаотой гэрээ байгуулахаар 2017 оноос хойш хэлэлцээр үргэлжлээд, өнөөдөр эцэслэх шат руугаа орж байна. Сүүлд авсан мэдээллээр БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод Монгол Улсын таван иргэн ял эдэлж байна. Эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцах гэрээ байгуулагдсан тохиолдолд эдгээр ялтнуудыг Монгол Улсад ялыг нь үргэлжлүүлэн эдлүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг. Шүүхийн шийдвэрүүдийг харилцан хүлээн зөвшөөрөх асуудал энэ хэлэлцээрийн хүрээнд явагдана. Монгол Улсаас оргон зайлсан эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа этгээд Макаод байгаа нь тогтоогдсон тохиолдолд Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээнийхээ дагуу тухайн этгээдийг шилжүүлэн авах эрх зүйн үндэслэл энэ гэрээгээр нээгдэх боломжтой гэсэн хариулт өгсөн.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)