Иранд 30 сэтгүүлч саатуулагдсан хэвээр байна

ТЕХРАН. /AFP/. Иранд өрнөж буй эсэргүүцлийн жагсаалтай холбоотой шалтгаанаар баривчлагдсан 30 сэтгүүлч саатуулагдсан хэвээр байгаа талаар Техраны сэтгүүлчдийн холбооноос лхагва гарагт мэдээлжээ.

 

Өнгөрсөн оны есдүгээр сард 22 настай Махса Амини гэх бүсгүй толгойн алчуураа зохисгүй зүүсэн гэх шалтгаанаар ёсзүйн цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа нас барсан явдлаас хойш тус улсад дөрвөн сар орчмын турш жагсаал өрнөж байна.

 

“Есдүгээр сарын дунд үеэс хойш 70 орчим сэтгүүлч баривлагдсан. Тэдний зарим нь батлан даалтаар суллагдсан бол 30 сэтгүүлч байцаалт өгөхөөр саатуулагдсан хэвээр байна” гэж сэтгүүлчдийн холбооны мэдэгдэлд дурджээ.

 

Саатуулагдаж буй сэтгүүлчдийн нэрсийн жагсаалтад М.Аминигийн хэргийн талаарх мэдээллийг ил болгоход оролцсон сэтгүүлчид болох Нилуфар Хамеди, Элахе Мохаммади нар багтсан байна.

 

Сэтгүүлчдээс хамгийн сүүлд спортын сэтгүүлч Эхсан Пирборнашт ял оноосон талаар “Hammihan” сонинд лхагва гарагт мэдээлжээ. Түүнийг ямар хэрэгт буруутгасан талаар тодорхой дурдаагүй ч 18 жилийн хорих ялаас 10 жилийг эдлэх ёстой хэмээн сонинд бичжээ. 10 дугаар сарын эцсээр Ираны 300 гаруй сэтгүүлч, гэрэл зургийн сурвалжлагч эрх баригчдыг хэвлэл мэдээллийн салбарынхныг баривчилж, иргэний эрхийг нь зөрчиж байгааг буруутгасан мэдэгдэл гаргаж, хамтран зүтгэгчдээ суллахыг уриалж байсан юм хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)