Л.Гантөмөр: АН эмхрэх нь монголчуудын ашиг сонирхол

АН-ын ҮБХ-ны гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.


-АН-ын Үндэсний бодлогын хороо(ҮБХ) маргааш хуралдахаар болжээ. Танай нам бүтэн болоход ямар шийдэл байна вэ?

-Эвлэрэхийн тулд эхлээд тойрч суугаад ярилцах шаардлагатай. Тиймээс 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг УИХ дахь АН-ын бүлэг санаачлан зохион байгуулсан. Хэд хэдэн удаагийн уулзалт боллоо. Гишүүд маань гомдол, саналаа ярилцаж байна. Аль болох хоорондоо шийдвэрлэж болох асуудлууд руугаа орж байгаа. Маргааш буюу нэгдүгээр сарын 13-нд ҮБХ-ны хурлаа хийнэ. Эндээс шийдвэр гаргах ёстой. Шийдвэрээ Улсын дээд шүүх(УДШ)-ээр зөвшөөрүүлэх процесс үргэлжилнэ. Тоймлоод хэлбэл, тойрч суугаад санал бодлоо хэлж, албан ёсны хурал зохион байгуулж, гарц шийдлээ ярилцана. Мэдээж АН үнэт зүйл дээрээ нэгдэнэ. Энэ бол хүний эрх, эрх чөлөө. Монголын ард түмэн Монголын төрийг барих гэсэн хоёр зарчим байгаа. Ийм хоёр үнэт зүйлээ цаашлаад ардчиллаа хамгаалахын тулд бид Монгол Улсынхаа хөгжил дээр төвлөрч байна. Монгол ядуу, буурай байгаагаас ардчилал эрсдэлд ороод зогсохгүй унах аюултай болллоо гэж дүгнэсэн. Тиймээс бид Монгол Улсынхаа хөгжлийн гарц, гаргалгааг тойрч суугаад ярина. Орлогоо нэмэгдүүлнэ, эдийн засгаа өсгөнө. Орлого нэмэгдүүлэх, эдийн засаг өсгөх дээр бид юу хийх хэрэгтэйгээ ч ярилцаад явна. Энэ бол бидний итгэл үнэмшил гэж ойлгож болно

-Сөрөг хүчингүй эрх баригчид ямар байдгийг өнөөдрийн улс орны байгаа байдал, том, том мөнгөн дүнтэй хэргүүд бэлхнээ харуулж байна. Тэгэхээр АН даруйхан эвлэлдэж сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх чинь л нийгмийн захиалга болчихоод байна шүү дээ?

-Сөрөг хүчин гэдэг бол аль ч нам эрх барьж байх үед алдаа засах, хяналт тавихад хэрэгтэй. Цар тахлын үеэр манай улс мэдээллийн хаалттай орчин руу шилжсэн. Хил хаагдсан. Хойно дайн гарсан. Ерөнхийдөө ийм хаалттай систем рүү шилжихээр үр дагавар нь маш их авлига дэлгэрдэг юм байна. Төмөр зам, нүүрс, банкны зээл дээр ямар их авлига үүрлэсэн нь ил болсон. Мэдээлэл байхгүй, бүх юм хаалттай байхаар Монголын нүүрс, зэсийг яг хэн худалдаж аваад байгаа нь бүү мэд.

Монголын алт яг хаана зарагдаад байгаа нь бүрхэг. Мөнгө нь яаж орж ирээд, хаашаа гараад байгаа нь хүртэл таг. Энэ нөхцөл байдал баахан хүмүүс хулгай хийх том боломжийг олгосон. Нөгөө талд нь ард түмэн ядуурдаг.

Сөрөг хүчин гэдэг бол зүгээр нэг сөрөгч биш. Сайн зүйлийг дэмжих хэрэгтэй. Муухай урсгалыг сөрж зогсож сурах хэрэгтэй юм байна л даа. Сөрөг хүчин бол ард түмнийхээ талд байж, дуу хоолойг нь парламент, засаг дээр илэрхийлж байх учиртай. Энэ дутагдахаар хаалттай нийгэмд шилжиж ямар аюултай болдгийг нэг байгууллагын албаны даргын гэрээс гарч байгаа мөнгөн дүнгээс харж болно. Цаашлаад нэг хурган даргын гадаадад оруулсан хөрөнгө оруулалтын дүн зэргээс гээд харахад энэ бол тоо тоймшгүй дүр зураг. Яг хаалттай нийгэмд ийм л зүйл болж байгаа. Тэр нь Монголд ч бэлэн байгаа юм байна. Иймд ирэх сонгуульд аль нам нь ялахаас үл хамаараад сөрөг хүчин нэлээд хүчтэй байх хэрэгтэй. Сөрөг хүчин гэж муу муухай урсгалыг сөрж чаддаг хүчийг хэлж байгаа юм. Авлига, ядуурал, ажилгүйдлийн урсгал, хариуцлагагүйн зуд ирэх юм бол сөрөөд зогс. Ард түмнийхээ талд сөрөөд зогсох ийм функц байхгүй болохоор нөгөө талд авлигын үерт бүгдээрээ живж байна шүү дээ. Өнөөдөр нүүрсний хулгай, хил гаалийн хяналт замбараагүй хэвээр байна. Дунд шатны албан тушаалтнууд дураараа архидан цэнгэж, ард түмний зовлон дээр бүжиглэж байна.Тиймээс АН эмхрэх нь монголчуудын ашиг сонирхол. Эмхрүүлэх нь бидний үүрэг хариуцлага.

-Манай нийгмийн болохгүй бүтэхгүйд Үндсэн хууль буруутай байна. Тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй гэж эрчимтэй ярих болжээ. Энэ онд ээлжит бус сонгууль явуулах сууриа тавиад байна уу?

-Эрх баригч хүчний монголчуудад гай болж байгаа зүйлүүдийг дээр нэрлэлээ шүү дээ. Тэрийгээ өөрсдөө зогсоож чаддаггүй юм байна. Тиймээс сонгууль руу яарч магадгүй. Бид тогтолцоо ярих юм бол ардчилсан нийгмээ аварч үлдэнэ гэдэг алтан зарчим дээр асуудлыг хөндөх хэрэгтэй. Алтан зарчим нь ард түмэн төр барих. Үүнээс хэзээ ч гуйвж болохгүй. Төлөөллөөрөө төр барина. Үүнээс дайжиж болохгүй. Энэ хоёрын хажуугаар тогтолцоо гээд өөр юм сэдэж байгаа хүмүүс байна шүү дээ. Коммунистууд, марксистууд, социалист гээд олон ургальч үзэлтэй хүмүүс байна. Гэхдээ бидний зарчим бол ард түмэн төлөөллөөрөө төрөө барина аа. Тэр төр барих хугацаа хэмжээ хязгаартай байна. Хариуцлага алдвал хариуцлага хүлээлгэдэг тэр тогтолцоог авч үлдэнэ. Энэ бол суурь зарчим. Яагаад авлига, албан тушаал, ядуурал, ажилгүйдэл гаарсан нь төрийн албаны ёс суртахуунгүйн ноёрхолд өртөөд байгаа юм.

-Ёс суртахуунлаг төрийг яаж бий болгох вэ?

-Ёс суртахууныг баталгаажуулах зүйл бол хариуцлага. Өмнө нь ёс суртахууны алдаа гаргаад хулгай дээрэмд холбогдсон хүмүүс дахиад дарга болгодгийг зогсоох ёстой. Монголд нууц юм байхгүй, бүгдээрээ л мэдэж, харж байгаа. Систем хүнийг гоё сайхан болгодог гээд байдаг. Хүний түүхийг харвал системээс илүү ухамсар нь аварсан. Ухамсарлах хамгийн чухал. Ядаж л боддог баймаар байна. Гэтэл манайхан бодохоосоо өмнө хэрэлдэж, зодолдоод байдаг. Өнөөдөр энд жагслаа, маргааш нь хууль батлагдлаа. Ямар ч бодохгүй байгаа биз дээ. Бүх зүйл сэтгэл хөдлөлөөр явж байна. Монголын нийгмийг сэтгэл хөдлөлөөр удирддаг болгох гээд байгаа юм. Өнөөдөр Үндсэн хуулиа өөрчлөөд дахин сонгууль явуулж, бид дахиад төрийн эрх барья гээд байгаа нь МАН-ын вакум. Хөгжлийн зорилгоо мартаад дарга болох, тамгатай байх сонирхол дээрээ хөтлөгдөөд байна. Иймд вакумнаасаа гарахын тулд буцаад зорилгоо сайн ярьцгаа. Дээр нь хариуцлага тооцдог системээ хар. Боддог механизм яаж бүрдүүлэхээ хар. Зөвшилцөл яаж явахаа хар. Ёс суртахуунлаг төрийг яаж бүтээхээ хар. Ингэж логиктойгоор харах хэрэгтэй. Юу юугүй шуураад байх юм.

-Сая шинээр томилогдсон сайдууд ямар их жаргал хөөртэй байв аа. Тэд ажил хийх гэж биш, хулгай хийх гэж төрд очдог юм биш үү?

-Тэнд бодолд орж байгаа хүнийг харсан уу. Уг нь энэ цаг үед “Яана даа. Би сайдын ажлыг яаж хийнэ дээ” гэж бодолд дарагдаж, шаналж байх ёстой. Бидний үед дөрвөн жил сайд хийсэн хүний үс нь халцраад, цал буурал толгойтой болоод буудаг байлаа шүү дээ. Тэгтэл одоо баярын шампанск тулгадаг албан тушаал болгож хувиргаж байгаа нь аюул. Хариуцлагын систем байхгүйтэй л холбоотой. Ард түмэн рүүгээ орохгүй байна. Очиж уулзахгүй байна. Мөн чанарыг нь олж харахгүй байна. Ямар амьдралтай, яаж амь зууж байгааг нь олж харахыг хүсэхгүй байна. “Арчаагүйдээ ингэж амьдарч байгаа нь тэд нар” гэж хэлэх гээд байна. Хүнийг шахаад байвал хүн ямар ч амьтанд хувирч болдог. Хүнийг дэлгэрүүлээд байвал гэгээнтэн болж болдог. Төр нь ард түмнээ шахаж, боломжуудыг булааж аваад байна. Албаны даргын гэрээс гарч байгаа 7.3 тэрбум төгрөг компаниуддаа үлдсэн бол хичнээн хүн ажилтай байх уу. Хичнээн хүн цалинтай байх уу.

-Гэтэл цалингаас хүртэл татвар авдаг боллоо...

-Энэ бол Монголд хариуцлага хүлээгээд өндөр цалин авдаг хүнгүй байгаасай гэж хүсч байгаа хэрэг. Хариуцлага хүлээж, баялаг бүтээж байгаа хүн л өндөр цалин авна биз дээ. Сайн хөдөлмөрлөж байгаа хүн Монголын хөгжил. Харин ч арван саяас дээш цалинтай иргэдээ урамшуулдаг систем бодохын оронд торгодог механизм руу орж байгаа нь нөгөө л бодохгүй байгаагийн тод жишээ. Арван саяын цалин авч байгаа хүн ямар их хөдөлмөрлөж, яасан их юм бодож, хичнээн зөв шийдвэр гаргаж, ямар их баялаг бүтээж байна гээч. Тийм учраас түүнд компани өндөр цалин өгч байна. Цалингаас нь татвар аваад байхаар хөдөлмөрөө сайхан үнэлүүлээд явъя гэсэн зорилготой залуучуудын замд чулуун хана өрж эхэлж байна. НДШ-ийг бас нэмж байгаа нь цалин битгий өг гэсэн үг. Бид яавал өндөр орлоготой болох тухай л бодох ёстой. Өндөр орлого гэдэг бол бүтээмжээ л дагадаг зүйл. Яаж бүтээмжийг нь дээшлүүлэх тухай л бодож байх хэрэгтэй.

-Халамжийн сэтгэлгээгээр хүмүүжүүлэх сонирхол эрх баригчдад бий?

-Энэ бол үндэстнээ мөхөөх л бодлого. Жишээлбэл, Монгол төрийг нураадаг хэд хэдэн жишээ байдаг. Халх, ойрадаар нь хуваадаг манж, оросуудын технологи байна. Яс үндсийг нь төрсний гэрчилгээн дээр бичдэг нь бас л монголчуудыг талцуулж, хагалах бодлого. Үнэгүй юм тараадаг нь бас л монголчуудыг ядууруулдаг бодлого. Зүгээр л түүхий эдийн орон байлгах сонирхолтой. Гадны нөлөөтэй ажиллагаа нь зогсохгүй байгаа юм. Түүнээс ажил бүтээе гэсэн өчнөөн зуун мянган залуус бий. Тэдэндээ сайхан урам өгөөд, тус дэм үзүүлээд, хань болоод явахын оронд НДШ-ээс нь идэлцэнэ. Авч байгаа цалингаас нь татвар авах санаа хэний толгойд оров оо. Аймшгтай тэнэглэл. Харин ч зуун сая төгрөгийн цалин авч байгаа хүнээ ерөөгөөд сууж байх ёстой. Тэр мөнгөөрөө буцаагаад байшин худалдаж авна, зөндөө хөрөнгө оруулалт хийнэ шүү дээ. НДШ-ийг харин ч яаж бууруулах тухай бодмоор байгаа юм. НДШ буурвал хүмүүс цалингаа илүү өгдөг болно. Хөдөлмөр жинхнээсээ үнэлэгдэж эхэлнэ. Өнөөдрийнхөө тоонд баригдаад халамж руугаа яваад, сайн нэр олоод нөгөө гараараа хөгжлөө боомилоод байдаг байж болохгүй. Хөгжил дээрээ түлхэцээ өгөөд нөгөө гараараа ядарсан улсууддаа туслах нь зөв. Гэхдээ хөгжлөө боомилсон хавтгайрсан халамж гэж хэзээ ч байж болохгүй. Гадны тусгай байгууллагын ажиллагаа ороод байгаа шүү гэдгийг харах ёстой.

-Танай намын дотоод асуудал руу эргээд оръё. ҮБХ-ны маргаашийн хурлаас ямар үр дүн хүлээж болох вэ. УДШ рүү бичиг цаас хүргүүлнэ гэж байсан. Өмнө хоёр талаас баахан хүргүүлсэн нь буцсан гээд байгаа. Одоо та бүхний хүргүүлэх хүсэлт эрх зүйн хувьд хүчин төгөлдөр байж чадах уу?

-Дахиж буцаахгүйн тулд их эвлэрэл хийе гэдэг санаачилга гаргасан. Үүнийг бүгд зөвшөөрчихмөөр байгаа юм. Зөвшөөрөхгүй гэсэн хүмүүс дараагийн сонгуульд Ардын нам ялаасай, монголчууд сөрөг хүчингүй байгаасай, энэ амьдрал доройтоосой гэж байгаатай яг адилхан. Ардчилсан нам эмхрээд монголчуудынхаа төлөө байж чадах уу. Эсвэл тархай бутархай хэвээр МАН-ыг ялуулж өгдөг улс төрийн хүчнээр үлдэх үү гэдэг сонголтын өмнө байна. Үүнийг ард түмэн харж байгаа. Тиймээс миний хувьд ҮБХ-ны хурал АН-ын эцсийн шийдвэр болоод явах байх гэдэгт итгэж байгаа.

-С.Эрдэнэ, Х.Баттулга нар нэг талд гарчихаад Эв нэгдэл ажлын хэсгийг хууль бус гэж үзээд байгаа юм биш үү?

-Ер нь бол эсрэг зүйл байхгүй. Хувь хүмүүсийн сүүдрээс гарч байгаа. Бие даасан хүн хэн хэн байна вэ. Ядаж УИХ-д сууж байсан хүмүүс нь хариуцлагаа хүлээе л дээ. Аймаг, дүүргийн ИТХ-д байсан улсууд хариуцлагаа хүлээх ёстой. Тэр улсуудыгаа хэн ч биш гээд “Би ганцаараа мундаг” гэвэл жинхэнэ солиорол биз дээ. Тэгэхээр солиорол, АН-ын олонх хаана байгаа хоёр бол ялгаатай. Маш их ялгаатай. Олонхын шийдвэр гаргах нь ардчиллын зарчим. Бид гишүүдийнхээ төлөө энэ намыг амь оруулах гэж байгаа. Цаашлаад Монголын төлөө амь оруулна. Том зургаараа улсаа хөгжүүлнэ. Гэтэл тархай бутархай, хуваагдалтай байлгая, олонх цуглаж болохгүй, би шийднэ гээд байж болохгүй л дээ. Арай ч ийм эсрэг үйл ажиллагаа хийхгүй байх. Ер нь АН-ын хуваагдал бол ковидын үеийн хаалттай нийгмийн үр дүн. Уулзаж чадахгүй болохоороо 2020 оны сонгуульд АН ялагдчихлаа шүү дээ. Хаалттай нийгмийн үр дагаврыг ардчиллын лидерүүдийн зохиомлоор бий болгосон зодоон юм шигээр хармааргүй байгаа юм. Энэ улсууд бол бурууг цааш өөгшүүлээд явахгүй байх. Улс төрийн эр зориг гаргах байх. Намаа гэсэн багахан бодол байгаа байх. Сэтгэл зүрх нь хаачихав дээ. Уруул дордойвч элэг дордойхгүй гэдэг дээ. Тиймээс намаа эв цаванд нь оруулах ажил маань бүтчихвэл бүгд л баярлах байх.

-Сүүлийн үед АН-ын тамганы асуудал дахиад сөхөгдсөн. С.Эрдэнэ Ц.Туваанд тамгаа шууд шилжүүлж өгсөн нь хууль зөрчсөн юм биш үү. Гишүүдээ цуглуулж, хурлын шийдвэрээр асуудлыг шийдэх ёстой байсан уу?

-Хуулийн үг үсэг тойрч яриад байвал яг л еэвэнгийн хоёр тал шиг. Яриад байх юм бол яриад л байна. Цаг ухраагаад байвал энэ маргаан, мэтгэлцээнд ялагч байхгүй. Улс төрийн нам бол үнэт зүйл дээрээ нэгдсэн хүмүүсийн эвлэрэл. Энэ эв нэгдэл улс төрийн намын хуулиараа даргатай байна. Дарга нь сонгогдоно. Сонгогдсон хүнийг нь УДШ бүртгэдэг юм байна. Өнөөдөр АН даргагүй байна. Даргаа сонгоё гэж байгаа. тиймээс би тэр хуралд н оролцъё гэж байгаа юм. АН даргатай болчихвол Монголын ард түмний тодорхой хэсгийнх нь санаа амарна. Амьдрах урам зоригтой болно.

-Өнгөрсөн хугацаанд АН эмх цэгцэндээ орох гэж нэлээд үзлээ. Гэвч фракциудын ашиг сонирхол нэгдэж чадаагүй. Энэ удаад заавал ажил хэрэг болгохгүй бол сонгууль ч хаяанд ирлээ?

-Үр дүн чухал. Ардчилал бол олонхийн зарчимтай. Тодорхой үр дүн гарчихвал олонхоо дагана. Үр дүн гарахгүй бол хүн болгон “Би чухал хүн шүү” гэж хэлэх байх. Миний хүсэл бол “Би” гэдэг өвчнөөсөө манай намынхан салах хэрэгтэй. “Миний юм” гэдэг шуналаасаа ангижрах хэрэгтэй. Монголчуудынхаа саруул ухаанд итгэх хэрэгтэй. Сонгогчид болон АН-ын гишүүд хэрсүү болсон. Өнөөдрийн маргаан мэтгэлцээн байлгүй л яахав. Ямар ч байсан хэдүүлээ эхлээд даргатай болоод авъя. Даргатай болоод авах юм бол бүх өвчин илааршина. Бүх хүмүүс байр байрандаа очно. АН-ынхныг толгой дээгүүр алхахыг хармаар байна. 30 жилийн улс төрийн өрсөлдөөн гэдэг бол хүний амьдралын бараг тал хугацаа. Ардын намынхнаар чичлүүлээд баймааргүй байна шүү дээ.

-Ардын нам бас танайхыг нэгдүүлэхгүй байх сонирхолтой. Дээд шүүхэд нөлөөлөл үзүүлж ирсэн гэдэг. Тийм боломжтой юу?

-Хэрэв тэгэх юм бол Монголын ардчиллыг жинхэнэ булшилна гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ хүмүүс Монголын зовлонг ганц намаараа даахгүй. Эрх баригчид бас тэнэг хүмүүс биш. Ур ухаанаа гаргаж байж төрийн толгойд очсон улсууд биз дээ. Эд нарын саруул ухаан бол байгаа байх. Хэрэв мулгуу байдлаар хандвал болно. Мулгуу байх уу, саруул ухаантай байх уу гэдэг нь сонголт. Сонгууль хаяанд ирсэн учраас энэ хүмүүс сонголтоо хийх байх. Дахиад 60 суудалтай засаглахыг Монголын ард түмэн зөвшөөрөхгүй. МАН ч өөрөө энэ ачаагаа даахгүй бутарч унана. Нийгэм буруудаад байвал бүгд буруудна. Зөв тийшээ алхах юм бол зөв дээрээ очно. Нуур амгалан бол нугас амгалан гэдэг дээ. Монголчууд элэг бүтэн, сэтгэл зүйн хувьд тогтвортой байхын тулд парламент дээр хоёр том улс төрийн хүчин мэтгэлцэж, маргалдаж байх хэрэгтэй. Сөрөг хүчин сөрөөд муу үйлийг таслан зогсоох чадалтай байх нь Монгол төрийн аврал, тусгаар тогтнолын баталгаа болчихоод байна шүү дээ. Гэтэл хоёр хөрш хүнд байдалтай байна. Хойд талд цөмийн дайн, 2023 оны хамгийн том эрсдэл ирж болзошгүй байдал. Ингээд харах юм бол Монгол дотооддоо зодолдох ямар ч шаардлага байхгүй. Нэг аюул нь МАН дотор гадны явуулга ороод нөгөө л монголчуудыг жалга довоор нь хуваадаг шиг “АН-ыг устга” гэдэг явуулгад өртөж магадгүй. Тэгж өртсөн тохиолдолд бид дахиад 20 жил Монголын хөгжил дэвшлийн талаар ярих боломжгүй. Сая хаалттай нөхцөл байдал дотор гадны гар хөлүүд ямар их шургалсныг олоод харчихсан шүү дээ. Заримдаа бид дийлдэг л байхгүй юу. Амархан, Төрийн гурван өндөрлөгийг хооронд нь хов зөөгөөд зодолдуулчихна. МАН ганцаараа ноёрхоод АН үхээнц байдалтай байх нь Монголд асар хохиролтой байна, өдөр тутамд гарч байгаа том, том гэмт хэргүүд нотолж байна. Үүнээс том нотолгоо байхгүй. Хичнээн их мөнгө тараалаа даа. Гэтэл ард түмний амьдрал улам их унаж байна. Энэ ард түмэн чинь ирээдүйгээ хараад, хөрөнгө зоорио нэмье гэсэн зорилготой ажил хийнэ. Цаашид нэг намын дарангуйлалд байх юм бол хэн ажил эрхлэх, бизнес хийхийг хүсэх юм бэ. Хэн Монголд хөрөнгө оруулж баялаг бүтээхийг зорих юм бэ. Тиймээс бид монголчуудынхаа, намынхаа гишүүдийн саруул ухаанд итгэнэ. Бидэнд үлдсэн зүйл бол итгэл. Итгэл, сэтгэл хоёр мохоогүй болохоор миний бие ажлын хэсэгт оролцоод явж байгаа.

-Ямар ч дайралт, галыг өөртөө авч чадах хүн АН-ыг цааш авч явна гэж улс төрийн хүрээнийхэн, судлаачид ярьдаг л даа. Иймд АН-ын даргад хэд хэдэн хувилбар яригдсаар ирсэн. Таны хувд нэр дэвших үү?

-Манай нам Монгол Улсын хөгжил дээр фокуслаад үүнийгээ ашиг сонирхол, итгэл үнэмшлээ болгосон. Би АН-ын их эвлэрлийн төлөө нэр дэвшинэ. Энэ суудлыг албан тушаал гэж харахгүй байгаа. Очлоо гэхэд хэн нэгэнтэй тэврэлдэж үнсэлцэхгүй. Үнэт зүйлээ хамгаалахын тулд би хойшоо суухгүй. Ачаа үүрнэ. Даргын суудалд шунаж байгаа юм огт алга. Энэ хэцүү цагт дарга байх шиг зовлонтой юм байхгүй. Гэхдээ Монголынхоо хөгжил дэвшил, бидний итгэл үнэмшил болсон ардчилсан нийгэм, ард түмэн төр барьдаг эрх зүйт төрийг хамгаалахын төлөө өрсөлдөхөд бэлэн байгаа.

М.Мөнхцэцэг

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)