Кремль: В.Путин цэрэг татлагын насыг нэмэгдүүлэх саналыг зарчмын хувьд дэмжсэн
- 2023-01-13
- Дэлхий
- 0
МОСКВА. /Kremlin/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэрэг татлагын насыг нэмэгдүүлэх саналыг зарчмын хувьд дэмжсэн, гэхдээ энэ сэдвээр Батлан хамгаалах яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл авах шаардлагатай гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков пүрэв гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.
"Үндэслэл, шалтгааныг Батлан хамгаалах яам /БХЯ/ танилцуулах ёстой. Зарчмын хувьд энэ саналыг төрийн тэргүүн дэмжсэн боловч нарийн ширийн зүйлийн талаар үндсэн эх сурвалж болох БХЯ-наас мэдээлэл авах ёстой" гэж Кремлийн төлөөлөгч хэлсэн байна.
Цэрэг татлагын насыг 18-аас 21 болгож нэмэгдүүлэх, насны хязгаарыг 30 болгох саналыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн сард гаргасан юм.
Төрийн Думын батлан хамгаалах асуудал хариуцсан байнгын хорооны дарга Андрей Картапов саяхан “Парламентын сонин”-д ярилцлага өгөхдөө, цэрэг татлагын насыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хийх бөгөөд нэг жилээс гурван хүртэл жил үргэлжилнэ гэдгийг тодруулжээ.
Түүний хэлснээр, 2023 оны хаврын цэрэг татлагаар 30-аас доош насны иргэд татагдаж магадгүй байна хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл (0)