Хувирсан Монгол хүн

Монгол хүний тухай би анх оюутан ахуй цагаас эхлэн бодох болсон юм л даа. Өмнө нь монгол гэдгээ ч сайн мэдэхгүй морин дэл дээгүүр дарцаглан давхиж явсан хөдөөний бяцхан хөвгүүн байжээ. Хожим нь оюутан болж хойд хөрш улсад суралцахаар явсан даа. Зөвлөлт Холбоот Улсад суралцахаар очсон монгол оюутнуудын дунд монгол хүний нэр хүндийг унагасан, хулгай хийдэг, архи ууж агсан тавьдаг, эх орон нэгтэнээ хүчирхийлдэг,зоддог, танхайрдагмонгол оюутанмэр сэр байдаг байлаа. Монгол оюутны нэр хүнд бусад гадаад оюутны нэр хүндээс доогуур байлаа. Сайн монгол оюутан байсан. Гэтэл яагаад саар монгол буй болчихов. Бусад гадаад оюутнууд зүгээр сайхан соёлтой хүнлэг байхад яагаад монгол хүн ийм хулгайч, худалч, танхайрагч болдог байна аа? хэмээн гайхан боддог байлаа. Түүх соёлоо ч мэддэггүй, түвшин хүнлэг сэтгэл ч байхгүй монгол хүн яагаад ийм болчихов хэмээн эргэцүүлэн боддог байв. Сайн дурын судалгаа ч хийж үзэв. Саар, сайн олон жишээ ч олж үзэв. Учир иймд монгол хүн хэн байсан юм бэ?, одоо хэн болчихов, цаашид хэн болох вэ? гэдэг талаар өөрийн үзэл бодлоо олон түмэнтэйгээ хуваалцахаар шийдэв.

Нэг. Баатарлаг монгол хүн

Эртний Чингисийн үеийн монгол хүн бол жинхэнэ монгол баатар байв. Эзэн Богд Чингис хаан дэлхийн хамгийн хүчирхэг том эзэнт улс байгуулж монгол хүнэнэ дэлхийн хамгийн хүчирхэг үндэстэн байлаа. Монголчууд бид 160 жилийн турш дэлхийн хамгийн хүчирхэг үндэстэн байв. Монгол цэргийн жанжны ухаан, монгол цэргийн хүч чадал гадаадынхаас хэд дахин илүү байв. Найман зууны тэртээх тэр үеийн монгол хүний чанар, монгол хүний ухааныг өрнөдийн алдарт жуулчин Марко Поло, Плано Карпини нар бичиж үлдээжээ. Монгол эр хүн, монгол баатарууд, монгол бүсгүйн хатан ухааныг Марко Поло магтан биширч байлаа. Монгол хүний ариун сэтгэл,агуу ёс заншлыг магтан гайхаж байлаа.Чингис, Хубилай, Бат, Аргун, Хүлэгү,Газан хааны мэргэн ухаан, хүч чадлыг Персийн бичгийн их эрдэмтэн Рашид ад Дин гайхан магтаж судар номдоо бичиж байв. 

Монголчуудын байгуулсан хот, барилга байгууламж, одон ороны төв, өртөө шуудан, цаасан мөнгө дэлхийд гайхагдаж байв. Монгол цэргийн тактик, тэвчээр хатуужил, сахилга бат, зохион байгуулалт дэлхийд гайхагдаж байв. Монголчуудын эв нэгдэл, эзэн хаандаа үнэнч байдал дэлхийд гайхагдаж байв. Гадаад улсын эзэн хаан цэрэг армиа дайнд бэлтгэж татахад гурван сар зарцуулдаг байв. Монголын эзэн хаан гурав хоногийн дотор их цэргээ татажбайлдаанд бэлэн болгодог байв.Харийн цэрэг хоногт50 бээр газар явдаг байхад монгол морьт цэрэг хоногт 300 бээр газар явдаг байв. Эзэн хаан Чингис төрд гавьяа байгуулсан хэнийг ч ялгахгүйгээр төрийн албанд дэвшүүлж шагнадаг байсан бол харийн оронд зөвхөн гарал үүслээр нь өндөр язгуурт хүнийг дэвшүүлэн шагнадаг байв. Тэр үед монгол хүн хэлсэн үгэндээ эзэн болдог байв. Худал, хуурмаг, урвалт гэж бараг байсангүй. Эзэн хаандаа үнэнч, төр улсдаа үнэнч хүмүүс байв.Эв найртай,эрэмгий дайчин хүмүүс байв.Тэр үе бол жинхэнэ монгол баатаруудын үе байлаа.Тэр үе бол хүчирхэг монгол үндэстний үе байлаа. Энэ талаар олон ном зохиол бүтээл нэгэнт гарсан тул олныг нуршаад яахав.

Хоёр. Хүнлэг монгол хүн

Дундад зууны монгол хүн үнэхээр хүнлэг хүн байв. Ард түмнээрээ монгол ёс заншлаа мөрдөжхүнээ дээдэлсэн нийгэм байлаа. Хулгай дээрэм, хүн амины хэрэг бараг гардаггүй байв. Зочин хүнийг дээд зэргээр хүндэлдэг байлаа. Зочих хүн айлд ирвэл түүнийг шинэ хоол цайгаар дайлж хоноглох болвол ор засаж морийг нь чөдөрлөж тавиад өглөө морийг нь барьж өгдөг байв. Зочин хүнээс гэрийн эзэн хэзээ ч “Чи ямар хэргээрманайд ирэв” хэмээн асуудаггүй байлаа. Зочин ямар хэргээр явж байгаагаа өөрөө хэлэхээс нааш асуудаггүй ийм л эелдэг боловсон ард түмэн байв. Зочин хүн хоолон дээр ирвэл ямар морьтой хүн бэ гээд бүх хоолоороо дайлдаг байлаа. Зочин хүн хоол сайн идвэл баярладаг, идэхгүй бол гомддог ийм л ард түмэн байв.Эзэнгүй айлд очсон монголхүн өлсөж цангаж явж байвал тэр гэрийн цай хоолыг чөлөөтэй идэж уугаад аян замдаа цааш явдаг байв. Хэн ч хулгай хийдэггүй тул гэр нь цоожгүй, эсгий хаалгатай байдаг байв. Эцэг эхээ бурхан мэт хайрлан дээдэлдэг байлаа.Үр хүүхдээ асран өсгөдөг байлаа. Өнчин золбин хүүхэд гэж байдаггүй байв. Өнчин хүүхдийг ах эгч нар нь өргөөд авдаг байв. Хүн хорьдог шорон гэж байсангүй. Хааяа нэг хар гэрт малын хулгайчийг түр хориод сулладаг байв. Өндөр настай өвөг эцэг, эмэг эхээ бурхан мэт хүндэлдэг асардаг байлаа. Хэнийг ч баян ядуу гэхгүй, ялгалгүй тэгш сайхан сэтгэлээр ханддаг байлаа.Өлсгөлөн хүн гэж байдаггүй байв. Орж ирсэн хүн бүхнийг хоол цайгаар дайлдаг ёс бол монгол ёс байлаа. Малгүй ядуу айлд хошуу ноён нь мал өгдөг байлаа. Ирсэн хүнийг гэртээ хонуулдаг нь монгол ёс байлаа. Эд хөрөнгө хураадаггүй,идэх юм цуглуулдаггүй ард түмэн байв. Хөрөнгө идээгээ бусадтай хувааж хэрэглэдэг ард түмэн байлаа.Монгол хүн харгис байх, хараал муу үг хэлэх, ёс бус байхыг цээрлэдэг байв. Монгол хүн байгаль дэлхий, амьтан бүхнийг хайрладаг байлаа. Унадаг морь, хотоо манадаг нохойгоо хүртэл хайрладаг байлаа. Монгол хүнхолоос яваа хүнийг ихэд хүндэлж хоол цайгаар дайлдаг байв. Хорьдугаар зууны эхээр Монголд аялалаар явж байсанШведийн иргэн Ларсон гүн ингэж дурссан байдаг. Богд хаан түүнийг монголын гүн цолоор шагнасан байдаг. Нэгэн удааЛарсоналс холын европоос иржмонголын хөдөө нутгаар мориор аялан явсаар нэгэн хот айлд буужээ. Гэтэл түүнтэй таарсан ядуу айлын нэгэн монгол эмээ түүнийг ихэд өрөвдөж гэртээ оруулж цай хоолоор дайлжээ. Тэр монгол эмээ түүнийг хол газраас энэ халуунд ядарч зүдэрч яваа гадаадын хүн байна, хөөрхий. Манайдхоол унд идэж тухтай сайхан амраарай хэмээн ихэд хүндэлж байсан. Монголчууд маш их хүнлэг, энэрэнгүй хүмүүс хэмээн хэмээн дурсчээ. Тэр үеийн Монгол орон бол хүнийг дээдэлдэг, хүн төвтэй нийгэм байлаа. Хүнлэг монгол хүн ийм л байлаа.

Гурав. Бурханлиг монгол хүн

Дэлхийг эзэлж дэлхийг чичрүүлж явсан баатар монголчууд арван долдугаар зуунд зэр зэвсгээ хаяж хамгийн энэрэнгүй, хамгийн асрангуй, хамгийн хүнлэг зөөлөн хүмүүс болцгоов. Монголчууд арван долдугаар зуунд ард түмнээрээ Бурханы ариун сургаалд орцгоож Монгол орон Бурханы шажинт орон боллоо. Айл бүр Алтангэрэл судар гэртээ залж Бурхан багш , Богд ламыг шүтдэг болов. Буддын сүм хийд олноор байгуулагдаж монголчууд эрдэмт лам хувраг болцгоов.Монгол хүн хамгийн энэрэнгүй, хамгийн асрангуй, хамгийн хүнлэг хүмүүс болцгоолоо. Алтан ургийн анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарбуян номыг ихэд үйлдэжард түмнээрээ бурханлиг ард түмэн боллоо. Монгол орон Их Хөлгөний ариун орон боллоо. Ард түмнээрээ арван хар нүглийг цээрлэж, арван цагаан буяныг үйлддэг боллоо. Монгол орныг Номт орон гэцгээж байв. Тэр үед монгол хүн бүр дараах арван хар нүглийг ард түмнээрээ цээрлэдэг байв. Үүнд: 1.Амьтны амь таслах, 2.Хулгайхийх, 3.Садар самууныг үйлдэх, 4.Худал хэлэх,5. Хов үг хэлэх, 6.Ширүүн хараал үг хэлэх, 7.Чалчаа үг хэлэх, 8.Хорон санаа агуулах, 9. Ховдог шуналт санаа агуулах,10. Буруу үзэлтэй болох. Монгол хүн Бурханы сургаалиа дээдэлж сэтгэлээ ариусгаж нисваанисийн хар далайг гэтэлж буяны цагаан далайд хүрлээ. Монгол хүн байгал дэлхийгээ дээдэлж, хүнийг дээдэлж, монгол хүн өөрөө нигүүлслийн туйл боллоо. Дайчин монгол даруу монгол боллоо.Буруу үзэлт монгол Бурханы шашны зөв үзэлт монгол боллоо. Тэр үед Монгол оронд гэмт хэрэг гардаггүй тул шорон гэж байсангүй. Одооных шиг хүүхэд, бүсгүйчүүдийг шоронд хорьдоггүй байлаа. Хулгай дээрэм, хүн амины хэрэг гардаггүй байлаа. Ард түмнээрээ Бурханы шашинт монголчууд арван хар нүглийг цээрлэж арван цагаан буян үйддэг болсон тул Монгол оронд нэг ч алаан хядаан, нэг ч хулгай дээрэм гарахаа болив. Монгол орон амар амгалан энхжингийн орон болов. Монголчууд тэгш сэтгэл, асрахуй, энэрэхүй, төгс баясгалант сэтгэлийг олж, ард түмнээрээБоди сэтгэлтэн болцгоолоо. Хүнлэг монгол хүн Бурханлиг монгол хүн болов. Харанхуй ард түмэн гэгээрсэн ард түмэн болов. Харин тэр үед монголчуудын нэг хэсэг ойрд монголчууд Алтан ургаасаа урваж,Зүүнгар хэмээх тусдаа улс байгуулж,Халх Монголыг довтолж дайн хийснээс болж эцэстээ монголчууд төргүй болж Манж улсын нөлөөнд орсон юм. Эзэн хаангүй,төргүй, цэрэггүйболсон монголчууд хамаг газар нутгаа хоёр хөршид алдаж сул дорой болсон нь туйлын эмгэнэлт явдал юм.Манжийн дарлал гэж байгаагүй. Харин Манжийн нөлөө байсан. Манжийн нөлөөнөөс монголчууд 1911 онд гарч туурга тусгаар улс болсон. Гэвч “Ноёндоо итгэсээр төрөө алдах, нохойдоо итгэсээр малаа алдах, анддаа итгэсээр авгайгаа алдах” гэгчээр 1919 онд монгол түшмэдүүд төрөөсөө урваж хятадын гамин цэрэг дуудаж монгол төрөө устгасан байдаг. Урвагч ноёдоос болж улс орон минь сүйрч байв. 

Дөрөв. Монсов хүн

Монсов гэдэг нь монгол, советский гэсэн хоёр үгийг товчилсон үг юм шүү. 1921 онд монголчууд маш том улс төрийн алдаа хийж тэр алдаа нь 70 жил үргэлжилсэн дээ. Барон Унгерн жанжин хятадын гамин цэргээс Монгол орныг бүрэн чөлөөлж Богд хаант монгол төрийг 1921 оны 2-р сарын 4-ний өдөр дахин сэргээн байгуулчихаад байхад ардын намын гэсэн нэртэй хуурамч модон тамгатай хэдхэн хүн “түүгээр явсан чөтгөрийг үүгээр дуудан ирүүлэв” гэгчээр 15 000 улаан орос цэрэг дуудан ирүүлжямар ч хамгаалалтгүй байсан, гадаадын ганц ч цэрэг байгаагүй туурга тусгаар Монгол улсын нийслэл Хүрээг түрэмгийлэн эзлүүлж монгол төрөө устгачихаад оронд нь зөвлөлт маягийн улаантны харгис засаг тогтоочихсон юм. Тэр цагаас эхлэн монгол хүнийг эвдэх үйл ажиллагаа коммунизм хэмээх туршилтын лабораторид далан жилийн турш үргэлжлэв. Монгол хүнийг “зөвлөлтчлөх” буюу “советизация” хэмээн үйл ажиллагаа далан жилийн турш зөвлөлтийнхүчний нууц байгууллага НКВД хожим нь КГБ гэдэг нэртэй болсонхаргисзэвсэгт байгууллагын хатуу хяналтын дор үргэлжиллээ. Хамгийн түрүүнд монгол хүний толгойноос гарч өгөхгүй байсан Бурхан, Лам багш, Чингис хаан гэсэн гурван шүтээнийг нь устгах ажиллагаа улаантны засаг тогтносноос хойш 15 жилийн хугацаанд эрчимтэй явагдав. 25 000 лам хуврагийг хөнөөлөө. 1250 буддын сүм хийдийг нурааж шатаалаа. Хэдэн зуун сая хуудас бурханы ариун судар номыг нь шатаалаа. Чингис хааны алтан ургийн тайж нарыг хөнөөлөө. Чигч шударга Богд хаант монгол төрийн түшээдийг хөнөөлөө. Цэцэн мэргэдийг нь хөнөөж тэнэг мунхагийг нь үлдээв. Ухаант мэргэдийг нь хөнөөж урвагч гүтгэгчдийг нь үлдээв. Жинхэнэ мэдлэгтэй монгол хүн босоо монгол бичгээр Ганжуур Данжуур судар, Оюунтүлхүүр, Цаасан шувуу,Нэгэн үсгийн эрдэм ном судрыг уншиж хуучин “феодализм”-ын үнэрээсээ салахгүй байсан тул босоо монгол бичгийг нь устгав. Монголчууд дахин монгол соёл хэмээн ярихаа болив. Алтан ургийн тайж нарыг нь хөнөөж дуусгав. Ахин агуу Чингис хэмээн ярихаа болив.

Үүний дараа монгол хүнийг эвдэх ажил ч хөнгөрөөд явчихав. Бурхан ч үгүй, шүтээн ч үгүй, босоо монгол бичиг ч үгүй,хаан эзэн ч үгүй болсон харц гаралтаймонголчуудыг мал болгоход амархан болжээ, боол болгоход боломжийнболжээ. Сартваах Буддагийн оронд сахалт Ленинийг шүтдэг болов. Хутагт хувилгаадын оронд хуурамч дарга нарыг шүтдэг болов. Бурханы номыг шүтдэг ард түмэнг буруу номтон болгов. Мал сүргээ хураалгасан монголчууд мангардуу залхуу болов. Өмч хөрөнгөө алдсан монголчууд өлөн нүдэлсэн ядуу пролетарь болов. Эсгий гэрээс өөр өмчгүй, Эв хамтын тунхагаас өөр уриагүй ард түмэн болов. Чингис гээд босоод ирдэг монголчууд чичрэн айдаг хулчгарчууд болов.Улаан намын уриа лоозон бүгдийг уриалгахан хүлээж авдаг хүлцэнгүй болов. Үндэсний соёлоо устгасан монголчууд өөх ч биш, булчирхай ч биш болжээ. Амьдрал нь ядуурсан монголчууд сэтгэлгээ нь ч ядуу болжээ. Мангартаж хоосорсон монголчуудын толгой руу Маркс, Ленин, коммунизм социализмыг хүчээр чихэв. Эвдэрч хоосорсон монголчуудын толгой руу Эв хамтын буруу номыг чихэв. Түвд, манж хэл бичиг мэддэг монгол хүнийг орос кирилл бичигт сургав, орос хэлтэй болгох ажил орон даяар өрнөв. Кирилл бичиг заадаг, орос хэл заадаг хэдэн зуун багш хэрэгтэй боллоо. Буруу номыг хэдэн саяар нь хэвлэдэг хэвлэх үйлдвэр хэрэгтэй боллоо. Орос Зөвлөлтийн уран зохиолын номууд, Маркс, Лениний олон зуун ботиуд аймаг, сумын номын сангаар дүүрэв.Монголын нэрт эрдэмтэн Б.Ринчен монгол хэл, босоо монгол бичгээ буруу номтнуудаас бүх насаараа хамгаалж хоёр ч удаа шоронд оров. Ринчен доктор эцсээ хүртэл монгол соёл, монгол бичгээ хамгаалсаар нас эцэслэсэн дээ. Харин их эрдэмтнийг таалал төгссөнийг дуулсан улаантнууд баярлалдаж байсан гэдэг. 

Далан жилийн турш зөвлөлтийн мэргэжилтэнүүд олон арван мянгаараа Монголд ирж, зөвлөлт маягаар амьдрахыг монголчуудад зааж сургав. Цагаан идээгээ хаяж, талх масло идэж сурлаа. Айраг таргаа хаяж, архи пиво ууж сурлаа.Хамрын тамхиа хаяж харийн янжуур татаж сурлаа. Уртын дуугаа хаяж улааноросын дуу сурлаа. Морин хуураа орхиж баян хуур хөгжмийг тоглоно. Монгол дээлээ орхиж орос хувцас өмсөнө. Монгол бүсгүйчүүд үс гэзгээ сүлжихээ больж үс гэзгээ тайрч орос маягаар үсээ янзалдаг боллоо, орос трико, туфли өмсдөг боллоо. Өвлийн дүн хүйтэнд монгол бүсгүйчүүд орос туфли, трико өмсөж элдэв өвчин тусаж хөлдөж үхэх нь дөхнө. Зугаа цэнгэл хөөцөлдөж зуурдын сэтгэлтэй болно. Олон нөхөр, олон эхнэр сольсноо баатарлаг гавьяа мэт ярина.

Бурханы ном хурахаа больж, буруу номтны хурал хийнэ. Энд тэнд элдэв хурал болж эрдэмт монгол хүнийг шоолж шүүмжилнэ. Пионер, эвлэлийн гишүүнээр элсүүлж бага насанд ньбуруу номыг бяцхан тархинд ньчихнэ. Анд нөхдөө хорлодог боллоо. Ах дүүгээ шоовдорлодог боллоо. Зочноо хүндэлдэг ёсоо хаяж зочноо барьж цагдаад өгдөг боллоо. Холын ухаантай монгол хүн ховч матаасчин адгийн амьтан боллоо.Энэрэнгүй сэтгэлтэй монгол хүн хувиа бодсонхүн чанаргүй өчүүхэн амьтан боллоо. Өрөвч сэтгэлтэй монгол хүн өөдгүй амьтан боллоо. Зөвлөлт маягийн кино үзэж Сүхбаатарыг “хорлосон” Богд гэгээнийг үзэн ядна, лам нарыг үзэн ядна, гамингаас монголыг чөлөөлсөн Барон жанжныг үзэн ядна,оросыг ялах дөхсөн германчуудыг үзэн ядна, вьетнамтай байлдсан америкийг үзэн ядна. Алс холын Америкийг үзэн ядна, арлын Японыгүзэн ядна, өмнөд хөршХятадыг үзэн ядна. Империалистуудыг бүр ч их үзэн ядна. Империализм гэж юугаа ч хэлээд байгаа юм, бүү мэд. Дарга нар үзэн ядаад байгаа юм чинь, дагалддаг ард түмэн ч гэсэн үзэн ядаж таараа.Социализм, коммунизм, фашизм, нацизм энэ олон измуудын учрыг ард түмэн үл ойлгоно. Гэрийнх нь бүрээс ялзарчихаад байхад малчин эр хээв нэг “Анжела Дэвисийг америкийн империалистууд шоронгоос сулласан уу?” хэмээн дарга нараас мэдэмхийрэн асууна.Монгол дарга нар малчин айлд очоод малчинтай мэндлэхийн оронд “Мал сүрэг мэнд үү?” хэмээн нэгдлийн малд санаа зовж асууна. Малчин ард “Бид яах вэ болж байна.Америк вьетнамыг бөмбөгдсөөр байгаа юу. Бөмбөг нь дуусдаггүй юм байх даа?” хэмээн санаа нь зовсон маягтай асууна. Тэр үеийн монголчууд“Азийн цагаан дагина Улаанбаатарт амьдарч байгаа бид цэнгэг цэвэр агаараар амьсгалж юутай сайхан жаргалтай байна вэ. Арлын Японы Токио хотынхон хорт агаараар амьсгалаад хорт утааны баг зүүгээд юутай зовлонтой амьдарч байна вэ” хэмээн улиглана. Ажилчид төмрийн заводын төлөвлөгөөгөө биелүүлсэн үү, саальчид цөцгийн тосны төлөвлөгөө биелүүлсэн үү, малчид ноос ноолуурын төлөвлөгөө биелүүлсэн үү? хэмээн дарга нар шавдуулна. Зурамны арьсны төлөвлөгөө биелүүлсэн үү? хэмээн бага ангийн бяцхан сурагчаас хүртэл асууж шаардана. Төлөвлөгөөгөө заавал биелүүлэх ёстой хэмээн ард түмэн өдөр шөнөгүй ажиллаж сөхөртлөө зүтгэнэ. Авдаг цалин нь атга чихэр шиг хаанаа ч хүрэхгүй. Мянган хонь маллаж байгаа малчин эрийн эхнэр нь амаржаад байхад хонины шөл эхнэртээуулгаж чадахгүй малчин эр хий дэмий л хулмалзана, нэгдлийн дарга ямаа цохлоо, яаж амаржсан эхнэртээ ямааны шөл уулганаа хэмээн гомдоллоно. Зуун үнээ саадаг мөртлөө зуны халуундэмээдээ хар цай уулгаж байгаа саальчин бүсгүй нэгдлийн үй олон үнээг хараад хий дэмий л санаа алдана.

Зөвлөлт хүн Монголд ирээд үзэсгэлэнт байгалийг нь сүйтгэж, алт хүдэр ураныг нь зөөж,гол усанд нь эрх дураараа хөвж байсан загас жараахайг дэлбэлж аархана. Зөвлөлтийн танкууд монголын цэцэгт талыг танкны гинжээр талхлан сүйтгэнэ. Дуунаас хурдан байлдааны нисэх онгоцнууд нь монголын хөх тэнгэрийг эзэгнэнэ. Зөвлөлтийн тачаалт цэргүүд монгол охидыг хүчирхийлж өвчин тараана. Үүнийг хараагүй юм шиг ард түмэн маань Зөвлөлт Монголын ган бат найрамдлыг магтан дуулна. Зөвлөлтөд хувьсгалын эсэргүү хуйвалдаан гарч олон хүнийг барьж бууджээ, манайд ч гэсэн хувьсгалын эсэрүү байж л таараа” хэмээн баахан гэмгүй монгол хүнийг барьж буудна. Зөвлөлтийн элчин сайд “манай зөвлөлтийн газар нутгийг буцаан өг” хэмээн монголын хойд нутгийг булаагаад авчихна. Төрөлх монгол нутгаа харьд өгөхгүй хэмээн тэмцсэн эх оронч монгол сайдыг Цэдэнбал ажлаас нь халж хөдөө цөлнө. Монгол хүн шинэ монголын түүхээ бичсэнийг үл тоож, чиний түүх бичнэ гэж юү байсан юм, зөвлөлтхүн Москвад манай монголын шинэ түүхийг бичсэн байна. Энэ зөвлөлт хүний бичсэн түүхийн номыг л хэвлэнэ хэмээн дүвчигнэнэ. Зөвлөлтийн дарга нар каракул захтай пальто, каракул өвлийн саарал малгай өмсвөл монгол дарга нар яг ийм малгай, пальто өмсөж маадгар алхацгаана. Цэдэнбал дарга орос эхнэр авчээ гээд улс төрийн товчооны зарим гишүүд орос эхнэр авна. Зөвлөлт хүн Москвад юу хийнэ, монсов хүн Улаанбаатартяг түүнийг дууриана. Монголын радио нэвтрүүлэгч Цэвээндоржийг монголын Левиатан гэнэ. Монголын зохиолч Ч.Лодойдамбыг монголын Шолохов гэнэ. Эрдэмтэн зохиолч Бямбын Ринченыг монголын Солженицын гэнэ. Монголын уламжлалт соёл Цаасан шувуу, Оюунтүлхүүр, Хөх судар, Нууц товчоо зэрэг ном судрыг феодалын хоцрогдсон ном гэнэ. Босоо монгол бичгийг феодалын хоцрогдсон бичиг гэнэ. Монголхэлийг үл тооно. Орос хэлийг дээдлэнэ. Бүх юм зөвлөлтийг хуулбарлажээ. Жинхэнэ монгол хүнийг эвдэж оронд нь мохоо сэтгэлгээтэй хуурмаг монгол хүнийг бүрдүүүлэх ажил амжилттай явагдаж дуусах шатандаа оров. Эцэстээ монгол хүн далан жилийн коммунист лабораторийн туршилтын дүнд социализмынмонгол,коммунизмын совет хүний шинжийг хослуулан хадгалсанМонсов хүн буй болов. Монсов хүн бол үндэсний соёл заншлаа мэддэггүй, өөрийн гэсэн үзэл бодол байхгүй, санаачлага байхгүй, эх орноо хайрлахгүй, эх байгалиа хайрлахгүй, хувийн өмч хөрөнгийг үзэн яддаг, социалист өмчийг шүтдэг мөртлөө хулгайлдаг, үнэнийг гуйвуулдаг худалч, нийгмийн зөрчил, муу муухай бүхнийг нуун дарагдуулдаг, социалист нийгмийг болон нам засгийг хоосон магтан дуулагч,шашингүйн үзэлтэн,империализмыг үзэн ядагч, харгис хатуу, ховч матаач,өрөвдөхийг мэддэггүйөөдгүй хүн болдог байлаа. Монсов хүн бол мохоо хүн юм. Монсов хүн бол хуурмаг хүн юм. Монсов хүн бол шашингүй, шүтлэггүй, итгэлгүй хүн юм.Монсов хүн бол хамгийн хулхи хүн. Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ чанартай хийхгүй, хийсэн болоод хулхидаад өнгөрнө. Социалист орны ажилчдынхийсэн гутал нь хэд алхаад урагдана, үйлдвэрлэсэн автомашин нь үйлдвэрийн хаалганаас гараад унтарчихна, барьсан байшингийнх нь дээврээс нь ус гоожно, барьсан засмал зам нь цоороод эвдэрнэ.Монсов хүн бол хөрөнгөтэй баян хүнийг үзэн яддаг. Харц гаралтай ядуу хүнийг шүтдэг.Үгээгүй пролетари нарыг шүтсээр байгаад өөрсдөө үгээгүй ядуу болцгоосон.Бүх насаараа юу ч үгүй ядуу амьдарсан тул гуйлгачин сэтгэлгээтэй болсон. Бүх хүн ядуу байвал баярлацгаадаг. Хэн нэгэн баян болвол түүнийг нийгмээрээ үзэн ядаж гадуурхана.Америкийг магтвал алуулна. Бурханы шашныг шүтвэл буруудаж шоронд орно.Монсов хүн бол Бурханыг үзэн яддаг, буг чөтгөр шиг хорлонтой , хэлсэндээ хүрдэггүй, шантрамхай, аймхай хулчгар, арчаагүй, хүн чанаргүй, хүний мөсгүй, хуурмаг мэдлэгтэй, хуурамч үзэлтэй хүн.Монсов хүнийг багаас нь буруу үзлээр бөмбөгдөж бэлтгээд, дээрээс нь циркийн амьтан сургаж байгаа мэт элдэв буруу юманд сургаж хатуу хяналтын дор монсов болгодог.Монсовыг найм, есөн нас хүрмэгц пионер болгож улаан бүч зүүлгэж бүрээ үлээлгэж бөмбөр цохиулж “МАХН-ын үйлхэргийн төлөө хэзээд бэлэн” хэмээн тангараг өргүүлжгарыг нь өргүүлж ёслуулдаг. Монсовыг арван дөрвөн нас хүрмэгц улаан хүрэндүү өнгөтэй батлах өгч эвлэлийн гишүүн болгоно. Элдэв дүрэм цээжлүүлж Хувьсгалт намын дайчин туслагч болгоно.Монсов цаашдаа улаан хувьсгалч болж улмаар МАХНамын гишүүн болж час улаан батлах авч коммунист болно. Тэрхүү монсов коммунист бол коммнуист намын үйл хэргийн төлөө ах дүү, анд нөхрөө бүүхэл, амь насаа золиослоход хэзээдбэлэн болно.Товчдоо боол боллоо, амьтан боллоо гэсэн үг. Социализмын үед монголын хүн ам нь өсөж боловсрол, эрүүл мэндийн салбар хөгжиж Хөдөө аж ахуй үйлдвэрийн орон болох явцдаа байсан боловч үндэсний соёл,үндэсний үзэл , монгол хүн гэсэн бүх шинж онцлогийгустгасан нь туйлын эмгэнэлт явдал болсон юм.Социализмын үед бүгд л монсов хүн болцгоож,ард түмнээрээ архичин, тамхичин болцгоов, ард түмнээрээ атеист бурхангүйчүүд болцгоов. Сурсан эрдэм нь улаантны буруу онол, ганц хоёр орос үг, орос хараал. Оросоос өөр нөхөргүй,Орбитоос өөр суваггүй улс болов. Алтан Москвагаас өөр хот байдгийг мэддэггүй, Агуу Зөвлөлт гүрнээс өөр улс байдгийг мэддэггүй харанхуй бөглүү хүмүүс болов.Зуун жилийн өмнө ард түмнээрээ арван цагаан буян үйлддэг байсан бол монсов болсны дараа ард түмнээрээ арван хар нүглийг дуртайяа үйлддэг нүгэлт ард түмэн болов.Ан гөрөө хийнэ, алт мөнгө ухаж зөөнө. Гэмт хэрэг, хулгай дээрэм өдөр бүр гарна. Төр нь хоосон амлаж, түмэн олон нь ядуурна. Ийнхүү далан жилийн туршзасаршгүй монсов хүн бүрэлдэн тогтжээ. Ийм болсон засаршгүй хүнийг жинхэнэ монгол хүн болгоход их л хугацаа орох биз. 

Тав. Шинэ монгол хүн

Сүүлийн гучаад жил засаршгүй монсов хүнийг засаж жинхэнэ монгол хүн болгох гэж ардчилсан нийгэм ихэдзовж байна даа. Монсов хүний мохоо сэтгэлгээ одоо ч гэсэн орчин үеийн нийгэмд саад болсоор байна. Эдүгээ Монголоор дүүрэн гавьяат, доктор, гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөнхүмүүс дүүрэн байна. Гэвч улс орон хөгжсөнгүй.Гадаадын зээл тусламж,бондны олон тэрбум долларын мөнгө босгосон боловч улс хөгжсөнгүй. Хамаг мөнгийг нь хэдхэн хулгайч хамаад авчихжээ. Эдүгээ монгол хүмүүсзах зээлийн нийгмийн үед төрийн өмчийн компаний захирал болчихоод улсаа хөгжүүлэхийн оронд төрийн мөнгө,төрийн өмчийг нь хулгайлсаар л байна. Монсовууд социализмын үед албан тушаал, орон сууцыг ард түмнээс далдуур хуйвалдаж авдаг байлаа. Эдүгээ монголчууд улсынмөнгийг сая саяар нь хулгайлдаг байсан бол сүүлийн үед тэрбум тэрбумаар нь хулгайлдаг боллоо. Төрийн хулгайч нар нь их наядаар улсын мөнгийг хулгайлах аж. Саяхан даа. Хятадын Хонконг хотын дэлгүүрт далан настай монгол эмээ долоон настай ач охиныхоохамт хулгай хийгээд баригдав. Японд сурдаг монгол оюутнууд гэрээ цоожгүй орхидог япон айлуудыг ухаж хулгайлсан мебель нь оюутны байрны өрөөг нь дүүргэчихсэн байв. Японы Токио хотын Метроны галт тэргэнд 3 монгол залуу нэг монголыгоо нүүр нүдгүй зодож харгислав. Саяхан нийслэлийн сургуулийн 15 настай хүүхэд нөгөө хүүхдээ цохиж унагаад газар хэвтэж байсан хүүхдийг нүүр нүдгүй өшиглөн дэвсэлж харгислан зодож байгаа нь бичлэгээр гарч байсан.Монголд болдог аймшигт гэмт хэрэг, хүчирхийлэлийг ярих ч юм биш. Монголчууд Хүн болтлоо ч өдий байна даа. Шинэ монголчууд ийм байж болохгүй л дээ.Эхлээд сайн хүн болох хэрэгтэй. Монголчуудын хулгай хийх, худал хэлэх, хулхидах зан нь хэвээрээ хориннэгдүгээр зуунд оров. Хорин нэгдүгээр зуун бол дайнгүйэнх тайвны зуун л даа. Гэтэл эдүгээ монгол хүн “Манай хөрш Орос улсын ялагдашгүй арми Украиныг дайнд ялаасай. Муусайн хохолуудыг пуужиндаад бөмбөгдөөд алаад бүрмөсөн устгах хэрэгтэй” хэмээн дөвчигнөнө. Эдүгээ монголчууд “Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа бол Орос улс мөн” хэмээн мэдэмхийрнэ. Монгол улсын тусгаар тогнолын баталгаа бол улсын хил, монгол төр, монголын ард түмэн гурав юм гэж хэлвэлтэд орос ах нарыг үгүйсгэлээ хэмээн ихэд дургүйцнэ. Шинэ монголчууд урьдын адил Бурхан, шашин, лам нарыг харааж доромжилдог нь яг хэвээрээ аж. Монголчууд хүүхдээ Америкт их, дээд сургуульд сургачихаад одоо болтол агуу Америкийг муулна. Өөрсдийнхөө дутагдлыг олж харахгүймөртлөө өндөр хөгжсөн Өрнөдийг өдий болтол өөчилж муулна. Монголчууд ардчиллын буянаар гадаад паспорт, газар, орон сууц, өмч хөрөнгөтэй болчихоод ардчиллыг газар дор ортол муучилж хуучин социалист нийгмээ тэнгэр тултал магтан дурсана. Монголчууд хорин нэгдүгээр зуун гарчихаад байхад засрах шинж огт алга. Орчин үеийн жинхэнэ монгол хүнийг буйболгоё гэвэл монсов хүнийг орвонгоор нь үгүй хийж, эртний баатарлаг хүнлэгмонгол хүн дээр, энэрэнгүй бурханлиг монгол хүн хийгээд орчин үеийн өндөр боловсролтой, ур чадвартай эх оронч монгол хүнийг нэмчихвэл болоод явчихна даа. Орчин үеийн боловсрол гэж кембрижийн боловсрол, англи хэл, компьютер, интернет, технологи... энэ бүгдийн нийлбэрийг хэлээд байгаа юм. Орчин үеийн боловсрол дээр монгол ёс заншил, монгол соёл, бурханы шашины сургаал гурвыг нэмэх хэрэгтэй. Яагаад бурханы шашин гээд байгаа юм гэвэл Буддагийн сургаал хүнийг зөв үзэлтэй,зөв логиктой болгодог юм. Орчин үеийн монгол хүн дэлхийн өндөр хөгжилтэй орны их дээд сургуульд боловсрол олж,дэлхийн хаана ч гэсэн ажил хийж орлого олох чадвартай болох ёстой. Монгол улсын боловсролын систем дэлхийн хэмжээнд хүрэх ёстой. Боловсролын систем ёс зүй дээр суурилах ёстой. Хүнлэг монгол хүн болохгүйгээр жинхэнэ монголхүн болохгүй. Эхлээд хүнлэг монгол хүн болох хэрэгтэй. Энэрэнгүй сэтгэлтэймонгол хүн болох хэрэгтэй. Хүнлэг энэрэнгүй сэтгэл үгүй бол мянган боловсрол эзэмшээд ч нэмэргүй. Орчин үеийн монгол хүн эх оронч үндэсний үзэлтэй болох хэрэгтэй. Хувиа бодсон хүн эх орноо хөгжүүлж чадахгүй. Монгол хүн монгол ёс заншил, монгол соёл, босоо монгол бичиг, монгол соёл иргэншлийг орчин үеийн өндөр боловсролтой хослуулж байж жинхэнэ монгол хүн буй болно. Одоо бид шинэ монгол хүнийг буй болгох шатан дээрээ явж байна. Далан жил эвдэрсэн монголчуудыг дахин шинэ монгол хүн болгоход зуун жил шаардсан ажил ч болж мэднэ. Монголчууд уг нь аливаа чухал зүйлийг хурдан сурдаг,түргэн босож сэргэдэг авьяастай ард түмэн л дээ. Би ирээдүйн шинэ монголчууд Монгол улсыг хөгжүүлж хүчирхэг үндэстэн болгож чадна гэдэгт итгэдэг юм шүү. Монголчууд Эзэн Богд Чингис хааны төрт ёс, төгс гэгээрсэн Бурхан багшийн үнэний сургаалтайгаа хамт байсан цагт хүчирхэг үндэстэн байсан, цаашид ч байх болно. Орчин үеийн шинэ монголхүнийг томъёогоор бичиж үзүүлвэл:

Монгол соёлоо мэддэг хүнлэг монгол хүн + Бурханлиг монгол хүн + Өндөр боловсролтой, ур чадвартай эх оронч монгол хүн = Шинэ монгол хүн. 

2023.01.13

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)