Хөгжлийн банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

  Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн (2023.01.16) сонсгол хянан шалгах түр хорооны 8 гишүүний ирцтэйгээр 9 цаг 19 минутад Төрийн ордонд эхэллээ.

  Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр удирдсан бөгөөд нээж үг хэлсэн юм. 

  Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо нь Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу байгуулагдсан анхны хянан шалгах түр хороо гэдгийг тэрбээр тэмдэглэв. Хянан шалгах түр хороо нь хуулийн дагуу зургаан сарын хугацаанд үйл ажиллагаа явуулах бөгөөд шаардлагатай бол нэг удаа дээрх хугацааг сунгах боломжтой байдаг бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд тайлангаа танилцуулснаар дуусгавар болох юм байна. Тус хянан шалгах түр хороо өмнө нь 2-3 хяналтын болон ерөнхий сонсголуудыг зохион байгуулсан болохыг Б.Энхбаяр гишүүн дурдаад өнөөдрийн сонсгол нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу зохион байгуулагдаж буй анхны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гэдгийг онцоллоо. Үүгээрээ Монгол Улсын парламентын түүхэнд шинэ хуудас нээж байгааг цохон тэмдэглэв.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг гурван үе шаттай зохион байгуулах бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд болох эхний сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд олгосон 77 зээлийн зарцуулалтыг нэгбүрчлэн сонсож, энэ хүрээнд гаргасан хянан шалгагч, шинжээчийн дүгнэлттэй танилцан, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авна. Хоёр дахь үе шат буюу 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болох нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар сонсох юм байна. Гурав дахь үе шат  2023 оны гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болох бөгөөд энэ удаа Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2550 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээлэл сонсох юм. Энэ гурван удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дүнг нэгтгэн, Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганд танилцуулна гэдгийг Б.Энхбаяр гишүүн мэдээлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр өнөөдрийн сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан 11 компанийн зээлийн зарцуулалттай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаа явагдана гээд, жагсаалтыг танилцуулсан юм.    

 

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дэгийг танилцуулав

  Таван өдөр үргэлжлэх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын ирцийг эхний өдрийн ирцээр тооцох бөгөөд сонсголын танхимд орсон оролцогч парламентыг хүндэтгэх, сонсголын дэгийг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэйг Б.Энхбаяр гишүүн танилцууллаа.

  Сонсголыг нээлттэй явуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах ч Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 45.3-т заасан үндэслэлээр түр хорооны гишүүн нийтийн сонсголыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулах горимын санал гаргавал гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх юм байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах зорилгоор гэрч, шинжээч, хянан шалгагч болон бусад оролцогчоос сонсгол даргалагч болон зөвхөн Түр хорооны гишүүд асуулт асууж болох бөгөөд асуулт, хариултын хугацаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны нийтлэг дэгийн дагуу тус бүр 4 минут байх юм байна. Хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авч болох юм байна. Тусгай шалгалтын сэдэвтэй холбоогүй, тодорхойгүй, салаа утгатай, хөтөлсөн, гэмт хэрэгт буруутгасан, доромжилсон шинжтэй асуулт тавих нь сонсголын дэгээр хориотой. Энэ төрлийн агуулгатай байвал сонсгол даргалагч тухайн асуултыг алгасаж, хариулт авахгүйгээр дараагийн асуултыг асуух боломжтой юм байна. Мөн асуултыг алгасах саналыг гэрч хуралдаан даргалагчид гаргах боломжтой аж.

  Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал сонсголын явцад тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах боломжтой бөгөөд хянан шалгах түр хорооны гишүүн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг гаргаж тавих, үүнтэй холбогдуулан нэмэлт асуулт асуух, эсхүл давтан асуух эрхтэй гэдгийг Б.Энхбаяр гишүүн танилцууллаа. Сонсголд оролцогчид сонсголын явцад дуу, дүрсний бичлэг хийх, зураг авах нь хориотой гэдгийг мөн дурдсан.

 

  Ийнхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дэгийг Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Б.Энхбаяр танилцуулж, дэгтэй холбогдуулан асуулт, санал хэлэх гишүүн гараагүй юм. Иймд сонсголын үйл ажиллагаа эхлэв.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

  Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу сонсголын ирцийг Тамгын газар бүртгэж, ирээгүй гэрч, шинжээч, хянан шалгагч, ажиглагч болон холбогдох бусад этгээдэд сонсголын товыг мэдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг сонсгол даргалагчид илтгэв. Өнөөдрийн сонсголд хянан шалгах түр хорооноос томилогдсон 2 хянан шалгагч, 6 шинжээч, хөндлөнгийн ажиглагчаар Нээлттэй нийгэм форум, Оюуны инновац, Цогц хөгжлийн үндэсний төв, “Бодлогод залуусын хяналт” зэрэг 4 төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм байна. Мөн сонсгол даргалагчийн урилгаар оролцож буй ажиглагчдыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн танилцууллаа.

  Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор болон Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн Ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч болон Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар өнөөдрийн нотлох баримтыг шинжлэх судлах сонсголд оролцож байгаа юм байна. Монгол Улсын Хөгжлийн банкны одоогийн удирдлагуудаас 10 албан тушаалтан сонсголд оролцох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд өнөөдөр тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч, Эрсдэлийн удирдлагын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч, Бизнес, төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны дарга бөгөөд Захиргаа удирдлагын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч, Экспорт, импорт худалдааны санхүүжилтийн газрын захирлын үүрэг гүйцэтгэгч, Төслийн санхүүжилтийн газрын захирлын үүрэг гүйцэтгэгч, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн захирал, Төслийн гүйцэтгэлийн хяналт, эрсдэлийн хэлтсийн захирал, Эрсдэлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Эрсдэлийн удирдлагын газрын Эрсдэлийн бодлогын хэлтсийн захирал, хуульч зэрэг хүсэлт ирүүлсэн албан тушаалтнууд бүгд оролцож байгааг Ж.Лхагвасүрэн дарга илтгэлээ.

 

  Үргэлжлүүлэн тэрбээр өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд оролцуулахаар хүргүүлсэн мэдэгдэх хуудас болон ирцийн талаар танилцуулав. Сонсгол даргалагч нийтдээ 121 гэрчид хүргүүлэх мэдэгдэх хуудаст гарын үсэг зурсан байна. Үүнээс 45 мэдэгдэх хуудсыг гэрчид гардуулсан бол 30 мэдэгдэх хуудсыг хамаарал бүхий этгээдэд нь хүлээлгэн өгчээ. 39 гэрчид утас болон цахим хаягаар мэдэгдсэн бол 6 гэрчтэй холбоо барьж чадаагүй аж. Нийт 121 гэрчийн 82 нь нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд оролцохоо мэдэгдсэн байна. 7 субьект өмгөөлөгч, төлөөлөгчийн хамтаар оролцож байгааг мөн танилцууллаа. Оролцох эсэхээ 11 гэрч тодорхой илэрхийлээгүй бол оролцох боломжгүй гэдгээ 28 гэрч бичгээр гаргаж, хянан шалгах түр хороонд ирүүлсэн байна.

  Энэ удаагийн сонсголоор Хөгжлийн банкнаас авсан зээл нь төлөгдсөн эсэхээс үл хамааран зарцуулалт нь зориулалтын дагуу эсэхийг данс хөөх аргаар шалгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Б.Энхбаяр танилцуулаад “Урьд өмнө ийм том хэмжээний данс хөөх шалгалт хийж байгаагүй. Сар хагасын өмнө сая гаруй дансны гүйлгээ шалгасан бол өчигдрийн байдлаар 3 сая гүйлгээ шалгаад байгаагаа надад танилцуулж байна билээ. Данс хөөх шалгалт дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэж бодож байна. Шалгалтын дүнгээс үүдэн тодруулга хийх шаардлагатай хэмээн үзэж гэрчүүдийг оролцуулж байгаа. Гэрчүүдийг буруутай гэж ойлгож болохгүй гэдгийг зориуд онцолж хэлье” гэв. Гэрчүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэйг сонсгол даргалагч хэлээд, сонсголын явцад өгсөн мэдээлэл нь шүүх хуралд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ гэдгийг санууллаа.

  Ингээд Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлах ажиллагаа эхэлсэн. Эхлээд хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчид зээл нэг бүрийн талаар гаргасан тайлан, дүгнэлт болон бичмэл нотлох баримтуудаа танилцуулж, Хянан шалгах түр хорооны гишүүд тайлан, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна. 

Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол түр завсарлаад, үдээс хойш үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)