Баабар: Хямрал Оросын иргэний дайн, задрал, сүйрлийн ангалд аваачлаа

“Атлантик консил” стратеги судалгааны хүрээлэнгээс дэлхийн хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг улстөр судлаач 160 орчим мэргэжилтнүүдээс ойрын хугацаанд Орос улс хэрхэн өөрчлөгдөх талаар асуулга зохиожээ. Үзмэрч, мэргэч төлгөч биш, мэргэжлийн өндөр төвшний эдгээр мэргэжилтэн одоо болж буй үйл явдалд дүн шинжилгээ хийн Орос улс ойрын ирээдүйн сүйрэл, задрал, гүн хямралын босгон дээр байна гэж дүгнэсэн байна.

Нийт улс гүрнийг нь хамарсан аймшигт хямрал нь Оросын түүхэнд шинэ үзэгдэл биш. Монголчуудын 300 шахам дарлалын дараах бие даасан Орос улсын 500 гаруй жилийн түүх нь бараг тэр чигээрээ эзлэн түрэмгийлэл, булаан эзлэлтээр улсаа тэлсэн дайн байлдааны түүх юм. 

Эхийн талаасаа татаар гаралтай Догшин Иван тал бүр тийш дайн хийн, Алтан ордоос бутарсан татаарын олон бие даасан улс гүрнийг мөхөөн өөртөө нэгтгэснээр газар нутгаа Сибирь хүргэсэн. Оросын түүх газар нутгаа тэлж өргөтгөсөн хаадыг шүтэн биширч түүхэндээ алтан үсгээр тэмдэглэдэг заншилтай учир Догшин Иван тэдний түүхэнд хүндтэй байр эзэлдэг. Жагсаалтад Их Петр, Их Екатрина, генералиссимус Иосиф Сталин нар зүй ёсоор багтана. 

Догшин Иван алдрын оргилд гарсан ч өөрийг нь залгамжлах учиртай ганц хүүгээ өөрөө алсан учир түүний дараа Орос орон гүн хямралд орсон. Татаар гэдгээрээ бахархах дуртай бояр Борис Годунов хаан ширээг эзэлсэн ч үхснийх нь дараа Оросын төр эзгүйрчээ. Оросын их хямралыг хөрш польшууд овжноор ашиглан Иваны алагдсан хүүг амьд сэрүүн байна хэмээн угсраагаар хэд хэдэн хуурамч Дмитрий илгээн хямралыг улам гааруулсан. Хожим найрагч Пушкин түүнийг “Борис ты не прав” болохыг “баталсан”.

1913 он буюу Дэлхийн дайн эхлэхийн урьд жил Швейцарьт Оросын харъяат жүүд голдуу 13 эрхэм нууцаар зөвлөлдөн тухайн үедээ дэлхийн хамгийн хүчирхэг орны нэг асан Оросын эзэнт гүрнийг нураахаар шийджээ. Хойтон жилээс дэлхийг хамарсан дайн гарснаар тэдэнд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх бололцоо гарав. Орос нь Англи, Францтай эвсэн Германаар толгойлуулсан төвийн гүрнүүдийн эсрэг дайтлаа. Оросыг дайнаас түлхэн гаргахын тулд өөрсдийгөө большевик гэж нэрэлсэн Ленин тэргүүтэй бүлгийг германчууд мөнгөөр хангаад, хамгаалалттай богоонд суулган нутаг дээгүүрээ тээвэрлэж Орост хүргэж өгөв. Үүнийгээ “Орост тахлын халдвар түгээх баг” гэж нэрэлжээ. Төлөвлөгөө амжилттай болж большевикууд Орос орны нурааж гарав. Эзэнт гүрэн задарч Украин, Кавказ, Польш, Финланд тусгаар тогтнолоо заралсан. Дараа нь ах дүүгээ хядсан аймшигт иргэний дайн дэгдэж таван жил шахам үргэлжилжээ. Орос задарч тэнд биенээ хүлээн зөвшөөрдөггүй 18 бие даасан засаг оршиж байв. Хэдийгээр цагаантнууд улаантантай байлдаж байсан юм шиг ч үнэндээ өөр үзэл суртал зорилго чиглэлтэй монархистууд, анархистууд, социалистууд, кадет… хоорондоо таарахгүйгээр үл барам биендээ дайсагнаж байлаа. Явцын дундуур бараг бүгд үндсэн зорилгоо орхиод дээрмийг илүү сонирхох болсон. Энэ иргэний дайн эзэнт гүрний хил хязгаараас давж Шиньжаан, Монгол, Манжуур, Иран, Бухарыг үймүүлсэн.

II Николай хааны Оросын эзэнт улс нь хүний түүхэнд чингисийнхний байгуулсан их гүрний дараа орох хамгийн том газар нутагтай байсан. Энэ их гүрнийг задалсан хэрэгтнээр Путин Ленинийг нэр цохон буруутгах дуртай. Тэрээр мөн ЗХУ задарсан нь ХХ зууны хамгийн том сүйрэл болсон гэж Мюнхэнд зарлав. Буруутан нь Горбачёв гэж түүнийг амьд сэрүүн байхад нь чичилж байлаа. ЗХУ-ын задарлыг ХХ зууны улс төрийн хамгийн амжилттай хувьсгал байлаа гэж колонийн дарлалд нь олон жил нухлагдсан өчнөөн үндэстэн үздэг. Үнэндээ энэ нь 1960-аад оны Африк дахь колони задран унаснаас илүү ач холбогдолтой үйл явдал байсан. Шинэ хэлбэр төрхөд орсон Оросын холбооны улсын хувьд харин бараг сүйрэл болсон нь үнэн байх. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг эгшин зуур Өмнөд Солонгосын дараа 18-дахь болон агшсан. Энэ том сүйрлээс гарахын тулд Өрнөд Европын, ялангуяа АНУ-ын тусламж дэмжлэггүйгээр бололцоогүй болж гэдгийг Ельцин ч, Путин ч ойлгосон юм. 

Путин дэлхийн тавцанд ардчилагч, хүний эрхийг дээжлэгч, коммунист үзэл санааг эсэргүүцэгчийн дүрээр тодров. 9-р сарын 11-ий халдлагын дараа Путин бүхнээс урьдан Цагаан ордон руу утасдаж Америкийн ард түмэнтэй бүх талаар эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, өөрийн холбоотон орнууд болох ЗХУ-ын хуучин бүгд найрамдах улсуудын газар нутгийг терроризмын эсрэг ажиллагаандаа ашиглахын урьсан. Өөрөөр хэлбэл Америкийн хамгийн үнэнч холбоотон, дэмжигч, сайн найз нөхөр!

Харин энэ нь түүний тун зальжин бодлого байсан нь хожим тодорхой болсон. Гэхдээ цоо шинэ юм биш. Хэдийгээр тэрээр Ленинийг зүхдэг авч түүний 1921 онд явуулсан бодлогыг хуулжээ. Орос орны нурааж сүйрүүлсэн Ленин цэргийн коммунизм гэх авантур бодлогоосоо гэнэт эрс татгалзан НЭП гэсэн товчлолоороо алдаршсан Шинэ эдийн засгийн бодлого гэгчийг тунхаглав. Шинэ Зөвлөлт засаг санхүүгийн дампууралд орж, улсын төсөв бүрдүүлэлт шавхагдаж байлаа. Тэрээр эдийн засгийг огцом либеральчилж, хөдөө аж ахуйн орон Орост тариачдын чөлөөт худалдаа хийх эрхийг сэргээж, гадаадын хөрөнгө оруулалтыг зүйл бүрээр дэмжих болсон. Энэ нь түүний коммунист үзэл санааг тэр чигээр нь сөргүүлэн тавьсан үйлдэл байсан юм. Гэвч Ленин өөрийн үзэл санаанаас урваж байгаадаа маш их ичиж өөрийгөө зүхэж байсан. Большевикууд капиталист орнуудтай худалдаа хөгжүүлж байхдаа дэлхийн хувьсгалын түймрийн тухай биш, улс орныхоо хөгжлийн тухай ярих болжээ. Өрнөдөд хөөгдөн гарсан Оросын сэхээтнүүд энэхүү “тариачны оронд гарсан эрүүл ухааны шинэ давалгааг” ихэд сайшаан, “Ленин, манай Ленин – Орос орны жинхэнэ хөвүүн, үндэсний баатар” хэмээн алдаршуулан дуулж байлаа. 

Гэвч энэ бол стратеги! Хуурсан явдал бол ердөө л тактаик! Ленин НЭП зарлан эхлүүлсэн нь үнэндээ тэгэж бодог л гэсэн хэрэг. Энэ үед Гадаад худалдааны ардын комиссар асан Красинд бичихдээ: “НЭП террорд цэг тавьсан гэж ойлгох нь асар том алдаа юм. Бид террор руу удахгүй эргэж орно, гэхдээ эдийн засгийн террор хийнэ. Гадаадынхан одоохондоо манай түшмэдийг хахуульдаж л байг... Тэгэж л бай найз нар минь, энэнийх нь төлөө та нарыг дүүжлэх цаг надад ирнээ, гайгүй”. НЭП нэвтрүүлж байхдаа л Ленин энэнээсээ буцан ард түмэнтэй эргэж тооцоо бодох аргаа хайж байжээ. “Юугаар ч хязгаарлагдахгүй, хуулиар ч зохицуулагдахгүй, хүчирхийлэлд тулгуурласан засаглал”-ыг эргэж тогтооно гэж тэр шийдсэн байсан. Ийм засаглал “үнэнгээсээ, удаан хугацаагаар” НЭП-тэй зэрэгцэн оршиж чадна гэж үү?

Лениний үхэхийнхээ өмнө бичсэн нууц гэрээслэлийн хагас нь алга болсон гэдэг. Бүтэн бичвэрийг нь зураач Аннеников уншсан гэх. Ленин Европын хөрөнгөтнүүдийг “дүлийчүүд” гэдэг байж. Ленин энд дүлийчүүдийг хэрхэн мэхлэх тухай бичсэн байна. Үүнийг Аннениковын үгээр сийрүүлэх юм бол: “Ашиг орлого хөөцөлдсөн дэлхийн капиталистууд зөвлөлтийн зах зээлийг эзлэх гэж шунахайрсандаа болж сохрон манай бодит байдлыг нүдээ аниж харна, ингээд дүлийрнэ. Ингэхээр нь бид тэднээс бүтээгдэхүүн, мөнгө авч армиа сайжруулна. Нэг үгэндээ тэдний хөрөнгө нь явж явж манай зээлдэгч нарын өөрсдийнх нь эсрэг хийх ялалтын довтолгоог төгөлдөршүүлэх хэрэгслэл болох учиртай. Дүлийчүүдийг өөрсдийгөө устгах ажилд нь хүчин зүтгүүлэх хэрэгтэй, гэхдээ ингэхийн тулд тэднийг эхлээд дүлий болгох ёстой юм”. Тэнд мөн НЭП-ийн тухай бичихдээ энэ бол нам төр хоёрыг хуурамчаар тусгаарлаж “дүлийчүүдийг мэхлэн үнэмшүүлэх гэсэн” арга гэжээ...

Путины аз болоход Югославын дайны үед баррель нь 8 доллар байсан нефть богино хугацаанд 130 доллар болон өсч тэнгэрт хадлаа. Оросын нийт экспортын 80 гаруй хувь нь байгалийн эрчим хүчний эх үүсвэр. Энэ бол ялангуяа Өрнөд Европыг нефть, байгалийн хийгээр оосорлож болно. Путин ихэд идэвхийлэн Өрнөдийн олон улс төрчдийн найз нөхөр боллоо. Германы канцлер Шрөдөр, Италийн Ерөнхий сайд Бэрлускони! Нэг л мэдэхэд энэ хоёр орон Оросын хямд байгалийн хийнээс бүрэн хамааралтай болсон аж. Бусад нь ч их бага янз бүрийн хамаарал. Явцын дунд Путин улам илүү эзэрхий догшин боллоо. Тэрээр Өрнөд Европын экстрим удирдагч, ультра улс төрийн намуудтай түншилж эхэлсэн юм.

Европыг байгалийн хий, нефтиэр өөрөөсөө хамааралтай болгосон, нефьтийн үнийн өсөлтөөр Оросыг эхний 10-т багтах эдийн засагтай болгосон, олдсон их мөнгөө цэрэг зэвсэгт харамгүй зарцуулсан, өрнөдийн улс төрийг хооронд нь хагаралдуулах ажиллагаа нь нэлээд бүтэмжтэй болсон. Одоо тэр өрнөдийн эсрэг араа шүдээ үзүүлж эхэллээ. Хуучин зөвлөлтийн орнуудад өөрийнх нь хүсэлтээр байрлуулсан Америкийн цэргийн баазуудыг шууд хөөв. Энэ бол миний мэдлийн газар! Ливи, Египт, Ирак, Афганистанд явуулж буй өрнийн цэргийн ажиллагаанд өөрийг нь оролцуулаагүй гэх шалтгаанаар НАТО-г зүхэн хараах болов. Москвад айлчилсан Мэркэлийг зориуд нохойгоор айлгасныг дэлхий даяар харсан. Харин саяхан канцлер асан олон жил хэлээгүй нэг нууцаа дэлгэв. Тэгэхэд Путин Мэркэлд хандан “Бид та нарыг удахгүй залгих болно!” Хэдийгээр ямар ч баримт байхгүй боловч тэрээр НАТО өрнө зүгт нэг см ч тэлэхгүй гэж амалж байсан гэж гүтгэн, тэднийг хуучин зөвлөлтийн эрхшээлд байсан Зүүн Европоос зайлахыг шаардах боллоо.

Крымын дайны үед буюу 1853 онд Карл Маркс “Европт учруулах Оросын аюул заналхийлэл” хэмээх бичсэн өгүүлэлдээ “Оростой тохиролцох гэж буй бол гол нь тэднээс айж л болохгүй” гэжээ. Эхлээд айлгах мэхлэх дарамтлах арга нь Оросын цэрэг дайны ялалтын 50%-ыг хангадаг түүхэн уламжлалтай. Путин яг л ингэж айлгаж эхэлсэн. Тиймээс түүний Гүржид хийсэн гэнэтийн халдлагыг өрнөдийнхөн хий шүүмжлэхээс хэтрээгүй. Тэрээр Сирийн будлианд хутгалдан орлоо. Өрнөдийнхөн юм хэлсэнгүй. Чеченьд үйлдсэн геноцитийг нүдээ анин өнгөрөөсөн. Харин ч нутагтаа Олимпийн наадам, дэлхийн хөл бөмбөгийн аваргын тэмцээн зохиох амбицтай санаачлагыг дэмжицгээсэн. Крымыг үл таних ногоон хүмүүс эзлэн авлаа. Украинаас газар нутгийг нь булаан авах ажиллагааг хэрхэн өөрийн биеэр удирдсан тухайгаа тэвчээргүй Путин тун удалгүй маш нарийвчлалтайгаар бахархан тайлбарлав. Орос улс зэвсгийн цоо шинэ технологи нээн ертөнцөд байхгүй цохилтын зэвсэгтэй болсон гэж байн байн гайхуулах болов. Хуулиа өөрчилж, цөмийн цохилт өгөхөд бэлэн гэдгээ тунхаглав. Украны хоёр мужийн хэсгийг таслан авч дайн өдүүлснийгээ амралтаа авсан цэргүүд сайн дураараа байлдаж байгаа юм гэж ичихгүй тайлбарлаж байлаа. Иргэний онгоц сөнөөснийгөө украинчуудын үйлдэл гэж гүтгэв. 

Өрнөдийнхөн тэсэхээ больж Орост хориг тавьлаа. Хориг гэж хэлэхэд хэцүү, Оросын дайны хэнээтэн хэсэг хүнийг АНУ, Өрнөд Европт айлчлахыг зөвшөөрөхгүй л гэсэн хэрэг. Өрнөд Оросоос айж байна! Ямар ч түрэмгийлэл гадагш нь хийхэд тэд их бодож улам хурцаар л шүүмжлэнэ биз! Ингээд тэд 2022 оны 2-р сарын 24-д “цэргийн тусгай ажиллагаа” гэсэн инээдтэй нэр өгсөн түрэмгий дайнаа Украины эсрэг эхлүүллээ. Европ сохорсон, Америк дүлийрсэн!

Зөвлөлтийн үеэс уламжлалтай пропаганд хүчээ авлаа. Пропагандистууд гэх бүлэг мэдээллийн бүх хэрэгслэлээр тодорч дэлхий дахинаа алдаршив. Тэд Украины дайныг дэмжин түрлэг нэмж байснаа Оросын арми хүнд хохирол хүлээж эхлэнгүүт алан хядлага терроризм сурталчилан бүх Орос орныг дайнд оролцохыг уриалан, цөмийн зэвсэг хэрэглэхийг шаардах болов. Тэдний дунд орос хүн ховор, голдуу жүүд, армян, татаар, украин… Эд сэхээтнүүд, дайн сунжирч үүнд хамгийгаа гаргах юм бол Орос задрана, цаашилбал Орос улс өөрөө сөхрөнө гэдгийг сайн мэдэж байгаа. Октябрийн хувьсгалыг удирдаж түйвээсэн хэсэг бүлэг хүмүүс дунд орос үндэстэн бараг байгаагүй. Утга учиргүй үзэл сурталд автсан гэх тэдгээр сэхээтнүүд үнэндээ Орос орныг сүйрүүлж байна гэдгээ ойлгож байсан. Брестийн гэрээгээр Германд бууж өгөн Оросын эзэнт гүрний ихээхэн газар нутгийг сул тавьж өгч байсан тэднийг Оросын эх орончид байлаа гэж хэлж болно гэж үү? Зөвлөлтийн үеийн үзэл суртлын хамгийн идэвхитэй орос биш үндэстэн пропагандистууд СССР задарч улс нь тусгаар тогтносны дараа хамгийн дайчин үндэсхэрхэг үзэлтнүүд байсныг бүгд харсан. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө эцэгтэйгээ нийлэн Оросын эсрэг байлдаж явсан Рамзан Кадыров өнөөдөр “Би Орост хайртай, Путинд хайртай” гэж маань мэгзэм шиг давтан яваа нь үнэмшилтэй сонсогдож байна уу? Яагаад тэрээр Украины дайныг улам шатлан өргөжүүлэхийг улайран ятгаж байна? Урьд нь СССР-ийн эрхшээлд хагас зуун жил болсон, харин өнөөдөр НАТО-д элссэн Балтийн болон Зүүн Европын орнууд яагаад өрнөд европ болон амекчуудтай хаьцуулахад Оросын эсрэг илүү радикал байгаа юм бэ? Гэтэл жинхэнэ орос хүний дүр Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев юм даа. Тэрээр согтуудаа нийгмийн сүлжээгээр хүн цочирдмоор, ямар ч логикгүй хуурай агсам тавина.

Орос цэргийг цэцэг барин угтана гэж тааварлаж байсан украинчууд тэдэнд хүчтэй цохилт үзүүллээ. Ингэснээр анх удаа украин үндэстэн улс төрийн дотрох хэрүүлээ зогсоож эвлэрэв. Тэд хэдийгээр НАТО-д элсэж амжаагүй ч Европын хамгийн хүчирхэг армийн нэгтэй болов. Тэд Оросын өмнө Европыг хамгаалах хүчирхэг цайз болон хувирлаа. НҮБ-д болсон санал асуулгаар Оросыг өөрийг нь оруулаад ердөө 5 улсаас бусад нь Украины дайныг дэмжсэнүй. Ихэд найдаж байсан түнш Хятад нь Оросыг илт буруушаагаагүй ч түрэмгийллийг нь таашаахгүй байгаагаа “боди лангвижээр” илэрхийлнэ. Харин НАТО түүхэндээ анх удаа бүрэн нягтарлаа. Оростой хиллэдэг Финланд, Швед НАТО-д шинээр элссэн төдийгүй Гүрж, Молдав, Украин өөрсдийг нь энэ байгууллагад элсүүлэхийг улам хүчтэй шаардах болов. Хуучин ЗХУ-ын улсын бүрэлдэхүүнд байсан холбоотон улс орнууд Оросоос илт зайгаа барьж эхлэв. Өрнөдийн эдийн засгийн болон улс төрийн хоригт сөхөрч буй Оросын холбооны улс энэ дэлхий дээр ганцаардав. 

2023 он дэлхий дахины хувьд 2022 оныхоосоо ч дор хямралтай байх магадлалтай. Энэ нь Оросоос Украины эсрэг дэгдээсэн дайнаас шалтгаална. Оросын түрэмгийллийг таслан зогсоолгохын төлөө дэлхийн хамтын нийгэмлэг, Өрнөдийн орнууд нэгдсэн зохицуулалт, нэгдсэн бодлогоо улам чангаруулна. Оросыг буруутгах алхмуудаа өргөжүүлнэ. Дайны гэмт хэргийг яллах тусгай шүүх байгуулна. Дайны гэмт хэргийн жагсаалт, нөхөн төлбөр, хариуцлагын тухай ярих нь улам ихсэнэ. НҮБ улам бүр Оросын эсрэг ажиллах болно. 

Путин эх орноо сунжирсан эцэс төгсгөлгүй дайнд бэлтгэж, ард иргэдээ дайндаа өргөнөөр татан оруулж, иргэдээ дүрвүүлэхгүйн тулд хилээ хааж, Оросын эдийн засгийг дайны нөхцөл байдалд шилжүүлж, ялахаа үзэх хүртлээ удтал байлдах төлөвтэй. “Ичсэн хүн хүн алдаг” үлгэрээр дайнаас эргэж гарахгүй болтлоо гүн шигдлээ.

Орост дэмжлэг болох холбоотон, түншийн эрэлд ОХУ цөхрөлтгүй явж байна. Хятадаас дэмжлэг горьдох нь тасрахгүй. Иранаас пуужин, дрон авахаа зогсохгүй. Хуучин СССР-ийн орнууд ба Африк, Төв Америк, Өмнөд Азийн орнуудыг энэ дайндаа дэмжигчээр татан оруулах, ядаж төвийг сахиулсан нэрээр Оростой ойр дотно харилцаатай байлгахын төлөө Оросын дипломат бодлого тасрахгүй. ОХУ нь Украины эсрэг дайндаа ялахгүйгээр үл барам ялагдал хүлээх тоолондоо дотооддоо хямралтай тулгарч байна. ОХУ задрах аюулын өмнө байна. Бүс нутгууд, үндэсний цөөнхийн БНУ-уудад Москвагаас салан тусгаарлах далд явууллага эрчимжинэ. Оросын зэвсэгт хүчин олон хуваагдана.

Димитрий Медведев “Эх орноо хайрлая” гэх нэртэй хамгаалалтын корпус байгуулахаа зарлав. Оросын оролцоотойгоор “Хард Сервис” нэртэй хувийн хамгаалалтын үйлдвэр (ЧОП - частное охранное предприятие) 1000 цэрэгтэй байгуулагдан Беларусьт ажиллаж эхэлсэн тухай мэдээ байна.  Эрх мэдэл бүхий олигархи болгон Пригожины “Вагнер” маягийн “хувийн” гэх армитай (ЧВК - Частная военная компания) болохыг хичээнэ. Хувийн цэргийн компаниуд Орост хурын дараахи мөөг шиг олширч байна. Шойгу БХЯ-ыг толгойлно, бас хувийн ЧВК-тай болж байгаа сураг байна. Путинд ойрхон олигархи Г.Тимченко өөрийн ЧВК-г “Редут” гэсэн нэрээр байгууллаа, Д.Рогозин бас тийм санаатай байна. Р.Кадыровын чечень армийг оросын арми гэхийн аргагүй болсон. Оросын элит болгон цаагуураа ямар нэгэн иргэний дайнд бэлтгэж байх шиг. 

Тийм ЧВК армиуд нь эзнээ болон эзнийхээ өмч хөрөнгийг хамгаалах дайнд бэлтгэнэ. Уламжлалаа дагавал иргэний дайн дэгдэж ч болно. Тийм дайн байлдаан дэгдвэл Орос орон өөрөө сөхөрнө.  Орос сөхөрвөл их бодож Бразил, Пакистаны хэрийн хоёрдугаар зэрэглэлийн орон болж хувирна. Орос сөхөрвөл Украины дайны өмнөх төвшиндөө очтол 10-20 жил шаардлагатай. Үүнийг Путин сайн ойлгож байгаа учир ва-банк тоглохоор шийдсэн бололтой. 80 шахам жилийн өмнө Германд ийм нэг ва-банк эмгэнэлтэйгээр төгссөн. Берлиний бункерт тоглогч өөрийгөө буудаж билээ. Хариуцлага нь Германы ард түмэнд үлдсэн. 

2023.1.15

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (183.177.99.230)

    2023-01-20

    Баатбр буюу Батбаяр гэгч этгээд бол түүхийг мушгин гуйвуулагч барууны неолибериалистуудыг гар хөл тэдний даалгавараар ажилладаг этгээд ш дээ

  • Баатар (192.82.83.51)

    2023-01-19

    Харж л байя. Энэ хүн ч бас л зоргоороо, мөрөөдлөө бичнэ шүү. Хүчирхэг Орос гүрнийг задлах мөрөөдөл энэ хүнд байдаг л байх, гэхдээ бодит нөхцөл шалтгаан харагдахгүй юмаа.