“Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
- 2023-01-19
- Улс төр
- 0
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.1-д заасны дагуу УИХ-ын чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлж өгөхийг хүсье гэлээ.
“Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад Улсын Их Хурал төрийн өмчийн талаар “төрийн өмчийг орон нутгийн өмчид шилжүүлэх тухай шийдвэр гаргах” бүрэн эрхтэй гэж заасан.
Иймд төрийн өмчид байгаа илүүдэлтэй, ашиглалтгүй хөрөнгийг хэрэгцээ шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлэх хөрөнгийн зохицуулалт хийх, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, хяналтыг сайжруулах зорилгоор төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан. УИХ-ын тогтоолын төслийг баталж, төрийн өмчийн эд хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлснээр орон нутаг дахь зарим хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах төдийгүй аймаг, нийслэлийн эдийн засагт багагүй нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газраас үзжээ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын үндсэн бүтцийн агентлаг бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн өмчийн эд хөрөнгийн улсын анхны үзлэг, тооллогыг 1997 онд улс орон даяар зохион байгуулж, улмаар 1999 онд аймаг, нийслэлийн өмчид шилжүүлэх 229.7 тэрбум төгрөгийн хөрөнгийн жагсаалтыг УИХ-ын 29 дүгээр тогтоолоор анх удаа батлуулснаар орон нутгийн өмч бий болсон аж.
Түүнээс хойш Төрийн өмчийн хороо (хуучнаар)-ноос “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын 2001 оны 91, 2002 оны 84, 93, 2004 оны 18, 2007 оны 37, 2009 оны 90, 2010 оны 73 дугаар тогтоол, 2018 оны 61 дугаар тогтоолыг тус тус батлуулж, тухай бүр хэрэгжүүлсэн юм. Энэ хугацаанд УИХ-ын тогтоолоор нийт 9 удаа төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлсэн байна.
УИХ-ын уг тогтоолын төсөлд холбогдох байгууллагын хүсэлтээр хэрэгцээ, шаардлагыг нь харгалзан төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэхээр тусгасан зарим эд хөрөнгийг дурдвал:
- Нийслэл дэх Цагдан хорих 461 дүгээр ангийн хөрөнгөд бүртгэлтэй ариутгах татуургын шугам сүлжээ, бохир усны шугам, насос станцыг цогцолбороор нь нийслэлийн өмчид шилжүүлж, мэргэжлийн байгууллага болох Ус сувгийн удирдах газарт ашиглалт, үйлчилгээг хариуцуулах;
- Иргэд, хүүхэд залуучуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нийтийн эзэмшилд зориулан улсын төсөв, төрийн өмчит компаниас санхүүжүүлэн барьсан хөрөнгийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн өмчит байгууллага нь хариуцах шаардлага гарсан. Үүнд, Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн барьж байгуулсан гэрэлтүүлгийн системийг Дархан- Уул аймгийн өмчид шилжүүлэх;
- Засгийн газрын агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын эзэмшилд байгаа 1 давхар барилгыг (564 м.кв газартай) Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст эзэмшүүлэхээр шилжүүлэх;
- Баян-Өлгий аймгийн Булган сумын Эрүүл мэндийн төв, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Эрүүл мэндийн төв, Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Дундговь аймгийн Луус сумын Эрүүл мэндийн төв, Завхан аймгийн Сонгино сумын Эрүүл мэндийн төв, Төв аймгийн Батширээт сумын Эрүүл мэндийн төвд эмгэлгийн зориулалттай, түргэн тусламжийн 9 автомашиныг шилжүүлэх; Автомашин шилжүүлэн авах хүсэлтийг бараг бүх аймаг, сумдаас ирүүлсэн боловч зөвхөн татан төвлөрүүлсэн нийт 20 автомашиныг аймгийн өмчлөлд шилжүүлэхээр УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байна.
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (21 аймаг, нийслэл дэх салбар нэгж)-ыг татан буулгаж, чиг үүргийг холбогдох төрийн байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан шилжин ажиллаж буй төрийн албан хаагчдын ашиглаж буй тавилга эд хогшил, хөдлөх хөрөнгийг холбогдох орон нутгийн өмчит байгууллагад шилжүүлж, улсын байцаагчдыг ажиллах хэвийн нөхцөлөөр хангах шаардлага гарсан. Иймд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар зэрэг байгууллагад шилжүүлэх хөрөнгийг УИХ-ын тогтоолын төсөлд хамруулжээ.
УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахтай холбогдуулан орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх санал хүсэлтийг нэг бүрчлэн судалж, хөрөнгө эзэмшиж буй байгууллагын саналыг албан ёсоор авсан. Хөрөнгө эзэмшиж буй байгууллага нь шилжүүлэхийг дэмжсэн хөрөнгийг төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэхээр тогтоолын төсөлд тусгасан гэжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл (0)