Б.Пүрэвдорж: Энэ хууль батлагдвал тэтгэвэр 150-200 мянгаар нэмэгдэнэ
- 2023-01-26
- Улс төр
- 1
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Намрын чуулган өндөрлөчихлөө. Өнгөрсөн чуулганы хугацаанд таны хувьд ямар хуулийн төслүүдийг өргөн барьж ажиллав?
-Ард түмний арван хуулийг санаачилж, батлуулахаар ажиллаж байгаа. Үүнээс гурван хуулийг хэдийнэ батлуулчихсан. Тухайлбал, Хуурамч шатахууны тухай хууль батлагдсан. Хуурамч шатахуун, бензинээс болж иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгаа. Иргэд ихэвчлэн приус автомашиныг унаж байна. Уг машин наанадаж таван жил, цаандаж 20, 30 жил эвдрэхгүй байх боломжтой. Гэтэл манайд нэг, хоёр жил болоод л эвдэрдэг. Приус ч гэлтгүй ямар ч автомашин ийм байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр хуурамч шатахуун, бензинтэй холбоотой. Тиймээс дээрх хуулийн төслийг санаачилж, батлууллаа. Нөгөөтэйгүүр миний байнга ярьдаг нэг хуулийн төсөл бий. Тэтгэврийн дунджийг долоо биш, таван жилээр тогтоох тухай хуулийн төсөл. Энэ хууль батлагдвал дунджаар 150-200 мянган төгрөгийн тэтгэвэр нэмэгдэх боломжтой. Олон удаагийн шахалт, шаардлагаар энэхүү хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж эхлэхээр болсон. Мөн НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг өргөн барьчихсан байгаа. Худалдаа үйлчилгээний дамжлага болгон дээр НӨАТ нэмэгдэж байгаа. Улаанбаатарт 1000 төгрөгийн үнэтэй савтай ус алс хол Эрдэнэбүрэн суманд 1600-1800 төгрөг болж иргэдэд очиж байна. Эцсийн эцэст худалдан авч байгаа иргэн л бүх НӨАТ-ыг нь төлж байгаа. Тиймээс энэ хуулийг өргөн барьсан.
Мөн Хамтын тэтгэврийн тухай хууль байна. Энэ асуудлыг тойроод л яваад байдаг. Миний өргөн барьсан хуулиар хамгийн багадаа 20 хувийн тэтгэврийг нь өвлөхөөр байгаа. Энэ мэт чухал хуулийн төслүүдийг өргөн барьсан. Зарим нь батлагдсан, зарим нь хаврын чуулганаар хэлэлцэгдээд явахаар байгаа. Нэг зүйл хэлэхэд, эрх баригчид ард түмний хүссэн хуулийг батална гэж байхгүй. Тиймээс тэр ажлыг нь миний бие хийж байгаа юм.
-Гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд, сонгогчтойгоо уулзалт хийж байна. Танай тойргийнхон нийгмийн өмнө тулгамдаад байгаа асуудалд ямар байр суурьтай байх шиг байна вэ?
-Энэ жилийн тухайд улс даяар уртаашаа дөрөвхөн хөрөнгө оруулалт байгаа. Үүний нэг нь манай тойрогт буюу Ховд аймагт хийгдэхээр байгаа юм. Ховд аймгийн нийт сумдын хөгжил, малчдын аж амьдралд шаардлагатай хөрөнгө оруулалтууд хийгдэхээр байгаа гэсэн үг. Мөн үүл буудах ажилд чамгүй хөрөнгө оруулалт оруулж ирсэн. Ховдод энэ жил малчид, иргэдийн хувьд хүндхэн жил болж байна. Гэхдээ өвлийн цаг уураас болсон зүйл биш. Яах вэ ойрын үед цочир хүйтэрч байгаа нь хүндхэн байгаа ч гол асуудал үүнд биш. Гол асуудал бол зун, намартаа өвс, ногоо ургаагүйд байгаа юм. Тиймээс л өвөл хэцүүхэн болчихсон гэсэн үг. Зун нь гандуу байсан учраас өвөл, хавар яаж ч сайхан байсан хэцүүднэ. Тиймээс зуны цаг агаар, тэр дундаа хур бороо оруулах ажлыг энэ жил эрчимжүүлнэ. Тухайлбал, үүл буудах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгуулсан.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг дахин ярьж эхэллээ. Таны хувьд энэхүү асуудалд ямар байр суурьтай байна вэ. Гишүүд мэдээж тойргийнхноосоо асууж байх шиг байна. Танай тойргийн иргэд ҮХНӨ-д ямар байр суурь, хандлагатай байна вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дөрвөн асуудлыг ярьдаг. Үүнээс нэгийг нь шийдчихсэн. Тэр нь давхар дээл. Үүнийг эрх баригч нам үнэхээр их хүссэн. Тэрэндээ ч хүрсэн. Ардын намынхан Их хурлын гишүүн байгаа дээрээ давхар дээлтэй л болж авъя гэдэг зүйлийг их ярьсан. Тэр утгаараа ээлжит бус чуулган зарлаж, давхар дээлтэй болох хүслээ биелүүлсэн шүү дээ. Ийм зарчмаар эрх баригчид ажиллаж болохгүй. Хэрэв ийм маягтай өөрчлөлтүүдийг дараа дараагийн удаа хийвэл Ардын нам асуудалд орно. Хоёрдугаар асуудал бол тоо. Говь-Алтайгаас хоёр гишүүн сонгогдсон. Тэр хоёр гишүүн дахиж сонгогдохгүй. Тиймээс өөрсдийнхөө сонгогдох боломжийг нэмэгдүүлэхийн тулд тухайн тойргийнхоо мандатын тоог нэмэх замаар энэхүү асуудлыг эрх баригчид идэвхтэй явуулж байна. Өөрөөр хэлбэл, олон мандатан тунд өөрсдийгөө шингээчихнэ гэсэн аминчхан бодлоор уг асуудлыг хөндөөд байгаа гэсэн үг. Гэхдээ миний хувьд тооны асуудалд арай өөр байр суурьтай байдаг. Юу гэхээр тооны асуудлыг би нэмэх нь зөв гэж харж байгаа. Гэхдээ хамаагүй өндрөөр нэмэх нь буруу. Миний харж байгаагаар 100-гаас дээш нэмж болохгүй. Нэмэгдэх нь зөв ч УИХ-ын гишүүдийн тоог 100 дотор барих ёстой гэсэн зарчимтай байгаа. Гуравдугаарт, тогтолцооны асуудлыг ярьж байна. Сонгуулийн тогтолцоог пропорциональ болгох нь зөв. Эрх баригчид ч үүнийг хийх юм шиг байна лээ. Өнөөгийн эрх баригчдын оролцоогүй тендер, хулгай, төсөл хөтөлбөр гэж алга. Ийм хүмүүс сонгуулиар иргэдтэй уулзах нүүргүй болсон. Тиймээс нүүргүй хүмүүс сонгуулийн тогтолцоог өөрчилж, дахин УИХ-д гарах зүйлээ бодож байгаа. Нэг талдаа намын ард нуугдсан бүтэлгүй нөхдүүд орж ирэх боловч нөгөө талдаа намын төлөвшлийг сайжруулдаг. Тиймээс тогтолцоо зөв гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг ярьж байгаа. Монголчууд гурван сонголтыг хийдэг. Үүнээс нэгийг нь болиулах нь буруу. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь буруу гэдэг зарчим дээр байгаа. Ард түмнээс сонгогдсон нэг том төлөөлөл төрд байж байх нь зөв гэж хардаг. Өнгөрсөн хугацаанд буюу 1992 оноос хойш Үндсэн хуулийг хэд хэдэн удаа өөрчилсөн. Тэр дотор эрх баригч Ардын намынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх болгондоо дандаа алдсан. Одоо дахиад өөрчлөх асуудлыг ярьж байна. Ер нь улстөрчид, эрх мэдэлтнүүдийн оролцсон хулгайн асуудлын араас Үндсэн хуулийн өөрчлөлт, тогтолцооны асуудлыг ярьдаг. Хулгайд Үндсэн хууль ямар буруутай юм. Хулгай боллоо гэхээр Үндсэн хуулиа өөрчлөх Үндсэн хуулиндаа хариуцлага тооцох гээд үзээд байдаг, ийм нэг сонин хандлага эрх баригчдад байна. Үндсэн хуульд хариуцлага тооцож байхаар хулгай хийсэн хүмүүстээ хариуцлага тооцох шаардлагатай.
-Түрүүн та хэллээ, иргэд Үндсэн хуулийн өөрчлөлт гэхээс илүү хариуцлагын асуудлыг их ярьж байна гэж. Тухайлбал, ямар асуудлыг хөндөн ярьж байна вэ?
-Нэг хэсэг ЖДҮ гэж бөөн юм болсон. Ард түмэн эрх баригч намыг хулгайч гэдгийг нь уг үйлдлээр нь тодорхой харсан. Гэтэл 2020 оны сонгуулиар дахиад нөгөө хэдээ сонгочихсон нь үнэн. Улмаар хулгайчдыг дахиад сонгочихсон учраас тэд гарч ирээд л дахиад хулгай хийсэн. Хийсэн хулгай нь хол явалгүй дахиад л баригдаж, олон нийтийг бухимдуулж байна. ЖДҮ-гийнхээ асуудлыг дуусгаагүй байтал Хөгжлийн банк гэж орж ирсэн. Улстөрчид, эрх мэдэлтнүүд, ах дүү, хамаатан садан, хамаарал бүхий нөхдүүддээ энэхүү банкнаас зээл гаргуулаад өгчихсөн. Нөгөөдүүл нь авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулаад дуусгасан. Хамгийн хортой нь ард түмний боломжийг хулгайлсан зүйл байгаа.
Хөгжлийн банк 2012-2016 онд Чингис бондын мөнгөөр хамгийн их санхүүжсэн банк байсан. Гэтэл 2019 онд тус банкны тухай хуулийн өөрчлөлтийг хийж, УИХ-аас бус Удирдах зөвлөл нь зээл олгодог болгосон. Үүнээс л болж асуудал үүссэн шүү дээ. Харин одоо сэтгүүлчид, олон нийтийн буянаар эргэн төлөлт нь сайжирч байх шиг байна. Гэхдээ хариуцлагын асуудлыг сайн ярьж чадахгүй байна гэдгийг иргэд хэлж байна. Нүүрсний хулгай. Цагаан хаднаас Ганц модны боомт хүртэл 29 км. Энэ хоёрын хооронд тээвэр хийхдээ 100 км-т явах зардлаар хийж, дундаас нь ашиг олсон байна. Үүнийг тээврийн хулгай гээд байгаа юм. Одоо хоёр нөхрийг шоронд хийчихсэн байна, тийм үү. Нэг нь Ганхуяг гэх нөхөр. Хоёр жилийн өмнө нүүрсний хулгайн асуудлыг ярихад намайг хоёр ч удаа цагдаад өгч байсан нөхөр. Гэтэл өнөөдөр үнэнд гүйцэгдэж байна. Үүнээс нэг зүйл ажиглах ёстой. Ардын намынхан намайг хоёр жилийн өмнө нүүрсний хулгай яриад байхад анхаараагүй, олон нийтэд ил болгоогүй атлаа хоорондоо хэрүүл тэмцэл хийхдээ нэгнийгээ намнах хэрэгсэл болгож байна. Зүгээр нэг сайндаа энэ том хэргүүд чинь олон нийтэд ил болоод байдаг юм биш. Цаана нь эрх баригчдын том зодоон явагдаж байгаа шүү.
-ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудалд үнэхээр хариуцлага тооцож байгаа зүйл алга гэж иргэд бухимдаж байна. Гэтэл дахиад Төмөр замын хулгай гэх зүйл гарч ирлээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Төмөр замын хулгайн асуудлыг би мөн хоёр жилийн өмнө ярьж байсан. Бас л анхаарч үзээгүй. Тухайн үед 159 сая төгрөгийн авлига авдаг гэж хэлж байсан. Гэтэл энэ авлига нь өнөөдөр 500 сая төгрөг болсон байна. Тэр Батдөл гэх нөхрийн гэрээс 7.2 тэрбум төгрөг олдсон, бүгд мэдэж байгаа. Түүний бүх авлигын хөрөнгийг илрүүлчихсэн мэт л нийгэмд шуугьсан. Гэвч тийм биш үү дээ. Тэр 7.2 тэрбум төгрөг гэдэг бол долоо хоногийнх нь авлигын мөнгө шүү. Өдөрт 14 вагон гарч байгаа. Үүний тал нь транзит, үлдсэн гурав нь хоосон ачаатай контейнер, дөрөв нь нүүрс, төмрийн хүдэр ачдаг вагон. Үүнээсээ өдөрт хоёр тэрбум төгрөгийн орлого буюу авлига авдаг. Үүнийгээ хуваарилах гэж явж байгаад л баларсан нөхөр. Тэгэхээр Төмөр замын хулгай бол маш том авлигын асуудал, хөрөнгө цаана нь нууц байна. Үүнийг нэн яаралтай ил болгож, холбогдох этгээдүүдэд нь хариуцлага үүрүүлэх ёстой.
-Нийгэм Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийг шүүмжилж байна. Танай бүлгийн зүгээс уг хуульд завсарлага авч, хаврын чуулганаар хэлэлцүүлье гэсэн ч эрх баригчид олонхоороо баталчихлаа. Та хувьдаа уг хуулийн агуулгад ямар бодолтой байна вэ?
-Мэдээж ардчиллын эсрэг, хүний эрх, эрх чөлөөний эсрэг хууль батлагдсан. Одоо иргэн хүн өөрийн үзэл бодлоо цахим сүлжээнд илэрхийлснийхээ төлөө эхлээд 100 мянгаар торгуулна. Дараа нь 500 мянгаар торгуулна. Гурав дахь удаагаа зөрчил гаргавал баривчлагдахаар байгаа. Иргэд ингээд шийтгүүлээд ирвэл сүүлдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээ болино. Төр засгаа шүүмжилж чадахгүй, эсэргүүцэж өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээсээ шантардаг болно. Коммент бичдэггүй ард түмэн болно. Бухимдлаа илэрхийлдэггүй иргэд болно. Ингэснээрээ нийгмийн тэсрэх бөмбөгийг бэлдэж байна гэсэн үг. Энэ бол маш том аюул. Энэ аюулаас сэргийлдэг ганц зүйл бол сошиал. Иргэд үзэл бодол, уур бухимдлаа сошиал талбарт дураараа гаргадаг. Ингэснээрээ нийгмийн уур бухимдлыг бага ч болов тогтмол дарж байсан. Гэтэл энэ хуулиар үүнийг нь хаачихлаа. Тайван жагслаа гэхэд лайв хийдэг, жагсаал цуглаантай холбоотой юм бичихэд л иргэний сошиал хаягийг шууд хаадаг ийм нөхцөл байдал руу очиж байна. Дарга нараа шүүмжилдэггүй, иргэд үзэл бодлоо илэрхийлдэггүй нийгэм гэдэг бол дарангуйллын нийгэм бүрдчихсэн гэсэн үг. Нэг хэсэг Эрдэнэтээс гэрэл цахилгааны төлбөрийг төлсөн. Энэ хугацаанд эрчим хүчний үнэ 15 удаа нэмэгдсэн. Иргэд биш, Эрдэнэт төлж байгаа гэдэг утгаар нэмээд л байсан. Ингээд нэг өдөр иргэд өөрсдөө төлөх болсон. Гэтэл өмнө төлж байсан төлбөр нь хоёр, гурав дахин нэмэгдчихсэнд ард түмэн бухимдсангүй.
Ард түмнийг ийм болтол л нь халамжилсан байна. Нөгөөтэйгүүр нэг өдөр л гэрэл цахилгааны үнэ замбараагүй нэмэгдчихлээ гээд хэлэх ард түмэн алга. Тэд айдастай байна. Ямар их дарангуйлал вэ.
Цаашлаад иргэд 2024 он гэхэд нүүрсний хулгайг бичихгүй, ЖДҮ-ийг бичихгүй, Хөгжлийн банкны хулгайг бичихгүй болно. Тэгэхээр эрх баригчид ард түмнийг эдгээр хулгайг мартчихсан байна гэж ойлгоно. Ингээд дараа дараагийнхаа хулгай хийх замаа засна гэсэн үг. Тиймээс энэ хуулийг нэн яаралтай цуцлах шаардлагатай.
Э.Мөнхтүвшин
Сэтгэгдэл (1)
DR LUCIEN (185.225.235.234)
Өдрийн мэнд Эрхэм донор минь Энэ нь Энэтхэгийн Венката нарийн мэргэжлийн эмнэлэг 29В Сент Стив Медикалын №29В эмнэлгийн зарим өвчтөнд бөөрний эрэлт хэрэгцээ их байгаа тул бөөр дахин $800,000 доллараар худалдан авч эхэлснийг бөөрний донор эрэгтэй, эмэгтэй хүмүүст мэдэгдэх зорилготой юм. Road, Bangalore INDIA, 21-ээс дээш насны хандивлагч Доктор Люсиентэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM цахим шуудангаар холбоо барина уу, эсвэл whatsap: +19083082601 эсвэл 917050494622, энэ нь хүүхдийн тоглоом биш гэдгийг бид танд уриалж байна. , амийг аврах тухай бөгөөд таны шагнал бол өвчтөний аль хэдийн байршуулсан мөнгө тул бидэнд эрүүл, ноцтой донор хэрэгтэй байна. Баярлалаа Бид таны шуурхай хариуг хүлээж байна! Хүндэтгэсэн, доктор Люсьен