Ө.Сумъяабаатар: Дүүргийн хэмжээнд орц, гарц чөлөөлөх ажлын хүрээнд хашаа, хайс чөлөөлөх байршлын судалгааг дахин нягталж гаргах шаардлагатай
- 2023-02-01
- Улаанбаатар
- 0
Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд хурлын эхэнд нь өнгөрсөн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонслоо. Өнгөрсөн шуурхай хуралдаанаар дүүргийн Засаг дарга 9 үүрэг даалгавар өгсөн.
Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсээс өгсөн мэдээллээр дээрх 9 үүрэг даалгаврын 4 нь 100 хувь биелсэн бол нэг үүрэг даалгавар 90, дөрвөн үүрэг даалгавар 70 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна.
Орц, гарц чөлөөлөх 64 санал ирүүлжээ
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Газар зохион байгуулалтын алба, Замын цагдаагийн хэлтэс болон хороодын Засаг дарга нарт дүүргийн хэмжээнд түгжрэлийг сааруулах ажлын хүрээнд явган хүн, автомашины орц гарцыг нэмэгдүүлэх, хашаа хайс чөлөөлөх төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг үүрэг болгосон.
Дээрх үүрэг даалгаврын хүрээнд Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан бөгөөд явган хүн, автомашины орц гарцыг нэмэгдүүлэх, хашаа хайс чөлөөлөх төлөвлөгөө боловсруулахаар 34 хороонд албан бичиг хүргүүлсэн бөгөөд ирсэн мэдээллийг Газар зохион байгуулалтын алба нэгтгэсэн байна. Тус албаныхны танилцуулснаар Замын цагдаа болон 34 хорооноос орц гарц чөлөөлөх нийт 64 санал ирүүлснийг онцлоод байршил тус бүрээр нь танилцууллаа. Энэ үеэр дүүргийн Засаг дарга зарим мэдээллийг өгсөн. Тодруулбал, Хот хариуцсан сайд болон холбогдох албаныхан өчигдөр дүүргүүдийн Засаг дарга болон холбогдох албаныхантай уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр дүүргүүд авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд орц гарц чөлөөлөх зэрэг тодорхой ажлыг хийхийг үүрэг болгосон. Иймд хороодын Засаг дарга өмнө нь гаргаж өгсөн байршлуудаа дахин нягталж гаргаж өгөх шаардлагатай гэсэн юм.
Газрын зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг гаргалаа
Түүнчлэн өнгөрсөн Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй газрын зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг эхлүүлэхийг Хууль, эрх зүйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Хороодын Засаг дарга нарт үүрэг болгосон. Үүнтэй холбоотойгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй газрын зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг хийж газар дээр нь нягтлан шалгах ажлыг зохион байгуулж байгаа юм.
Мөн дүүргийн нутаг дэвсгэрт гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй болон зөвшөөрөлгүй газар эзэмшиж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагын газрын зөрчлийг илрүүлж, зөрчил арилгах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн дүүргийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар байгуулсан байна.
Халтиргаа гулгаа ихээр үүсдэг 9 байршилд нөөцийн сав байршуулжээ
Иргэдийн амьдрах эрхийг хангах, авто замын болон явган хүний замыг нэмэгдүүлэх, орц, гарц гаргах, замын түгжрэл бууруулах зорилгоор 2023 онд хийгдэх ажлын төлөвлөгөөгөө Замын цагдаагийн хэлтсийн дарга, хошууч Н.Ариунтөгс танилцууллаа. Энэ үеэр гудамж замын хяналт шалгалтаар нийт 10646 тээврийн хэрэгсэл шалгаж зөрчил гаргасан 10391 жолоочид шийтгэл оногдуулсан бол согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 199 зөрчлийг илрүүлсэн байна. Мөн эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 21 жолоочийг илрүүлж хуулийн дагуу арга хэмжээ авсан гэв.
Түүнчлэн дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс “Халтиргаа” хэсэгчилсэн арга хэмжээг дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа, халтиргаа, гулгааг хариуцан ажилладаг “Хот Тохижилтын газар” ОНӨААТҮГ, “Гранд Тохижилт” ХХК, “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулсан. Улмаар цас орсон үед халтиргаа, гулгаа ихээр үүсэж зам тээврийн осол гарч болзошгүй өгсүүр, уруу байрлалтай 9 байршилд 2 тонн багтаамжтай нөөцийн савыг байршуулан зам талбайн ажилчид зорчих хэсэгт тухай цацах, давс, бодисыг холоос тээвэрлэж түгжрэл, сааталд цаг, хугацаа алддаг байдлыг зогсоосон. Дүүргийн 10,11, 21, 23 дугаар хороонд нөөцлөх цэгүүдийг байгуулан 21 гудамж замд 34 тонн давс бодис цацуулан хамтарч ажилласан гэдгийг онцоллоо.
Хөрс бохирдуулагч байж болзошгүй анхдагч түүхий эд авах, цуглуулах цэг, шатахуун түгээх газруудыг шалгана
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр байгаль орчинд сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор саарал усны шинэ технологийг нэвтрүүлэх, /Hybrid/ автомашины батерей, моторын тос, тосол, аюултай хог хаягдлын талаар цаашид авч хэрэгжүүлэх санал боловсруулж танилцуулахыг үүрэг болгосон. Энэ ажлын хүрээнд дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс байгаль орчинд сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хөрс бохирдуулагч байж болзошгүй анхдагч түүхий эд авах, цуглуулах цэг, шатахуун түгээх газар, агрегат, кузов авто засвар, дугуй засвар, авто угаалга, сэлбэг хэрэгсэл, тос тосолгоо солих үйлчилгээ эрхэлдэг иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад нийслэлийн Байгаль орчны газраас гаргасан зөвлөмж мэдээллийг хүргүүлсэн байна. Мөн үйлдвэрийн хаягдал, авто машины тос тосолгоо, шатахуун хөрсөнд алдах, химийн бодистой бохир ус хөрсөнд ил задгай хаяж болзошгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын судалгааг гаргаж байгаа бөгөөд цаашид Нийслэлийн Байгаль орчны газар, Дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран шалгалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэсэн мэдээллийг Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсээс өглөө.
УБ палас, Сандэй-2 худалдааны төвд Сар шинийг угтсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулна
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор дүүргийн нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 1-ээс эхлэн хоёр ч байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон. Эхнийх нь хоёрдугаар сарын 1-ээс 20-ны өдрүүдэд “UB Палас”-т сар шинийг угтсан үзэсгэлэн худалдаа болох бөгөөд дүүргийн 56 ААН, иргэн оролцоно. Хоёрдахь нь “Сандэй-2” худалдааны төвийн дотор болон гадна талбайд болох юм.
Түүнчлэн Дүнжингарав худалдааны төвөөс зүүн тийш “Шинэ 100 айл” худалдааны төвд зохион байгуулж буй “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд 9 дүүрэг болон орон нутгаас ирсэн 1000 гаруй ЖДҮ эрхлэгч нар оролцож байгаагаас 80 гаруй нь Баянгол дүүргээс оролцож байгаа. Мөн БНСУ, Түндэмүн дүүрэг 4-р сарын 5-12-ны хооронд "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааг Жижиг дунд үйлдвэрийн газар Баянгол дүүрэг хамтран зохион байгуулна. Ингэхдээ хороодын Засаг дарга нар хороондоо байдаг ЖДҮ эрхлэгчдийн судалгааг гаргаж өгөх шаардлагатай байгааг дүүргийн ЖДҮТ-ийн дарга Ч.Чойдог хэллээ. БНСУ-д зохион байгуулах үзэсгэлэн худалдаанд оролцогчид
- Ноос ноолуур, бүх төрлийн бэлэн хувцас
- Монгол үндэсний дээл хувцас
- Арьс ширэн бүтээгдэхүүн
- Бэлэг дурсгал
- Хүнсний бүтээгдэхүүн гэсэн 5 чиглэлээр оролцох юм байна.
Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга хэд хэдэн зүйлийг онцолсон.
Тухайлбал, дүүргийн 34 хорооны байранд үзлэг шалгалт хийх ажлыг оны эхэнд зохион байгуулах, шинээр байгуулагдсан хороодод Өрхийн эрүүл мэндийн төв байгуулах ажлыг яаралтай зохион байгуулахыг үүрэг болголоо. Мөн сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор дүүргийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах ажлыг зохион байгуулахаас гадна нийслэлийн хэмжээнд Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа болон ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаатай холбогдуулан иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хулгай болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
Сэтгэгдэл (0)