И.Мөнхжаргал: Бүгд нэгдэж нийлэхгүй, тус тусдаа хуралдаад байгаа нь асуудлыг улам төвөгтэй болгож байна
- 2023-02-02
- Улс төр
- 0
АН-ын генсек И.Мөнхжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танай намын эв нэгдлийн асуудал нийгэмд хүлээлт үүсгэсэн хэвээр байна. АН-ын төв байгууллага ҮБХ-ны олонх Л.Гантөмөрийг намын даргаараа сонгосон. Гэтэл нөгөө талд С.Эрдэнэ цахим санал хураалт явуулж Д.Ганбатыг намын дарга болсныг мэдэгдэв. Улсын дээд шүүх тэдний хэнийг нь намын даргаар бүртгэж авах вэ. Хоёр тал өөрсдийгөө хуулийн зөрчилгүй гэж тайлбарлаад байгаа?
-АН-ын эв нэгдлийн тухай хүн бүр ярьж байгаа нь сайн хэрэг. Намын гишүүд, дэмжигчид бүгд л хаа хаанаа намынхаа эв нэгдлийн асуудлыг хэлэлцээд явж байгаа. Гэхдээ нэг зүйлд бүгдээрээ төвлөрч ойлгох ёстой.
Эв нэгдэл гэдэг бол хэн нэгэн дарга сонгох тухай асуудал биш. Өмнөх олон удаагийн алдаагаа дахин, дахин давтаад байна. Улсын дээд шүүхээс долоон удаа буцаагдсан шийдвэрт “Нэгдэж нийлээд нэг л даргаа сонгоод ирээч ээ” гэдэг ганц тайлбарыг өгсөөр ирсэн. Үүнийгээ бүгд ойлгосон хэрнээ өөр өөрсдийнхөө үйлдлийг зөв гэж яваад байгаа юм. Одоо Дээд шүүхэд Л.Гантөмөр, Д.Ганбат нарын материалыг хүргүүлсэн нь ч хариу нь ойлгомжтой гарна. АН дотооддоо асуудлаа шийдээд, нэгдэж нийлээд нэг хурлаа хийгээд нэг хүнээ даргаараа сонгоод аваад ирээч ээ гэсэн хариугаа давтаж өгөх нь ойлгомжтой болчихоод байна. Ийм байхад намынхаа нэр хүндийг улам унагааж, даргын төлөө тэмцэл явуулаад хэрэггүй юм. Уг нь зөвшилцлийн ширээний ард бүгдээрээ суугаад нэгдэж нийлээд нэг даргаа сонгосон бол үр дүнд хүрэх байлаа. АН эвлэж нэгдэж байж эрх баригчдын дураараа авирлалтыг сөрөх хүчин байх болно.
-Л.Гантөмөрийг сонгоход ҮБХ-ны гишүүд бүгдээрээ намын эв нэгдлийг хангуулъя гэж санал нэгтэйгээр ээлжит бус Их хуралдаа оролцсон юм биш үү. Тухайлбал, танай зүгээс “Эв нэгдэл” ажлын хэсэгт орж ажилласан уу. АН-ын эв нэгдлийн гарц шийдлийг та юу гэж харж байна вэ?
-АН-ын дүрмийн дагуу намын бүх гишүүд хамтарч сууж байгаад асуудлаа хамтдаа шийдэх гарц байгаа. Түүнээс тус тусдаа хэсэг бүлгээрээ хуралдаж, нөгөө хэсэг нь оролцохгүй гээд гэдийчихээр хэдэн ч удаа эв нэгдэх ажлыг эхлүүлсэн үр дүнгээ өгөхгүй байгаа юм. Ганц шийдэл нь хамтарч асуудлаа шийдэх. Үүний төлөө ажлын хэсэг гарч ажиллаад хоёрдугаар сарын 18-нд намын Их хурлаа товлоод, тэнд бүгдээрээ цуглаж, асуудлаа тал бүрээсээ ярилцах ёстой. Шаардлагатай бол намын даргаа сонгоод явъя гэдэг гарцыг яриад байна л даа. Энэ санаачилгад бүгд нэгдэж нийлэхгүй, тус тусдаа хуралдаад байгаа нь асуудлыг улам төвөгтэй болгож байна. Бид ямар нэг зүйлийг намын гишүүдийн оролцоон дээр хамтарч шийдэхгүй бол Улсын дээд шүүх дээр очоод “Дотоод асуудлаа шийд. Хамтарч хуралдаад ир” гэдэг хариултыг олон удаа сонссон. Тиймээс хамтарч нэгдэхээс өөр ямар ч гарц харагдахгүй байна. Одоо Дээд шүүхэд намын даргын материалаа өгсөн хүмүүс сарын дараа хариугаа авна. Ингээд намын эвлэж, нэгдэх асуудал дахиад л хойшлогдоно. АН эрх баригчдын тоглоом болж байна.
-Өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд АН хоёр талд бужигналаа. Энэ бол улс төрийн намын хувьд урт хугацаа. Гэтэл УИХ-ын сонгууль хаяанд ирчихээд байхад АН эв зүйгээ олохгүй байгаа нь харамсалтай. Ойрын өдрүүдэд ээлжит бус сонгуулийн тов яригдаад эхэлсэн байна шүү дээ ...
-Мэдээж энэ тов үнэн байвал АН-ыг хүчгүй, олон хэсэг болгох нь эрх баригчдын зорилго. Намын гишүүдээ харахаар эрх баригчдын тоглоом болоод байгаагаа ойлгох хэмжээний хүмүүс байдаг. Эсвэл барьцаалагдчихаад ингээд тийчлээд байдаг юм уу.
-АН-ын тамганы асуудал байнга яригддаг. Тамга тойрсон хэрүүл хэзээ эцэслэгдэх вэ?
-Манай намын тамганы асуудал анхан шатны шүүх дээр маргаан үүсгэсэн хэвээр байгаа. Давж залдах шатны шүүхэд очсон боловч бүх асуудал нь анхан шат руугаа буцсан. Процессын хувьд ийм байна.
-Та бүхний зүгээс ирэх сонгуульд АН-аас нэр дэвших хүмүүсээ танилцуулсан. Энэ үйлдэл танай намд дахиад маргаан дагуулсан асуудал болохгүй юу?
-АН-ын зүгээс ирэх сонгуульд нэр дэвших хүсэлтэй залуу боловсон хүчнүүдээ нийтэд таниулах нь улс төрийн намд байдаг л хэвийн үйл ажиллагаа. Энэ нь сонгуулийн маргаашнаас л хийгдэж байх ёстой ажил. Ер нь сонгуульд оролцох шийдвэрийг намын төлөөллийн төв байгууллага гаргаж, нэр дэвшигчээ анхан, дунд шатны гишүүдээрээ хэлэлцүүлж, баталгаажуулаад Сонгуулийн ерөнхий хороо руу хүргүүлдэг. 2020 оноос хойш манай намын даргын суудал онгорхой байгаа шүү дээ. Гэхдээ 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болон нөхөн сонгуульд оролцсон. Одоо орон нутгийн сонгуульд ч манайхаас хүн өрсөлдөх нь нээлттэй. Энэ бол даргатай холбоотой асуудал биш юм. Намыг төлөөлөх эрх бүхий байгууллага нь байгаа учраас хуралдаанаараа шийдвэрээ гаргаад сонгуулийн хуульд нийцсэн нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд хүргүүлэхэд хүлээж авна. Харин аль талыг нь хүлээж авах вэ гэдэг маргаан үүсч магадгүй.
Ер нь манай намын маргаан удирдлагын түвшинд болоод байгаа. Жишээлбэл, Өвөрхангай аймагт нэр дэвших хүсэлтэй гурван залуу байлаа гэхэд тэдэнтэй маргах ямар ч удирдлага байхгүй. Тэгэхээр АН сонгуульд оролцох л юм бол нэр дэвшигчид нь тойрог дээрээ танигдах, юу хийх нь үүрэг.
-Сөрөг хүчингүй эрх баригчид юу хүссэнээ дураараа хийж болдгийг ард түмэн харж байна. Жишээлбэл, хэд хоногийн өмнө Н.Учрал гишүүний санаачилсан цахим хууль гэрлийн хурдаар батлагдаж, олон нийтийн амыг үдэхийг санаархлаа. Иймд АН яаралтай нэгдэж нийлэх ёстой юм биш үү?
-Уг хууль батлагдсантай холбогдуулан АН байр сууриа маш тодорхой илэрхийлж байгаа. Энэ бол ард түмний үзэл бодлоо илэрхийлэхийг хориглож, боомилсон хууль байна гээд Ерөнхийлөгчид манай намын зүгээс хандсан. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол эв нэгдлийн бэлгэдэл, олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй хүн. Энэ хүн улс төрийн намаасаа татгалзаад, бүх ард түмний эв нэгдлийг хангагч болсон. Тиймээс ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалж, хориг тавиач гэсэн хүсэлтийг АН-ын зүгээс илгээсэн. Үүнийг хүлээж аваад хориг тавьж байгаад нь талархаж байгаа. Ерөнхийлөгч аль намаас хамаараад сонгогдсоныг нь үл хамааран зөв зүйтэй шийдвэр гаргавал дэмжээд явна.
-Ерөнхийлөгч өөрөө захиалсан хуулиндаа хориг тавилаа. УИХ түүний хоригийг хүлээж авахгүй гэдгийг мэдэж байгаа учраас ийм шийдвэр гаргасан гэж олон нийт харж байгаа бололтой?
-Энэ хоригийг УИХ хүлээж авна гэдэгт итгэж байна. УИХ дахь АН-ын бүлэг уг хоригийг хүлээж авахад идэвхтэй оролцож, үүрэгжүүлэх чиглэл хүргүүлж байгаа. Мөн УИХ-ын даргад энэ хоригийг хүлээж авах тал дээр гишүүддээ ойлгуулах талаас нь шаардсан байгаа. Тэгээд ч энэ хууль нийтээр хэлэлцэгдээгүй. Процессын хувьд хууль зөрчсөн. Хууль батлагдсан өдрөөс хойш Ерөнхийлөгчийн хориг тавих 14 хоногийн хугацаа байдаг. Гэтэл энэ хууль батлагдсан өдрөөсөө хойш гурав хоногийн дараагаас хэрэгжээд явахаар алдаатай юм билээ. Хэрэв энэ хуульд хориг тавихгүй байсан ч Үндсэн хуулийн Цэц дээр очоод унана.
-АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийг иргэдэд нээлттэй болгож, улс төрийн нөлөөнөөс ангид байлгах хэрэгтэй гэж та мэдээлсэн. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юү?
-Авлигын асуудлыг бид өнгөрсөн онуудад эрчимтэй ярьж байсан. 2022 оны сүүлээр нүүрсний хулгайн хэрэг ил болж, ард түмний бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. АТГ-ын тогтоосноор авлига, албан тушаалын хэргийн улмаас өнгөрсөн 2022 онд улсад учруулсан нийт хохирлын хэмжээ таван их наяд төгрөг гэж зарлагдаж байна. Энэ бол 2022 оны улсын төсвийн дөрөвний нэгээс ч их дүн юм. Ийм байхад иргэд бухимдах нь битгий хэл энэ улс авлигадаа живчихсэн байна шүү дээ. Авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа нийт таван их наяд төгрөгт холбогдсон хүний тоо 100 хүрэхгүй байна. Хэдхэн хүн улсын төсвийн дөрөвний нэгийг хулгайлаад идчихээд ард түмэнд хохирол учруулж байгааг анхаараач ээ. Зөвхөн нүүрсний хулгайд 44 их наяд төгрөгийн авлига яригдаад байна. Улсын төсвийг хоёр нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө. Авлигатай тэмцэж байсан орнуудын туршлагыг харахаар авлига албан тушаалын хэрэгт холбогдсон нийт улстөрчид нийгмийн анхааралд оруулж, олон нийтийн хяналт дор шийдвэрлэж байж нөлөөллөөс ангид байдаг юм билээ. Ер нь ийм том дүнтэй авлига, албан тушаалын хэргийг улс төрд нөлөө бүхий этгээдүүд үйлддэг. Энэ нь чимээгүй шалгагдах юм бол цаашид замхардаг. Үүнийг зүгээр хардалтаар яриад байгаа юм биш. Өнгөрсөн онуудад шүүх хуралдаанаар шийдэгдсэн статистикийг үзвэл маш ойлгомжтой харагдана. Яагаад гэвэл манай шүүхийн систем өөрөө ялзрал руу орчихсон. Анхан шатны шүүхээр эрүүгийн зуун хэрэг шийдэгдлээ гэхэд 50 хувь нь давж заалдах шатан дээр очоод өөрчлөлт орчихдог. Тэрний 25 хувь нь хэрэгсэхгүй болоод үлдсэн нь магадлалд өөрчлөлт оруулна гээд явдаг. Цаашаа шийдэгдэж байгаа 50 хэргийн дахиад тэн хагас нь Улсын дээд шүүх дээр очоод өөрчлөлт орчихдог. Үүнийг 2021, 2022 оны шүүхийн тайлан мэдээнээс харвал шүүхээр шийдэгдэж байгаа хэрэг нь тун цөөхөн байна. Тал нь алга болчихдог. Сөрөг хүчний хувьд авлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд энэ төрлийн хэргийг иргэдийн хяналт дор шийдүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.
М.МӨНХЦЭЦЭГ
Сэтгэгдэл (0)