Ардчилсан хүчний дуу хоолойг ард түмэн үнэнхүү үгүйлж байжээ
- 2023-02-13
- Улс төр
- 0
Хөгжлийн банкийг Хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд болж, гэрчээр дуудагдсан Фортуна Н.Батбаяр үг хэлсэн нь нийгэмд шуугиан тарилаа. Тэрбээр Сонсголд тайлбар өгч буй хүмүүст итгэл найдвар боллоо. Эрүүл тайлбар, ажлаа зөв ойлгуулах чадвар, бүгд буруутай биш гэсэн ойлголтыг нийгэмд өгөв. Ардчилсан үзэлтэй хүн гэж ийм байдаг юм байна. Угтаа Монгол Улс бол ардчилсан нийгэмтэй, түүнийгээ мэдэр гэдгийг ард түмэнд хэллээ. Ардчилсан үзэлтэй, АН-ын гишүүн, Ардчилсан хүчний нөлөө бүхий хүмүүс аливаа асуудалд ямар айхавтар шулуухан, асуудлын голыг олсон, түс тас, түмпэн шанага хангинамаар ярьдаг, хэлдэг болохыг тэр мэдрүүлэв. Ард түмэнд Ардчиллын ийм тод дуу хоолой үгүйлэгдэж байсан юм байна. Тийм болохоор ард түмэн алга ташив. Уг нь түүнийг зүхэх ёстой гэж эрх баригчид тооцоолж байв. Ард түмнийг ийм болгочихсоноо одоо эрх баригчид ойлгох цаг болжээ...
Фортуна Н.Батбаяр ийм л үгийг олны өмнө, эрх баригчдад хандаж хэлсэн. “2012 онд ард түмэн Ардчилсан намд итгэж, Засгийн эрхийг өгсөн. Тэр оны сүүлийн хагаст дэлхий дээр эрдэс баялгийн үнэ огцом унасан. Энэхүү нөхцөл байдал нь Монголын эдийн засагт мэдээж таатай тусаагүй. Эдийн засгийн хатуухан уналт орж ирнэ гэж үзсэн учраас сэргийлэх үүднээс гаднаас мөнгө босгосон. Би 2012 оны наймдугаар сарын 18-ны өдөр Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдсон. Бондын асуудлыг сайд болсноосоо хойш 12 хоногийн дараа буюу наймдугаар сарын 30-нд гаргаж тавьсан. Аравдугаар сарын 25-нд УИХ-аас Засгийн газарт тав хүртэлх тэрбум ам.долларын бонд гаргах зөвшөөрлийг Засгийн газарт олгосон. Түүний дагуу ажиллаж, Засгийн газрын 100 хоногийн хугацаанд буюу 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1.5 тэрбум ам.доллар босгосон. 2012.12.06-ны өглөө Сангийн яамны дансанд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө орж ирснээр түүх эхэлсэн. Өнөөдөр Хөгжлийн банкны өнгөрсөн 10 гаруй жилийн түүхийн сайнтай, саартай талыг хэлэлцэж байна. Миний бие Эдийн засгийн хөгжлийн сайдаар хоёр жил ажилласан. Энэ хугацаанд 1.5 тэрбум ам.долларын "Чингис" бонд, дараа нь 300 сая ам.долларын Японоос олгодог "Самурай" бонд, мөн Хятад болон Орос, Европын орнуудаас 2.5 тэрбум ам.долларын хөрөнгийг Монгол Улсад оруулж ирсэн. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллахдаа би Монгол Улсдаа гаднын зах зээлээс өртөг хямд хөрөнгө оруулж ирснээс авч гараагүй гэдгээ албан ёсоор хэлэх байна. Монголд мөнгө оруулж ирсэн болохоос би захиран зарцуулах эрх эдлээгүй гэдгээ хэлэхийг хүсч байна. Хэрвээ "Чингис" бондын мөнгө орж ирээгүй бол, бусад хөрөнгө орж ирээгүй, эдийн засгийнхаа үйл ажиллагааг явуулаагүй байсан бол 2012, 2013 онд Монгол Улс эдийн засгийн маш хүнд байдалд орох байсан шүү. Яагаад гэвэл дэлхийн зах зээл дээр манай улсын эрдэс баялгийн үнэ асар их хэмжээгээр унасан. Өнөөдөр нүүрс хэдэн зуун ам.доллараар үнэлэгдэж байгаа бол тэр үед 30 ам.доллар хүртлээ унасан. Зэс, алтны үнэ унасан байдалтай байсан. Энэ хөрөнгө зорилгоо биелүүлж, огцом уналтаас Монгол Улсыг аварч чадсан гэдгийг хэлэхийг хүсч байна. "Чингис" бондын хөрөнгөөр нийт 371 бүтээн байгуулалтын арга хэмжээ хийгджээ. Бүх арга хэмжээг дурдсангүй, тодорхой хэмжээнд асуудалд орж болзошгүй гэдэг зүйлүүд дээр анхаарал хандуулж ярилаа гэж ойлголоо. Энэ мөнгө анх хоёр утгаар орж ирсэн. 500 сая ам.доллар нь таван жилийн хугацаатай, 4.1 хувийн хүүтэй. нэг тэрбум ам.доллар нь 10 жилийн хугацаатай, 5.1 хувийн хүүтэй боссон мөнгө. Түүнээс хойш олон удаа бонд боссон. Гэхдээ "Чингис" бонд шиг дөрвөн хувийн хүүтэй мөнгө босоогүй гэдгийг албан ёсоор хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хамгийн хямдаар боссон мөнгө. Та өндөр үнэтэй бонд гэж хэллээ. "Чингис" бондоос хойш боссон бүх мөнгө өндөр үнэтэй боссон байгаа шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Хамгийн сүүлд 8.65 хувийн хүүтэй бонд боссон. "Чингис" бондын хүүнээс даруй хоёр дахин өндөр хүүтэй боссон байна. "Чингис" бондын мөнгө харьцангуй хямд үнэтэй боссоныг бас "Оюутолгой"-той харьцуулж болно. "Оюутолгой" зээл, зээлийн хүү нь найман хувьтай. "Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын зээлийн хүүнээс "Чингис" бонд даруй хоёр дахин бага хүүтэй боссон гэдгийг энд зориуд цохож хэлэхийг хүсч байна. "Чингис" бонд босгоод, Монгол Улсыг өрөнд оруулсан мэт, балласан мэт ярьж байгаа нь үзэл суртлын улс төржсөн арга хэмжээ. Харин эсрэгээрээ "Чингис" бонд болон бусад бондууд орж ирснээрээ Монгол Улсад их бүтээн байгуулалт хийгдэж чадсан. Сая цахилгаан станцуудыг ярилаа. Хэрвээ "ДЦС IV", "ДЦС III"-ын өргөтгөл, "Амгалан" ДЦС шинээр баригдаагүй байсан бол Монгол Улс 2015, 2016 онд хөлдчих байсан. Тэр аюулаас бид улсаа хамгаалж чадсан. "Гудамж" төслийн хүрээнд Улаанбаатар хотод 33 уулзвар ашиглалтад орсон. Хамгийн анхных нь Саппорогийн уулзвар. Тэр үед ард түмний дунд "Эр зоригийн уулзвар" нэртэй байсан. Богд уулын арын зам байна. Мянга есөн зуун тавин хэдэн онд авто зам барьсан. Тэр үед шороон зам байсан. Европын нэг хамтлаг явж байгаад осолдсон тул тэр зам хаагдсан байсныг 50 жилийн дараа "Гудамж" төслийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр ашиглалтад оруулсан...” гэж. Түүний өөдөөс дуугарах хүн олдоогүй. Дотроо, дор бүрдээ үнэн шүү гэсэн бодолд автсан.
Үүний дараа нийгэм шуугьж эхэлсэн. Тухайлбал, Монголын төрд сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан М.Зоригтын зүгээс “Ард түмэн, ардчилсан хүний ийм үг яриаг сонсолгүй 10 жил болжээ” хэмээн дуу алдан бичсэн юм. Үнэхээр л сүүлийн долоон жилд Монголын Засгийн эрхийг МАН дангаараа барьж өнөөдөрт ирэхдээ улстөрчид нь бүгдээрээ нэг хэвэнд цутгачихсан юм шиг, хэлж ярьж байгаа нь бөөрөнхий, асуудлыг тойрч зугтсан, эргэж буцсан, ээрч муурсан, биеийн хэлэмж нь айдастай, байжээ үйлдэл, ард түмнээ хуурсан, юу ч хийгээгүй, ямарч ажлын ард гараагүй дүр зураг байсан нь өнөөдөр ил тодорхой болов. “Монголоос хулгайлж л байцгаана даа” гэсэн ганц үгтэй явж иржээ. Ийм эмгэнэлтэй цаг үед Ардчиллынхны төлөөлөл, АН-ын гишүүдийн зарим нь ийнхүү Фортунаар дамжин нийгэмд ил гарч ирж, төрийн ордноос ярьж хэлж эхэлтэл ард түмэн ямар халуун дулаанаар хүлээн авч байна вэ. Ардчилал хумигдаж байгаа нийгэмд, ард түмний үзэл бодлын илэрхийлэл, үг хэллэг нь гутмаар муухай болдог юм байна. Нийгэмд дуу хоолойгоо хүргэж байгаа иргэдийн маань сошиал орчинд бичиж байгаа үгс чих халууцмаар “гичий нохой, пизда дурак, өмхий хужаа, голомтыг нь самар, үе удмаар нь буудан хороо, хүйс тэмтэр...” чихээ дармаар болж байгаа биз. Ардчиллын үнэт зүйлс оршин буй нийгэм дэх үзэл бодлын илэрхийлэл ийм байдаггүй юмаа. Ардчиллын үнэт зүйлс үгүйрэн хоосрохоор ийм байдал руу нийгмийн сэтгэл зүй ордогийг олон орны жишээнээс харж болно. Ардчилал мөхөх зам руу явж байж ч мэдэх сошиал дахь иргэдийн энэ зүхэл хараал дунд АН-ын тод төлөөлөл, Ардчилсан үзэлтэн Фортуна хэмээх Н.Батбаяр гарч ирэн, эрх баригчдын өөдөөс зүрхээ гараараа даран байж цогтой үгсийг хэлж, хууль дүрмийг сануулсан нь сайхан байлаа. Хоёрхон жил төрд сайдаар
ажиллахдаа ямар их ажил амжуулсанаа сануулав. Ард түмэн нийтээрээ “Бидний зүхээд байдаг Ардчиллынхан чинь, АН чинь нээрэн юу билээ...” хэмээн бүтэн долоон жилийн дараа гэнэт сэхээрэв. АН бол алдаж онохоос айхгүй бүтээн босгодог, алдаа гаргаад ч хамаагүй ажлын төлөө зүтгэдэг, ард нь гардаг байсныг бүтэн долоон жилийн дараа ийнхүү нийгэм анзаарав. АН-ын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч гэсэн сонсгол дээр “Ахиад намайг хоёр жил ажиллуулсан бол үлдсэн бүх ажлыг хийчих байсан юм. Өнөөдрийн Монгол Улс өөр болчихсон байх байлаа” гэж мэдэгдэв. Түүний энэ үгний өөдөөс баалах нэг ч коммент гарч ирээгүй нь Монголын ард түмэнд ардчилал ямар их хэрэгтэй болсныг, ардчиллыг үгүйлж байгааг, АН бол ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл болсон улс төрийн хүчин гэдгийг нийгэмд тунхаглалаа.
П.Хашчулуун
Сэтгэгдэл (0)