Гадаадын цахим хэвлэлүүдэд зуу, зуун саяар нь цацдаг манай улстөрчид дотоодын хэвлэлийг үл тоож сохор зоос ч гаргахаас гар татдаг

Саяхан фэйсбүүкт өөрийгөө сурталчлуулахаар мөнгө төлсөн Монголын 10 улстөрчийн нэрийг Мета буюу “Meta ad Library report” дэлхий дахинд нээлттэй зарласан. Үндсэндээ Мета компани сонгууль, нам, улс төрийн холбоотой зар сурталчилгааны ил тод байдлаа олон нийтэд тайлагнан хүргэдгийн дагуу сүүлийн нэг жилийнхээ тайланг гаргаж мэдээлсэн нь энэ юм. Монголын 10 улстөрчийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү, УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар 28567 ам.доллар буюу 99.8 сая төгрөг зарцуулснаар тэргүүлж байна.

Батшугарын дараа УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд “Оргил”-ын гэх тодотголтой Ж.Ганбаатар 14092 ам.доллар буюу 49.3 сая төгрөг төлснөөр удаалж байна. Жагсаалтын гуравт УИХ-д суудал бүхий ХҮН нам 11034 ам.доллар буюу 38.6 сая төгрөг төлснөөр бичигдсэн бол дөрөвт УИХ-ын гишүүн Ж.Батсуурь 10112 ам.доллар буюу 35.3 сая, тавд ХҮН намын дарга асан Б.Найдалаа 8604 ам.доллар буюу 30.1 сая, зургадугаарт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 7239 ам.доллар буюу 25.3 сая, долдугаарт УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг 4616 ам.доллар буюу 16.1 сая, наймдугаарт эрх баригч МАН 4355 ам.доллар буюу 15.2 сая, есдүгээрт Г.Баярсайхан 3697 ам.доллар буюу 12.9 сая, аравдугаарт Б.Одсүрэн 3498 ам.доллар буюу 12.2 сая төгрөг зарцуулсан нь тодорхой байна.

“ТОП-10”-т ийнхүү бичигдсэн улстөрчид болоод улс төрийн намуудын фэйсбүүкт төлсөн төлбөр нийтдээ 95.814 ам.доллар буюу 335.3 сая төгрөг болж байна. Гэхдээ энэ бол зөвхөн манай улстөрчдийн л фэйсбүүкт өөрийгөө сурталчлуулахаар өгсөн мөнгө юм. Манай үйлдвэр компаниудын фэйсбүүк твиттерт сурталчилгаандаа зарсан мөнгө, бас имфлүүзер гэх хүмүүсийн зарцуулсан мөнгийг тооцох юм бол юун гурван зуун сая төгрөг. Бараг хэдэн их наяд болох биз. Тэгвэл эдгээр улстөрчид Монголын хэвлэл мэдээллийн байгууллагад хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэ гээд үзэхээр юу ч алга байх юм.Э.Батшугарын хувьд өөрийн эзэмшил телевизтэй.ТВ9 телевиз Н.Энхбаярын телевиз гэдгийг бүгд мэднэ.Өөрийн эзэмшлийнх нь хамаагүй, харин бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох сонин, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн үү. Зар сурталчилгаа байрлуулсан уу, ярилцлага нийтлэл, нэвтрүүлэг, мэдээлэл гаргуулсныхаа төлөө мөнгө төлсөн үү гээд үзэхээр “Манайд мөнгө төлж байсан, манайтай гэрээ хийсэн” гэх хэвлэл мэдээллийн байгууллага алга байна.

Бусад улстөрчдийн хувьд ч ялгаагүй. Хэвлэл мэдээлэл сонин, телевизэд огтоос хөрөнгө оруулалт хийдэггүй, бодитой дэмжлэг үзүүлдэггүйг сониныхон болоод телевизийнхэн хэлж байна. “Оргил”-ын Ж.Ганбаатар 50 орчим сая төгрөг фэйсбүүкт төлсөн. Тэрбээр УИХ-ын гишүүн болоод удалгүй Эдийн засгийн байнгын хороог даргалж эхэлсэн. Одоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд. Төрийн түшээ дарга сайд болсноор түүний хувийн бизнес улам цэцэглэн хөгжсөнийг хэн хүнгүй хэлдэг.Монголын нэртэй бизнесмэний хувьд хэвлэл мэдээллийн байгууллагад бодитой дэмжлэг үзүүлдэггүй. Харин “Би өөрийнхөө эрхэлж байгаа бизнесээс жил бүр 500 сая төгрөгийн ашиг авч түүнийгээ тойргийн ахмадууддаа зарцуулдаг” гэж хэлдэг.

ХҮН, тус намын дарга байсан залуу улстөрч Б.Найдалаа, мөн УИХ-ын гишүүн АН-ын Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж, Ардын намын Х.Ганхуяг гээд 16-35 сая төгрөгөөр тус бүртээ фэйсбүүкийг санхүүжүүлдэг нөхөд Монголынхоо хэвлэлд сохор зоос ч хялайлгадаггүй гэдгийг Монголын өдөр тутмын сонины холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын телевизүүдийн холбооны албаны эх сурвалжууд хэлж байна.

Монголын улстөрчид, цахимаар өөрийгөө сурталчлах гэж гадны компанид 100 саяар нь мөнгө зараад байгаа нэр бүхий гишүүд болон Монголын улс төрийг удирдаж байгаа бүх албан тушаалтнууд нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын хэвлэл мэдээллийг өөд нь татаж зар сурталчилгаагаа өгөх хэрэгтэй байна. Бүх улстөрчдийн өөрийнх нь эзэмшлийн компани аж ахуйн нэгжүүд байдаг.Тэдгээр харьяаллын газруудынхаа сурталчилгааг өдөр тутмын сонинууд болон үндэсний томоохон телевизүүдээр гаргаж

зориг, үнэ цэнийг нь үнэлж, цаагуураа эдийн засгийн тусгаар тогтнолд нь бодит дэмжлэг үзүүлж буй ийм хэлбэр.

Гэтэл Монголын хамгийн том компани Эм Си Эс Монголын хэвлэл мэдээлэлд сүүлийн арваад жил зар сурталчилгаа хийгээгүйтэй адил. Хамгийн олон хэрэглэгчтэй “Мобиком” корпораци ганц ч төгрөгийн реклам өгсөнгүй. Нийгмийн хариуцлагаа умартсан “Мобиком”-ыг хатуу шүүмжилмээр байна.Тэд өөрсдийн пэйж хуудаснаас бусдыг басамжлан дооглож зар сурталчилгаа байршуулахаа больсон. Манай пэйжийн дэргэд хэдхэн дагагчтай юм, сонин уншдаг хэн байхав гэх мэтчлэн. Дээрээс нь “Оюу толгой” компани, “АПУ”, “Таван богд” групп гээд огт хэвлэл мэдээлэлд сурталчилгаагаа өгдөггүй компаниудыг шүүмжилмээр байна. “Таван богд”-ын Ц.Баатарсайхан захирал та “Монголчууд дотооддоо үйлдвэрлэсэн бараагаа биш гадныхны хувцас хунарыг бүгд өмсөж байгаа болохоор яаж хөгжих юм бэ” гэж хэлдэг.Гэтэл та үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагад сурталчилгаа байршуулж төлбөр төлөхөөс гар татдаг нь ямар учир байна аа.

Өнөөдөр үндэсний том хэвлэлүүд болох өдөр тутмын сонинууд, мөн өргөн нэвтрүүлгийн томоохон телевизүүд эдийн засгийн хувьд элгээрээ хэвтсэн.Ковидын үеэс хойш буюу сүүлийн гурван жилийн хугацаанд өдөр тутмын сонинууд ихэвчлэн найман нүүрээр хэвлэгдэж байна.Үндэсний том компаниуд зар сурталчилгаа байрлуулахаа больсон, тэд өөрсдийн пэйж хуудастай түүнийг нь дор хаяж сая хүн дагадаг. Тийм учир сонин, телевизээр зар явуулах ямар хэрэгтэй юм гэж гайхдаг. Засгийн газар хэмнэлтийн бодлого гээд хамгийн түрүүнд хэвлэлийн зардлаа хассан. Хэвлэгдэж байгаа найман нүүр сонины ердөө гурван нүүр нь рекламтай байвал их юм. Энэ рекламны үнэ нь цаас, хэвлэлтийн зардал, цалиндаа ч хүрэхээ больсон.

Телевизүүд ямар байгаа талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Бид чинь одоо ажилчдынхаа цалинг тавьж чадахаа байлаа. Сугалаа гээд таван төгрөг олдог байсныг маань сая хаачихлаа. Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын шаардлага” гэгчийг одоогоос 10 гаруй жилийн өмнө гаргаж, нэг цаг тутамд дамжуулах зар сурталчилгааны хугацаа телевизийнх 15 минут болсон. Энэхүү 15 минутын рекламны орлогоос өөр орлого гэж бидэнд байхгүй болсон. Сурталчилгааны хувьд 1 секунд 2-10 мянган төгрөг. “Боловсрол” ТВ-ийн “Яг түүн шиг” шоу ч юм уу үзэгчид сайн үздэг нэвтрүүлгүүд 1 секунд нь 10 мянга хүрдэг, түүнээс бусад нь 2000-гаас хэтрэхгүй. 15 минутын реклам өдөр бүр дүүрэн байна гэж байхгүй. Зарим нэвтрүүлгийн дундуур ямар ч рекламгүй. Тиймээс ардаа ямар нэгэн аж ахуйгүй телевизүүд үнэхээр хүнд байдалд орсон. АПУ-гийн NTV, Гачууртын Монгол HD, Бодийн “Боловсрол” гэдэг ч юм уу ардаа тусдаа аж ахуйтай телевизүүд бол арай учиртай байгаа байх. Бараа бүтээгдэхүүнээр бид бартер хийж ажилчдадаа өгч байна.Яг одоо цагаан сарын боовыг нь цалингийн оронд өгч байна, байдал ийм л байна” гэв.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд гурван сар ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байх бол энгийн үзэгдэл болсон. Мөнгө олохоороо цувуулж өгдөг. “Дарга нартаа түрүүлж өглөө” гэх хэрүүл л хэвлэл мэдээллийн байгууллагад байна. Үнэн бодит байдал ийм байгаа юм чинь худалдагдахгүй, гадны нөлөөнд автахгүй яах юм. Өлөн хоосон, ходоод нь хонгинож байгаа сэтгүүлчид таван цаасны төлөө хэн нэгний гар хөл, дуу хоолой болохгүй өөр яах юм. Хэвлэл мэдээллийн байгууллагаа үнэ цэнэтэй байлгахын тулд Монголын улстөрчид, үндэсний том бизнесмэнүүд хөрөнгө санхүүгийн хувьд дэмжих цаг нь болсон. Тэгж үндэсний хэвлэлээ аврах хэрэгтэй байна. Энэ бол монгол үндэстнийхээ төлөө, монголчуудын ирээдүйн төлөө төлж байгаа төлөөс юм.

Үндэсний компаниуд бас Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд та нар монголчуудаас мөнгө олж байгаа л юм бол монголчуудын хэвлэл мэдээлэлд хөрөнгө оруулах ёстой. Үүнийг дан ганц компанийн болон эздийнх нь сайхан сэтгэлд найдах хэрэггүй, энэ чигийн хууль тогтоомжуудад заалт оруулж өгөх хэрэгтэй байна.

Дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээлэл байхгүй бол Монголын ардчилал байхгүй болно. Ардчиллын амин сүнс нь хэвлэл мэдээлэл. Хэвлэл мэдээллийн амин сүнс нь өдөр тутмын сонин, телевиз байдаг. Хэрвээ ардчилал байхгүй бол Монголын тусгаар тогтнол, тусгаар улс гэдэг маань эцэстээ юу болох вэ. Улс орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлаа хадгалахын тулд ардчиллын амин сүнс хэвлэл мэдээллээ бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Ингэж дэмжих учиртай улстөрчид, улс төрийн намууд нь гадны цахим хэвлэлүүдэд бараг хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ганцхан жилийн дотор өгч байгаа нь арай дэндэж байгаа юм биш үү. Том компаниудын хувьд Монгол Улс тусгаар байна уу, үгүй юу хамаагүй байдаг байж болно. Тэдэнд ашиг л чухал болохоос өмхий нүүрс үнэртүүлсэн хэдэн монгол тусгаар байх эсэх нь хамаагүй. Харин үндэсний том компаниуд, Засгийн газар энэ тал дээр бодлого гаргаж үндэсний хэвлэл мэдээллээ дэмжихгүй бол Монголын хэвлэл мэдээлэл бараг байхгүй болох нь шиг байна. Дан гадаадын цахим флатпорм дээр байршсан сайтууд л үлдэж хоцрох шинжтэй болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)