БНСУ-д ганц бие эмэгтэйчүүдийн 4 хувь нь л гэрлэж, хүүхэд төрүүлэхийг чухалчилж байна
- 2023-02-27
- Дэлхий
- 0
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д 20, 30-аад насны ганц бие эмэгтэйчүүдийн ердөө 4-хөн хувь нь л гэрлэж, хүүхэд төрүүлэхийг чухалчилж байгааг тус улсын Нийгмийн судалгааны нийгэмлэгээс ням гарагт танилцуулсан санал асуулгын дүн харууллаа. Харин энэ насны ганц бие эрэгтэйчүүдийн 12.9 хувь нь гэрлэж, хүүхэд төрүүлэх нь эмэгтэйчүүдийн амьдралын салшгүй хэсэг гэдэгтэй санал нэгдсэн байна. 20-34 насны гэрлээгүй 281 хүний дунд санал асуулгыг явуулжээ.
Санал асуулгад оролцсон бүсгүйчүүдийн 53.2 хувь нь гэрлэж, хүүхэд төрүүлэх нь эмэгтэйчүүдийн хувьд чухал биш гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол эрэгтэйчүүдийн 25.8 хувь нь ийм хариулт өгсөн байна.
Эдийн засгийн удаашрал, орон сууцны өндөр үнэ зэрэг асуудлуудтай тулгарч байгаатай холбоотойгоор БНСУ-д хүүхэдтэй болох төлөвлөгөөгөө хойшлуулах, улмаар цааргалах залуучуудын тоо нэмэгдэж, төрөлтийн түвшин буурах болоод байгаа юм. Статистикийн хорооны мэдээллээр, өнгөрсөн онд улсын хэмжээнд 249 мянган хүүхэд шинээр төрсөн нь 2021 онд бүртгэгдээд байсан түүхэн доод үзүүлэлтээс 4.4 хувиар буурсан байна.
БНСУ-д нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо 2022 онд 0.78-д буюу түүхэн дэх хамгийн бага түвшинд хүрч буурсан нь хүн амын тоог 51.5 саяд тогтвортой байлгахад шаардлагатай 2.1-ээс хавьгүй доогуур үзүүлэлт болжээ.
2022 онд амаржсан эхчүүдийн дундаж нас 33.5 байсан нь өмнөх оныхоос 0.2-оор өссөн байна. Мөн анхны хүүхдээ төрүүлсэн эхчүүдийн дундаж нас 33 байсан бол хоёр дахь болон гурав дахь хүүхдээ төрүүлсэн эхчүүдийнх тус тус 34.2, 35.6 нас байжээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл (0)