Газар хөдлөлтийн дараах Турк улс
- 2023-02-28
- Нийтлэл
- 0
Турк Сирийн нутаг дэвсгэрийг хамарсан 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 50 мянгыг давж, хоёр сая гаруй иргэд орох оронгүй болж хаана хоноглох нь тодорхойгүй өдөр хоногийг өнгөрөөсөөр байна. Хоёрдугаар сарын 6-ны өдөр эхэлсэн энэхүү газар хөдлөлтийг ДЭМБ-аас сүүлийн 100 жилд бүс нутагт тохиогоогүй томоохон гамшиг хэмээж, олон улсаас Турк, Сирийг чиглэсэн тусламжийн цуваа хөвөрсөөр байгаа.
Одоогоор дэлхийн 102 улс болон олон улсын 74 байгууллагаас аврах баг, хоол хүнс, хэрэгцээт бараа бүтээгдэхүүний тусламж дэмжлэг үзүүлсэн. Мөн мөнгөн тусламжийн тоог тоймловол, Дэлхийн банкнаас 1,78 тэрбум ам.доллар, АНУ 185 сая ам.доллар, Арабын Нэгдсэн Эмират Улс 100 сая ам.долларын хандив өгсөн нь хамгийн том тоотой тусламжид тооцогдож байна.
Гамшигт үйл явдал болсноос хойш гурван долоо хоносон учир аврах ажиллагааг үндсэндээ зогсоож, олон улсын аврагчид нутаг буцаад байгаа. Манай улсаас гэхэд 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг Туркийн Хатая хотод ажиллахдаа найман хүний амь нас аварсан мэдээтэй эх орондоо эргэн ирээд байгаа юм. БНТУ-ын хувьд газар хөдлөлтөд өртсөн 10 гаруй хотод аврах ажиллагааг зогсоожээ.
АМЬДРАХ НӨХЦӨЛ ХҮНД ХЭВЭЭР БАЙНА
Газар хөдлөлтийн гамшгаас амьд үлдсэн нь азтай хэдий ч цаашид хэрхэн амьдрах нь бүрхэг хэвээр байгаа хоёр сая иргэний нэг нь Омран Алсвед. 25 настай, сувилагчийн сургуулийн оюутан тэрбээр гэр бүлийн хамт гурван долоо хоногийн турш түр майханд толгой хоргодож байгаа ч цаашид хэрхэн амьдрах нь бүрхэг байгаагаа “Ройтерс” агентлагт ярьжээ. Тэд албан ёсны хоргодох газарт очих эсэх нь ч эргэлзээтэй байгаа юм. "Бидэнд гэр гэх зүйл үлдээгүй. Одоогоор гэр байсан газрынхаа ойролцоо цэцэрлэгт түр хоног төөрүүлж байна. Хэд хэдэн удаа хоргодох байранд шилжих хүсэлт тавьсан боловч ойролцоох байрууд бүгд дүүрсэн учир боломжгүй гэсэн хариулт сонссон” гэжээ.
Харин гамшигт нэрвэгдсэн Анталия хотоос Кирихан тосгон хүрэх замын ойролцоо Айсэ хэмээх бүсгүй гэрийнхээ дэргэдэх хүлэмжинд түр амьдарч байна. “Ядаж л бидэнд хүлэмж байгаа нь их зүйл болж байна. Биднээс ч дор байдалтай мянга мянган хүн байгаа учир тэвчихээс өөр сонголт бидэнд байхгүй шүү дээ” хэмээн тэрбээр хэлжээ.
Энэ мэтээр хоёр сая гаруй иргэд орон гэргүй болж, өөр өөрсдийн нөхцөл байдалд тааруулан толгой хоргодон, амь зогоож байна. Зарим нь их сургуулийн дотуур байр, зочид буудал, зоогийн газруудад байрлаж байгаа бол олонх нь түр майханд амьдарч байна. Туркийн ерөнхийлөгч Т.Эрдоган гамшигт өртсөн хүмүүсийг жилийн дотор гэр оронтой болгохоо амлаж, хүн тус бүрт 530 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохоо мэдэгдсэн. Гэсэн ч хоёр сая гаруй хүнд хоргодох байр нэн түрүүнд шаардлагатай байгаа юм. Туркийн Гамшиг, онцгой байдлын албаны хүний мэдээлснээр газар хөдлөлт болсон Туркийн 10 гаруй хот, Сирийн бүс нутаг нийлсэн 135 байршилд 325 мянган майхан, түр хоргодох байрыг байгуулжээ. Газар хөдлөлтийн бүсээс 530 гаруй мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж эдгээр түр байруудад хуваарилаад байгаа. Гэсэн ч майхан, түр байрын хүртээмж хангалттай биш, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, өдөр тутмын бүх л хэрэгцээт зүйлс дутагдалтай хэвээр байна.
ЧАНАРГҮЙ БАРИЛГЫН БУРУУТНУУДЫН ТОО НЭМЭГДЭВ
Газар хөдлөлтийн гамшгийн хамгийн том сургамж бол чанаргүй барилгын асуудал. Тиймээс ч газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаатай зэрэгцэн чанаргүй барилга барьсан компаниудыг шалгах, буруутныг олж тогтоох, баривчлах, хариуцлага тооцох ажиллагааг яаравчлан эхэлсэн.
Газар хөдлөлтийн эхэн үед 160 гаруй хүнийг яллагдагчаар татан шалгаж байсан бол энэ тоо 600 болж нэмэгджээ. Тэдгээрийн 171-ийг баривчлан шалгаж эхэлснийг тус улсын Хууль зүйн сайд Бекир Боздаг газар хөдлөлтөд өртсөн 10 хотын нэг, Дияарбакирт ажиллах үеэрээ өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн. Эдгээрийн дотор 78 барилгын гэрээт компанийн хариуцлагатай албан тушаалтан, 74 хууль ёсны хариуцагч, 13 барилгын компанийн эзэд багтаж байгаа юм.
Туркийн инженер, архитекторуудын нэгдсэн танхимын мэдээлснээр энэ удаагийн газар хөдлөлтөд 172 мянган барилга өртжээ. Эдгээр нь чанаргүй материал ашиглан газар хөдлөлтөд тэсвэргүй барилга барьсантай холбоотой юм. Архитекторууд болон хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд чанаргүй барилга байшингуудаас сэргийлэхийн тулд барилгын код буюу дагаж мөрдөх хатуу зарчимтай байх ёстойг цаг үргэлж анхааруулсаар иржээ. Гэсэн ч эрх баригчид барилгын компаниудад зөөлөн хандсанаар ямар ч зөвшөөрөлгүй, чанарын шаардлага хангаагүй, стандартаас хэд дахин өндөр барилгууд сүндэрлэсэн хэмээн мэргэжилтнүүд шүүмжилж байна. “
Нурсан барилгын зарим нь 30 ба түүнээс олон жилийн өмнө баригдсан. Мөн саяхан барьсан барилгууд ч бас байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийн дагуу аудитын үнэлгээг хийлгэж, мөрдөн шалгах ажлыг хийж байна” гэж Хууль зүйн сайд Бекир Боздаг ярьжээ.
Өөрөөр хэлбэл, барилгын чанартай холбоотой асуудал Турк улсад газар хөдлөлтийн дараах томоохон сэдэв болоод байгаа. Учир нь шинэ барилгууд 7.5-7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход тэсвэртэй байх стандарттай. Өмнө нь болсон олон удаагийн хүчтэй газар хөдлөлтийн улмаас барилгуудад нарийн шаардлагыг тавихаар зохицуулсан байдаг. Гэвч стандартын дагуу барьсан гэх тодотголтой олон барилга нурсан нь туркуудын эргэлзээг хамгийн ихээр хүргэж, чанаргүй барилгын эздэд хариуцлага тооцоход хүргээд байгаа юм. Хэрэв барилгыг зөв стандартын дагуу барьсан бол газар хөдлөлтийн үеэр энэ олон барилга нурж сүйдэхгүй байсан хэмээн архитекторчид тайлбарлаж байна. Дашрамд дурдахад, Туркт 1999 онд болсон газар хөдлөлтийн үеэр 17 мянган хүн амиа алдсан. Үүний дараа барилгын стандартыг чангалсан байв. Гэвч 2018 онд шинэчлэн баталсан стандартаар зарим заалтуудыг зөөлрүүлсэн учир чанаргүй барилгууд олноор нэмэгдсэн хэмээн мэргэжилтнүүд үзжээ.
Базарбямбын Нямсүрэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл (0)