УИХ-ын даргын Япон Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ
- 2023-03-01
- Улс төр
- 1
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар Япон Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ.
2023 оны гуравдугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү айлчлалын гол зорилго нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс, Япон Улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгах, Парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлагатай албан ёсны уулзалт хийхээр төлөвлөж байна. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Я.Нишимүра, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака-тай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
Монгол Улсын Их Хурлын даргын түвшинд 2017 оноос хойш 6 жилийн дараа болж байгаа тус албан ёсны айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (1)
Зочин (202.9.46.0)
Америкийн элчин сайдын яам аялалын болон цагаачлалын визний хариуг маш хурдан гаргадаг болмоор байна. Америкийн элчингийн газар визний ярилцлаганд орсон хүнийг дахин визний ярилцлаганд орох хугацааг нь хойшлуулалгүйгээр цуцлалгүйгээр оруулж баймаар байна.