Хөгжлийн банкны шүүх хурлыг нээлттэй явуулахад олон нийтийн шахалт хэрэгтэй
- 2023-03-01
- Нийтлэл
- 0
Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хурлыг ирэх пүрэв гаригт буюу 2023 оны гуравдугаар сарын 2-нд зарлажээ. Шүүх хуралд хэргийн 80 гаруй холбогдогч, 257 оролцогч /хэргийн холбогдогч нараас гадна шүүгч, прокурор, өмгөөлөгч, гэрч гээд/ оролцох учраас өнөөдөртөө манайд энэ хэмжээний бүрэлдэхүүнтэй шүүх хурлыг явуулах шүүх танхим байхгүй. Тиймээс шүүх хурлыг Улаанбаатар чуулгын танхимд хийхээр болж байгаа юм байна. Өмнө болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн нэг адил.
Гэвч шүүх хурал эхлэхээс өмнө тавих ёстой нэг асуулт байна. Анх хэргийг нээхдээ хэргийн холбогдогч тус бүр дээр хавтаст хэрэг нээсэн, мөрдөн байцаалт явуулж яллах дүгнэлт үйлдсэн. Өөрөөр хэлбэл, “Хөгжлийн банкны” гэдэг нэг малгайтай боловч хэргийн үйлдлүүд нь тус тусдаа, өөр өөр зүйл ангитай, өөр өөр хохиролтой. Гэтэл шүүх хурлыг хэргийн бүх холбогдогчдыг нэгтгэн нэг дор хийхээр болсон нь анхаарал татаж, болгоомжлол төрүүлж байна. Ингэж бөөндсөнөөр хэргийн үнэн зөвийг шүүж чадах болов уу? Эсвэл 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг шиг бүгдэд нь ижил зүйл анги тохоод, нэг ижил протокол үйлдээд хавтгайруулан яллах гэж байна уу? Тиймээс энэ сэжиг, таамгийг арилгахын тулд шүүх хурлыг нээлттэйгээр явуулбал ямар вэ гэдэг асуулт.
Өнгөрсөн хоёрдугаар сард болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тухайд /зөвхөн шүүх хурлын эхэнд болсон нээлттэй хэлэлцүүлгийн үеэр/ дурдахад “Шүүх хурлын процесс анхнаасаа мордохын хазгай гэгч боллоо. Олон оролцогчтой гэдгээр шалтаглан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг үндэслэлгүй хязгаарлаж, үг хэлэх боломжийг 10 минутаар хязгаарласан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд ингэж хугацааны хязгаарлалт хийх зохицуулалт хуульд байхгүй” тухай шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч ярилцлага өгсөн байсан. Хаалттай хуралдааны үеэр юу болсон, яасан ийсэн хууль зөрчсөн тухай бол ”чөтгөр бүү мэд” болсон хэрэг.
Уг нь бол Монголын шүүх нийгэмд дуулиан шуугиан тарьсан, олон нийтийн анхаарлыг татсан хоёр ч хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулж байсан туршлага бий. Бүр телевизийн эфирээр шууд дамжуулсан. Эхнийх нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэг, хоёр дахь БОАЖ-ын сайд асан Л.Гансүхийн холбогдсон “нүүрсний” гэх хэрэг. Энэ удаагийн Хөгжлийн банкны хэрэг ч гэсэн хамарсан цар хүрээ, нийгэмд учруулсан хор хохирол зэргээрээ өмнөх хоёр хэргийг дагуулахааргүй том, дуулиантай хэрэг болсон. Авилга, албан тушааллын хэрэгтэй эвлэрэхгүй гэдгээ зарласан Засгийн газар, түүний дор ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагууд ч ийм болгохын тулд чадах чинээгээрээ хичээж ажилласан. Тийм болохоор шүүх ийм хэрэг дээр шударга шийдвэр гаргаж, хуулийг чандлан сахиж, мэргэжлийн байж чадаж байна уу? гэдгийг иргэд, олон нийт бодитоор харахыг хүсч байгаа. Үүнийг шалгах ганц арга зам нь нээлттэй шүүх хурал юм.
Тиймээс хэрэгт “үндэслэлгүйгээр татагдсан” буюу өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа холбогдогч нар, түүний өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг тавиад байгаа. Харин жинхэнэ “гэмт хэрэгтнүүд” болох этгээдүүдийн хувьд шүүх хурлыг хаалттай явуулах замаар “ял завших” зорилго агуулж байгаа гэх хардлага сэрдлэг ч бас байна. Тиймээс Монголын шүүх хараат бус, шударга шүүх гэдгээ нотлохын тулд шүүх хурлыг нээлттэй явуулах, өмнө дурьдагдсан хоёр шүүх хурлын адилаар телевизийн эфирээр шууд дамжуулах нь шударга ёсонд нийцэх юм. Үүний тулд олон нийтийн шахалт хамгийн их хэрэгтэй.
Бас нэг зүйлийг сануулахад, Хөгжлийн банкны хэргийн 84 холбогдогчийг нэг танхимд суулгаж, хэргийг нэгтгэн шүүхээр болсны цаана Хэнтийн “мафи” ажиллаж байгаа гэх хар сэр, таамаг ч бас байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сайд нарыг хэлж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ч гэсэн энэ жагсаалтаас хасах үндэслэл байхгүй юм. Дээр нь, шүүх хуралдааныг даргалж буй шүүгч нь бас Хэнтийнх. Тэгэхээр энэ удаагийн шүүх хурал гээч нь Хэнтийнхны зурсан бас нэг “хуулийн хонгил болох вий” гэдэг айдас, болгоомжлол маш их байна. Үүнийг залруулах ганц арга зам нь шүүх хурлыг нээлттэй явуулах.
Яг үнэндээ бол нийт 150.000 хуудас бүхий 450 хавтаст хэргийг нэг шүүгч хэд хоногийн дотор бүтэн уншиж дуусгах вэ гэдэг ч асуултын тэмдэг. Ихэнх нь прокурорын яллагаан дээр тулгуурлаад л шийдвэрээ гаргаад явах болов уу. Гэтэл хэргийг шүүх таслах, нотлох ажиллагаа чинь мэтгэлцээн дээр тулгуурладаг зүйл. Иргэд, олон нийт ч гэсэн шүүхийн мэтгэлцээнийг бүтнээр нь харахыг, шүүх хэр мэргэжлийн бөгөөд хуулийн дагуу ажиллаж байгааг “амьдаар” нь, нүдээр харж, гараар тэмтрэхийг хүсч байна.
Сэтгэгдэл (0)