Амь тавьж буй ардчилал
- 2023-03-09
- Нийтлэл
- 0
Сүүлийн таван жилийн хугацаанд Монголын ардчиллын индексийг бууруулсан үзүүлэлттэй гаргасан олон улсын байгууллагууд энэ жил дахиад л байрыг нь хойш эрэмбэлэв. Тухайлбал, "Economist intelligence unit" олон улсын байгууллага Монгол Улсын ардчиллын индексийг 167 орноос 66-д эрэмбэлж өнгөрсөн оныхоос дөрвөн байраар ухраажээ. Харин "Varieties of democracy" байгууллага ардчиллын индексийн бүх үзүүлэлтээр манай улсыг 3-16 байраар ухраасан байна. Ийнхүү олон улсын байгууллагууд манай улсыг ардчилсан индексээр хойш эрэмбэлж байгаа нь ардчилал, түүний үнэт зүйл алдарч, алдагдаж байгаагийн тод илрэл юм. Ингээд олон улсын судалгааны байгууллагууд Монголын ардчиллын индексийг яагаад хойш эрэмбэлэх болсон талаарх тоон судалгааг хамтдаа үзье.
Сүүлийн долоон жилийн хугацаанд "Varieties of democracy" байгууллага нь олон улсын ардчиллын индексийг гаргаж байгаа юм. Энэ удаа 179 орныг 6 индексээр харьцуулан эрэмбэлжээ. Манай улсын хувьд уг зургаан индексээр бүхэлд нь хойш эрэмбэлэгдсэн юм.
Зургаан индексээс хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 73 дугаарт байрт зөвлөлдөх индекс (deliberatitve component) жагсаж байна. Уг индексээр Монгол Улс өмнөх оноос таван байраар ухарсан үзүүлэлттэй гарсан юм. Хамгийн сонирхолтой нь уг үзүүлэлтээр манай улс 2020 онд 30 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол өдгөө хоёр жилийн дотор 33 байр ухарчээ. Зөвлөлдөх ардчиллын сонгодог хэлбэр нь зөвлөлдөх санал асуулга гэж хэлж болно. Тэгвэл зөвлөлдөх санал асуулга явуулснаар нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх, тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг мэдээлэл өгөх, үндсэн хуульд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах юм. Манай улсын хувьд "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгыг өнгөрсөн сард орон даяар явуулж, Сар шинийн баярын өмнөхөн дүнг нь гаргасан юм. Үүгээр улс төрийн шийдвэр гаргах үйл явцад ард түмэн, олон нийт үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэн, нийтээрээ зөвлөлдөх боломжийг бий болгосон. Ийм ч учраас энэ жил тус санал асуулга явуулсан нь "Ардчиллын тайлан 2024"-т тодорхой хэмжээгээр нөлөөлөх биз ээ.
Улс төрийн бүхий л үйл явц дахь иргэдийн идэвхийг онцолдог оролцооны индекс (participatory component index)-ээр өмнөх жилд 121-т жагсаж байсан бол энэ удаа 124-т эрэмбэлжээ. Уг оролцооны индексээр манай улс 2018 онд 74 дүгээр байранд бичигдэж байсан бол өнгөрсөн жилүүдэд 120-оос хойш зогсож байгаа юм. Энэ нь сонгуулийн болон сонгуулийн бус ямар ч үед улс төрийн бүхий л үйл явц дахь иргэдийн идэвх хангалтгүй байгааг харуулж байгаа юм.
Өнгөрсөн оны судалгааны эрэмбээс хамгийн олон буюу тус бүр 16 байраар ухарсан хоёр үзүүлэлт байгаа бөгөөд нэг нь либерал ардчиллын (liberal democracy index) бол нөгөөх нь сонгуулийн ардчиллын (electoral democracy index) индекс юм. Уг хоёр үзүүлэлт 16 байраар ухарч либерал ардчиллаараа 77 дугаарт бичигдсэн бол “сонгуулийн ардчилал”- аараа 81 дүгээрт жагссан байна. Ийнхүү Монгол Улс ардчиллын индексийг бүрдүүлэгч зургаан үзүүлэлтэд бүхэлд нь хойш эрэмбэлэгдэх болсон нь ардчилалд аюул учирч байгаагийн нэг илрэл гэхэд хилсдэхгүй юм.
Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан
Монгол Улсын ардчиллын индекс буурсан үзүүлэлттэй гарч байгаад нэг намын зонхилсон байдал нөлөөлж байгаа юм. Сөрөг хүчин байхгүй болохоор нэг намын эрх хэт их төвлөрч байна. Нөгөө талаар энэ Засгийн газар авлигатай сайн тэмцэж, хээл хахуулийг ил болгож байна. Энэ авлигыг ил болгож байгаа нь ардчиллын индексэд нөлөөлж байх талтай. Түүнчлэн миний бодлоор шүүх сайн ажиллахгүй, хууль засаглахгүй байна гэж харж байна. Ардчиллын индексийг нэмэгдүүлэхийн тулд улс төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, авлигыг таслан зогсоох хэрэгтэй. Мөн улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болговол ардчиллын индекс нэмэгдэх боломжтой.
Сэтгэгдэл (0)