Улаанбаатарын хоёр Засаг

Бидний Улаанбаатар хот. Монгол Улсын нийслэл учраас улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлаг гээд хамаг юмны төв. Хүн амын тэн хагас энд оршин суудаг хамгийн том зах зээл бөгөөд энд хамаг бизнес, ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ буцалж, хөрөнгө оруулалт, мөнгө санхүү, зээл тусламж цутгаж байдаг. Хамгийн олон бүтээн байгуулалт энд өрнөдөг. Цахилгаан станц, дэд бүтцийг оросууд гуч, дөчин жилийн өмнө хийгээд өгчихсөн, барилга орон сууцыг сийрэг сайхнаар төлөвлөж нэлээдийг босгож өгөөд явсан бол дараачийн гуч, дөчин жилийн ундны усны хангамж хүрэлцээг америкчууд шийдэж өгөхөөр мөнгө гаргаад ажилдаа орсон. Хятад, япон гээд гадныхны хийж өгч тусалсан нь тоогоо алдсан байна. Хэрвээ энэ их боломж, нөөц, тусламжийг зөв ашигласан бол Улаанбаатар төгс хот байх байлаа.

Өнөөдөр хэт төвлөрөл, түгжрэл байгаа нь үнэн. Гэхдээ бас найдвар бий. Тэр нь нийслэлийн толгойд суугаа хүмүүс үндсэн ажлаа хийж эхэлбэл ... Цаашдаа хотын хүн амын тоо суга өсөхөө больж байгаа. Урьдынх шиг бүхэл бүтэн аймагтай тэнцэх айл өрх жил тутам хотод нүүж ирэхгүй. Автомашины тоо ч учир зүггүй нэмэгдэхгүй, хүмүүс хоёр гурван машиныг зэрэг унадаг болохгүй. Хотыг баруун, зүүн тийш хэдэн арав, зуун км тэлсэн ч орон зай хангалттай, уул хад, далай тэнгист тулахгүй.

Харамсалтай нь Д.Сумъяабазар Засаг дарга болмогцоо том том бүлтэрч хэмжээ хязгааргүй мөнгө мөрөөддөг хүн болжээ. Ноднин тулгуурт гүүрэн байгууламж бүхий LRT галт тэрэг гэгчид тэрбум долларын зээлийн баталгаа гаргуулах гэж оролдсоныг УИХ зөвшөөрөөгүй ч салдаггүй ээ. Цагаан сарын өмнө Хятадын Чунчин хотод очиж тийм галт тэрэгний үйлдвэр үзэж баясаад ирсэн. Худалдаж авах мөнгийг олон юмаар, түүний дотор мал махаар хийнэ гэж ярьцгааж байна. Нийслэлд өөрийн мал гэж юу байхав, харин нүүрс ухаж мөнгө олох юм гэнэ. Өмнөх Засаг дарга нарын метро, Тэнгэрийн тойрог, Дүүжин тээврийн араас замхрах энэхүү LRT-ийн төслийн нэгжийн зардал, судалгаа,ТЭЗҮ зэрэгт тэрбум тэрбумыг зарцуулсаар байгаа. Бидний толгой дээгүүр төмөр хэлхэж, вагон түржигнүүлэх энэ тээврийг ашиглалтанд орууллаа гэхэд эхний ээлжинд Яармагаас хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг 20-30 хувиар бууруулна гэсэн тооцоо хийжээ. Гэтэл одоо нийслэлийн төвийг улам бүр чигжин босч буй болон энэ хавраас ажил нь эхлэх 20,30 давхар, түүнээс өндөр барилга, орон сууцууд түгжрэлийг бүр илүү нэмэгдүүлнэ.

Саяхан Японд очиж метро ярьж явна гэсэн.

Сүүлийн гучин жилд нийслэлийн бодлого, төлөвлөлт, менежмент, нийтийн тээвэр, хөрсний бохирдол, эрүүл ахуй, гэр хороолол, агаар, утаа, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ, эрүүл ахуй, нийгмийн салбар, эмзэг давхаргын нэрээр авсан зээлийн өрийн хэмжээ 2.4 их наяд төгрөгт хүрчээ. Улстайгаа адил өрөндөө баригдсан хот юм байна. Зөвхөн ноднин гэхэд түгжрэлийг бууруулах нэрээр зарцуулсан 420 тэрбум төгрөг салхинд хийссэнийг хэн ч тоогоогүй.

Нэг.

Нийслэлийн төр, захиргааг Яармаг руу нүүлгэхийг зогсоох ёстой Хотын захиргаа хотын төвдөө байг. “Хангарьд” ордныг чөлөөлсөн ч оронд нь өөр байгуулллагууд орох учраас түгжрэлд огт нөлөөлөхгүй. Харин сүүлийн хоёр гуравханжилд хэт томорсон нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг цомхотгох, үй олон дарга, орлогч, дэд, төслийн удирдагч, зөвлөхүүдийг чөлөөлөх, үндсэн бүтцийн газар, хэлтэс, агентлагуудтай давхардуулж байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгжүүд, хүрээлэн, төв, зөвлөл, нийслэлийн өмчийн компани, корпораци зэргийг татан буулгавал бүх юм хялбар болно.

Хоёр. 

Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээр сонгогдмогцоо бодлоо өөрчилж (орыг нь нөхөх сонгуулийг төсвийн дахин нэг тэрбумаар явуулсан) өөрийгөө нийслэлийн Засаг даргаар томилуулсны дараахан Улаанбаатарын эмх замбараагүй барилгуудыг цэгцэлнэ, юуны өмнө хотын төвд 5 давхраас илүүг бариулахгүй гэж дуугараад тэр дороо таг болсныг санаж байна. Ах дүү, найз нөхөд, элдэв, хүрээлэл, намын нөхдийн тэнгэр баганадсан барилгуудыг зогсоож балрах шахсанаа гэнэт ухаарсан хэрэг. Түүнээс хойш өөрөө хэдэн зөвшөөрөл өгсөн, яг одоо өгч байгаа, тэр нь хэдэн давхар байгааг бид мэдэхгүй.

Гурав.

Энх тайвны гүүрний зүүн талд, Сэлбийн гол дотор усан паркийн нэрээр халхавчилж тус бүр арван хэдэн давхар өндөр орон сууцны барилгыг босгоод дуусч байна. Гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайг хамардаг онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барихыг хуулиар хориглосон атал энэ барилгууд бүр хоёр эргийн дотор байрласан. Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчны сайд хоёр үүнийг хүлээн зөвшөөрдөг хэрнээ бие бие рүү түлхээд сууж байгаа. Өөрийнх нь эзэмшлийн газар байсан бол яаж цамнах байсан бол? Өмнөх Засаг дарга С.Амарсайханы хамааралтай компани Их тэнгэрийн амны эсрэг талд, Туулын эрэг дээр хотхон барьж эхлэхэд шалгахаар очсон мэргэжлийн хяналтынханд голын хамгаалалтын бүсийг ухрааж голын эрэгт тулгасан тогтоолыг нийслэлийн ИТХ-аар аль хэдийнэ гаргуулснаа үзүүлээд хөөн явуулсан. Одоо гүйцээж барихаар сиймхий хүлээгээд сууж буй. “Усан парк”-ийн барилгууд бас тэгнэ. Эрх мэдэлтнүүд хууль журмыг биелүүлдэггүй, харин өөрчилж өгдөг юм байна.

Дөрөв. 

Чингэс зочид буудлын араар тойруулан босгож буй УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд”-ын орон сууцны хотхон бүр анхнаасаа хот төлөвлөлт, барилга, гол устай холбоотой хууль тогтоомж, норм стандартыг нэгэн зэрэг зөрчих учраас зөвшөөрөхгүй, бас цахилгаан дулаанаар хангах боломжгүй гэдгийг мэргэжлийн хяналтынхан тэр газрыг хашаалах үед мэдэгдэж байлаа. Гэтэл шууд эхлүүлсэн төдийгүй Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжлийн комиссын гишүүдэд их хэмжээний авлига өгч барилгын ажил эхлэх зөвшөөрлийг нөхөж авсан нь саяхан илэрчээ. Одоо Авлигатай тэмцэх жил болгон зарласан 2023 оны зун, намар энэ барилгууд хэрхэн ашиглалтанд орж эрх мэдэл, мөнгө, эрх мэдэл, авлигын ялалтын хөшөө болж сүндэрлэхийг харцгаая. Мэргэжлийн хяналтыг аль хэдийнэ татан буулгаж, одоо үг хэлэх хүн байтугай байгууллагагүй болгож амжив.

Тав. 

Нийслэлийн түүхэн төвийг сүйтгээд дууслаа. Сүхбаатарын талбайн эргэн тойронд театр, номын сан зэрэг салангид хэдэн барилгыг эс тооцвол XX зууны уран барилгын цогц хэдийнэ алдагдсан. Арай зай талбайтай цор ганц үлдсэн нь Төв цэнгэлдэх. 1960 онд ашиглалтад орж Монгол улсын түүхийн бүхэл бүтэн жарны гэрч, төрийн наадмын билэг тэмдэг болсон энэ байгууламжийг нийслэлийн эрх баригчид сэм сэмхэн хувьчилсаар дуусгасан сураг байна. Энэ талаар тодорхой мэдээлэл олдсонгүй. Өнгөрсөн өвөл гадуур нь мөсөн хотхон байгуулан хавь ойрын оршин суугчдад таалагдан магтуулж буйн цаана юу төлөвлөж байгааг бид мэдэхгүй.

Арав гаруй жилийн өмнө Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газраас “Голомт”-од олгосноос бусад талбай дээр ямар нэгэн барилга биш, зөвхөн амарч тухлах цэцэрлэг байгуулахын төлөө хөдөлгөөн ноднин өрнөснийг Д.Сумъяабазар дэмжихээр болж Рио Тинто-гоормөнгө гаргуулж тохижуулах болсноо зарласан нь зөвхөн тал үнэн байсан ба үлдсэнийг “Голомт”-од нэмж өгснөөр тэдний мэдэлд нийт талбайн гуравны хоёр нь очлоо. Энэ жишгээр бол, тэр тусмаа нийслэлийн өмчийн оролцоогүй болсон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрны өндөр барилгуудын бүслэлт хумигдсаар, нэг мэдэхэд нөмрөн авах буй заа.

Зургаа.

Саявтар Зайсанг тойрсон замыг нэг урсгалтай болгосон нь тэр хавийн түгжрэлийг LRT-гээс дутахааргүй бууруулжээ. Хөрөнгө мөнгө гараагүй. Иймэрхүү оносон шийдэл зөндөө бийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Баянбүрдийн уулзварыг чагталсан Чингэлтэйн өндөрлөг гэгч төмрийг буулгах, Баянзүрх уул савдагтай учраас иргэдээ аварч байгуулсан гэх нохойтой хөшөөг үтэр түргэн зайлуулах гэх мэт.

Долоо. 

Өнөөдөр Улаанбаатарт ил, далд хоёр Засаг байна. Нэг  нь нийслэлийн мэдээлэл, сурталчилгааны тэрбум төгрөгийн төсвөөр бүтээдэг буюу дэлхийн хэмжээний метрополис хот, метро, “Улаанбаатарын шинэ бүтээн байгуулалт”, LRT, түгжрэлийн сайд, 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө, ИТХ-ын төлөөлөгчдийн нөр их ажил үйлс, их наядын төсөл хөтөлбөр амалсан гоё нүүр царайтай Ил засаг. Нөгөө нь Засаг даргын газар олголт, барилга барих зөвшөөрлийн хаалттай захирамжууд, сонгогдмогцоо нийслэлийн албан тушаалд очдог Иргэдийн төлөөлөгчид, төрийн албан хаагчдын ба ахмадын нэртэй орон сууцны хэзээ ч зарлаж байгаагүй нууц хуваарилалт, судалгаа, гадаад томилолт, нөөц сан, зээл тусламжаас хамгийн эгзэгтэйг нь нууцалж тэрбум тэрбумаар нь үрэн таран хийдэг Далд засаг.

Найм.

Улаанбаатар хотын төлөвлөлт, газар олголт аль хэдийнэ эмх замбараагаа алдаж хяналтаас гарсныг хүлээн зөвшөөрцгөөе. Барилгын норм стандарт, нар харах эрх, машины зогсоол, 30 хувийн ногоон байгууламжгүй бетонон ширэнгүүд, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн мэдлийн болон нийтийн эзэмшлийн алдагдсан газрууд, Сэлбэ, Туулын эрэгт тулгасан орон сууцууд, зөвхөн аялал жуулчлалын түр байгууламж, ангийн отгийг 5 км-ын зайтай барьж болох дархан цаазат Богдхан уулын амууд үүний нотолгоо юм. Улаанбаатар газрын авлигын дэргэд нүүрсний авлига өчүүхэн, дараачийн нүүрсийг ухаж гаргаад нөхчихнө.

Хоёр жилийн өмнөөс 2040 он хүртэлх Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөг хийж УИХ-аар батлуулна, тэгээд амар сайхан жаргана гэсэн дараачийн үлгэр эхлээд байна. Өмнөх буюу 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага гэсэн баримт бичгийн дагуу хот хөгжиж байгаа юу?

Юм юм сонсоход 5-р цахилгаан станц байгуулах, Шинэ нисэх буудлын дэргэд хот барих гээд бүх газрыг авлигаар өгчихсөн байсан. Нийслэл хот өөрөө Яармагт барих төр, захиргааны цогцолбор барих газраа урьд нь Батзориг заанд яаж ч олгосон юм бүү мэд олон га газраасаа буцаан авлигадаж авсан билээ.

Улаанбаатар хот болон орчны аймаг сумдын газар олголтод онц байдал тогтоож, хяналтанд авах цаг болчихоод байна.

Ес. 

Өнгөрсөн долоо хоногт болсон музейн нээлттэй өдрүүд Чингэс хаан музей үнэхээр суудлаа олоогүйг нотолж өглөө. Байгалийн түүхийн музей хэмээх түүхэн дурсгалт барилгыг буулгаж Туркийн нэгэн дэлгүүр шиг барилгаар сольсон Ухнаагийн Хүрэлсүх гэдэг хүний олон том тэнэглэлийн нэг. Хэрвээ Чингэс хаан мянганы суут, монголын түүх дэлхийн түүх мөн юм бол дархан цаазат Богдхан уулын аль нэг амыг Анандбазар нарт биш, Чингэс хаан музейд, зөвхөн энэ музейд ч биш, монголын түүхийн иж бүрэн цогцолборт олгох байсан юм. Тэнд Монголын түүх, археологи, нүүдлийн соёл иргэншил, Чингэс хааны гээд музей, хөшөө дурсгал, үзүүлэнг хэдэн арваар нь байгуулах, хожим нэмж барих, өргөжүүлэх, бас удахгүй ирэх 400 сая жуулчны ядахдаа ганц саяыг багтаах зай талбайтай, монголчууд очиж оочирлох бус, эрт эдүгээ, үүх түүхээ танин мэдэх гайхалтай орон зай болох байлаа.

Арав. 

Өнөөдөр Улаанбаатарт далд Засаг ялсан байна.

P.S:

2019 онд УИХ-ын сонгуулийн өмнө нийслэлийн Засаг дарга байсан С.Амарсайханы ямар нэгэн гаж бодол, далд зорилгоос төрж Сүхбаатарын талбай дээр кабин байрлуулан хэдэн сарын турш сурталчилсан “Дүүжин тээвэр” төсөл буруу, шаардлагагүй гэдэгт бүгд итгэлтэй болж бараг мартсан байтал энэ хавраас сэргээн хэрэгжүүлж эхний ээлжийг 2024 онд оруулна гэж өчигдөр гэнэт зарлав. Үүний тулд 2020 оны сонгуулийн өмнө Францын Засгийн газраас 60-аад сая долларын хөнгөлөлттэй гэгдэх зээл авах гэрээ байгуулж УИХ-аар батлуулж амжсан, араас нь ашиглалтын өмнөх захиргаа, дараа нь төслийн нэгж, судалгаа гэх мэтээр тэрбумаар зарцуулсан, Францын компанид 22 тэрбумын урьдчилгааг нийслэлийн төсвөөс шилжүүлсэн учраас буцах замгүй болсон юм байна. Энэ хооронд ТЭЗҮ, чиглэлийг хэд дахин өөрчилж санал тавьсан, францын тал хариу өгөөгүй, санал нэгдээгүй байна гэж Улаанбаатарын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг гомдолложээ.

Одоогийн УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан Улаанбаатарыг хорлочихоод дэвшээд явсан юм биш үү? Хэзээ нэгэн цагт буулгах нь гарцаагүй хэлхсэн төмөр Улаанбаатарт дахин нэгээр нэмэгдэх гэж байна.

2023.03.09.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (192.82.80.162)

    2023-03-11

    Монголыг гадныхан хөгжүүлэхгүй. Харь гаригийнхан ч хөгжүүлэхгүй. Монголыг монгол л хөгжүүлнэ. Гадныхан монголыг өөрсдийнхөө төлөө хөгжүүлнэ.