Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас борлуулж эхэлнэ
- 2023-03-10
- Улаанбаатар
- 0
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа цаг үеийн асуудлаар болон хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар долоо хоног бүрийн баасан гарагт мэдээлэл өгч байгаа.
Өнөөдөр нөөцийн махны борлуулалтын талаар мэдээллээ.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж 7858.9 тонн махны нөөцийг бэлтгэсэн бөгөөд энэ сарын 15-наас нийслэлийн есөн дүүргийн 457 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхлэх юм. Үүнтэй холбогдуулан нөөцийн махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагаанд хяналт шалгалт хийж, худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангаад байна.
Нөөцийн махны үнийн талаар тодруулахад Ерөнхий менежер М.Баяраа “Үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөг буюу зах зээлийн ханшаас 2000-3000 төгрөгөөр хямдаар борлуулна” гэлээ.
Стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг энэ сарын 1-нээс тавдугаар сарын 15-нд хоёр шаттай хийхээр дүүрэг бүрт эхлүүлээд буй. Энэ хүрээнд одоогийн байдлаар зөвшөөрөлгүй 428 байгууламжийг буулгаж, 1429 мэдэгдлийг хүргүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)