Богд бол Монгол туургатан 10 сая хүний оюун санааны нэгдлийн илэрхийлэл
- 2023-03-13
- Нийтлэл
- 0
Богд
“Туул голын эхэн дээр
Тугдмайн Өргөөгөө барина даа
Туулай жилийн эхэн дээр
Тунгалаг Богдыгоо зална даа” хэмээн Монголчууд бошиглон зөгнөсөн байдаг.
Үнэхээр энэ шинэ онд туулай жилийн эхэнд аравдугаар Богд маань тодорлоо. Эгэл сүсэгтэн бид аравдугаар Богдыгоо Ар Халхад түргэн мэндэлж хурдан залрахын тухайтад судар тарниа уншиж ерөөл тавьсаар багагүй хугацаа өнгөрчээ. Ерөөл биелсэнд талархаж байна.
Богд гэдэг үг бол Будда гэсэн утга бүхий ариун дээд шүтээн болсон хүнийг нэрлэхэд хэрэглэдэг үг юм. Энэ үгийн уг гарвалыг эрдэмтэд монгол хэлэнд уйгур хэлнээс дамжин орсон үг гэж үздэг. Санскрит хэлний Бурхан гэсэн утгатай Буддха гэдэг үг уйгур хэлнээ орохдоо тухайн хэлний онцлог байдлаас шалтгаалж Бугдха болон хувирсан ажээ.
Уйгур хэлэнд Буддха хэмээхийг эхний <да> гийгүүлэгч <га> болж, хэлний угийн сул дуудлагатай <дха> гийгүүлэгч уйгур хэлний шүдний <да> гийгүүлэгч болон дуудагдснаас Бугда болон хувирсан бөгөөд монгол хэлэнд буухдаа Богда / Богд гэсэн үг болж хувирсан ажээ. Тиймээс Богд гэдэг үгийг Бурхан гэж ухан ойлгох болж, улмаар Богд хүн, Богд сургаал, Богд лам гэсэн нэрс үүсчээ. Богд гэдэг нь Бурхан мэт онцгой тодорсон содон, гэгээрсэн, цэцэн, мэргэн, дээдийн дээд гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. 252 жилийн дараа шинэ Богдоор монгол хүн тодорч хорин нэгдүгээр зуунд Монгол улс дэлхийн буддизмын төв болох замдаа орсон нь эгэл сүсэгтэн миний сэтгэлийг хөдөлгөж өмнөх бүх Богдоо дурсан санахад хүргэлээ. Өмнөх есөн Богд маань бүгд л буян номоо ард түмэндээ түгээсэн сайн богдууд байсан. Эдгээр есөн Богдоос хоёр нь монгол хүн байсан бөгөөд түүхэндээ хамгийн тод мөрөө үлдээсэн дөрвөн Богдоо дурсан саная.
АНХДУГААР БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР
Дэлхийн түүхэнд нүүдэлчин ард түмний оюун билэг, авьяас чадлын тод мөрийг үлдээсэн монгол мэргэд, монгол хаад, монголын алдар суутан цөөнгүй төрсөн. Тэдний нэг нь Монголын их соён гийгүүлэгч, шашин төр, урлагийн зүтгэлтэн, олны дунд “Өндөр гэгээн” хэмээн алдаршсан анхдугаар Богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар болой.
Занабазар хутагт нь их Богд эзэн Чингис хааны алтан ургийн шууд удам Батмөнх даян хааны 7 дахь үе Түшээт хан эцэг Гомбодорж, эх Ханджамцын хүү болон 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жилийн 9 дүгээр сарын 25-ны билигт сайн өдөр тэр үеийн Түшээт ханы нутаг Есөнзүйл гэдэг газар ( Одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум ) мэндэлжээ.
Түшээт ханы хүү Занабазарыг 1640 онд 5 настайд нь Богд Жавзандамба хутагтын хувилгаанаар тодруулан анхдугаар Богд, Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ. Занабазар хутагт бага наснаасаа бурхан шашны сургаал номлол, зан үйл, дэг ёсонд суралцаж улмаар 1649 онд Цастын орон Түвдэд очиж Банчин богдод бараалхан шавь орж шашны их бага таван ухааныг гүнзгийрүүлэн судалж, сав шим ертөнцийн эш онолд боловсрон эх нутагтаа буцаж иржээ. Залуу хутагт эх нутагтаа ирээд номын хүрээ хийд, шашны сургуулийг олноор байгуулж, шашин соёлыг дэлгэрүүлж, олны сэтгэл оюуныг дотроос нь гийгүүлэн, аядуу зөөлөн шинэ иргэншлийг төлөвшүүлэх замаар үндэсний эв эеийг бэхлэн, эртний хүчирхэг улс гэрээ сэргээн мандуулахыг эрмэлзсэн гэдэг. Өндөр гэгээн Занабазар нь монголын бурханы шашны тэргүүн төдийгүй уран барималч, зураач, хэл шинжлэлтэн зэрэг олон талын авьяастай, шашин, төр, урлагийн том зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч хүн байсан нь түүхэн баримт сурвалж болон бүтээл туурвилаас нь тод харагддаг. Өөр өөр цаг үед монгол, төвд хэлээр бичигдсэн Өндөр гэгээн Занабазарын намтрын 15 эх бичмэл байдаг бөгөөд тэдгээрийн анхдагч бөгөөд хамгийн ул үндэс, эш тулгууртай нь, их богдтой нэгэн цаг үед амьдарч асан, түүний гарын шавь нарын нэг, их эрдэмтэн, халхын Зая бандида Лувсанпэрэнлэйн түвд хэлээр туурвисан ”Жавзундамба Лувсандамбийбалсанбо-гийн ердийн товч намтар” хэмээх зохиол гэж судлаачид үздэг.
Тэр бүтээлд дурдснаар Занабазар нь “Эд болон амгалан жаргалангийн амтанд үл шунан, өөрөө бусдыг энэрэн нигүүлсэж, гэмт явдлыг төрөлхөөс боомтлон, уур хилэнг тэвчсэн хийгээд нөхөрлөвөөс амгалантай, ядуу буурайчуудад өглөгийн гарыг сунгасан, ном эрдмийг сурах нь аяндаа бүтэх мэт агаад, эхээс төрсөн нялхас хөхөө аяндаа олж амлах шиг заахын хэрэггүй түүнчлэн суралцсан болой” гэсэн байна.
Энэ их хүн Монгол оронд буддын шашныг дэлгэрүүлэхийн төлөө нэгэн насны амьдралаа зориулсан хэдий ч, хэтийдсэн мухар сүсэг бишрэлийг үл таашаадаг байжээ. “Алив нэгэн зүхэлт шахалтгүйгээр өөрөө бишрэн дагаваас үйлийн цагаан буян тэр буй. Шавь олон та нар минь, хураавч магадтайяа барагдах эд өлгийн зүйлээ өглөгөөр хомсдуулах нь зохист сайн үйл бишээ. Сахилтан олон та минь, асрал энэрлээр бусдын өргөсөн зүйлийг бусдад өгч тэтгэвэл буяны мөр зохих буй” хэмээн зарлигдаж байжээ. Түүний намтар зохиолд, “Нүүр царай, бие тэгш, тэнэгэр, хэн боловч харсан нэгэн,энэ хүн эгэл бишээ гэж танин мэдэхүйц, үг зарлиг дэлдэх нь тод сонсголонтой агаад, огтын сүсэггүй хүн ч гэнэтэд сүсэг бишрэл эрхгүй төрөөд сэтгэл зөөлөрч одно” хэмээн дурдсан байна. Өндөр гэгээн Занабазар нь буддын гүн ухаан, монгол төвдийн яруу найраг, хэл шинжлэл, урлахуйн ухааны хэд хэдэн төрлөөр мэргэжсэний дотор дүрслэх урлаг уран барималд түүний билэг авьяас илүү хурц тод илэрч байжээ. Түүний өөрийн гараар туурвин бүтээсэн язгуурын 5 бурхан, “Цагаан дара эх”, “Ногоон дара эх”, “Бодь суварга” зэрэг хүрлээр цутгаж, алтаар шарсан барималууд, мөн өөрийн болон эх Ханджамцын хөрөг зураг зэрэг хосгүй үнэт бүтээл нь хадгалагдан ирсэн бөгөөд өнөөдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон бусад зарим музейд дэлгэн үзүүлж, дотоод гадаадын үзэгчдийн нүдийг баясган, сэтгэлийг сэргээн шагшуулж байна. Дээрхи бүтээлүүдээс “Цагаан Дара Эх” болон бусад бурхдын баримал хөргийн талаар онцгойлон өгүүлвээс зохилтой.
Занабазар гэгээн, тухайн цаг үедээ урлахуйн өндөр түвшинд хүрээд байсан буддын бурхан шүтээн бүтээх дэг сургуулийг хэд хэдэн чиглэлээр шинэ түвшинд гарган төгөлдөржүүлсэн гэж судлаачид үздэг. Зохиомж дүрслэлийн тухайд Энэтхэг, Балба, Түвдийн бурхан дүрслэлийн тогтсон хатуу дэгийг ягштал барьсан хүмүүн бусын ихэмсэг хөндий төрхтэй дүрслэлээс татгалзаж, энэрэнгүй энгүүн, бодит амьдлаг шинж байдлыг шингээн монголжуу зөөлөн дүр байдлыг цогцлоон бий болгосон бөлгөө.
Цагаан дара эх, Ногоон дара эх болон бусад хөрөг баримлыг цул хүрлээр ямар ч залгаасгүй хөндий цутгаж, алтаар шармалдан өнгөлж, титэм, ээмэг зүүлт, бугуйвч, шагайвч болон суурийн иж бүрэн чимэглэлийг хөөмөл, цоолбор, сийлбэрийн аргаар чимэглэн гоёж, ялангуяа нимгэн торгомсог хувцас, нөмрөг, сэлт,түүний материаллаг бодит байдлыг нь хоорондоо үл давтагдах өөр өөр арга хийц, үлэмж нарийн хэмжээ хэмнэлтэйгээр тодруулан бүтээжээ. 18 дугаар зууны үед зохиогдсон Энэтхэгийн нэгэн сударт “ Монголын их хувилгаан Занабазар гэгээний бүтээсэн Дара эхийн мэлмий нь тэгш дэлгэр талибуун бөгөөд, угалзтай шулуун хамрыг тод сайхан гаргасан, нүүр дүүрэн мишээл болоод төв ихэмсэглэлийг уруулын дорхи ялимгүй инээмсэглэлд нь уусган шингээж, үе гишүүн бүхнийг нь ( гар, хөл,бие ) дэлгэн боловсорч буй найлзуур модон мэт орь залуугийн шинж төгс бүрдснээр бүтээжээ” хэмээн үнэлжээ. Өндөр гэгээн улс орноо соёлжуулан гэгээрүүлэхэд, шашны энэрэн нигүүлсэхүйн нөлөөг ашиглан үндэснийхээ нэгдмэл байдлыг бэхжүүлэх гэсэн тууштай санаа зоригийг баримталж байжээ. Чухам энэ зорилгоор Соёмбо үсгийг зохиосон түүхтэй. Соёмбо нь өнөөг хүртэл Монгол үндэстэн мандан бадарч, өнө үүрд оршихыг өгүүлсэн монгол төр улсын билэгдэл болсоор байна. Өндөр гэгээн 1696 онд “Жанлавцогзол” буюу “Цагийн байдалд зохилдуулсан залбирлын дээдийг хайрлагч” хэмээх алдарт сургаалиа айлдаж, баруун зүүн, умарт, өмнөд монгол түмэн бүгдээр амны уншлага болговоос зохилтой сон хэмээн зарлигдсан гэдэг. Тэр цагт хойноос Орос, өмнөөс Манжийн их хүч түрж, элэг угсаа нэгт ойрд монголчууд харийн хоёр улсаас ч илүү аюул учруулан Ар Халхад цэрэглэн халдаж, эзэн Чингэсийн голомт, Гурван голын сав нутгийг самардан цусан зам татуулж нийт монголын аюулын үүдийг нээв.
Галдан Өндөр гэгээний хамт ариун номын Түвд оронд Далай ламын дэргэд хувраг болж бурханы ном үзэж арван цагаан буяны мөрд орж хувилгаан лам болох боломж байсан боловч шашнаа орхиж хар хүн болоод Халх монголын 20000 цэргийг хядаж Монгол төрийн өмнө уул овоо шиг том нүгэл үйлдэв.
Орос, Манж, Ойродоос дээдсийн голомт Монголоо яаж хамгаалж үлдэхийг шийдэх хүнд бэрх сорилт Өндөр гэгээн болон Түшээт хан хоёрын толгой дээр буужээ. Тэгээд гэгээн хүний мэргэн ухаанаар тал талаас нь эргэцүүлэн тунгаасны эцэст, буруу захтай дээл өмсөж, буруу номыг дагадаг Оросыг дагаж болохгүй, харин зөв захтай дээлтэй, Манзушри бурханы хувилгаан Манжийн хаантай түшмэг улсын гэрээ байгуулж, Монголоо авч үлдэх замыг сонгосон гэдэг.Тэр үед ахуй, хэл заншил, шашин огт өөр, ядуу агаад догшин түрэмгий Орост итгэж болохгүй байв. Нэг монгол угсаатан ойрдуудтайгаа хүч хавсран хүчирхэг Монголыг дахин байгуулах боломжийг нь Галдан хаачихсан байв. Галдан гучин мянган цэргээр Халх Монголыг уулгалан довтолж монголын голомтыг самарна гэж тэр үед хэн санах. Өндөр гэгээн тэр үед Манжтай олон удаагийн яриа зөвшлийн эцэст 1691онд Долнуурын хэлэлцээрийг хийж, тус тусдаа хатуу үүрэг харилцан хүлээсэн вассаль буюу түшмэг улс болж Монголоо хамгаалсан түүхтэй юм. Тэрхүү гэрээний хүлээсэн үүргийн дотор, хятадын тариачид бослого тэмцэл гаргавал монгол улс морьт цэрэг хөдөлгөн дарж өгнө. Халх монголын нутагт гадны харийн хүчин халдвал Манж гүрэн цэргийн хүчээр хамгаална. Монгол нутагт хятад хүн байнга оршин суух, газар хагалж тариа тарих, монгол эхнэр авахыг Манж Чин улсын эзэн хааны зарлигаар хориглоно гэсэн хатуу заалт орсон байдаг бөгөөд тэр заалтаа хоёр тал 210 жил чанд сахин биелүүлсэн байдаг.
Социализмын үеийн зөвлөлтийн түүхчид “Монголчууд манжийн дарлал дор 200 жил ихэд зовж зүдэрсэн” хэмээн түүхийн үнэнийг гуйвуулсан байдаг. Үнэндээ тэр үед монголчууд манжийн дарлал дор байгаагүй, монголын нутаг дээр нэг ч манж цэрэг байгаагүй, монголын ард түмэн нэг ч янчааны татвар төлдөггүй, харин ч тусгай эрх дархтай дээд түвшний хүмүүс байв.
Өндөр гэгээн бараг ерэн нас хүрч насалсан ч цагийн эрх, хувь заяаны тохиолоор амьдралынхаа сүүлийн өдрүүдийг харийн нутагт өнгөрөөж, 1723 онд Манж Чин улсын нийслэл БээжингийнШар сүмд ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.Өндөр Богдын шарилыг эх монгол нутагт нь хүндэтгэлтэйгээр залж авчран түүний өөрийн орон Их Хүрээнд гол шүтээн болгон залж байгаад 1778 оны шороон нохой жил Амарбаясгалант хийдэд мөнгөн сувраганд шүншиглэн оршоожээ.
ТАВДУГААР БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ЛУВСАНЧҮЛТИМЖИГМЭД
Номын нэр нь Лувсанчүлтэмжигмэддамбийжанцан гэдэг. Y Богд нь 1815 онд Төвдийн Лхас хотын ойролцоо түшмэл Гомбодондов, эх Ригзэнбүтэд нарын гэрт онцгой шинж тэмдэгийг үзүүлэн мэндэлжээ. YII Банчин-Эрдэнэ “Y Богд” мөн хэмээн тодруулж 1820 онд зургаан настайд нь их суудалд залж ёслол үйлджээ. 1834 онд 20 настайдаа Их Хүрээнд монгол маягийн хэв загвараар Майдарын сүм бариулж наян тохой Майдар бурхан, Баруун Чойрт Алтан Ганжуур тус тус бүтээлгэн залжээ.
1837 онд 60-аас дээш насны хөгшид, 15-аас доош насны хүүхдүүдтэй зөвлөлдөн Далхын дэнжид Гандантэгчэнлин хийдийг нүүлгэж ирүүлжээ. 1841онд Ламрим дацанг бариулж, Бадма ёга дацангуудыг Гандан хүрээнд нэгтгэжээ.
Гүн ухаан судалдаг баруун дацанд Гунгаачойлин, зүүн дацанд Дашчойлин хэмээх нэрийг тус тус хайрлажээ. Y Богд нь гайхалтай ид шидийг үзүүлсэн эрдэм чадалтай байсныг Хүрээний лам нар ярьдаг байв. Өөрийн багш Дамцагдоржоос (Онгийн хийдийг байгуулсан ламтан) Нархажод Бурханы авшиг хүртэж, бясалгал бүтээн Их Хүрээнд жинсрэг цутгасанд үдэш нь дөрвөн уулын хооронд улаан туяа татан гэрэлтжээ. Үүнийг Хүрээний настангууд Нархажод Бурхан биеэрээ заларсан хэмээн бэлгэшээсэн гэдэг. Дараа нь Туул голын хөвөөнд, Зайсангийн амны ойролцоо Нархажод сүмийг байгуулжээ. Y Богд Орчлонгийн сав шимийн дууллыг өгүүлсэн нэг боть ном зохиожээ. Энэхүү орчлонгийн сав шимийн дуулалыг Богд гэгээн 26 насандаа буюу 1841 онд ертөнцийн юмс үзэгдэл, шүтэн барилдлага, хорвоогийн жам ёсыг илтэд үзэж энэхүү гайхамшигт бүтээлээ Их Хүрээнд туурвижээ. Тавдугаар Богд маань богинохон насалсан ч гэсэн түүний бүтээсэн ном судар нь мөнхөд үлджээ. Y Богд 1841 оны 11дүгээр сарын 18-ны өдөр 26 насандаа таалал төгсөв. Тавдугаар Богдын “Орчлогийн сав шимийн дуулал” хэмээх гайхалтай мэргэн бүтээлийг толилууъя.
ОРЧЛОНГИЙН САВ ШИМИЙН ДУУЛАЛ
Багш дор мөргөмүй.
Амгалан жаргалан ямагт гарахын орон
Аврагч дээд гурван эрдэнэд мөргөж
Амар үгүй орчлонгийн сав шимийн
Ахуй ёсыг дуулмой. Нааш сонсогтун.
Эвдэрч үл дуусах сав ертөнц
Энэлж үл дуусах шимийн амьтан
Эргэж үл дуусах гаслант орчлон
Эндүүрч үл дуусах мунхаг сэтгэл ээ.
Гэтэлж үл дуусах орчлонгийн дөрвөн далай
Хэсэж үл дуусах зургаан зүйлийн орон
Гэнэдэж үл дуусах ертөнцийн гаслан
Хилэгнэж үл дуусах уурт сэтгэл ээ.
Асарч үл дуусах үр садан
Алж үл дуусах өстөн дайсан
Амраглаж үл дуусах тачаангуй сэтгэл
Алагчилж үл дуусах дайсны сэтгэл ээ.
Сэлгүүцэж үл дуусах ертөнцийн бие
Шаналж үл дуусах орчлонгийн гомдол
Шунаж үл дуусах ертөнцийн харам
Шилбэлзэж үл дуусах омогт сэтгэл ээ.
Хувирч үл дуусах ертөнцийн буурал
Ховдоглож үл дуусах орчлонгийн уурхай
Хонжиж үл дуусах ертөнцийн идэш
Хувьсаж үл дуусах атаат сэтгэл ээ.
Таван хорын эрхэнд ороод
Там, бирд, адгуусны оронд
Талийн жилийн одохын урьд
Тамтралт үгүй ном буяныг үйлд ээ.
Аргалж үл дуусах орчлонгийн залхай
Атаархаж үл дуусах ертөнцийн тэмцэл
Алгасаж үл дуусах ертөнцийн баримт
Арилж үл дуусах сэжигт сэтгэл ээ.
Төрж үл дуусах амьтны зэрэг
Төөрч үл дуусах хий сүнс
Түрдэж үл дуусах амь нас
Түгэж үл дуусах хар сэтгэл ээ.
Гасалж үл дуусах орчлонгийн зовлон
Ханаж үл дуусах ертөнцийн хүсэл
Хаширч үл уйдах орчлонгийн явдал
Хамавч үл мохох ертөнцийн олз оо.
Үхэвч үл орхих үйлийн үр
Үгүйрэвч үл орхих өр төлөөс
Өтлөвч үл арилах муу авьяас
Өлбөрөвч үл орхих олон санаа аа.
Хайрлавч үл мөнхрөх амь бие
Ханилавч үл дагах янаг амраг
Харамлавч үл эзлэх эд мал
Гайхуулавч хамт үл одох нэр цол оо.
Үхэвч үл шингэрэх хүр их ертөнц
Үзэвч үл ажрах алиа орчлон
Өтлөвч үл хэрсүүжих зөнөг ертөнц
Өгүүлэвч үл сонсох орчлонгийн дүлий амьтан аа.
Сав шимийн энэ ёсыг мэдвэл
Сайн эрдэмт хүний биеийг олсон
Шажин ном лугаа учирсан энэ сайн цагт
Саатал үгүйгээр ном буяныг үйлд ээ.
Ширгэж үл дуусах төрөхийн далай
Шаналж үл дуусах өвчний далай
Шимэгдэж үл дуусах өтлөхийн далай
Шингэрч үл дуусах үхэхийн далай
Нүүж үл дуусах огторгуйн үүл
Нөгчиж үл дуусах орчлонгийн амьтан
Олон эд мал эрэхийн зовлон
Олсноо харамлан хадгалахын зовлон
Ураг садан, амрагаас хагацахын зовлон
Өст дайсан лугаа учрахын зовлон
Хүмүүний биеийг олж төрвөөс
Хөнөөлт энэхүү найман зовлонг үзмүй
Хүлцэшгүй арван найман тамд төрвөөс
Хүйтэн, халуун элдэв зовлонг үзмүй
Өлсгөлөн харамч бирдэд төрвөөс
Өлсөх, ундаасах, турахын зовлонг үзмүй
Элий балай адгуусанд төрвөөс
Өөр өөрийг идэлцэхийн зовлонг үзмүй
Атаа хилэнт асур нарт төрвөөс
Алалдан тэмцэлдэхийн зовлонг үзмүй
Ариун тэнгэр нарт төрвөөс
Айн үхэхийн таван ёрыг үзмүй
Зургаан зүйлийн амьтны зовлон олон
Жирхрэн цурхирахын ёс тэр мэтийг сонсоод
Жийрхэхүй сэтгэлээр айн эмээж
Зүрхнээс санан санан ном буяныг үйлд ээ
Сөгдөвч үл буцах үхлийн эзэн
Сөргөж үл болох эрлэгийн засаг
Сөнөөж үл болох тамын гал
Сүйтгэж үл болох хилэнцийн үндэс ээ
Бэрх үхлийн эзэн ирэх цагт
Баялаг, эд малаар сольж үл болох
Баатар омгоор алалдаж үл болох
Билигт үгээр цэцэрхэж үл гарах аа
Гэнэт хэзээ юүгүй маргааш үхвээс
Гэнэлт муу заяаны салхинд
Хийсэн одож унахын урьд
Гэнэдэл үгүй ном буяныг үйлд ээ
Орилон дуулсан үгийг минь
Орхил үгүй сайтар сонсогтун, та нар
Уушиг зүрхээ хөдөлгөн айна уу, та
Олон бүгд үл мөнхрөхийг мэдэв үү, та
Энэ мэт зүрхэн үгүй ёсыг мэдэв үү, та
Элмэрсэн номгүй мунхагууд сонсвоос
Эгэл сүжиггүй сэтгэлтэн ухваас
Эрэмшин ташууралгүй ном буяныг үйлд ээ
Дурдахуй мөнх бусын үгийг мэдэв үү
Дураар нүгэл үйлдэгч мунхагууд сонсвоос
Туурин санагч зальхай сэтгэлтэн ухваас
Турхиран бүү хөөрөгтүн, ном буяныг үйлд ээ
Сургах буянт үйлийг мэдэв үү
Солиорч суугч мунхагууд сонсвоос
Согтуу мэт сэтгэлтэн ухваас
Сүсэглэн аль чадахаар ном буян үйлд ээ
Үүнээс хойш эрдэнэт хүний биеийг
Эрэвч олох бэрх, хэрэв оловч
Ийм сайн ламын шажин лугаа
Ийн бас дахин учрах бэрх ээ
Эргэцүүлж санаад буян номыг үйлдвээс
Энэ ертөнцөд ашид жаргах тул
Эрдэмтэн мэргэдэд шүтэж ном буян үйлд ээ
Ном буян мэдэгчдэд дуртгал
Буруу зөвийг ялгагчдад сануулга
Бусад нүглийг үйлдэгчдэд сургаал
Бурханы зарлигийг сонсогчдод чихний чимэг ээ
Бас бас төрөн үхэн эвдрэгч
Барагдашгүй зовлонт орчлонгийн
Байх ахуй ёсыг нь энэ төдийхөн
Бадаг шүлгүүдийг Жэвзүндамба хутагт
Холбон дуулвай.
Их Хүрээ. 1841 он
НАЙМДУГААР БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ АГВААНЛУВСАН
Номын нэр нь Агваанлувсанчойжинямданзанванчүг. Наймдугаар Богд 1869 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төвдийн Лхас хотод түшмэл Гончигцэрэн, эх Ойдовдулам нарын дөрөвдүгээр хүү болон мэндэлжээ. XII Далай лам Принлэйжамц, Банчин-Эрдэнэ нар хамтран тодруулж сахил хүртээн номын нэрийг нь хайрлажээ. 1874 оны өвлийн тэргүүн сард Их Хүрээнд Халхын YIII Богдод залж, мандал өргөн, эрх ямба, цол хэргэм өргөжээ. Номын багшаар нь гурван их ламтаныг залж судар тарнийн ёсонд сургажээ. Түүний багш Балданчоймбол, Лувсанхаймчиг нар нь Их Хүрээний хамба Номун хан байв. 1908 онд Гунгаачойлин дацанд гавжийн дамжаа барьж, гавж мяндаг цолтой болсон бөгөөд 1910 онд Их Хүрээнд буддын гүн ухааны Идгаачойлин дацанг, 1912 онд Жанрайсиг дацанг байгуулжэ. Мөн түүний зарлигаар Ганжуурыг хүрээ бараар бүрэн хэвлэсэн байна.
1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Богд гэгээн нийслэл Хүрээнд 1000 монгол цэрэг бөөгнөрүүлж Манжийн амбан сайдад Монгол орноос нэн даруй гарч явахыг шаардав. Манжийн амбан ч яаран сандран нийслэл Хүрээнээс зугтаж оросын Чита хотоор дамжиж Дундад улсдаа буцжээ.
Ийнхүү монголчууд тусгаар тогтнолоо дэлхийд зарлаж Богд Хаант Монгол Улсыг байгуулан YIII Богдыг “Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт эзэн хаан”-д өргөмжлөв. Богд хаан монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдан нийт монголчуудын оюун санааг нэгтгэж чадсан юм. Богд Хаант Монгол Улс байгуулагдсанаар “Олноо өргөгдсөн” хэмээх шинэ он тоололтой болжээ. YIII Богдын санаачилгаар Өндөр гэгээний зохиосон Соёмбо үсгийг төрийн туг, далбаанд байрлууллав. Гэвч Богд хаант төрийн зарим шуналт монгол түшмэд Хятадын ерөнхийлөгчид захидал хүсэлт илгээж 1919 онд гамин цэрэг дуудаж монголын автономит төрөө устгасан байдаг. Хамаг зэвсгээ гаминд хураалгасан монгол цэргүүд шүдээ хүртэл зэвсэглэсэн гамин цэргийн эсрэг яаж ч чадахгүй байсан гэдэг. Богд хаан хэдийгээр гэрийн хорионд байсан боловч цагаан Орос цэргийн адмирал Колчак, цагаан гвардийн генерал Барон Унгерн, япон, герман, америкийн эрх баригчидад гамин цэргээс чөлөөлөх хүсэлт захидлыг бичиж байжээ. Энэ хүсэлтэд ганц хүн хариу өгч Монголыг гамин цэргээс аварсан байдаг юм. Тэр хүн бол Барон жанжин. Барон Унгерн 1920оны 2-р сарын 4 ний өдөр ганц мянган цэргээрээ нийслэл Хүрээг довтолж 15000 гамин цэргийг ялсан юм. 4 сарын дотор Барон жанжин бүх монголын газар нутгийг хятадын гамин цэргээс чөлөөлжээ. Ийнхүү Богд хаант монгол төр дахин сэргэж 1920 оны 2 дугаар сард шинэ засгийн газрыг байгуулсан юм. Гэвч 1921 оны 7-р сарын 6-ны өдөр ардын намынхан “Түүгээр явсан чөтгөрийг үүгээр дуудан ирүүлэв” гэгчээр ямар ч хамгаалалтгүй байсан нийслэл Хүрээг 15000 улаан орос цэргийн хамт довтолж эзлээд нэн даруй монгол төрөө устгаж оронд нь зөвлөлт маягийн улаантны харгис дэглэм тогтоожээ.
Нийслэл Хүрээнд орж ирсэн улаан орос цэргүүд Хүрээг дээрэмдэж монгол бүсгүйчүүдийг хүчиндэж олон муу хэрэг тарьж байсан тул Богд гэгээн Ардын засгийн Бүх цэргийн жанжин Сүхбаатарт хандаж улаан орос цэргийг Монголоос бүрмөсөн гаргахыг ихэд хичээнгүйлэн гуйж байсан гэдэг.
Богд гэгээнийг хүсэлтийг сайн ойлгосон Сүх жанжин улаан орос цэргийн комиссаруудад орос цэргийн тоог 500 болтол нь цөөрүүлэх санал тавьж байжээ. Гэвч үүнд дургүйцсэн улаан оросын комиссарууд жанжин Сүхийг нууцаар хорлосон гэсэн яриа ч байдаг.Богд гэгээн монголын зарим түшмэд монгол төрөөсөө хоёр удаа урвахыг хараад ихэд гайхаж байсан гэдэг. Нэг дэх урвалт нь 1919 онд хятадын гамин цэргийг Монголд дуудаад монгол төрөө устгасан.
Хоёр дахь нь 1921 онд улаан орос цэрэг дуудаад монгол төрөө устгасан. Богд маань тэр үед энэ бүх урвалтыг хараад “Түвд лам надаас урваж болно. Төр шажнаасаа л урваж болохгүй дээ” хэмээн боддог байсан биз. 1921 онд засгийн эрхийг зэвсгийн хүчээр булаан авсан улаантнууд Богд гэгээнний лам багш Лувсанхаймчиг зэрэг бүх монгол лам багш нарыг нь Богдын шавь нартай нь буудан хороож эхэлжээ.
Богд хатан Дондогдулам нь 1923 онд 49 настайдаа үл мэдэгдэх шалтгаанаар нас эцэслэв. Ардын намынхан өөрсдийн хүмүүсээ ч хөнөөж хэлэв. Ардын намын анхны долоогийн нэг ерөнхий сайд Бодоог 1922 оны 8-р сард цаазаар авав. Мөн онд Чагдаржав, Да лам Пунцагдорж нарыг цаазаар авав. Ардын намын жанжин Сүхбаатар 1923 оны 2-р сард 30 настайдаа үл мэдэгдэх байдлаар гэнэт нас эцэслэв. Солийн Данзанг 1924 онд цаазаар авав. Наймдугаар Богд гэгээн 1924 онд 56 насандаа үл мэдэгдэх шалтгаанаар таалал төгссөн гэдэг. Түүхийн зарим эх сурвалжид улаан орос цэргийн комиссарууд Богд гэгээнийг хорлосон гэж ч үздэг. Наймдугаар Богд таалал төгссөний дараа улаантнууд Монголд дахин Богд мэндлэхийг хориглосон. Улс орон ч эзэнгүй болсон. Улаантнууд ч бие биенээ хөнөөгөөд эхэлсэн. Ард түмэн мөргөх Богдгүй боллоо хэмээн ихэд бухимдаж гучаад оноос эхлэн Банчин Богдод мөргөнө хэмээн өмнөд хилийг давж Өвөр Монголд олноороо нүүдэллэн очдог болсон. YIII Богдыг их хувилгаан шидтэй хүн байсан гэлцдэг байсан бөгөөд түүний нэг жишээ нь 1920 онд хятадын гамин цэргүүд Их Хүрээг эзлэхээр довтлохдоо Богд хааны Ногоон ордонг их буугаар галлахад Ногоон ордон огтхон ч эвдэрч сүйдээгүй ажээ. Богдын зохиосон сургаал, магтаал, залбирал, бясалгал зэргээс бүтсэн нэг боть ном байдаг. Наймдугаар Богдынхоо лүндэнг толилуулъя.
VIII БОГДЫН ЛҮНДЭН
Ум сайн амгалан болтугай.
Сугайбодийн орноос бууж ирсэн, баруун газрын Далай ламаас зарлигай, Банчин богдын сунтагтай, 75 Махгалын дүртэй, 1000 мэлмийтэй, түмэн сонортой хонисонбодьсадын Очирдарь ламын гэгээн гэж ар халх, 4 аймаг, шавь долоон хошуу, өвөр 49 хошуунд залагдан ирсэн билээ. Богд эзэн хаанаас зарлигтай халхын ширээнд суусан билээ. Шажныг дэлгэрүүлэгч, амьтныг жаргуулагч, шажны алтан тамгыг түшиж, эх болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд амирлангуй дүрээр суудаг билээ. Би 3000 ертөнцийг өдөр, шөнийн хамт товчлон 6 эргэдэг билээ. Та нарын минь гэрийн доторхи хэрүүл тэмцэл, хэл ам, атаа тангараг, галын манаас, үүдний шорооны хог чинь халж орж болохгүй байна.
Ар халхын та нар минь 16 жарны өвлийн сүүл сарын 29 нд Дэчин галавын Очир дарь эх лаврин хийд орон болгоныг өгч та нарын алтан сайхан амь биеийг чинь халж буцаасан билээ. Та нарын татсан тамхины утаа чинь огторгуйн нар сарны гэрлийг бүрхэх цаг болж байна шүү!
Уусан архи чинь мөрөн далай мэт болж гаталж гарч болохгүй байна. Цөвүүн цагийн цагаан тамхины үр дэлгэрч байна. Тэр цагт эхлээд алт мөнгөө өгч татна, түүний дараа арван цагаан буянаа өгч татна, түүний сүүлд үр хүүхдээ өгч татна, түүний сүүлд хоёр нүднийхээ усыг өгч татна, тэгээд хойд төрөлдөө 70000 галав нөхцтөл очир тамын зовлонг эдлэнэ биш үү. Та нарын хийсэн хилэнц нүгэл чинь миний баруун, зүүн алганд Эрлэг номуун хааны толь мэт байдаг биш үү. Барс, туулай жилийг үзвээс 60 жилийн жаргал ирнэ. Гэвч та нарын үйлдсэн 10 хар нүгэл, хар улаан хараал чинь эн эцөвүүн цагт ханиадны эзэн болж байна шүү. Тэр чинь хор болдог байна.
Элдвийг амирлуулахын тухайд өрх дараалан Сундуй, Жадамба, Лүнбүмгарав, Тарвачимбу, Доржжодов, бага сага айл болвоос Алтангэрэл, Дашзэвэг, Найман гэгээн, Доржжодов, Намсрайн даллага, хуврагууд Гурван Гүрэм, Дэвжид Сэржим, Жамбалцанжид, Жамсрангийн Ганс, Шаваг, Найдан, шар, хар олон даяар Маань, Мэгзим, Дарь эх, Жнламцогзол, Базарсад түм бумаар нь уншаа!
Ар халх та нар минь ээ! Гурван настай балчир хүүхдээс дээш хүмүүн ертөнцийн ажил төрөл, арилжаа наймаа, архи, даалуу арван хар нүгэлт явдлыг ер сайн мэдэх байтлаа эрдэм номыг юунд эс үзнэм бэ? Маань мэгзимийг юунд эс уншам бэ? Хойд төрөлд Бурханы оронд яаж очих вэ? Ар халхын та нарт минь V, VII, VIII Богд гэгээн олон удаа сургаалыг тархаасан билээ. Та нар сонсовч сонсоогүй юм шиг, харавч хараагүй юм шиг тоомсоргүй өнгөрүүлдэг биш үү. Ар халхын та нар минь, Алт мөнгийг зүүж эдэлбээс таван цэнгээс илүүг бүү эдэл. Миний үгнээс зөрж эдэлвэл элдэв муу хортон дайсны гарт түргэн орж зовно биш үү. Ар халхын та нар минь, Манж, Хятадыг ирэхэд ширээ талбиж ширдэг дэвсэж хүндэлдэг. Миний шавь хуврагуудыг ирэхэд ойшоохгүй доромжлон басамжлан суулгадаг чинь Бурхан шажиндаа буруу харж, харь хэл буруутны гарт түргэн орж зовно шүү. Хойд төрөлдөө 3000 галав хүртэл Очир тамын зовлонг эдлэхийн тохиол!
Гэлэн, гэцүл, тойн хуврагууд минь ээ! Хурал номын газраас орхимжоо бүслээд, чавираа хийсгээд улаан, шар халзан морьдыг унаж, баг идээнд баригдаж, авгай хүүхдийн тоглоом болж явдаг чинь миний нүдэнд шарын шажныг үүлэн сүүдэр дайрч өнгөрөх лугаа адил болж байна. Энэ цөвүүн цагт авгай хүн нарын дэргэр үс, сэргэр мөртэй хүний дээл чинь миний нүдэнд шувууны толгойтой эрлэгийн элч адил болж үзэгдэж байна. Далай ламаас заалгасан зарлигтай, Банчин богдоос өршөөгдсөн шажны алтан тамгыг та нарын оройн дунд адис болгон тавъя. Энэ цөвүүн цагийн авгай хүн нарын үс залгаа зүүдэс чинь биеэ бүсэлсэн хар эрээн могой болж үзэгдэж байна.
Хойд насанд чинь тамын чагтага, хоолойд чинь тушаа болж Очир тамын уяанд орооцолдож байна. Аав ээжийн хайрласан хонгор халиун үсийг байхад юун элдэв этгээдийн бус муу юмнуудыг зүүж эдлэнэ вэ? Энэ цөвүүн цагийн битүү саравчтай бөмбөгөр оройтой малгай өмсөж эдэлбээс цэргийн хувцас, сумны толбо мэт шинжтэй байна.
Улаан ташуур бариваас гар хуруугаа цустахын тохиол, улаан хуйтай хутга зүүвээс улаан ташаатай болж ирт мэсэнд дайрагдахын тохиол, улаан эмжээртэй, улаан зулгатай гутал өмсвөөс цусан дундуур туулахын тохиол, дөрөөвчилсөн гөлөм тохвол сувраганы толгой доош харуулсан мэт болж Бурхан шажинтай бурууудахын тохиол. Харчуул авгай бүсгүй нар улаан шарыг эдэлж доромжилбол Бурхан шажинд халдахын тохиол. Ар халх та нар минь мянган хонио худалдаж, мянган лан мөнгөө авдарлаж буян үйлдэхгүй, бусдыг буян хийхэд даган баясахгүй, юунд хоосон хүнд өглөг өгөхгүй байна вэ? Эцэс хойд төрөлдөө эрлэг тамын газар очихдоо мянган хонио туугаад, мянган лан мөнгөө авдарлаад очихгүй хөгшин залуу гэхгүй үхэхийн цаг чөлөөгүй ирдэг биш үү. Ар халх та нар минь ээ! Түймрийн гал мэт, ширүүн салхи, үхэл ирэхийн цагт алтан сайхан амь биеэ засварлаж байхын тухайд буяныг үйлдэж бусдыг тэвчиж явахдаа аюулт дайсан довтлон ирэхийг зогсоож байхын тулд өдөр шөнийн гурван морийг зогсоодог байна шүү. Ар халх та нар минь, баян гэж бүү бард, бага гэж бүү гомд. Баян чинь ганц довон дээр, багахан чинь ганц усанд, бардам омог чинь ганц бууны суманд.
Ар халх та нар минь ээ! Энэ цөвүүн цагт миний энэ сургаал номонд эс орж явбаас тэнгэрийн дууны аюул, гал усны аюул нэртэй, нэргүй зовлонд учирна биш үү. Миний энэ сургаалыг гэрийн дотор нэг дуудваас гэрийн барцад магад арилна. Хоёр дуудваас гадны барцад магад арилна. Гурав дуудваас гурван муу заяанд унахгүй, гучин гурван төрөлдөө Бурханы оронд надтай учирч төрнө шүү. Миний энэ сургаалийг дагаж явсан лам хувраг хүнийг багш мэт саная, Гандантэгчэнлингийн оронд гэлэн, гэцүл болгон төрүүлье.
Миний энэ сургаалыг тахигч харчууд ба ах дүү авгай та бүгдийг эцэг эх мэт саная, Сугаабайдын оронд далан долоон төрөлдөө дэргэдийн сайн шавь хүн болгон төрүүлье. Ар халх та нар минь, энэ сургаал номонд орж явбаас элдэв муу хортон дайсантай учрахгүй, аюул болгоноос гэтлэн гарах болно.
Энэ цөвүүн цагт Лам багшийг сайн шүтэж явбаас Бурханы оронд очиход холгүй биш үү. Энэ сургаалыг тахиж сайн хүнээр дуудуулж сонсовоос арван тавны сар, нарны гэрэл мэт оюун цэцэн, мэргэн ухаантай болж Ганжуур, Данжуурыг орчуулгаар нь уншуулж сонсонтой адил дамжиггүй. Мунхаг хүн сонсвоос харанхуй шөнө үнсэнд үс асгасантай адил. Аав ээжийгээ өргөн хүндэлж явбаас энэ нас болон хойт төрөлдөө амны хишиг, буян заяа чинь дэлгэрч явна. Эв тангараг, хэрүүл тэмцэл, хэл амыг чанад хичээж тэвчиж явагтун. Миний энэ сургаалийг гэрийн дотор тахивал гурван жилийн гай барцад магад арилна. Дамжиггүй энэ сургаалыг сайн дуудуулж бодож санаж явагтун. Миний буулгасан судар номыг олон даяар айл алгасалгүй албачилан уншуулж явбаас аливаа муу хортон дайсантай учирахгүй сайн явах болно. Жаран жилийн жаргал ирж, арван хуруу тэгш жаргана. Миний энэ сургаалыг дагаж явсан шавь та нар надтай дахин дахин учирч төрнө. Миний энэ сургаалд орохгүй болбоос миний хойноос агт морио сульдааж атан тэмээг чилээн амь биеэ зүдрээн ирсний хэрэггүй. Би 120 наслах түүхтэй тул Ар халх олон шавь та бүгдийгээ өдөр шөнийн хамт зургаан удаа эргэдэг. Өглөө эрт бос, үдэш орой унт. Буяныг үйлд, нүглийг тэвч! Ерөөл хүчтэй тавигтун!
IX БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ЖАМБАЛНАМДОЛ
Монголын 9-р дүрийн Богд Жавзандамба Жамбалнамдол- чойжижанцан бээр Түвдийн Үй муж дахь Лхасын хойд Томсик гэх газар 1932 он буюу 16-р жарны усан бич жил Рало омгийн Лувсанжамбал ба Янжинлхам хоёрын хүү болон мэндэлжээ.Түүний ээж Янжинлхам нь ганц хүү төрүүлсэн бөгөөд хүүг мэндлэхэд олон гайхамшигт билэг дэмбэрэлт үйл явдлууд тохиолдсон гэдэг. Эхийн хэвлийд байх үед нь Гандан хийдийн ширээт хамба Тэхор Жамбачойдог ринбүүчи хутагтын мэндлэхийг ер бусын хэмэээн урьдчилан зөгнөж Сономдаржай гэсэн нэр хайрлажээ.Хожим Авралт Павонха Дэчэннинбо /1878-1941/ бээр гэгээнд Данзан гэсэн нэр нэмж үүгээр нэр нь Сономданзандаржай хэмээх алдартай болсон ажээ.
Түүнчлэн Гараг Ёнзон ринбүүчи түүнийг Жамъян Цоржийн хойд дүр болохыг мэргэлсэн бөгөөл Түвд улсын мэргэн зөнч Найчүн чойжон үүнийг мөн адил хүлээн зөвшөөрч “Энэ бол миний Жамьян намхай норов” хэмээн Жамъян цоржын хувилгаан мөн гэж баталжээ.
Буусан мэргэ төлгийн дагуу хутагтыг 4 настай байхад Жалцав Радэн ринбүүчи түүнийг 8 дахь Халх Жавзандамба хутагтын хойд дүр болохыг хүлээн зөвшөөрч тодруулжээ.Гэвч энэ үед Түвдийн ард түмэн,Түвд соёл онц чухал түүхэн уулзварт ирсэнтэй холбогдон Түвд улсад тааламжгүй байдал үүссэн учир Түвд Монгол засгийн газрууд ширээнд залах ёслолыг хийж чадаагүй ажээ.
Төрлийн хэлхэээс: Гэгээн хутагт нь Халхын анхдугаар Богдоос тооцвол 9-р: Жонон Дарнатын 10 дахь төрөл, Товтамэд Бодьсадын 28 дахь төрөл,Барва Бандидын 21 дэх төрөл байсан ба 14 дэх Жамъяан Цорж,Ранжун Ишдоржийн 9 дэхь төрөл юм.Найман насандаа Радрэг Түвдэн жамбал Иши гэгээнтний дэргэд гэцэл сахил хүртэж Жамбалнамдол чойжанцан хэмээх нэр алдарыг авсан юм. Үүний дараа Брайвүн дацанд суралцахаар очсон билээ. Гэвш Агваан Чойдон, Бори Ти-Дүлва лам,Түвдэн ням болон Халхын гэвш Дашжамц лам нарын халамж анхаарлын дор Парчин-Билиг барамид, Ум –Төв үзлийн ном зэрэг судар номуудыг хичээл шамдлаар судалжээ.
19настайдаа Гүнлиг ринбүүчигээс Жод лүйжингийн нийт болон нийт бусын авшиг,увьдас,дамжлагын номуудыг сонсож анхааран авлагад шамдах ёсоор Чүмиг-жарз буюу хээрийн жод бясалгал нямбанд жодын уламжлалыг улам бататгахаар явжээ
1952 онд 21 настайдаа Дагдан Пунцоглин хийдэд шавилан сууж Жонан урсгал дамжлагыг даган залгамжлан суралцсан байна.Тэр үед хийдэд махан төрлийн хоол хүнс идэхийг хориглож мөн хийдийн дэг журмыг өөрчилж гадна дотно зохион байгуулалтад анхаарал тавьж хийдийн эргэн тойрон гайхамшигтай 16 сүм хийдээр хүрээлүүлэн байгуулжээ.Мөн дүйцэн өдрүүдэд өргөл барьц барьдаг хуучны сайхан уламжлалыг сэргээж сайн ловнирт суралцсан лам хуврагуудын үнэлж зэрэг зиндаа ахиулан олгодог болжээ.Мөн хутагт бээр дээдийн номуудыг ихэнхдээ ганцаар бясалган суудгаас гадна гэгээрлийг олох зам мөр буюу Ламрим,Оюун судлахуй буюу-Ложон гэх мэт номуудыг ард түмэнд айлддаг байв.
1959 онд Түвдэд Хятадын улаан цэргийн түрэмгийлэл гарсан учир 28 насандаа Балба руу дүрвэн гарч Энэтхэг Балба улсын хилийн зааг болох Валүн гэгч газарт нэг жил сууршин тэндээс Энэтхэг рүү гарчээ.Энэ хугацаанд Бадма чойлин багшаар Янжин-драдо хэмээх Түвд хэлний дүрэм,хэл шинжлэл,яруу найргийг сайтар судалжээ.
1960 онд Энэтхэгийн өмнө зүгт хэд хэдэн газарт ээлжлэн суурьшсаар 1981 онд Майнпад дахь Пандэлин гэх Түвдийн сууринд удаан хугацаанд амьдарчээ. Богд гэгээнтэн Пандэлинд суурьших үедээ шашин номын их хэргийн дашрамд өөрийн сонирхол авъас билгийн дагуу цагаач ард иргэдэд гүр дууллыг заан хөтлөж, дуулах чиг авьяасыг сургаснаар баг хүмүүс бүрдүүлж тэдгээр хүмүүсийн олон газрын театрын урлагт дуулж хуурдах их замыг нээжээ.Хожим гэгээнтнийг Дарамсала хотод суурьших үед ч жил тутам тэдгээр хүмүүс зорин очиж Мил богдын гүр болон өөр бусад дууллыг хөтлүүлэн Түвдийн цагаачдын дунд зохиогддог урлаг тэмцээнд оролцдог болжээ. Богд гэгээн 1986 онд 43 настайдаа Түвдэд эргэн ирсэн ба Түвдийн өөртөө засах улсын бодлогын дагуу Дагдан Чойдэ хийдийг удирдлагандаа авч Хятадын засгийн газрын зөвшөөрлийн дагуу хийдийн лам нарыг хийдэд суулгаж хуучин уламжлалыг сэргээсэн байна. Дээрхийн гэгээн 14-р Далай лам 1990 онд Майнпад дахь Түвдийн сууринд айлчлахдаа 59 настай Жавзандамба гэгээнтэй уулзаж ширээнд залах албан ёсны ёслолыг хийх талаар мэдэгджээ.
1991 он буюу Төмөр хонь жилд Түвдийн засгийн газрын шашин соёлын яамны сайд Галсан-Иш Монголд айлчлан Монгол улсын ерөнхийлөгч П.Очирбат болон бусад өндөр албан тушаалын хүмүүстэй уулзжээ. Уулзалтын үед түүнд шашны уламжлал Монголд сэргэж байгаа энэ цагт Жавзандамбын хойд дүрийг ойрын хугацаанд Монголд уриваас зүйтэй гэдгийг илэрхийлсэн аж.Уулзалтын үеэр Халх Жавзандамбын одоо байгаа хойд дүрийг Түвдийн ард түмэн ялангуяа Дээрхийн гэгээн Далай лам хүлээн зөвшөөрсөн эсэхийг түүнээс тодруулан асуусан аж. Үүнийг тооцоолон Түвдийн засгийн газрын шашин соёлын яам Халх Жавзандамбын хойд дүрийг олж тогтоосон явдлыг нарийн сайн судалж тайлангаа Дээрхийн гэгээн Далай ламд танилцуулсан байна.
Тайланг уншиж танилцаад Дээрхийн гэгээн: “Жамбал намдол Чойжанцан нь Жавзандамбын хойд дүр болох нь үнэн зөв.Тэрбээр шашин амьтны тусыг бүтээж чадах хэмжээнд хүрсэн ба сутра болон тантрын номд мэргэшиж тодорхой хэмжээнд суралцсан билээ. Иймээс түүнийг Жавзандамба хутагтийн 9-р дүр гэдгийг би хүлээн зөвшөөрч байна.Түүнийг урт удаан наслах болтугай гэж би цаашид залбирахын зэрэгцээ Их Монгол оронд аз заяа түшиж ,хөгжил цэцэглэлтийг бий болгохын төлөө зүтгэж энэрэн нигүүлслийг ихэд бадраана гэдэгт итгэлтэй байна” хэмээн айлдаж 1991 оны 9-р сарын 20 ны өдөр гарын үсгээ зуржээ.
Түвдийн Засгийн газрын шашин,соёлын яам уг тайланг Дээрхийн гэгээн Далай ламын энэ захидалтай хамт Жавзандамбад өргөн барьж үүний хажуугаар түүнийг хүлээн зөвшөөрснийг албан ёсоор олон нийтэд зарлажээ.
Гэгээнтэн 1992 онд буюу усан бичин жилд 62 настайдаа бараа бологчдын хамт Дарамсалад уригдаж сэнтийд залах ёслол нь тухайн жилийн 1-р сарын 13- нд Далай ламын ордонд хийжээ. Түвдийн Буддын шашны бүх урсгалын дээдэс лам болон хувилгаад нар Түвдийн засгийн газрын шашин соёлын яамны сайд болон нарийн бичиг нар бусад мяндагтнууд,мөн олон энгийн ард иргэд энэ ёслолд оролцжээ.Түүнээс хойш Богд гэгээнтэн Дарамсалад суурьшин Далай ламаас сургаал номуудыг сонсож тарнийн ёсны хамгийн дээд Дүйнхэрийн тарнийг тоонд хүргэж бусад тантрын аймаг тус тусын үүсгэл төгсгөлийн ёог бүтээлд шамдан суужээ. 1994 онд 64 насандаа Дээрхийн гэгээн Далай ламын зарлиг зөвлөмжийн дагуу Түвдийн Амдо мужын Домэ хэмээх газар руу ховор номын эрх хөтөлбөрүүд ба ялангуяа Жононба уламжлалт эрх авшигт зорьжээ.Гэвч Түвдэд морилход Хятадын Засгийн газраас Богд ламтай гадны хэн нэгэн уулзахыг хориглож сар гаруй хугацаанд түр саатуулсан гэдэг. Дараа нь хятадууд Богдыг албадан Лхас руу явуулсан учир Жонон урсгалын дээдэс лам нартай уулзаж чадаагүй ажээ.
Түвдийн нийслал Лхасад байх хугацаанд 13-р Далай ламын лүндэн бошгын дагуу Зуу бурхны 2 дүр болон бусад дүрийг алтаар бүрж бүтээсэн нь Дээрхийн гэгээн 14-р Далай ламын урт удаан наслах,Түвдийн ард түмний эрх чөлөөт улс төр байхын тул энэ буянаа зориулжээ.Түүнээс гадна сүмд цугларсан ард иргэдэд хоол унд өгч олон мянган балин тахилыг өргөж долоо хоногийн турш Лхам бурханд наминчлага болон үйлсээ даатган тахиж үйлджээ.Удалгүй Хятадын Засгийн газраас зөвшөөрөл ирж Түвдэндоржийн урилгаар Түвдийн төв нутагруу аялан буман тарни унших ёслолыг удирдсан байна.Дараа нь Лхасын ойролцоо байдаг Ринчэнбуннай-д бараалхаж Гүрү ринбүүчид зориулсан 3 хоногийн буман тахил өргөлийн ёслолыг хийжээ. Гэвч Хятадын Засгийн газраас Богд гэгээнийг ихэд хардан сэрдэж хэд хэдэн удаа байцаан саатуулхад Богд гэгээн “Би энэ буяны үйл ажиллагааг дэлхийн энх тайвны төлөө үйлдсэн билээ” хэмээн хариу өгсөн гэдэг. Богд гэгээн 1995 онд 65 настайдаа Дарамсалад хуучин өргөөндөө Ханд дагинын дамжлагыг дэлгэрүүлэхийн тулд цөөн монгол шавь нартаа Зод лүйжингийн авшиг ван хайрлаж нямба бясалгалд шамдуулжээ.Цаашид Зод лүйжингийн шашныг улам дэлгэрүүлж шашин номын үйлийг олон шавь хуврагад өвлүүлэхийн тулд Дагдан лавранг байгуулжээ.Дагдан лавраны барилга нь 4 давхар бөгөөд дээд давхарт Хурлын танхим ба гол шүтээн Будда, Богд Зонхов, Мажиглавдонма гээд бусад олон шүтээн дүр буй. Дээрхийн гэгээн 14-р Далай лам бээр Жонон урсгалын уламжлалыг хадгалах зорилгоор хийд сүм байгуулах нь зүйтэй гэж санал гаргасны зэрэгцээ Шимла хот дахь Санжайчойлин гэж өөрийн хийд болон шүтээн бусад хэрэглэлээ Богд Жавзандамбад олгож Богд гэгээнийг Жононба шашны эзнээр өргөмжлөн тэргүүнээр томилсон аж.Үүний дараа Богд Жавзандамба бээр Жононбын уламжлалыг ариун ёсоор барих 40 гаруй лам нарыг цуглуулан хийдийг “Жонан Магон Дагдан Пунцоглин” хэмээн нэрлэжээ.
Айлчлал ба номын айлдварууд: 9-р Богд лам эрдэм ухаан оюун чадалаа нуун хичээж эгэл даруухан амьдралыг эрхэмлэдэг байсан ч Далай ламаас ард олон нийтэд ном сургаал айлдуулах,тантрын ёсны эрх ван ялангуяа шарын шашны жод лүйжингийн уламжлалыг сэргээж урьдын болон ирээдүй хойч шавь нараа бэлтгэх зарлигийг авчээ. Богд гэгээнтэн гадаадын олон оронд шашин номын урилгаар заларч Бурханы шашны их хөлгөний сургаалийг харамгүй айлдсаар байжээ.1997 оноос Орос улсын нийслэл Москва дахь Буддын шашны Зонхава төвийн урилгаар залагдан тус төвийн удирдах лам Гэвш Принлэй Оросын шинэ Буддистуудад жод лүйжин унших хонх дамар барих эрхийг гуйсны дагуу тэрхүү хүсэлтээр Намхагожид Лүйжингийн нийтийн ван хайрлажээ.Тэр цагаас хойш Москва хотод удаа дараа морилж Маналын ван жанан болон зарим тарнийн лүн эш хайрлаж Буддын гүн ухааны талаар дэлгэрэнгүй лекц уншин хар шар нийт сүсэгтэн олны сүжгийн угт номын хурыг буулгажээ.1999 оны зуны эхэн сар Оросын Буриад улсын нийслэл Улаан Үдэд Курумканд номын айлчлалаар морилж Буддын ном сургаал ба Ямандагын ван болон бусад хөтөлбөрүүдээс айлдсан байна. Богд гэгээнтний номын сургаал айлдах газар орон бүгдэд хур бууж солонго давхар давхраараа татсаныг олон хүмүүс шагшин гайхаж байсан гэдэг.
Оросын Буриадад айлчилсны дараа Богд лам Халх Монголд анх удаа заларчээ.Монголын бурхан шашны хийдийн хамба болон хуврагууд мөн сүсэгтэн олон түмэн гэгээнтнийг угтан залж 8-р Богд Жавзандамбын хойд дүрийн суудалд залсан байна.Монголын лам хуврагууд Эрдэнэ зуу хийдэд нууц байдалд есдүгээр Богдыг Монголын Бурханы шашны Тэргүүнд өргөмжлөв.
Есдүгээр Богд 1999 онд Монголд заларсныг сонссон буруу номтнууд Богдын Монголд морилсон мэдээг ихэд улс төржүүлж түүний эсрэг худал гүтгэлэг явуулж байв. Удалгүй монголын эрх баригчид Богд гэгээний визний хугацаа хэтэрсэн хэмээн шалтаглаж Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хүртэл хуралдаж 67 настай Богд гэгээнийг Монголоос бараг хөөн явуулжээ.Саяхан 2023 оны эхээр монголын эрх баригчид Ломоносовын их сургууль төгссөн, халимаг монгол түүхч багш Баатарыг Оросоос зугтан ирж Монголд улс төрийн орогнол хүсэхэд нь паспорт нь нэг хоног хэтэрсэн хэмээн шалтаглаж Монгол улсаас хөөн гаргалаа. Шашин соёл, монгол туургатнаа өмгөөлөн хамгаалах сэтгэл зориг монголын эрх баригчдад даанч алга даа. Богд гэгээн 1999 онд хар, шар сүсэгтэн ард түмний сэтгэлийн угт сүжиг буяны үрийг суулгаж Бурхан шашин соёлыг Монголд улам дэлгэрүүлэх зорилгоор Богд сан байгуулжээ. Тэрхүү сангийн үйл ажиллагааг явуулахаар Нацагдорж лам тэргүүлсэн цөөн хэдэн хүмүүс үүрэг авсан боловч үргэлжлүүлэн удирдаагүйгээс орхигдсон гэдэг.Тэр сан нь Монгол түмний сайн сайхны төлөө зориулагдах ёстой байсан хэмээн Богд лам маань ахин дахин айлдаж байжээ. 1999 оноос хойш монголын ард түмэн Богд ламыгаа эргэн залах чин хүсэлтэй байсан агаад ард түмний зүгээс төр шашины удирдах хүмүүст бичгээр хэлээр олон удаа хүсэлт тавьж байсан боловч эрх баригчид элдэв шалтгаар улс төржүүлж уг асуудлыг хойшлуулсаар байв. Дээрхийн гэгээн Далай лам жил бүрийн хаврын сүнчое айлдварын үед хуран цугласан гадаад дотоодын олны өмнө монголын ард түмэн Та бүгд авралт Халх Богд ламаа эх нутагтаа залах хэрэгтэйг ч анхааруулж байсан аж.
2000 онд Дарамсала дахь өөрийн лавранд Европын олон орноос ном сонсохоор ирсэн энгийн сүсэгтэн Буддистуудын хүсэлтийн дагуу Хажид бурханы ван авшиг тид хөтөлбөртэй нь тайлбарлаад тэдгээр шавь нарт дээдийн номыг өдөр тутам дадуулахын тул үргэлжлүүлэн сарын хугацаатай нямба бясалгалд шамдуулжээ.
2002 оны 6-р сарын 12 нд Богд гэгээнтэн бээр Далай ламыг Шимла дахь Жонон хийддээ урин залах том хэмжээний ёслол хийсэн юм. Дээрхийн гэгээнтэн Жонон Дарнатын өмнөх 8 ламын сургааль,Цагийн хүрд буюу Дүйнхэрийн доршүгийн ван авшиг айлдсан билээ.Энэхүү сургааль авшиг айлдсанд талархаж Жонон уламжлалт заншилд суурилсан урт наслах мөргөлийг зориулан уншжээ.Мөн хийдийн зарим шавь лам нар Далай ламын өмнө өргөл маягаар чойрын номоор дамжаа тавьж хоосон чанарын тухай сонин гайхамшигтай мэтгэлцээнийг тахилын үүл мэт өргөснөөр Дээрхийн гэгээнтэн таалал машид баясаж тэдгээр оюутан лам нарыг магтан сайшаажээ. Богд гэгээнтэн 2003 онд Оросын Тува улсад шашин номын албан ёсны урилгаар заларчээ. Тува улсын ерөнхийлөгч болон хар шар ард иргэдээс Дүйнхэрийн авшиг тавиулах заллага хүлээн авч Далай ламын зарлиг зөвшөөрлийн дагуу авшиг тавихад Намжил дацангаас 10 гаруй лам нарыг туслахаар томилжээ.Тува улсын хар шар нийт ард иргэд номын ачлалд талархал илэрхийлж гэгээнтний шашин номын хэрэгт урт удаан наслахуйн ерөөлийг өргөн даншиг наадмын ёслолыг өргөн барьжээ.
Богд лам бээр Дагдан лавранд зод лүйжингийн номыг сурахаар ирдэг монгол, орос шавь нар болон энгийн хүмүүст заахын хажуугаар тэдний хоол хүнс амьдрах орчныг ч бүрдүүлж тэтгэсээр ирсэн юм. 2006 оны хавар, шавь нартаа жод лүйжингийн зан үйл,уншлага ая дан,бүтээл бясалгалд шамдуулж нарийн дэг ёсыг өвлүүлэхээр Одсэр ринбүүчи,Лхазүн ринбүүчи тэргүүтэй монгол, түвд, орос нийт 25 шавь нарт Тойног 5 хандын авшиг, жарзны дэлгэрэнгүй хөтөлбөрийг айлдаж Гималайн оргил уулсаар 108 булгийн эхэд хээрийн бясалгал нямбанд дадуулахаар явуулсан байна.Энэ их номын үйлсэд жарзны бүх хэрэглээ зардлыг өөрийн сангаас гаргаж мөнхүү Далай ламын таалал баясан Төвдийн Засгийн газраас ч нямбаны бэлтгэл зардалд нэмэр хандив өргөжээ.Үүнээс хойш жил бүр түүний олон шавь нар баг болж цаст Гималайн оргилоор явж бясалгал нямбанд шамдах заншил тогтсон ажээ.Богд гэгээнтэн бээр шарын шашны Гандан Нянжүд жодын дамжлага увдис номоо Одсэр ринбүүчид даатган өвлүүлж ирээдүйн жочуудад лүйжингийн авшиг ном хөтөлбөр тавих зөвшөөрлийг хайрласан байна.Одсэр ринбүүчи нь Өмнөд Энэтхэг дэхь Сэра дацангийн гол лам бөгөөд түүний өмнөх дүр нь Богд лам өөртэй нь ойр дотно харилцаатай анд байсныг дурсан ярьдаг байв.
2006 оны намар Гэгээнтэн өөрийн ачит багшийн Далай ламд тантрын ёсны дээд шүтээн Дүйнхэр бурхныг өргөх буяны хурим ёслол болжээ. Дүйнхэр бурхан нь 7 тохой өндөр бөгөөд бурхныг Балбын урчуудад жилийн өмнөөс захиалуулж хийлгэсэн ба бурхны чимэг эрдэнэс чулууг өөрийн биеэр энэтхэгийн Дели хотын ойролцоо чулуун ордтой хотоос сонгож чимэглэсэн ажээ.Далай лам бээр Богдын өргөсөн шүтээн бурхнаа Дүйнхэр дацандаа залсан билээ. 2009 оны 10 сарын 25 нд Богд лам бээр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн урилгаар Монголд хоёр дахь удаагаа айлчилсан бөгөөд лам хуврага сүсэгтэн олонд мутрын адис хүртээж айлдвар сургаал айлдан маань мэгзэмийн лүн,насны авшигыг хайрлажээ.Үүний зэрэгцээ Төв Гандан хийдэд лүйжин номыг олон шавь нарын хамт хурж Энэтхэгт Дагдан лавранд гардаж сургасан эрэгтэй эмэгтэй нийт шавь нар хурлаа жигд сайхан хурж байхыг ихэд магтан, одоо Монгол оронд жод лүйжингийн шашин улам дэлгэрэх цаг болсоныг анхааруулжээ.
Мөн өөрийн тодруулсан шавъ Гачин Чогбрүл ринбүүчид навсай бүрэн өмсгөл хувцасаа хайрлан жодын хурлыг удирдаж цаашид шашины ариун үйлсэд хүчин зүтгэхийг даалгасан явдал юм. Богд гэгээн 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Монгол улсын харьяат болов. 2011 онд
Гандантэгчэнлин хийдэд IX Богд Жамбалнамдолчойжижанцан хутагтыг Монголын Бурханы шашны Тэргүүнээр дахин өргөмжилж, ширээнд залах ёслол Гандантэгчэнлин хийдэд болов. 2012 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг буулган, Монголын Бурханы шашны тэргүүн хэмээн батламжлав. 2012 оны 3 дугаар сарын1-ны өдөр буюу Цагаан сарын шинийн наймны өдөр Монголын Бурханы шашны тэргүүн IX Богд Жамбалнамдолчойжижанцан хутагт наян нэгэн насны сүүдэртэйдээ Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Гандантэгчэнлин хийдэд таалал барив.
Х БОГД МОНГОЛД ТОДРОВ
Арван жилийн тэртээ өмнөх 9-р Богд маань Монголд нирваан дүр үзүүлэхийн өмнөхөн гэрээслэхдээ: "Хэргийн эрхээр хойт дүрийг тодруулах болбоос би бээр Монгол орноо дахин ирэх залбиралыг чухаг дээд гуравт хатуу даатган залбирч буй нь урьд өгүүлсэн мэт, миний төрөл тутмын ачит язгуурын багш Дээрхийн Гэгээнтэн Ялгуулсаны эрхэт Данзанжамц дор айлтган, Дээрхийн Гэгээний таалал лугаа үл харшуулан тодруулах үйлсэд төр түмэн хичээх нь миний чин хүсэл болно. Урьд олон удаа дурьдсан мэт би бээр багаас ном шашны үйлэнд хичээхээс бус улс төрийн хэрэгт дурладаггүй юм. Ирээдүйд хойт дүрийн хувилгаан маань ч Амьтан бүгдийн амгалан жаргалангийн суурь- Бурханы шашин их эрдэнийг барих, тэтгэх, арвижуулах үйлсэд ямагт хичээн шамдах нэгэн заларна аа."хэмээн айлдсан юм.
Далай ламын айлдвараар энэ туулай жилд X Богдоор тодорч буй 8 настай хүүгийн эмэг эх нь "Монполимент" группийн үүсгэн байгуулагч, Монгол улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав ажээ. Зарим хүмүүс Ц.Гарамжавын эсрэг олон удаа гүтгэлэг явуулсан. Энэ хүний тухай үнэн мэдээлийг товч өгүүлье.
Ц.Гарамжав нь зах зээлд шилжсэн өнгөрсөн гучин жилд түүний байгуулсан компани 2500 гаруй ажлын байр буй болгож, 100 сургууль, 300 цэцэрлэг байгуулах хэмжээний үлэмж их татварыг улсад төлжээ. Анх арав хүрэхгүй хүнтэй эхлүүлж байсан хамт олон нь өдгөө мянга гаруй гишүүнтэй өнөр бүл болжээ.Нийгэм, эдийн засгийн шилжилтийн бэрх цаг үед найдвар өгсөн хамтрагчдаа мэхлүүлэх, улс төрийн шударга бус шийдвэрүүд, хууль эрх зүйн орчны дарамт шахалт, зохион байгуулалттай гүтгэлгүүд зэрэг олон сорилт, бэрхшээлтэй тулсан ч түүнийг давж гарчээ.” Монполимет” ХХК нөхөн сэргээлтийн жишгийг тогтоож, 400,000 гаруй мод үржүүлснээс 300,000 гаруйг нь тарьж, ургуулан, ойн 7 төглийг өөрсдийн хөдөлмөр, зүтгэлээр бүтээж, 20 гаруй удаа “Тэргүүний нөхөн сэргээгч байгууллага”-аар шалгарчээ. Олборлолтоос, үйлдвэрлэгч рүү амжилттай шилжиж, байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий Монцемент үйлдвэрийг олон жил судалж, зорьсны эцэст үйлдвэрээ байгуулж стратегийн үндсэн бүтээгдэхүүн цементийн хараат байдлыг халж, эх орондоо үйлдвэрлэдэг болов. 2015 онд байгуулсан цементийн гурван цогц үйлдвэр нь аж үйлдвэрийн шинэ сэргэлтийн суурь болжээ. Ц.Гарамжав дэлхийн стантартад нийцсэн Монголдоо хамгийн том цементийн үйлдвэр байгуулж, монгол орныхоо валютын гадаадад алдах урсгалыг хааж эх орондоо үлдээх ажилд хувь нэмэр оруулжээ. 2015 онд 105 жилийн өмнө анх байгуулагдсан АНУ-ын бизнесийн "Forbes" сэтгүүлд “Азийн бизнес эрхлэгч шилдэг 50 эмэгтэй”-г нэрлэсэн жагсаалтанд Монгол улсаас анх удаа Ц.Гарамжав шалгарчээ. Саяхан Монголд Хөгжлийн банкнаас олон сая доллар зээлсэн хүмүүсийн талаар телевизийн сонсгол болсон доо.Тус банкнаас Чингис бондны 1.5 тэрбум ам. долларыг үйлдвэр барина хэмээн зээлсэн бүх хүмүүсийн мэдээллийг сонсоход “Монполимент” группын ерөнхий захирал, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав, Баянхонгор аймгаас сонгогдож байсан, УИХ-ын гишүүн асан М.Билэгт гэсэн хоёрхон захирал бүсгүй улсаас авсан валютын зээлээ зориулалтын дагуу зөв зарцуулж, эх орондоо үйлдвэр барьсан байлаа. Бусад компаний захирал эрчүүд бүгд зээлж авсан валютаа казино тоглох, зориулалтын бусаар хувьдаа завших зэргээр үрж дуусгасан байсан.
Тэхлээр Ц.Гарамжав гэдэг захирал бүсгүй бол шударга, эх оронч, бүтээлч, үйлдвэрлэгч хүн юм байна даа гэсэн ойлголт надад төрсөн юм л даа. Шинэ Богдын маань ээж нь Ц.Гарамжавын охин, АНУ-д дээд боловсрол эзэмшсэн "Монцемент" төслийн удирдагч Н.Мөнхнасан гэдэг өндөр боловсролтой сэхээтэн бүсгүй аж.
Хүүгийн аав нь МУИС-ийг төгссөн, математикч Ч.Алтаннар гэдэг ирээдүйтэй эрдэмтэн залуу юм байна. Математикч Алтаннар нь "Ньютон төрлийн аргууд, хэрэглээ" зэрэг цогц бүтээл туурвин, математикийн шинжлэх ухаанд шинэ чиглэл, хандлага буй болгон дэлхийд үнэлэгдэж, 180 орчим сэтгүүлд монголын эрдэмтдийн энэхүү нээлтийн талаар нийтэлж Алтаннар эл эрдэмтдийн багт багтаж, 2013 онд Төрийн соёрхол хүртжээ. Монголын 10 дугаар Богдын аав Түшээт ханы удамтай гэж сонслоо. Шинэ Богд маань сайн сайхан монгол айлд мэндэлжээ. Энэ бяцхан хөвгүүн бол монгол Богд мөн байх бүх шинж нь бүрдсэн хүү хэмээн сонссон юм байна. Шинэ монгол Богд бол Далай лам батламжилсан хууль ёсны Богд юм. Эдүгээ Монголд зарим буруу номтнууд шинэ Богдын эсрэг, эцэг эх, эмээгийнх нь эсрэг элдэв дайралт явуулж эхлээд байна. Зарим нь Монголд Богд ямар хэрэгтэй юм бэ хэмээн тохуурхаж байна. Би хариуг нь хэлчихье. Шинэ монгол Богдын эцэг, эх, эмэг эх нь удам сайтай жинхэнэ монгол сэхээтэн айл. Шинэ Богд заавал харц гаралтай, ядуу айлд төрөх албагүй. Будда 2500 жилийн өмнө Жагарын оронд Капилавасту улсын Шуддходан хааны ганц хүү болон мэндэлсэн. Анхдугаар Богд Өндөр гэгээн маань Эзэн Богд Чингис хааны алтан ургийн удамд мэндэлсэн. Шинэ монгол Богд 252 жилийн дараа Монголд мэндэлсэн нь дараах ач холбогдолтой.
1.Шинэ монгол Богдынхоо ном айлдварыг төрөлх монгол хэл дээрээ сонсоно гэдэг монголчууд бидэнд их зол завшаан юм.
2.Шинэ Богд гэгээн өнгөрсөн хорьдугаар зуунд шашингүйн үзэлд автагдаж харанхуй мунхаг болсон монголчуудыг зөв замд нь оруулж гэгээрсэн үндэстэн болгох нигууртай юм.
3.Шинэ монгол Богд Монгол эх орондоо буян үйлдэж, ариун номоо айлдана гэдэг Монгол улс дэлхийн Буддизмын төв болох замдаа орлоо гэсэн үг.
4.Дэлхийн олон сая буддист жуулчид Монголыг зорин ирж Богд гэгээний номыг сонсовоос улсын валютын нөөц нэмэгдэж, Монголд аялал жуулчлал хөгжих хөрс нь бүрдэнэ.
5.Хорьдугаар зуунд хамгийн их гэмт хэрэг гардаг байсан харгис Монгол орон хорин нэгдүгээр зуунд ард түмнээрээ Бурханы шашинтан болсноор хүн амины хэрэг, хулгай, дээрэм огт гардаггүй амар амгалангийн Номт орон болох юм.
Зарим хүн Богдыг улс төртэй холбож яриад байдаг юм. Зарим хүн шашин бол мунхруулга, шашин бол хоцрогдол хэмээн буруу яриад байдаг. Богдод улс төр ямар ч хамаагүй. Бурханы шашин бол үнэний тухай сургаал юм, авралын тухай сургаал юм. Юунаас авардаг юм бэ гэхлээр хүний сэтгэлд бугшсан 84 000 нисваанисыг дарж сансрын зовлонгийн хүрднээс чөлөөлж авардаг юм. Гэгээрэл гэдэг бол улс төр ч биш, боловсрол ч биш. Гэгээрэл бол хувь хүний ухамсрын түвшний асуудал юм. Техник технологийн хөгжил Богдодхамаагүй. Шинжлэх ухаан, технологи, эдийн засгийн өсөлт бол улс нийгмийн хөгжлийн чухал асуудал болохоос гэгээрлийн асуудал биш.Богдын зорилго юү вэ гэвэл монгол хүн бүр аз жаргалтай, амар амгалан болоосой, Бурханы сургаалийг монгол хүн бүр эзэмшиж зөв үзэлтэй, сайн хүн болоосой гэсэн зорилготой байдаг юм. Богд бол гэгээрэл юм. Богд бол Хамаг амьтныг аврах тангарагтай амьд бодисадва юм. Богд бол монгол туургатан 10 сая хүний оюун санааны нэгдлийн илэрхийлэл юм.Шинэ Богд маань эдүгээ хүүхэд насандаа байгаа тул Бурханы ном эрдэмд хичээнгүйлэн суралцах дардан зам өмнө нь дурайж байна. Сайн лам багшаар Бурханы сургаалийг заалгаж эзэмшихэд 22 жил шаардагддаг хэмээн дуулсан юм байна. Шинэ Богд маань Бурханы ном сургаалийг түргэн эзэмшиж монголчууддаа төрөлх монгол хэлээрээ, мөн гадаадын буддистуудад англи хэлээр бурханы ном айлддаг орчин үеийн Богд гэгээн болоосой хэмээн ерөөж байна. Шинэ монгол Богдын өлмий бат оршиж, шашин амьтны тусыг үлэмж ихээр бүтээх болтугай. Авралт Бурханы шажин арван зүгтээ дэлгэрэх болтугай. Хамаг амьтан Бурханы шажинтай учирч Гэгээрэлийн хутгийг олох болтугай.
Хуульч, сэтгүүлч Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл (0)