Ц.Хулан алдаж эндсэн бол түүнд хүнлэгээр хандан, хуулийн өршөөл нигүүлсэлийг үзүүлээсэй...
- 2023-03-13
- Нийтлэл
- 2
Ил Захидал
Монгол Төрийн өндөр дээд удирдлагууд. Тагнуулын алба, Шүүх, Прокурорын шийдвэр гаргагчид, Хүний эрх, Иргэний байгууллагынхан, Улс төрийн намын дарга нар, ард түмэн Минь ээ! Та бүхэндээ хандан сэтгэлийн үгээ хэлэхээр санаа нийлсэн бидний үгийг анхааран сонсож, зовнил шаналлыг маань болгоон хуваалцана уу!
"Яруу найрагч Цоодолын Хуланг Тагнуулын газрынхан баривчилжээ" гэдэг сонор сэртхийлгэсэн цочир мэдээ Монголын нийгмийг доргиулснаас хойш нэгэн сар илүү боллоо. Энэ хугацаанд хайртай найрагчийнхаа төлөө сэтгэл шаналсан монгол түмэн, түүний дотор зохиолчид, яруу найрагчид, урлаг соёлынхон, яруу найрагчийн дотоод, гадаадын дотно элгэн нөхөд уулга алдан гайхширч, "Ямар лай ланчиг нь гараад ирэв ээ? Эх оронч хүний сэтгэл зүрх цээжинд нь багтаж ядан оволзож явдаг омголон найрагч маань юу гээчид өртчих нь энэ вэ? Алдав уу, эндэв үү? Аль эсвэл атаа жөтөө, улстөрийн хорлонт явуулга, гүтгэлэг, ёс бусын урхи гохонд орчихов уу? зальхай явдал, заль мэхэнд өртчихөв үү? Эндүүрэл самуурал, эрсдэл хилсдэл, хэтрүүлэг гуйвуулгад нэрвэгдээгүй байгаа?" гэхчлэн олон олныг шалгаан бодож, учир начрыг олохоор утас шөрмөс хангинуулахаас эхлээд интернэт сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, лавлах асуух бүхнийг тойлж төөлж, өмгөөлж өөнтөглөх, өрөвдөж хайрлах гуйж гувших ойлгуулж ухуулах, эргэлзээ тээнэгэлзэл, итгэл үнэмшил, чадах бүхнээсээ л чаргууцалдаж эхэлсээн.
Монголын зохиолчдын байгууллагын зүгээс Тагнуулын ерөнхий газарт хандан "Яруу найрагч Ц.Хулангийн нэр хүндэд халдсан, гүтгэсэн мэдээллийг тарааж байгаа үндэслэлээр буруутгасан тул уг асуудлаар бодитой хариу өгөхийг шаардсан бичиг хүргүүлсэн боловч хариу үг өдий хэр сонсоогүй л байгаа. Бид тэр хүнийг тэгжээ ингэжээ гэдгийг мэдэхгүй, тийм иймийг сонссон ч түүнд итгэж үнэмшихийн аргагүй, эргэлзэж, тээнэгэлзэж, үгүйсгэсээр л сууна.
Хуулийн байгууллагын ажил үйлд хөндлөнгөөс оролцож, ул учрыг нь олоогүй хэрэгт нөлөө нөөлөг үзүүлэхийг бид огтхон ч хүсэхгүй байна. Гэхдээ гайхширал эргэлзээгээ тайлах арга ухааныг эрэлхийлж, Хуланд маань хүнлэг, нигүүлсэнгүй хандаасай, хууль шүүлэг нь шударга үнэн байгаасай гэж хүсэж байгаа юм. Нойр хоолоо умартан, охиноо гэх сэтгэлийн шаналандаа хатаж суугаа хөгшин аав ээж үйлс нэгт нөхрийнхөө зовлон шаналанг нимгэлж цаасан дээр унагасан энэ хэдэн цөөн үгээрээ ч болохноо сэтгэлийнх нь хөндүүрийг хөнгөлөхийг зорьж байна. "Тэр хүн Эх орноосоо урважээ" гэж бид огтхон ч итгэж чадахгүй байна. Эргэлзээ, гайхширал маань тайлагдахын аргагүй байна. Нэгэн найрагчийн маань халуун ам бүл бүхлээрээ зовлон шаналанд өртсөн нь нийт зохиолч бидний сэтгэл зүрхэнд гамшгийн харанга дэлдэж байна. Үүнийг ойлгуулахыг бид хичээж байгаа юм.
Цоодолын Хулан бол удам сайт сайхан аав ээжийн охин. Өвөө эмээ дээрээ хүн болж торнисон монгол ахуй, монгол амьдралаа мах цусаараа ойлгож мэдэрсэн, эх нутаг, элгэн түмэндээ халуун хайртай хүн. Түүнийг яруу найрагчийнх нь хувьд Монгол даяхнаараа төдийгүй дэлхийн олон газар оронд мэднэ ээ.
Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол, түүний охин Соёлын гавьяат зүтгэлтэн Цоодолын Хулан хоёрын авьяаслаг, тэнгэрлэг шүлэг найраг, хүчирхэг даль жигүүр дээр Монголын уран зохиол, оюун сэтгэлгээ, монгол хүний авьяас билиг, эртний түүхт өв соёлын амин сүнс, алдар суу дуурьсаж байдаг гэдэгт бид итгэдэг. Тийм ч учраас тэднийгээ чин зүрхнээсээ Хайрлаж хүндэлдэг юм. Цоодолын Хулан бол онцгой мэдрэмж, ухааралтай, хурц тод илэрхийлэл, үг хэллэгтэй, эмэгтэй хүнд баймгүй эрмэг зоримог, шулуун шударга зан ааш, харьцаа хандлагатай, бурууд хатуу, зөвд зөөлөн, содон соргог яруу найрагч гэдгийг монголчууд бид цөмөөрөө мэднэ. Түүнд монгол түмэн хайртай. Тийм ч учраас ямар хэрэг төвөгт, яагаад өртчихөв гэдгийг цаг ямагт асууж, халаглан харуусаж харамнан өмөөрч, хайрлаж нигүүлсэж байгаа бөгөөд тэр байтугай зарим нэгний шахсан шаардсан, тулгасан, туйлсан, хэн нэгнийг хатуу чангаар буруутгаж зэмлэсэн үг яриа ч сонсож л байгаа. "Ард түмэн бид хардах эрхтэй!" гэж хэлдэг ч хүн бий. Энэ бүхнийг ардчиллын агаар амьсгал, нэгнийхээ төлөө санаа тавьсан сайхан сэтгэл гэж ойлгож болох биз ээ. Хамгийн гол нь бодит байдалд төв үнэн бөгөөд хүнлэг нинж сэтгэлээр хандан, голч шударга ухаарлыг шийдлийн нуруу болгоосой гэж хүсэж байна.
Бодвол, зүүдэнд нь ч ороогүй яхир хатуу явдалтай нүүр тулгарч, юу болсныг нягталж ядан суугаа яруу найрагч маань өр нимгэн эмэгтэй хүний хувьд ч, бас аливаа уран бүтээлчийн л адил юмыг ойртуулж холдуулж, хэтрүүлж даваадуулж боддог. заримдаа ч тэнэг мулгуу шийд руу гулсан ордог авир төрхтэй, тийм "архаг хуучтай" хүмүүсийн нэгний хувьд, тэр тусмаа үнэхээр ч бие нь сэдэрч зовоох архаг өвчтэй хүн учир одоогийн байгаа нөхцөл байдал нь тэр хүний амьдралд нөхөшгүй хор хохирол үлдээх вий гэдэгт бид онцгой санаа зовниж байна.
Тиймд эмнэлгийн тусламж үзүүлж, эмчийн хараа хяналтанд байнга байлгаасай гэж хүсэж байна. Түүнчлэн зохих хууль, эрхийн хүрээ, бусад харгалзаж үзэх нөхцөл хүнлэг хандлагыг гол болгон, яруу найрагчийг маань зохиолч бүтээлч бидний болоод ард түмний хараа хяналт дор байлгаж, хоригдох саатуулагдах нөхцлийг нь өөрчлөх боломжийг нээгдүүлээсэй гэж сэтгэлчлэн хүсэж байна.
"Яруу найрагч Цоодолын Хулан тагнуулч уу? Тэр тийм хэрэг хийх хүн мөн үү? Түүнд ямар хүчин зүйл нөлөөлж ийм байдалд өртөхөд хүргэв?" гэх мэтийн асуулт, эргэлзээ Монголын нийгэм, монголчуудын "толгойн өвчин" болж байгаа нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэрэг, С.Зоригийн амь насыг хөнөөсөн дуулиант хэрэг гэх мэт ужгирч удсан том том хэргүүдтэй зэрэгцэн хүн бүрийн сэтгэл санааг зогсоо зайгүй зовоосоор байгаа нь Монголд яруу найрагч хүн ямар өндөр үнэ цэнэтэй вэ гэдгийг харуулж байна даа гэж бид баярлаж бахдаж байгаа. Үнэхээр ч яруу найрагч хүн бол Монголын оюуны дундаршгүй сан хөмрөг, монгол түмний барагдашгүй их өв баялаг юм.
Цоодолын Хуланд санаа сэтгэл тавиасай, хэрвээ тэр хүн алдаж эндсэн бол түүнд хамгийн хүнлэгээр хандан, Монгол түмний хайр сэтгэл, итгэл найдварыг шингээн, эгээ л Монголын оюуны уурхай, Өв соёлтойгоо харьцаж байна гэж үзэн, хүнлэг энэрэнгүй хандлага, хуулийн өршөөл нигүүлсэлийг үзүүлээсэй гэж бид хүсэж байна.
Түүний тулд ийнхүү анхаарал хараанд нь өртүүлэх учиртай гэж үзсэн Та бүхэндээ итгэл найдвар тавин хандаж, сэтгэлийнхээ үгийг илэрхийлэхээр шийдсэн билээ. Санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай! Юм бүхэн сэтгэлийн ариунаар цогцлож, ертөнц дэлхий Дэлгэр дүүрэн байгаасай! Ухаант төр, түмэн олныхоо мэргэн шийдэд итгэж байна аа, бид!
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Т. Галсан
-Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч
П.БАДАРЧ
-Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч
Б.ДОГМИД
-Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч
Ш.ДУЛМАА
-Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.МЭНД-ООЁО
-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.АКИМ
-Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч
С.Оюун
-Монгол Улсын Торийн шагналт, Соёлын гавьяат Ш.ГҮРБАЗАР
-Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, уран зохиол судлаач
До. ЦЭНДЖАВ
-Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч
Дан.НЯМАА
-Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, Зураач Ж.САРУУЛБУЯН
Сэтгэгдэл (2)
Болд-Эрдэнэ (124.158.66.32)
Тагнуулынхан Чимгээг яаж тамлан зовоож байсныг бид баримтаар харсан билээ Тэгээд өнөөдөр прокурорын байгууллага хэрэгсэхгүй болголоо. Бүтэн 7 жил тамлахдаа өрөөнд нь орж ухаан алдуулах эм уулгаад шалдлаад бэлэг эрхтний нь зураг авч байгаа нь харагдсан Энэ зураг ямар гэмт хэргийн нотолгоо болох вэ эрүүл хүмүүс энэ тагнуулд ер нь байна уу Маньяак гаж донтонгууд биш үү Хуланг мөн тийм байдалд оруулахыг үгүйсгэх хүн байна уу
Нарантуяа. Ц. (192.82.87.196)
Дэмжиж байна...яагаад өмгөөлөгчөөрөө дамжуулж өөрийгөө хамгаалах ...үгээ хэлэх боломжийг олгохгүй байна???