Оюутолгойн ногдол ашгийг маань хурдан тараахгүй бол ард Аюуш шиг босно шүү

Ерөөл талархал сонинд

Оюу Толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолын ажиллагаа сайхан боллоо. Хүү маань тэнд хөрөнгө оруулалтыг төлөвлөх төслийн багт ажиллаад арваад жилийн нүүр үзэж байна. Наяад оны үед би Баян хошуунаас ХААЯ хүртэл автобус дамжин ажилдаа явах гэж аминдаа л ихээхэн  түүртдэг байлаа. Гэтэл хүү маань өнөөдөр онгоцоор ажилдаа явж байна. Цаг өөр болжээ. 

 

1300 метрийн  гүнд уурхай байгуулж,  3 тэрбум 380 сая тонн хүдэр олборлохын тулд асар их хөрөнгө оруулалт шаардагдах нь мэдээж. Манайхан өөрсдөө зүтгэсэн бол насаараа босгож дийлэхгүй энэ их мөнгийг хэдхэн жилийн дотор босгож чадсан, хэдийгээр хулгайч луйварчнаар нь бид байнга цоллодог ч ноён Роберт Фридланд таньд юуны өмнө талархъя. 

 

Ордыг ашиглах ТЭЗҮ-д тусгагдсанаар би эндүүрээгүй бол тэнд дор хаяж үүнээс 30 сая тонн зэс, 1300 тонн алт, 7600 тонн мөнгө,  81600 тонн молибден байгаа гэсэн. “Ямар ч л байсан Оюутолгой  нөөцөөрөө Эрдэнэтээс 7 дахин их” гэж Хурц баатар ярьсан. Хурц гуай худлаа хэлэхгүй ээ. Мөн Эрдэнэтээс хавьгүй их алт, мөнгө, бусад ховор элемент тэнд бий. Эрдэнэтийн  нөөц нь  8 сая тонн зэс, 200 мянган тонн молибден гэж би ойлгодог. 30 жил ашигласны дараа 5 сая тонн зэс, 130 мянган тонн молибденийн нөөцтэй үлдсэн гэсэн. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хэдүй хэмжээний баялаг ашигласан талаар албан ёсны мэдээлэл  надад одоохондоо алга.

 

Ажилдаа Улаанбаатараас онгоцоор  очоод  километр гаруй гүн рүү шууд шурган  ордог хатан зоригт уурхайчин залуусдаа  баярлалаа. Та нараараа буурал ах нь  бахархдаг шүү. Газрын гүнд ажиллаж байгаа энэ олон мянган хүнийг өдөрт гурван удаа хооллодог ижийтэй минь адил гадаад дотоодын мэргэшсэн тогооч нарт баярлалаа.

 

Тэнд  суурилуулсан техник хэрэгсэл, малтлагын метр бүрийг нарийвчлан тооцоолсон инженерүүд, хүүгийн маань хамтран ажилладаг төлөвлөлт, төслийн багийнханд баярлалаа бас дахин баярлалаа. Оюу Толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс дэлхийн зах зээлд нийлүүлэх юм билээ. Одоо бидэнд эх орноо энд тэндгүй  онгичиж сэндчиж гол усаа бохирдуулах шаардлага огт байхгүй. Ногдох ашигаа ОТ-гээс хүртчихээд хэдэн малаа маллаад  эндгүй хөсөр хэвтэх арьс шир, ноос үсийг нь ашиглаад  явчихад л хаваасаг. Авьяаслаг залуус маань оюуны хөгжил, авьяас чадвар, бяр хүчээрээ дэлхийд толгой цохиж байна. Монгол хүн бүхнээс илүү явах Бурханы адислалтай  улс юм шүү. Юун жүүдүүд. Удахгүй бидний үр садын дундаас Нобелийн шагналтнууд хойно хойноосоо хөвөрнө. Гадаад руу гуйлгачин царайлаад бэдчээд явах ч огт  хэрэггүй. Эх орондоо сайхан амьдарцгаая.

 

Манай  төрийн өмчит “Эрдэнэс Оюу Толгой” компани  Рио Тинто-гоос ногдол ашгаа өсгөж авах зорилгоор  хамтран ажиллахаар болсон. Бидний хувьцааг төр засгийн томчууд хуурч аваад 30 жил хав дарлаа, одоо болно оо. Ногдол ашигийг маань  хурдан тараагаарай ноёдуудаа. Болохгүй бол ард Аюушаас дутах нь юу байсийм. Босно шүү.

 

Энэ их хариуцлагатай ажлыг үүрч яваа нутгийн хүү Н.Цэрэнбат таньд баярлалаа. Ханхөхий  хайрхан, Хархираан уулсаас нь өндөр амжилт хүсье. Оюу Толгой аюулгүй ажиллагааны үзүүлэлтээрээ өнөөдөр дэлхийд тэргүүлдэг гэсэн. Буурал дарга минь амьд байсан бол Эрдэнэт шиг том хот босгох байлаа. Даанч манай авилгачдын хийсэн балагийн гэрээгээр  бүтээн байгуулалт гэх юм тэнд огт явагдсангүй, ядаж ганц цахилгаан станц ч баригдсангүй. Намайг 10-аад  жилийн өмнө очиход тэнд ажилчдын хэдэн гэр майхнаас өөр юу ч байгаагүй.  Гэрээг өөрчлөхөөр ажиллаж байгаа 

 

Оюун Эрдэнэ ерөнхий сайддаа амжилт хүсье. Нэр тань хүртэл нэг юм хэлээд байна шүү.

Оюутолгой маань өргөжин хөгжиж, оюу номин шигээ цэнхэртэх говийн өнгө зүс өөрчлөгдөг ээ

Ханбогд суманд Хангайн нуруу шиг ой мод сүглийлдэж, хавь ойрын жигүүртэн шувууд жиргэлдэг ээ

Эх орон  минь дэвжин хөгжиж цэцэглэн мандах болтугай. Хурай Хурай 

Ш.Пүрэвсүрэн

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (42.48.4.201)

    2023-03-14

    Гадаад руу гуйлгачин царайлаад бэдчээд явах ч огт хэрэггүй. Эх орондоо сайхан амьдарцгаая.